Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 

  2022        02         25                                       2022/ШЦТ/65

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Ц.Л

Хохирогч М.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2125000000113 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн 4а-2 тоот гэртээ М.Бын нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Б.Мий мэдүүлсэн:Тухайн үед манайд 12-18 цаг хүртэл Б нар архи уусан. Их согтсон байсан. Б нь намайг бурхан дээр байсан архийг авч ир гэсэн. Манайн дүүг дэлгүүр гүйлгэж архи авчир гэж авчрахгүй бол ална гэж байсан. Аавтай маргалдаж буйдан дээр зодолдсон, би цагдаа дуудсан.

Б нь манай тавгийн идээг нураачихаар нь би том өрөөнөөс түүнийг тэвэрч коридорт гаргасан. Тэгээд та боль гэхэд за гээд буцаад том өрөө рүү ороод аавтай ноцолдсон, би салгасан. Би Быг зодоогүй гэх мэдүүлэг,

      -хохирогч М.Бын мэдүүлсэн: Би урьд мэдүүлэг өгсөн. Хохирлоо нэхэмжилнэ. М намайг үүдний хэсэгт зодсон. Дараа нь би том өрөө рүү нь орж буйдан дээр Б бид 2 маргалдсан гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:        

-хохирогч М.Бын... Тэгээд Бын хамтаар гэрийнх нь гадаа гараад тамхи татчихаад орж ирсэн, орж ирэхэд Чинбат манай эхнэрийг архи уусангүй гээд уурлаад эхнэрийн цээжний зүүн тал руу нь цохиод байсан, тэгээд миний уур хүрээд болиоч гээд ширээг нь цохиод босоод ирсэн. Ширээг нь цохиод босч ирэхэд ширээн дээр нь байсан чихэр унасан, би буцаад суутал Бын хүү болох М ирээд намайг чирээд үүдний хэсэгтээ аваачаад миний нүүрний хэсгийн баруун талын нүдний ясны орчим гараараа цохисон мөн баруун талын хацар луу алгадах шиг болсон юм. Тэгээд манай эхнэр Д намайг гаръя, явъя гээд аваад Бын гэрээс гарсан, гэрээс гарахад Бын үүдэнд цагдаа нар ирчихсэн байсан юм... Б 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт ирээд “ би энэ асуудалд, хүү болох Мийг оролцуулмааргүй байна, би чамайг цохисон болъё, тэгэхгүй бол М хүүгээ ажилгүй амьдралгүй болгох гээд байна гэж хэлсэн юм. Эмнэлэгээс гардаг өдөр гэмтлийн эмч үзээд намайг хэвтрийн дэглэм бариарай, хүнд ажил хийж болохгүй, баруун талын нүдний ухархайн хэсгийн яс цууралттай байна гэж хэлсэн. Мөн шил тааруулж өгсөн. Цохиулсны улмаас нүд бас хавдаад нүдний цагаан хэсэг нь улайчихсан байсан юм. Одоогийн байдлаар миний нүдний ухархай хааяа чинэрч, хатгаж өвдөж байна. Нүд орчим ер нь зовиуртай байна. Би эмнэлэгт 484,240 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт хэвтээд маргааш нь Дархан-Уул аймаг руу очиж толойн томографикийн зургийг 165,000 төгрөгөөр, мөн Дархан-Уул аймаг руу явахдаа 180,000 төгрөгийг БОЭТ-д төлөөд явсан. 18,500 төгрөгөөр гаднаас эм авсан. Эндээс эмнэлэгийн машин авч явахдзаа мөнгөөр авч явдаг юм байна лээ. Би Б.Мөөс 847,740 төгрөгийг нэхэмжилж байна. ...2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б нь миний эхнэрийн данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан.Үлдсэн мөнгөө нэхэмжилж байна.... Энэ бичлэг нь М намайг цохисоны дараах үеийн бичлэг, яг М намайг цохиж байгаа үеийнх болон түүний өмнөх үеийн бичлэг биш байна...ширээг цохих үед ширээн дээрх идээ унаж байх шиг байсан, тэгээд буцаад суутал М намайг чирээд коридор хэсэг рүү чирч аваачаад баруун талын нүдний яс орчим, нүүр хэсэгт цохисон, алгадах шиг болсон. Би тухайн үед Мийг ч мөн адил цохиж зодож болохоор л байсан, за бага хүүхэд, за ярьшиг даа гэж бодтол Б надтай маргалдсан, гэхдээ бид хоёр хоорондоо зодолдоогүй, нэгийгээ цохиогүй, түлхэлцээд хоорондоо нудралцаад л салсан, намайг Б биш М л цохиж, улмаар миний биед гэмтэл учруулсан. Би хохирлын үлдэгдэл мөнгө болох 347,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-н 8-9, 11, 213-215-р тал/

-гэрч С.Дгийн.... Чинбат байсхийгээд л намайг ирсэнгүй, ирдэггүй, ирчихээд ууж идсэнгүй гээд уурлаад намайг цохиод байсан. Тэгэхээр нь манай нөхөр Б нь уурлаад ширээ цохиод босоод ирсэн. Тэгээд ширээ цохиод босоод ирэхээр нь манай дүүгийн хүүхэд болох М нь яахаараа ширээ нураадаг пизданууд вэ цагдаа дууд гээд хашгираад байсан.Орилж хашгирч байгаад М манай нөхрийн баруун талын нүүрний хэсэгт гараараа 2 удаа цохисон. Б манай нөхрийг цохисон гэж хүүхдээ өмөөрөөд байгаа юм....М гэнэт гарч ирээд та нар миний ээж рүү яахаараа дайрч байдаг юм гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр Мд тэгэлгүй яадаг юм бэ “танай ээж чинь хадам эгчийгээ барьж авч цохиж зодоод байна” гээд манай нөхөр уурлаад ширээ цохиод босож ирсэн. Тэр үед М манай нөхөр”  Быг чирээд үүдний тэнд очоод нүүрний хэсэгт нь гараараа цохисон. Дундуур нь Б орж ирсэн. Болиоч та нар гээд Быг дараад буйдан дээр унасан. Дээрх бичлэг нь яг энэ үеийн бичлэг байна... Дээрх бичлэг нь болохоор М манай нөхөр Быг цохисны дараах үеийн бичлэг байна. Цохисны дараа Б тэр хоёрыг салгаад манай нөхрийг буйдан дээр дарчихсан байгаа бичлэг нь бйна. Харин наана нь харагдаж байгаа нь М юм гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 217-218--р тал/

-гэрч Д.Чинбатын мэдүүлсэн.... Бид 4 дөрвүүлээ 500 граммтай архи 1 шилийг, 750 граммтай архи 1 шилийг ууцгаасан. Мөн ширээн дээр байсан лаазтай Нийслэл нэртэй пиво уугаад байсан... Би гал тогоо орчихоод эргээд том өрөө рүү ороход Баяраа ах ширээ цохиод босоод ирсэн. Ширээн дээрхийг гараараа цохиод унагаасан. Би тэр үед юу болоод байгааг асуухад Д нь гэр лүүгээ Быг авч явахгүй, гэрт очоод агсан тавина гэсэн болохоор уурлаад ширээ цохисон юм байна лээ. Манай нөхөр Б яахаараа айлын тавгийн идээ нураагаад байгаа юм гээд уурлаад гараараа Бын нүүрний хэсэг рүү цохисон. Түүний дараа нүүрний хэсэгээс нь цус гараад би цусыг нь арчиж өгсөн. Б ах гэрт агсраад байхаар нь манай хүүхдүүд цагдаа дуудсан. Манай хүү М Быг цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

-гэрч С.Бын... 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би Д, Б нарыг гэртээ дуудаад цагаан сарын цай өгөх гэж дуудсан...бид нар бүгд архи ууцгаасан. Тухайн үед би хүргэндээ архи уугаад хоночих гэхэд хүргэн тэгье уугаад хоноё гэсэн. Уугаад сууж байтал хүргэн бид хоёр маргалдсан..Тэгтэл хүргэн маань ширээ цохиж босч ирээд тавгийн идээ нураасан. Тэгээд би чи яаж байгаа юм гэхэд ална шүү гээд байсан. Тэр үед намайг 2 удаа нүүр лүү цохиод авсан. Согтоод байвал гэр лүүгээ хариач гэхэд Д эгч наадахтай чинь харихгүй гээд байсан. Хүргэн маань та нар намайг яагаад гэрээсээ хөөдөг юм гээд байхаар нь би түүнийг барьж авсан. Намайг нэг цохихоор нь би эргүүлээд тухайн үед би бөгжтэй гараараа санаандгүй цохичихсон. Тэгэхэд Бын нүүрний дух хэсгээс нь бага зэрэг цус гарсан. Б агсраад байсан болохоор нь би хүү болох Мд хүргээд өг гэж хэлсэн. Манай хүү авч гараад буцаж орж ирээд, надтай муудалцаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Д Б нарыг аваад явсан юм. Тухайн үед манай бага хүү цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

-насанд хүрээгүй гэрч Ч.Мөнгөндөлийн...намайг гаднаас орж ирэхэд манай аав ээжтэй, эмээ өвөө юм яриад сууж байсан...Өвөө нилээд согтчихсон, шорон яриад байсан. Тэгээд аавтай муудалцсан. Өвөө аавыг алгадчихаад түүний дараа та нар намайг юу гэж бодоод байгаа юм бэ гээд гараараа ширээ цохиод босож ирсэн. Тэр үед өвөө аавыг заамдаад авсан. М ах салгаж аваад үүд рүү гарсан. Тэр үед эмээ ухаан алдаж унасан. М ах гаднаас орж ирээд эмээг үнэртэй усаар сэрээсэн. Тухайн үед аавыг буйдан дээр сууж байхад өвөө гаднаас орж ирээд аавыг цохисон. Манай аав өвөөг яг хэзээ нь хаана нь цохисон гэдгийг анзаар ч хараагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай ... М.Бын бие баруун нүдний зовхи, зүүн гарын тохойнд цус хуралт, хоёр нүдний ухархайн хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний зовхи, зүүн гарын тохойнд цус хуралт нь нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна. Хоёр нүдний ухархайн хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таслвачийн муруйлт нь хуучин гэмтлүүд байна. Баруун нүдний зовхи, зүүн гарын тохойнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 41-43-р тал/

-хохирогч М.Бын 2021 онын 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 81-89-р тал/

-хохирогч М.Бын эмчилгээний зардлын баримт /хх-ийн 101-104-р хуудас/

- гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 206-208-р тал/

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 209-р тал/

-Гэрч П.Цийн мэдүүлсэн:… Түүний маргааш нь Б.Мөөс гаргасан гомдол мэдээллийг намайг шалга гэж цохолт хийсний дагуу хүлээн авч шалгасан юм. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М.Быг дуудаж мэдүүлэг авах гэтэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн учраас би очиж мэдүүлэг авсан. М.Быг харахад нэг нүд нь хөхөрсөн, хөмсөг хэсэгтээ бага зэрэг шалбарчихсан байсан юм. ...Намайг М зодсон би гэмтээд эмчилгээ хийлгэж байна гэж хэлж ярьсан. Тэгэхээр нь би шинжээч томилж М.Быг үзүүлж, дүгнэлт гаргуулахад гэмтлийн хөнгөн зэрэг гэж гарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 221-р тал/

-насанд хүрээгүй гэрч Б.Мөнгөндөлийн… Намайг бичлэг хий гэж хэн ч хэлээгүй Би өөрийн санаачлагаараа бичлэг хийсэн. Тухайн үед орон дээр манай аав С.Б, М.Б хоёр маргалдаад байхаар нь тэр бичлэгийг хийсэн юм. Надад өөр ямар нэгэн санаа бодол байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 224-225-р тал/

-гэрч С.Бын… 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бичлэг байгаа юм. Тухайн үед манай бага хүү Б.Мөнгөндөл хийсэн байсан. Тухайн бичлэг нь би Бтай маргалдаад, Б миний дээр гараад цохиж байгаа, хүү Б.М нь салгаж байгаа, С.Д нь хажууд нь байгаа юм. М.Б агсан тавиад хэрүүл хийж байгаад намайг цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 227-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт:  2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн 4а-2 тоотод С.Бынд М.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргаан үүсгэж улмаар М.Б нь ширээ алгадаж тавгийн идээг нурах үед шүүгдэгч Б.М нь түүнийг гэрийнхээ үүдний хэсэгт авч гараад нүүрэн тус газарт гараараа цохиж зодон биед нь баруун нүдний зовхи, зүүн гарын тохойнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс гаргаж хэрэгт хавсаргасан гар утсаар хийсэн дүрс бичлэгийг мөрдөгч шалгаж тэмдэглэлээр бэхжүүлсэн, хэргийн оролцогч нараас нөхцөл байдлын талаар тодруулан мэдүүлэг авсан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Мий үйлдлийн улмаас Б.Бын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай ... М.Бын бие баруун нүдний зовхи, зүүн гарын тохойнд цус хуралт, хоёр нүдний ухархайн хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний зовхи, зүүн гарын тохойнд цус хуралт нь нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна…Баруун нүдний зовхи, зүүн гарын тохойнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт, хохирогч М.Бын... Ширээг нь цохиод босч ирэхэд ширээн дээр нь байсан чихэр унасан, би буцаад суутал Бын хүү болох М ирээд намайг чирээд үүдний хэсэгтээ аваачаад миний нүүрний хэсгийн баруун талын нүдний ясны орчим гараараа цохисон мөн баруун талын хацар луу алгадах шиг болсон юм.... гэх мэдүүлэг, гэрч С.Дгийн... манай дүүгийн хүүхэд болох М нь яахаараа ширээ нураадаг пизданууд вэ, цагдаа дууд гээд хашгираад байсан. Орилж хашгирч байгаад М манай нөхрийн баруун талын нүүрний хэсэгт нь гараараа 2 удаа цохисон... Дээрх бичлэг нь болохоор М манай нөхөр Быг цохисны дараах үеийн бичлэг байна. Цохисны дараа Б тэр хоёрыг салгаад манай нөхрийг буйдан дээр дарчихсан байгаа бичлэг нь байна...” гэх мэдүүлэг, Цагдаагийн газрын гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мий мэдүүлсэн ... Б нь манай тавгийн идээг нураачихаар нь би том өрөөнөөс түүнийг тэвэрч коридорт гаргасан... гэх мэдүүлэг, гэрч С.Бын мэдүүлсэн... Манай хүү авч гараад буцаж орж ирээд, надтай муудалцаад байсан...гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ч.Мөнгөндөлийн... Тэр үед өвөө аавыг заамдаад авсан. М ах салгаж аваад үүд рүү гарсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтын дараалал, нөхцөл байдлын талаар хохирогчийн мэдүүлэг анхнаасаа тогтвортой, гэрч С.Дгийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, гар утасны дүрс бичлэг зэрэгтэй нэгдмэл байдлаар хэргийн нөхцөл байдлыг нотолсон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр нотлох баримтуудаар, шүүгдэгч Б.М нь М.Быг ширээ цохиж тавгийн идээ нураасны дараа том өрөөнөөс коридор /үүдний хэсэгт/ авч гараад нүүрэн тус газарт нь цохисон, үүний дараа М.Б нь буцаж том өрөөнд ороод буйдан дээр сууж гэрийн эзэн С.Бтай маргалдсан тул Б.М салгасан үйл баримт тогтоогдож байна

Харин, гэрч Д.Чинбатын мэдүүлсэн... Манай нөхөр Б яахаараа айлын тавгийн идээ нураагаад байгаа юм гээд уурлаад гараараа Бын нүүрний хэсэг рүү цохисон...гэх мэдүүлэг, гэрч С.Бын мэдүүлсэн...Тэгтэл хүргэн маань ширээ цохиж босож ирээд тавгийн идээ нураасан. Тэгээд би чи яаж байгаа юм гэхэд ална шүү гээд байсан. Тэр үед намайг 2 удаа нүүр лүү цохиод авсан. Согтоод байвал гэр лүүгээ хариач гэхэд Д эгч наадахтай чинь харихгүй гээд байсан. Хүргэн маань та нар намайг яагаад гэрээсээ хөөдөг юм гээд байхаар нь би түүнийг барьж авсан. Намайг нэг цохихоор нь би эргүүлээд тухайн үед би бөгжтэй гараараа санаандгүй цохичихсон. Тэгэхэд Бын нүүрний дух хэсгээс нь бага зэрэг цус гарсан. Б агсраад байсан болохоор нь би хүү болох Мд хүргээд өг гэж хэлсэн... Манай хүү авч гараад буцаж орж ирээд, надтай муудалцаад байсан...гэх мэдүүлэг зэрэг нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл,”хохирогчийг тавгийн идээ нураасны дараа С.Б түүнийг барьж авсан, түүнийг нэг цохихоор нь эргүүлээд бөгжтэй гараар нэг цохисон, дараа нь М Быг авч гарсан”, эсхүл “...Б, яахаараа айлын тавгийн идээ нураагаад байгаа юм гээд уурлаад гараараа Бын нүүрний хэсэг рүү цохисон...үйл баримт болоогүй, бусад хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэгтэй зөрүүтэй, тогтоогдохгүй байна.

Хохирогч М.Бын мэдүүлсэн ...Б 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт ирээд “би энэ асуудалд, хүү болох Мийг оролцуулмааргүй байна, би чамайг цохисон болъё, тэгэхгүй бол М хүүгээ ажилгүй амьдралгүй болгох гээд байна гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг, тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч С.Бын мэдүүлэгт ...Гуйсан.Манай хүүхэд 1 сарын 15-ны өдөр курсээ төгссөн.Орхон аймгийн Цагдаагийн газарт ажилд орох гээд нөөцөд байгаа.Манай хүргэн ах мэдүүлэг өгөхдөө намайг биш манай хүүхдийг зодсон гэж мэдүүлэг өгсөн байсан.Тэгэхээр нь би хүүхдийг харлуулаад яах вэ хоёулаа зодолдсон болъё гэж хэлж байсан...гэх мэдүүлэгтэй зөрүүгүй байгааг анхаарах шаардлагатай.

Шүүгдэгч Б.Мий хохирогч М.Быг цохисон үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул шүүгдэгчийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй,шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

        Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн 4а-2 тоот гэртээ М.Быг ширээ цохиж тавгийн идээ  нураалаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэгээр тогтоогдсон тул гэм буруутай гэж,

 

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа: Хэргийн нотлогдсон байдал эргэлзээтэй, гэрч Дийн мэдүүлэг зөрүүтэй, гар утасны бичлэгээр тогтоогдсон байдалд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзнэ. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Хэргийн шалтгаан нөхцлийн тухайд: Ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх,зочилсон айлаа хүндэтгэх, ах дүү, төрөл садан,ахмад настныг хүндэтгэх ёс суртахууны наад захын хэм хэмжээ алдагдсан,ухамсарын доройтол ийм байдалд хүргэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.Уг хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

 Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугийн хэлбэр,шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг зүйлчлэл болон цаг хугацааны хувьд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамарч байх боловч,шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээгээгүй,хохирол төлөөгүй,төлөхөө илэрхийлээгүй байх тул хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.Бт учирсан эрүүл мэндийн хохиролыг арилгахад гарсан зардал болох 847,740 төгрөгөөс шүүгдэгчийн ар гэрээс 500,000 төгрөгийг нөхөн төлсөн тухай хохирогч мэдүүлсэн бөгөөд үлдсэн 347,740 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор заалаа.         

            Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг  хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С овгийн Бын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөөс 347,740 төгрөг гаргуулан хохирогч М.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 12-20 тоот, /-д олгосүгай.

5. Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ