Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0047 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Жарангийхан овогт Сайнбаатарын *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал маллах хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 1-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Жарангийхан овогт Сайнбаатарын ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 1-р багийн “Зүүн байшинт” нэртэй газарт өвөлжөөн дээр бариатай байсан иргэн өмчлөлийн 1.500.000 төгрөгний үнэ бүхий “Монгол гэрийн мод”-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 сарын эхээр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багт байх Зүүн байшинт гэх газар би айлын өвөлжөө түрээсэлж өвөлжих гээд 5 ханатай гэр барьсан юм. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр өглөө очиж гэрээ харангаа үхрээ харах гээд очтол манай гэр болон үхэр байсан, тэгээд би буцаад ******* 1 дүгээр багийн төв рүү явсан юм. Тэр орой манай баг дээр тоглолт болж байсан болохоор орой нь очиж эргэж чадалгүй тоглолт үзсэн юм. Маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 30-ны өдөр өглөө хөдөө Зүүн байшинтад байх гэрээ харах гээд очтол манай гэрийг буулгаад зөвхөн гэрийн модыг нь ачаад аваад явчихсан байсан. Тэгээд би ойролцоо байх айлуудаар сураглаж явтал манай саахалт Отгоо гэдэг залуу орой 8 цаг өнгөрч байхад цэнхэр өнгийн портер маркийн машин танай гэрийн зүг өгсөж явсан гэж надад хэлсэн. Тэгээд би хайж байгаад олохгүй болохоороо цагдаагийн байгууллагад хандсан. Хөдөө Зүүн байшинтад 2 ширхэг цагаан Porter маркийн тээврийн хэрэгсэл байгаа, мөн ******* 1 дүгээр багийн төв дээр ******* гэдэг хүн цэнхэр өнгийн муу Porter-тай тухайн өдөр еглөө нь ******* Porter-оо асаачихсан ******* багийн төв дээр явж байсан гэж байсан. 1 ширхэг гэрийн хаалга, 1 ширхэг тооно, 56 ширхэг унь, 5 ширхэг хана, 2 ширхэг төмөр багана, 2 ширхэг гэрийн хошлон, зэргийг алдсан бусад дээвэр туурга нь бүгд байсан. 2021 оны 10 дугаар сарын үед 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөгөөр шинэ гэрийн модоо *******ын Энхбаатар гэдэг хүнээс худалдаж авсан юм. Манай гэрийн мод ямар нэгэн хээ угалз байхгүй, цулгуй будагтай мод байгаа юм. Одоогоор зах зээлээр бол 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. ******* байж магадгүй.  *******ыг  манай ******* 1 дүгээр багийн хүмүүс Жиргээ гэж дууддаг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, хөдөө мал сайтай айл байгаа юм. Багийн төв дээрээ хашаа байшинтай, ах дүү хамаатан садан гэвэл эхээс наймуулаа, одоо амьд байгаа 5 хүн байгаа. Шөнө 00 цагийн үед ******* 1 дүгээр багийн төв дээр согтуу тоглолт үзчихсэн явж байсан гэж хүмүүс хэлсэн. Манай гэр дотор ямар нэгэн тавилга сав байгаагүй хоосон барьчихсан гэр байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 39 дүгээр хуудас/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн 43-39 ӨВО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээ  унаад гараад явсан. Хаашаа явж байгааг нь мэдээгүй, шөнө 23 цаг өнгөрч байхад гаднаас машинтай орж ирсэн. Тэгээд машиныхаа тэвшин дээрээс юм буулгаад гэрийн ашиглахгүй зүйлсээ хийдэг өрөө рүү зөөгөөд байсан. Тэгэхээр нь *******т хандаж юу буулгаад байгаа юм гэтэл Ганбаатарын өвөлжөөн дээр байсан гэрийг нь ачаад ирлээ, энэ өрөө рүү хийчихье, хүнд битгий хэлээрэй гээд монгол гэрийн мод зөөгөөд байсан. Удалгүй хэд хоногийн дараа тэр гэрийг нь цагдаа нар ирээд хураагаад аваад явсан. Улаан шар өнгийн жижиг 5 ханатай гэр байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Гэрч Ю.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 сарын 30-ны 13:00 цагийн үед багийн дарга нар ирээд урд шөнө эндээс айлын гэр хулгайд алдагдсан байна та нар юм харсан уу гэж асуусанд өөрийн харсан зүйл болох тэр айлын зүг орой 20 цагийн үед цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл өгсөөд явж байсан талаар хэлсэн. Тухайн орой би саахалт айлын хүү Чулуундорж гэдэг хүүхэдтэй хамт гадна мотоциклио янзлаад сууж байтал Ц.Ганбаатар гэгчийн гэрийн зүг рүү цэнхэр өнгийн өндөрлөөгөөгүй, дан тэвштэй портер маркийн тээврийн хэрэгсэл явж байгаа харагдсан. Тэр машин хэтэрхий хол байсан тул улсын дугаарыг харж амжаагүй. Манай Өртөнтийн Баруун байшин гэх газар Жиргээ хочтой ******* нь тийм өндөрлөөгөөгүй цэнхэр өнгийн муу портер унадаг, өөр тийм цэнхэр өнгийн машинтай хүн Өртөнт гэх газарт байдаггүй. Жиргээ ахын жижиг гэр нь Баруун байшинтад өвөлжөөн дээрээ байдаг. Нэг гэр нь ******* 1-р багийн төв дээр байдаг”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Гэрч С.Цэрэндаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэнхэр өнгийн портер маркийн 43-39 ӨВО улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэсэн, 2019 онд монголд орж ирсэн, 268 кг жинтэй, ердийн тэвштэй, ачаа ачих зориулалттай машин байгаа. Уг тээврийн хэрэгслийг манай хүргэн 2019 онд 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Одоо манай хүргэн Сайнбаатар овогтой ******* гэдэг хүний нэр дээр байдаг, өөрийнх нь эзэмшлийн машин юм”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

          2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******ын байшинд үзлэг хийсэн “...Бор ногоон дээвэртэй, улаан өнгийн тоосгон байшинд ертөнцийн зүгээр зүүн талд шавран өргөтгөл байх ба уг өргөтгөл нь бор өнгийн төмөр хаалгатай байв. ..Уг хаалгыг онгойлгож үзэхэд улбар шар өнгийн тооно 1 ширхэг, мөн өнгийн хаалга 1, унь 56 ширхэг, өнгө будаггүй хана 5 ширхэг, төмөр багана 2 ширхэг, гэрийн хошлон 2 ширхэг байсныг хураан авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******ын өмчлөл, эзэмшлийн цэнхэр өнгийн Hyandai porter загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

            Хохирогч оролцуулан хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/17 дугаартай “...1 ширхэг 5 ханатай Монгол гэрийн иж бүрэн модыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 53-56 дугаар хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/16 дугаартай “...1 ширхэг 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн 'Хьюндай портер” загварын бага оврын ачааны автомашиныг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 5,000,000 /таван сая/ төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 61-64 дүгээр хуудас/,

             2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 82 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 78 дугаартай тодорхойлолт /хх-ийн 89/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-86 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 1-р багийн “Зүүн байшинт” нэртэй газарт өвөлжөөн дээр бариатай байсан иргэн өмчлөлийн 1.500.000 төгрөгний үнэ бүхий “Монгол гэрийн мод”-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Жарангийнхан овогт Сайнбаатарын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Би 2021 оны 12 сарын эхээр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багт байх Зүүн байшинт гэх газар би айлын өвөлжөө түрээсэлж өвөлжих гээд би 5 ханатай гэр барьсан юм. ...12 дугаар сарын 30-ны  өглөө хөдөө Зүүн байшинтад  байх гэрээ харах гээд очтол манай гэрийг буулгаад зөвхөн гэрийн модыг нь ачаад аваад явчихсан байсан. ...манай саахалт Отгоо гэдэг залуу орой 8 цаг өнгөрч байхад цэнхэр өнгийн портер маркийн машин танай гэрийн зүг өгсөж явсан гэж надад хэлсэн. Хөдөө Зүүн байшинтад 2 ширхэг цагаан Porter маркийн тээврийн хэрэгсэл байгаа, мөн ******* 1 дүгээр багийн төв дээр ******* гэдэг хүн цэнхэр өнгийн муу Porter-тай тухайн өдөр еглөө нь ******* Porter-оо асаачихсан ******* багийн төв дээр явж байсан гэж байсан. ...******* байж магадгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 39 дүгээр хуудас/, гэрч “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн 43-39 ӨВО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээ унаад гэрээсээ гараад явсан. ...шөнө 23 цаг өнгөрч байхад гаднаас машинтай орж ирсэн. Тэгээд машиныхаа тэвшин дээрээс юм буулгаад гэрийн ашиглахгүй зүйлсээ хийдэг өрөө рүү зөөгөөд байсан. Тэгэхээр нь *******т хандаж юу буулгаад байгаа юм гэтэл Ганбаатарын өвөлжөөн дээр байсан гэрийг нь ачаад ирлээ, энэ өрөө рүү хийчихье, хүнд битгий хэлээрэй гээд монгол гэрийн мод зөөгөөд байсан. Удалгүй хэд хоногийн дараа тэр гэрийг нь цагдаа нар ирээд хураагаад аваад явсан. Улаан шар өнгийн жижиг 5 ханатай гэр байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч Ю.Отгонбаярын “...2021 оны 12 сарын 30-ны 13:00 цагийн үед багийн дарга нар ирээд урд шөнө эндээс айлын гэр хулгайд алдагдсан байна та нар юм харсан уу гэж асуусанд өөрийн харсан зүйл болох тэр айлын зүг орой 20 цагийн үед цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл өгсөөд явж байсан талаар хэлсэн. ...Ц.Ганбаатар гэгчийн гэрийн зүг рүү цэнхэр өнгийн өндөрлөөгөөгүй, дан тэвштэй портер маркийн тээврийн хэрэгсэл явж байгаа харагдсан. Тэр машин хэтэрхий хол байсан тул улсын дугаарыг харж амжаагүй. Манай Өртөнтийн Баруун байшин гэх газар Жиргээ хочтой ******* нь тийм өндөрлөөгөөгүй цэнхэр өнгийн муу портер унадаг, өөр тийм цэнхэр өнгийн машинтай хүн Өртөнт гэх газарт байдаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч С.Цэрэндаваагийн “...Цэнхэр өнгийн портер маркийн 43-39 ӨВО улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэсэн, 2019 онд монголд орж ирсэн, 268 кг жинтэй, ердийн тэвштэй, ачаа ачих зориулалттай машин байгаа. Уг тээврийн хэрэгслийг манай хүргэн 2019 онд 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Одоо манай хүргэн Сайнбаатар овогтой ******* гэдэг хүний нэр дээр байдаг, өөрийнх нь эзэмшлийн машин юм”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******ын байшинд үзлэг хийсэн тэмдэглэл /..Бор ногоон дээвэртэй, улаан өнгийн тоосгон байшинд ертөнцийн зүгээр зүүн талд шавран өргөтгөл байх ба уг өргөтгөл нь бор өнгийн төмөр хаалгатай байв. ..Уг хаалгыг онгойлгож үзэхэд улбар шар өнгийн тооно 1 ширхэг, мөн өнгийн хаалга 1, унь 56 ширхэг, өнгө будаггүй хана 5 ширхэг, төмөр багана 2 ширхэг, гэрийн хошлон 2 ширхэг байсныг хураан авч тэмдэглэл үйлдэв / гэх тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******ын өмчлөл, эзэмшлийн цэнхэр өнгийн Hyandai porter загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Хохирогч оролцуулан хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/17 дугаартай “...1 ширхэг 5 ханатай Монгол гэрийн иж бүрэн модыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 53-56 дугаар хуудас/,  Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/16 дугаартай “...1 ширхэг 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн “Хьюндай портер” загварын бага оврын ачааны автомашиныг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 5,000,000 /таван сая/ төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 61-64 дүгээр хуудас/, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно. 

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруу болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 1-р багийн “Зүүн байшинт” нэртэй газарт өвөлжөөн дээр бариатай байсан иргэн өмчлөлийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий “Монгол гэрийн мод”-ыг үйлдлээ хөнгөвчлөх буюу зөөвөрлөх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Ц.Ганбаатар, гэрч Солонго, Цэрэндаваа нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч Ц.Ганбаатарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 400.000 төгрөг нөхөн төлөгдсөн болно. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ПОРТЕР” маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ганбаатарт нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт .Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүгдэгч *******ын өмчлөлийн 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн “Хьюндэй Портер” маркийн бага оврын ачааны авто машиныг улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,                                                                       

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,  34.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жарангийхан овогт Сайнбаатарын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Жарангийхан овогт Сайнбаатарын *******ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4  дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүгдэгч *******ын өмчлөлийн 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн “Хьюндэй Портер” маркийн бага оврын ачааны автомашиныг улсын төсөвт шилжүүлсүгэй.

            5.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 400.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ганбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МАНДАХБАЯР