| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/05602/И |
| Дугаар | 1517 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 1517
2017 оны 05 сарын 02 өдөр Дугаар 101/ШШ2017/01517 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Ачуутын бунханы өврийн А-3 дугаар гудамж, 2 тоотод оршин суух Н.Мэнджаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 15 дугаар хороо, 7б байрны 18 тоотод оршин суух Г.Долгормаад холбогдох,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Мэнджаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч М.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мэнджаргал миний бие нь Ганбаатар овогтой Долгормаад 2014 оны 02 дугаар сарын 20-нд Булган аймгийн Хас банканд охин М.Ариунцэцэгийн хамт хамтран эзэмшдэг байсан хадгаламжийн мөнгөнөөсөө 18,000,000 төгрөгийг 40 хоногийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээлүүлсэн. Тэрээр Хас банкин дахь хашаа байшингийн зээлээ чөлөөлүүлэх гэж энэ мөнгийг авсан бөгөөд яг 40 хоногийн дараа өгнө гээд байхаар нь хадгаламжийнхаа хүүгээр хүү тооцож өгсөн. Гэтэл энэ хүн мөнгийг минь өгөхгүй тэр чигтээ алга болсон тул хайж хайж нэг удаа уулзсан чинь удахгүй өгнө барьцаанд нь үүнийг авч бай, наадхыг чинь бас зарах гэж байгаа юм гээд байрны гараашийн гэрчилгээ өгөөд бас л алга болсон. Би ингээд төлөхгүй болчихоор нь Булган аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан чинь шалгаж үзээд иргэний хэрэг гэсэн. Надаас авсан мөнгө нь хүрэхгүй болохоор манай хүргэнээр дүү Г.Хишигсүрэн нь цалингийн зээл авахуулаад эгчийнхээ зээлэнд нь хийгээд дараа нь төлж өгсөн. Одоо би Г.Долгормаагаас үндсэн зээл 18,000,000 төгрөг, хүү 360,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,360,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Г.Долгормаатай миний ээж Н.Мэндсайхан нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний 5 дахь заалтад Хас банкин дахь зээлийг чөлөөлүүлэхээр тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ хийгдсэн. 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаад, Хас банканд ээжийн хамт хамтран эзэмшдэг байгаа хадгаламжид мөнгөө барьцаалан зээл авч Г.Долгормаагийн хашаа байшингийн 13100005299 дугаартай зээлийн үлдэгдлийг хаасан. Яагаад энэ зээлийг хаах болсон бэ гэвэл Г.Долгормаа надаас урьд нь 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг авсан. 2012 оны 01 дүгээр сарын 14-ний 2,400,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 7,600,000 төгрөгийг тус тус 10 хувийн хүүтэй авсан. 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг авсан. Нийтдээ надаас 31,500,000 төгрөгийг авсан. Тухайн үед Г.Долгормаа Булган аймгийн Прокурорын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Түүнээс хойш найз нөхдийн харилцаатай байсан. Тухайн үед би Прокурорын газарт архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Манай эгч гадаадад байдаг байсан тул надад мөнгө төгрөг өгдөг байсан. 31,500,000 төгрөгийг авсан энэ мөнгө төлөгдөхгүй явсаар байгаад Г.Долгормаа нь хашаа байшингаа зарах тухай зар өгсөн. Хашаа байшингаа зараад та нарын мөнгийг өгнөө, та түр хүлээж бай гэж удаа дараа хэлээд, зар нь Булган аймгийн зарын сайтад тавигдаж байсан. Үүний үндсэн дээр н.Өлзийхутаг гэдэг хүн хашаа байшинг нь худалдаж авахаар болсон боловч тухайн үед н.Өлзийхутагт бэлэн мөнгө байхгүй байсан. Г.Долгормаагийн хашаа байшан Хас банкны барьцаанд байсан учраас хашаа байшингийн гэрчилгээг н.Өлзийхутаг гэдэг хүнд өгч чадахгүй байсны үндсэн дээр 18,000,000 төгрөгийг зээлж, гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч Г.Долгормаа шүүхэд болон төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Долгормаа би 2 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Н.Мэнджаргал болон түүний охин М.Ариунцэцэг нар нь намайг Н.Мэнджаргал гэдэг хүнээс мөнгө зээлж байсан мэтээр бодит байдлыг илтэд мушгин гуйвуулан тайлбар хийж, уг мөнгийг нь намайг залилан авсан мэтээр эрүүгийн журмаар удаа дараа Цагдаагийн байгууллагад хандан, сэтгэл санааны дарамтанд оруулж дарамталсан. Миний хувьд М.Ариунцэцэгээс мөнгө авч өгөлцөж байснаас анхнаасаа л түүний ээжтэй харьцаж байгаагүй, зүс танина, уг хүнээс мөнгө авч байсан удаагүй. Их хэмжээний мөнгө нэхэмжлэн танай шүүхэд хандсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. М.Ариунцэцэгээс мөнгө авч байсан боловч асар их хэмжээний мөнгийг буцаан төлсөн байдаг. Тухайлбал 20,200,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болон мөнгө авсан. Булганд байрлах төвийн шугаманд холболттой хаусыг минь харанхуй шөнөөр манай гэр бүлийг хөөж хүчээр авч, намайг хөөж гаргаж орох оронгүй болгосон. Тус хаус одоо 80,000,000 төгрөгийн үнэтэй. Н.Мэнджаргал гэдэг хүнийг М.Ариунцэцэгийн ээж гэдгээр нь мэдэхээс биш энэ хүнтэй ямар нэг гэрээний харилцаа байхгүй, бэлнээр мөнгө авсан зүйл ч байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. М.Ариунцэцэг гэдэг хүнээс хоёр удаа мөнгө зээлсэн байдаг. Н.Мэнджаргалтай мөнгө төгрөг өгөлцсөн авалцсан ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй байдаг. Н.Мэнджаргалаас зээл аваагүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Мэнджаргал, хариуцагч Г.Долгормаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,360,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч Н.Мэнджаргалыг танихгүй, М.Ариунцэцэгээс мөнгө зээлж байсан, нэхэмжлэгчээс мөнгө аваагүй гэж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Н.Мэнджаргал нь хариуцагч Г.Долгормаад 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг нэг сарын 2 хувийн хүүтэйгээр, 40 хоногийн хугацаатай зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч нь тус зээлийн гэрээнд дурдсан мөнгийг нэхэмжлэгчээс аваагүй, миний Хас банк ХХК дахь зээлийг М.Ариунцэцэг төлж зээлийг хааж барьцаа хөрөнгө болох хувийн сууцыг чөлөөлж Ш.Өлзийхутаг гэх хүнд өрөндөө шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан ба хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Мэнджаргал, хариуцагч Г.Долгормаа нарын хооронд 18,000,000 төгрөгийг зээлдүүлсэн тухай 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэнийг нотлохгүй байна.
Хэдийгээр зохигч зээлийн гэрээ байгуулсан, гэрээнд талууд гарын үсэг зурсан хэдий ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж хуульчилсан болон мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Мэнджаргал нь хариуцагч Г.Долгормаагийн өмчлөлд 18,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, шилжүүлээгүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар, хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдсон, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл бүхий байдлаар нотлоогүй тул хариуцагч Г.Долгормаа нэхэмжлэгчид 18,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгөх үүрэггүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ээж Н.Мэнджаргал хадгаламжаа барьцаалан зээл авч Г.Долгормаагийн өмнөөс зээлийг нь хаасан” гэх тайлбар нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа, гэрээний үүрэгтэй холбоотой бусад үүрэг үүссэн, хэлцэл хийгдсэн байдал тогтоогдохгүй, харин төлөөлөгч М.Ариунцэцэг нь 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хас банк ХХК-тай 131000947 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 31,000,000 төгрөгийн зээл авч, хариуцагч Г.Долгормаагийн тус банкин дахь 1310005299 тоот зээлийн төлбөрт 20,073,725.32 төгрөг төлсөн болох нь хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр охин М.Ариунцэцэгээр Хас банк ХХК дахь хадгаламжаа барьцаалж 31,000,000 төгрөгийн зээл авч түүнээс 18,000,000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Г.Долгормаад зээлдүүлсэн гэх тайлбар нь цаг хугацааны хувьд зөрүүтэй буюу 31,000,000 төгрөгийн зээлийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр авсан гэх атлаа тус мөнгөнөөс 18,000,000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбар нь нэхэмжлэгч Н.Мэнджаргал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн, тус гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагын хүрээнд эрх зүйн болоод бодит үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч Н.Мэнджаргал, хариуцагч Г.Долгормаа нарын хооронд ямар нэг гэрээний болон мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой харилцаа үүсээгүй, харин нэхэмжлэгчийн хариуцагчид зээлдүүлсэн гэх 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ариунцэцэг, хариуцагч Г.Долгормаагийн нэрийн өмнөөс Хас банк ХХК-д төлж, зээлийг нь хаажээ.
Шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчийн тайлбараас үзэхэд хариуцагч Г.Долгормаа нь нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ариунцэцэгээс удаа дараа зээл авч байсан, зээлийн төлбөр 31,500,000 төгрөгт тооцож хувийн сууцаа өгсөн талаар маргаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ариунцэцэг нь хариуцагч Г.Долгормаад урьд зээлдүүлсэн 31,500,000 төгрөгийн зээлийн төлбөрт хариуцагчийн өмчлөлийн Хас банк ХХК-ийн барьцаанд байх хувийн сууцыг шилжүүлэн авах зорилгоор дээрх мөнгийг хариуцагчийн нэрийн өмнөөс Хас банк ХХК-д төлж зээлийг хаах замаар барьцаа хөрөнгийг чөлөөлөн өөрийн мэдэлд шижлүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Мэнджаргал, хариуцагч Г.Долгормаа нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харилцан мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Долгормаагаас зээлийн гэрээний үүрэгт 27,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Мэнджаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч Г.Долгормаагаас зээлийн гэрээний үүрэгт 27,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Мэнджаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.7, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Мэнджаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ