Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0066

 

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч:  “Б”  ХХК

Хариуцагч: ТӨБЗГ.

        Хариуцагч:  БСШУСЯ

       Нэхэмжлэлийн шаардлага:  “Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 тоот дүгнэлтийн дагуу “Б” ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тендерт шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгож зөвлөмж хүргүүлэхийг ТӨБЗГт, гэрээ байгуулахыг БСШУСЯ-нд тус тус даалгах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, БСШУСЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “Тус байгууллагаас зарласан ТӨБЗГ-2018/1.1.187 ”Цэцэрлэгийн барилга, 100 ор /Б*******, Б******* сум/” төслийн тендер шалгаруулалтанд оролцож бүх шаардлагыг “хамгийн сайн” үнэлгээгээр хангасан билээ. Тус газраас уг тендер шалгаруулалтыг 2018 оны 05-р сарын 07-ны өдөр мөн 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд хоёр ч удаа нээлттэй зарлаж үнэлгээ хийхдээ “В” ХХК-нд шийдвэрлэж байсан.

          Иймд энэ талаар хуулийн дагуу Сангийн яаманд хандаж гомдол гаргахад тус яамнаас 2018 оны 12-р сарын 17-ны өдөр 6-1/7536 тоот албан бичгээр гомдлыг хянасан тухай хариуг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт болон манайд ирүүлэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан шалтгаан нь үндэслэлгүй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж, хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгах тухай зөвшөөрлийг олгож байсан.

       Гэвч үнэлгээний хороо Сангийн яамнаас тендер тендер хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгаж, үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийх тухай мэдэгдлийг үл ойшоон тендерийн тухай хуулийн 28.2-т заасныг зөрчиж тендер хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дараа тендерээс татгалзсан хариуг манай компанид ирүүлжээ. Үнэлгээний хороо тендер хүчинтэй байх хугацаа дууссан, хөрөнгө оруулалт нь буцаан татагдсаны улмаас тендер шалгаруулалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй  нөхцөл байдал үүссэн гэх хоёрдмол, өөр утгатай мэдэгдлийг захиалагч байгууллага Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд хүргүүлжээ.

         Гэтэл тухайн төслийн санхүүжилт 2018, 2019 онуудад хуваагдан батлагдсан ба 2018 онд хийгдэх ажлын санхүүжилт нь үнэлгээний хорооны гишүүдийн хувийн ашиг сонирхлоос үүдэн хэт нэг талыг баримтлан гаргасан хууль бус шийдвэрүүдийн хор уршгаас болж хугацаа алдан татагдсан боловч, 2019 онд хийгдэх ажлын хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгсөн байна.

         Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ТӨБЗГ-2018/1Л 187 ”Цэцэрлэгийн барилга, 100 ор /Б*******, Б******* сумт төслийн тендер шалгаруулалтад хийгдсэн үнэлгээг хууль журмын дагуу хянан үзэж, бидний нэхэмжлэлд зохих шийдвэрийг гаргаж өгөхийг шүүхээс хүсч байна.

      “2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа:

       1.2018.10.18-ны өдөр тендер нээгдэх үед үйлдэгдсэн тэмдэглэлд захиалагч байгууллагын төлөөлөгч гарын үсэг зураагүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, 2018.11.17-ны өдрийн А-1/4383 тоот зөвлөмж, 11.15-ны өдрийн 03 тоот дүгнэлт болон А-1/4383 тоот тендерээс татгалзах тухай мэдэгдлийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

         2.Тендерийн үнэлгээний хорооноос 2018.11.15-ны өдөр тендерийн үнэлгээ хийхэд “В” ХХК-ийн үнийн саналыг тендерийн нийт үнээс 10% буюу 89,888,071 төгрөгөөр бууруулан тооцож, хамгийн сайн үнэлэгдсэн тендер шалгаруулсныг хууль бус болохыг тогтоолгох,

        3. ТӨБЗГ-ын “В” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай тендерийн үнэлгээний хорооны 2018.11.15-ны өдрийн 02 тоот дүгнэлт, ТӨБЗГ-ын 2018.11.17-ны өдөр “В” ХХК-д олгосон А-1/4384 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах,

         4.ТӨБЗГ-ын тендерийн үнэлгээний хорооны 2019.01.04-ний өдрийн 04 тоот хурлын тэмдэглэл хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, уг хурлын шийдвэрийн дагуу гарсан тендерийн үнэлгээний хорооны 2019.01.28-ны өдрийн “Б” ХХК-д олгосон А-1/209 тоот мэдэгдэл, захиалагч БСШУЯ-нд 2019.01.16-ны өдөр олгосон шууд гэрээ байгуулах тухай А-1/110 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах,

        5. Сангийн яамны 2018.12.07-ны өдрийн 6-1/7536 тоот мэдэгдлийн дагуу тендер хүчинтэй байх хугацаанд чиг үүргээ хэрэгжүүлж, дахин үнэлгээ хийж шийдвэр гаргахгүй байсан. ТӨБЗГ-ын үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох,

      6.Б ХХК-ийг тендерт шалгарсан тухай үнэлгээний хорооны дүгнэлт зөвлөмж эрх олгож гэрээ байгуулах тухай шийдвэр гаргахгүй байсан ТӨБЗГ-ын тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож Сангийн яамны 2018.12.07-ны өдрийн 06-1/7536 тоот дүгнэлтийн дагуу Б ХХК-ийг 2018.10.18-ны өдрийн байдлаар тендерт шалгарах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож гэрээ байгуулах эрх олгож, БСШУЯ-д хүргүүлэхийг ТӨБЗГ-т, гэрээ байгуулахыг БСШУЯ-д даалгаж шийдвэрлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид"хуулийн" гэх/ 26-р зүйлийн 26.4 д "Захиалагч байгууллагын төлөөлөгч энэ зүйлийн 26.3-д заасан тэмдэглэлд гарын үсэг зурна" гэж заасан байна. Гэтэл хариуцагч байгууллагаас ирүүлсэн /1-р хавтаст хэргийн 130-142-р талд\ авагдсан баримтанд 2018 оны 10-р сарын 18-ны 16:30 цагт тендерийг мэргэжилтэн Э.Т нээж, түүний боловсруулсан тэмдэглэлд хариуцагчийн төлөөлөгч болон тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд ямар ч гарын үсэг зураагүй байжээ. Хариуцагч байгууллагын төлөөлөгч бөгөөд тухайн тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Б шүүхэд тайлбарлахдаа тендерийн нээлтийн бүх бичиг баримт тэмдэглэл цахимаар боловсруулагдсан болохоор тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй гэж тайлбарлаж байна. Хуулийн аль ч зүйл заалтад тэмдэглэлийг цахимаар хийсэн нөхцөлд гарын үсэг зурахгүй гэсэн зүйл, заалт ороогүй байна. Нөгөөтэйгүүр тэмдэглэлийг бичгээр хөтөлж боловсруулсан нь хэрэгт авагдсан байна. Тийм учраас захиалагч байгууллагын төлөөлөгч тэмдэглэлд гарын үсэг зураагүй асуудлаас болж 2018 оны 11 р сарын 15-ны өдөр тендерийн үнэлгээ хийх үед “Б” ХХК-ны үнийн санал “В” ХХК-ны үнийн саналаас өндөр үнээр тооцогдож эрх ашиг нь зөрчигдсөн байна. Хариуцагчийн төлөөлөгчид буюу тендерийн үнэлгээний хорооны гишүүд хариуцлагаас мултрахын тулд иймэрхүү шударга бус тайлбар гаргаад байгаа гэж нэхэмжлэгчийн зүгээс үзээд байна. Тендерийн үнэлгээний хорооноос хууль бус шийдвэр гаргасан талаар тендерт оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас ирүүлсэн 2018.12.07-ны 6-/7536 тоот дүгнэлтэд дурдсан байжээ. Иймд тус тендерийн үнэлгээний хорооноос Б ХХК-ны эрх ашгийг зөрчиж хууль бус татгалзсан шийдвэр гаргасан байх ба 2018.11.17-ны А-1/4383 тоот зөвлөмж, 2018.11.15-ны өдрийн 03 тоот дүгнэлтийн болон А-1/4383 тоот мэдэгдлийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь эдгээр шийдвэрүүдэд “Б” ХХК нь хуулийн 27.4-д заасан хамгийн бага харьцуулах үнэтэй "Хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн үндэслэлээр татгалзсан гэх ба үнэн хэрэгтээ Б ХХК нь хамгийн бага үнийн саналтай байсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдаж энэхүү шийдвэрүүд хүчингүй болсноор нэхэмжлэгч “Б” ХХК-ны зөрчигдсөн эрх ашиг сэргэгдэх болно.

    2.Хуулийн 26 зүйлийн 26.7-д "Тендер нээх үед зарлагдаагүй тэмдэглэлд заагаагүй үнийн хөнгөлөлтийг тендерийн үнэлгээ хийхэд тооцохгүй" гэж хуульчилсан. Гэтэл Тендерийн үнэлгээний хорооноос 2018.11.15-ны өдөр 2019.01.04-ний өдрүүдэд тендерийн үнэлгээ хийхэд Б ХХК-ны эрх ашгийг дордуулан, В ХХК-д давуу байдал бий болгох үүднээс түүний ирүүлсэн үнийн саналыг Б ХХК-ны үнийн саналаас багасгаж 'хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулах зорилгоор түүний ирүүлсэн саналыг тендерийн нийт үнээс 10 хувиар буюу 89,888,071 төгрөгөөр хууль бус буруулан тооцож В ХХК-ыг "Хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт шалгаруулсан шийдвэрүүдийг гаргажээ. Тендер нээх өдөр зарлагдсан үнийн хөнгөлөлтийг тооцсон бичиг баримт тэмдэглэл хавтаст хэгийн 1-142-р талд авагдсан байгаа. Хуулийн 28.3-д "шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна" 28.7.4-д "хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэсэн зүйл заалтыг тендерийн үнэлгээний хороо нь баримтлаагүй. Тийм учраас тендерийн үнэлгээний хорооны энэхүү үйлдэл, шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байгаа болно. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдсан нөхцөлд Б ХХК-ийн эрх ашиг дээрдэж, зөрчигдсөн эрх ашиг нь сэргэгдэх болно.

         3.ТӨБЗГ-ын даргын тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь хуулийн хэд хэдэн заалт зөрчиж, бусдын эрх ашгийг дорд үзэж хууль бус үйлдэл хийж, В ХХК-д давуу байдал бий болгож хууль бус шийдвэрүүдийг гаргаж байжээ. Жишээ нь: Хуулийн 26.7-д заасныг зөрчиж В ХХК-ны дотоодын давуу эрхийн хөнгөлөлтийг буруу тооцсон, 2018.11.15-нд Б ХХК-ны адил 1810290686797 тоот татварын тодорхойлолтыг татсан мөртлөө В ХХК нь 173200,00 төгрөгийн өртэй байсныг нуусан, дулааны инженерт санал болгосон Д.Д*******ын талаар мэргэжлийн байгууллагаас тодруулах талаар Сангийн яамнаас өгсөн чиглэлийг биелүүлэхгүйгээр шалгаруулсан, Сангийн яамны 6-1/5525 тоот албан бичгээр шаардлага хангахгүй гэж мэдэгдсэн мөртлөө тендерт шалгаруулсан гэх мэт. /1810290686797 тоот тодорхойлолт хавтаст хэрэгт ирүүлсэн/ тендерийн үнэлгээний хорооны дарга гишүүд шударга бусаар хандаж зөвхөн В ХХК-ыг ашиг сонирхлоороо энэ тендерт шалгаруулахыг урьтал болгож байжээ. Учир нь урьд нь уг тендерийг анх зарлаж 2018.06.07-нд нээж тендерийн үнэлгээний хороо нь 2018.07.04-нд хуралдаж мөн В ХХК-ыг хууль бус шалгаруулж байсныг Сангийн яамнаас хүчингүй болгож байжээ. Дараагийн сонгон шалгаруулалтаар дахин будлиантуулан хууль бус шалгаруулан хууль бус шийдвэрүүдийг гаргаж чирэгдүүлж байсан. Иймд В ХХК нь тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдийн ашиг сонирхолд маш хүчтэй нөлөөлсөн гэж үзээд байна. Тийм учраас хуулийг зөрчиж байж В ХХК-д олгосон тендерийн үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгох тухай 2018.11.15-ны 02 тоот дүгнэлт, ТӨБЗГ-ын даргын 2018.11.17-ны өдөр В ХХК-д олгосон А-1/4384 тоот мэдэгдлүүд тус тус хүчингүй болох ёстой.   

        4.Тендерийн үнэлгээний хорооноос 2019 оны 01-р сарын 04-ний өдрийн 04 тоот тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж байжээ. Уг тэмдэглэлийн үг утга нь 2018.11.15-ны 03 тоот тэмдэглэлтэй адилхан байна. Энэ хурал хийгдээгүй гэж мөн тендерийн үнэлгээний хорооны гишүүд хүлээн зөвшөөрдөг бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нар анх 2019.03.04-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа "Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн болон захиалагч БСШУС-ын яамны удирдлага өөрчлөгдсөн гэх шалтгаанаар тендерийн үнэлгээний хорооны хуралд оролцоогүйн улмаас тендерийн хүчинтэй байх хугацаанд хуралдаж чадаагүй" гэж тайлбарласан байдаг. Тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Бмөн 2019.08.21-ний өдрийн шүүх хуралдаанд үнэн тайлбар хийж тендерийн үнэлгээний хороо нь хуралдаагүй гэдгийг хэлж байсан. Тийм учраас энэ хурал хийгдээгүй болохоор 04 тоот хурлын тэмдэглэл хууль бус байх тул хүчингүй болох ба энэ хурлын шийдвэрийн дагуу гарсан ТӨБЗГ-ын 2019.01.28-ны өдөр “Б” ХХК-д олгосон А-1/209 тоот мэдэгдэл, болон 2018.11.16-ны өдрийн БСШУСЯ-д хүргүүлсэн А-1/110 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгох шаардлага гаргасан болно. А-1/110 тоот мэдэгдэлд "Тендерийн үнэлгээний хорооноос бүх тендерээс татгалзсан шийдвэр, дүгнэлт гаргасаныг мэдэгдье" гэсэн ба өнөөдрийн байдлаар тендерийн үнэлгээний хорооноос ямар ч бие даасан дүгнэлт, зөвлөмж гараагүй болно. Дүгнэлт, зөвлөмж гаргасан талаар хариуцагчид нотолж чадаагүй. Энэ хуурамч эрх зүйн чадамжгүй тэмдэглэлийг хариуцагч тал шүүхэд нотлох баримтаар ирүүлээд байгаа. 1-р хавтаст хэргийн 184-186 талд авагдсан /Мөн энэ тэмдэглэлийг БСШУСЯ-д хүргүүлсэн А-1/110 тоот мэдэгдэлд хавсаргаж явуулсан мөртлөө энэ мэдэгдэлд энэ хурлын шийдвэрийн талаар огт дурдаагүй байжээ. Хавсаргаж явуулсан талаар шүүхийн 1/4745 тоот албан бичгүүдээр шаардсан ТӨБЗГ-ын 2/6258 тоот албан бичиг, БСШУСЯ-ын яамны төрийн нарийн бичгийн даргын А- 2/2008 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. Энэ тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэний үр дагавар нь тендерийн хүчинтэй байх хугацаанд үнэлгээ хийгээгүй,дүгнэлт гаргасан дүр эсгэж мөн В ХХК д давуу байдал бий болгох, Б ХХК-ны эрх ашгийг дордуулах зорилгоор ашигласан. Өөрөөр хэлбэл оролцогчдын гомдлын дагуу Сангийн яамнаас шаардсан шаардлага,дүгнэлтийг үгүйсгэж энэхүү хуурамч тэмдэглэлийг үйлдсэн. Бүхэл бүтэн нэг сумын бүтээн байгуулалтыг гацаасан хууль бус үйлдэл болсон. Хуулийн 50-р зүйлд Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа Төрийн албан хаагчийн хариуцлага, үүргийг хуульчилсан ба тендер шалгаруулалтыг шударга бусаар явуулан хууль бус үйлдэл хийж,энэ хуурамч тэмдэглэлд гарын үсгээ зурсан тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд хариуцлага хүлээх болно гэдгийг шүүхийн энэ хуралдаан дээр хариуцлагатайгаар хэлэх байна.

         5.Сангийн яамнаас тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж,дахин үнэлгээ хийхийг 2018.12.07-ны 6-/ 7536 тоотоор шаардсан. Сангийн яамнаас сунгаж өгсөөр байхад мөн ТӨБЗГ-ын дарга нь Сангийн яаманд 2018.12.17-ны өдөр тендерт оролцогчдоос гомдол гаргасан гэж худлаа шалтаг зааж А-1/4630 албан бичгээр чиглэл авахаар ханджээ. Б ХХК нь гомдлоо 6-1/7536 тоот бичиг ирэхээс өмнө Сангийн яаманд гаргаж хариуг тус албан бичгээр тус яамнаас авсан байсан. Харин Б ХХК нь ТӨБЗГ-ын 2019.01.28 ны А-1/209 тоот мэдэгдлийг хүлээж авсны дараа шүүхэд энэхүү гомдлыг гаргасан. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт 2018.12.27-ны өдөр 6/8100 тоот албан бичгээр "Тендерт оролцогч компаниас гомдол гаргасан тохиолдолд үйлдлийн хэрэгжилтийг буюу тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг түр түдгэлзүүлдэг. Өөрөөр хэлбэл гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тухайн тендерийн хүчинтэй байх хугацаа зогсоно.Иймд хуулийн 24 р зүйлийн 24.5 дахь хэсэгт заасан тендерийн хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлсэн хугацаагаар сунгагдсанд тооцогдоно" гэж чиглэл хүргүүлсэн байна. Гэтэл тендерийн үнэлгээний хорооныхон энэ чиглэлийг хэрэгжүүлэхгүйгээр, ямар ч эрхийн актгүй тендерийг хүчингүйд тооцож, тендерийг хүчинтэй байх хугацаанд үнэлгээ хийхгүйгээр хугацааг хэтрүүлэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Тендерийн үнэлгээний хорооны энэ эс үйлдэхүй хууль бус байна. Хариуцагчид шүүхэд хоёр төрлийн тайлбар гаргаж байгаа. Нэгд: "Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн болон захиалагч БСШУСЯ-ны удирдлагад өөрчлөлт орсноос болж тендерийн хүчинтэй байх хугацаанд хуралдаж чадаагүй"гэж тайлбар гаргаж байгаа. Тендерийн үнэлгээний хороо нь ТӨБЗГ-ын даргын тушаалаар байгуулагдсан бөгөөд БСШУСЯ-ын яамны сайд дарга нар өөрчлөгдсөн асуудал огт хамаарагдахгүй. Харин тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд 2019.01.04-ний хүртэл өөрчлөлт ороогүй байсан нь нөгөө 2019.01.04-ны өдрийн 04 дугаартай хуурамч тэмдэглэлд тендерийн үнэлгээний хорооны бүх гишүүд гарын үсэг зурснаар нотлогдож байгаа.

          Хоёрт: Тендер хүчинтэй байх хугацаанд оролцогч компаниудаас гомдол гаргасан байх тул хуралдаж чадаагүй гэж худлаа үндэслэлгүй тайлбар гаргасан байдаг. Сангийн яамны 2018.12.07-ны 6-1/7536 тоот бичгийн дараа тендерийн хүчинтэй байх хугацаанд ямар ч компани гомдол гаргаж байгаагүй. Хариуцагч үүнийг шүүхэд нотолж чадаагүй. Б ХХК нь 2018.10.18-ны 16:30 цагт тендер нээсэн байдлаар хуулийн 14-16-д заасан шаардлага болон захиалагчийн тогтоосон тендерийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хуулийн 28.3, 28.7.4 дэх хэсэгт зааснаар сонгон шалгаруулалтын үндсэн шалгуур болох хамгийн бага үнийн саналтай байсан. Зарлагдсан үнийн хөнгөлөлт тооцсон тендерийн үнийн талаарх нотлох баримт хавтаст хэргийн 1- 142-рт авагдсан байгаа. Тендер нээсэн үеийн байдлаар татварын өргүй байсан талаар татварын баримт болон сангийн яамны дүгнэлт гарсан байсан. Компанийн ерөнхий инженер Н.М  нь барилгын инженер цолтой ба энэ талаар холбогдох байгууллагаас тодоруүлага авах талаар Сангийн яамнаас үүрэг болгосон боловч тендерийн үнэлгээний хорооны өөрийн буруутай ажиллагаанаас болж энэ үүргийг хэрэгжүүлээгүй. Ерөнхий инженер Н.М нь барилгын салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд урьд нь барилга угсралтын "А"  ХХК   "К" ХХК-ны ерөнхий инженерээр ажиллаж байжээ. Энэ үед тус компаниудыг төлөөлөн томоохон хэмжээний тендерт оролцож, гэрээ байгуулан, гарын үсэг зурж ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн хүсэлтээр БСШУСЯ болон ЭМЯ-наас шаардаж авсан баримтуудаар нотлогдоно. Нөгөөтэйгүүр хуулийн 28.7.4-рт "Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг "Хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэж хуулчилан зохицуулагджээ. Б ХХК нь хамгийн бага буюу залруулга үнийн хөнгөлөлт тооцсоноор 433 042 500,00 төгрөгийн үнийн саналтай байсан. Тийм учраас “Б” ХХК нь 2018.10.18-ны байдлаар маргаан бүхий тендерт шалгарах хууль, эрх зүйн бүрэн үндэслэлтэй байсан гэж үзээд байна. ТӨБЗГ болон тендерийн үнэлгээний хорооны тухайн үеийн хууль бус ажиллагаа, хууль бус эс үйлдэхүй, хэрэгжүүлэх ёстой чиг үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал бий болгох үүднээс явуулсан хууль бус үйлдлийн үр дагавраас болж “Б” ХХК ны эрх ашиг сонирхол хохирсон болно. Одоо болтол тендерт ямар компани шалгарсан тухай үнэлгээ хийгдээгүй, цаашид хэрхэх талаар ямар ч шийдвэр гараагүй байгаа гэдгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг ба төсөвлөгдсөн хөрөнгө буцаан татагдсан гэж тайлбар гаргадаг. Үүнд: “Б” ХХК нь буруугүй болно. Иймд “Б” ХХК-ыг тендерт шалгарсан тухай дүгнэлт, зөвлөмж, эрх олгож, гэрээ байгуулах тухай шийдвэр гаргахгүй байсан ТӨБЗГ болон тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан болно. Иймд хариуцагчийн хууль бус үйлдэл, хууль бус эс үйлдэхүйн үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын шүүхэд гаргасан тайлбартай холбогдуулан судлан үзээд, шүүгч нотлох баримтуудыг дотоод итгэлээр үнэлэн гэрээ байгуулах эрх олгож, БСШУСЯ-д зөвлөмж хүргүүлэхийг ТӨБЗГ-т даалгаж, гэрээ байгуулахыг хариуцагч БСШУСЯ-д тус тус даалгаж өгнө үү” гэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Хэрэг шүүхийн шатанд ирээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхцөл байдлууд өөрчлөгдсөн. 1.Энэ хэргийн гуравдагч этгээд “В” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсан, татгалзах үндэслэл бүрдсэн. Яагаад бид энэ маргаан дээр хаяhгүй яваад байна гэхээр тухайн орон нутагтаа хэрэгтэй, улсын төсөв нь гарчихсан, БСШУЯ-ны төсөвт нь суучихсан, сая хариуцагч ч хэлж байна, энд өөр ямар нэгэн компанийг дуудаж авч ирээд гэрээ хийх боломжгүй гэж байна. Яагаад гэхээр тендер хүчинтэй байх хугацаанаас үл хамаараад хэрэг маань хуулийн зохицуулалтаараа өнөөдөр шүүхэд явж байгаа учраас энэ асуудлаар “Б” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн гэдэг асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байгаа. 1-р шаардлагын хувьд нээхдээ бид захиалагч болон эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зураагүй нь эдний эрх ашигт хөндөгдөөгүй гэж байна. Бид анх нэхэмжлэл гаргахдаа л ТӨБЗГ-ын ганц баримталсан хууль нь тендерийн хууль байгаа. Энэ хуулийн хүрээнд 2018.10.18-ны өдөр нээхдээ тендерийн хорооны гишүүн биш хүн нээдэг, бид гэрчээр асуусан, хуульд бол үнэхээр тендерийн хорооны гишүүнээр томилогдсон хүмүүс л энэ үйл ажиллагаанд оролцоно. 2. Хуулиар зохицуулчихсан байдаг, тэмдэглэлд нэлээд хэд хэдэн зүйл дурдагдана. Тендер нээх үед зарлагдаагүй, тендерийн үнийн хөнгөлөлтийг үнэлгээ хийхэд тооцохгүй гэсэн хуулийн зохицуулалт хуулийн 16.7-д байдаг. Энэ зохицуулалтаар тендер нээгээд үнэлгээ гаргасан хүснэгт байдаг, энэ хүснэгтээрээ хөнгөлөлт гээд байгаа зүйл нь зөвхөн “Б” ХХК-д байдаг, “В” ХХК-д хөнгөлөлтийн асуудал нээлт дээр байдаггүй. Гэтэл шалгаруулалтын явцад хамгийн бага үнийн саналаас хамгийн их рүү нь тооцдог юм байна. Ингэж тооцохдоо хуулийн 28.7.3-т зааснаар бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэйруу харьцуулж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж байгаа. Ингээд хамгийн бага харьцуулах үнэтэй тендер нь хамгийн сайн тендерт тооцогдож үнэлэгдэнэ гэж хуулийн зохицуулалтдаа байгаа, гэтэл тэмдэглэл дээр тусгах ёстой зүйлийг тусгаагүй байгаа учраас шалгаруулалт дээрээ 89,888,071 төгрөгийн хөнгөлөлтийн асуудал яригдаад явчхаж байгаа учраас энэ бол яах аргагүй хууль зөрчсөн гэдэг байдал нь харагдаж байгаа. Гэтэл энэ асуудлаас болоод “Б” ХХК нь гомдлоо гаргадаг журмаараа дээд байгууллагад нь хандаад гомдлын хариугаа авсан. Ингээд эднийхийг татгалзсан үндэслэл нь үндэслэлгүй юм гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 2018.11.15-ны өдрийн 03 тоот тендерийн хорооны тэмдэглэл дээрээс харахад 3 үндэслэлээр татгалзсан байдаг. 3 үндэслэлд нь яам 2018.12.07-ны өдрийн 6-1/7536 тоотоороо энийг үгүйсгэдэг. 1. Тендер нээх өдөр өргүй байсан байна, гэтэл танайх өртэй гэж явсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна, тендер нээх өдрийн байдлаар хүчинтэй болохоос биш гэсэн хариу өгөөд эдний татгалзсан хариуг нь үгүйсгэчихдэг. 2. Барилгын инженерт сантехникийн инженер санал болгосон байна гэдэг, гэтэл өгөгдөл дээрээ 5.3.г-д дулааны инженер байж болохыг тусгачихсан байгаа, гэтэл эдний санал болгоод байгаа М  нь дулааны инженер юм гэдгийг санал болгоод байгаа. Гэтэл яам энийг үгүйсгэхдээ өгөгдлийн 5.3.г-д заасан инженер техникийн ажилтныг мэргэжилтэй нийцэх эсхүл дүйцэх эсэхийг мэргэжлийн байгууллагаас тодруулж үнэлгээ хийлгэнэ. Тэгэхээр өгөгдөл дээр нь дулааны инженер байхгүй бол сантехникийн инженер байж болно гэчихсэн. Энийг дүйцэж байна уу, үгүй юу, адил мэргэжилд нийцүүлж болох уу үгүй юу гэдгийг л эд нар судлаад үзчихэд болох ёстой. Гэтэл бид хавтаст хэрэгт авч ирж өгсөн, энэ хүн маань ийм ийм байдлаараа олон удаагийн тендерт ороод яг өнөөдрийг хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн баримтыг бид нар өгчихсөн байгаа. 3.Дотоодын давуу эрхийн зөрүү тооцсон боловч хамгийн бага харьцуулах үнэтэй  хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнэтэй гэсэн, тэмдэглэл дээрээ хөнгөлөлтийн асуудлаар тусгах ёстой, гэтэл тусгаагүй байж шалгаруулалтын 89 сая гаран төгрөг орж ирээд 10 гаруй сая төгрөгийн зөрүү гаргаад эднийх хамгийн сайн байна гэдэг. Гэтэл шалгаруулаад байга “В” ХХК нь дээд дурдсан хуулийнхаа заалтын дагуу харьцуулах үнэ хийгдээгүй учраас хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Хамгийн бага үнийн саналыг яаж тооцох вэ гэдэг хуульд заасан аргачлал болон яам хэлээд байгаа манайд ийм дотоодын давуу эрх тооцох журам байдаг, энэ журмын дагуу дотоодын давуу эрх тооцоогүй байна танайх гэдэг бичиг өгдөг. Гэтэл тооцох ёстой юмыг тооцоогүй байж, тооцсон мэтээр хариуцагч тал автоматаар дотооддоо хэрэглэгдэх давуу эрхийн журмыг тооцоогүй байгаа. Гэрээ байгуулах эрх олгосон “В” ХХК-ийн тендерт давуу эрх олгохдоо тендерийн нь нийт үнээс 10% бууруулж тооцох аргачлалаа зөрчсөн байгаа гэдэг. Ингээд эдний тендерт давуу эрх олгохдоо тендерийнх нь нийт үнээс бууруулж тооцсон аргачлалаа зөрчсөн байна. Ингээд эдний анхны шалгаруулалт дээрээ Б ХХК-ийг татгалзсан байдал нь ийм 3 үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа. Нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж яагаад дурдаад байна гэхээр татгалзсан үндэслэл нь үгүйсгэгдсэн учраас гэрээ байгуулах эрх олгох боломжтой нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Манайх 6 шаардлага гаргасан, үүнээс эхний 5 шаардлагаас нэгэнт манай “Б” ХХК-ийг дээр дурдсанаар тендерт шалгаруулахдаа алдаа гарсан, хууль зөрчсөн учраас шууд эрх олгох боломжтой гэж үзэж байгаа. Хариуцагч ч энэ хэмжээнд нь манайд эрх олгохыг даалгах боломжтой гэж үзэж байгаа учраас бид дээр гаргасан бусад “В” ХХК-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Тийм учраас зөвхөн “Б” ХХК-тай холбоотой тендер шалгаруулалтын хорооноос үгүйсгэсэн нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байгаа учраас шууд шалгаруулах боломжтой нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт 2 хурлын тэмдэглэл байдаг. Хурлын тэмдэглэл дээр хууль зөрчсөн асуудал байгаа учраас хуульч хүнийхээ хувьд дурдъя гэж бодож байна. 3, 4 тоот тэмдэглэлүүд нь яг үг үсгийн хувьд адилхан. 3 тоот тэмдэглэл дээр “В” ХХК-ийг шалгаруулсан байдаг, 4 тоот тэмдэглэл дээр сүүлд тендерийн хорооны хурал болоогүй мөртлөө 1.04-ний өдөр хурал болсон мэтээр бичсэн байдаг, энэ 2 тэмдэглэл үг, үсэг, хэмжээ зайны хувьд яг адилхан бичигдсэн, шийдвэр хэсэгтээ өөр байдаг, 4 тоот буюу 1.04-ний өдрийн тэмдэглэл дээр 3 янзын хариу өгчихсөн байдаг. 4 тоот тэмдэглэл дээрээ шийдвэрлэсэн хэсэгтээ үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар шаардлагад нийцсэн 1 ч санал ирээгүй тул шууд гэрээ байгуулах албан мэдэгдлийг захиалагчид хүргүүлж байна гэж байгаа. Гэтэл сая тендерийн тухай хуулийн 30.4-г хариуцагч хэлж байна. Бид 2 удаа явуулсан учраас шууд гэрээ байгуулах асуудлыг холбогдох байгууллагад явуулсан гэж яриад байна. Гэтэл “Б” ХХК-д явуулсан хариу байгаа, манайх жилийн эцэс болсон танайх хамгийн бага үнийн шаардлагад нийцсэнгүй, тэгээд ч төсөв буцаад татагдчихсан учраас бид тендерийн асуудал ярих боломжгүй гэдэг. Гэтэл яамандаа болохоор энэ хурлын тэмдэглэлээ явуулаад танайх асуудлаа шийд гэсэн байдлаар явуулсан байдаг. Нэгэнт 30.4-өөр асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж байгаа бол өөрсдөө ТӨБЗГ-аас томилогдсон тендерийн хороо энэ шийдвэрээ л гаргаад өгөх хэрэгтэй. Нэгэнт бид нар энэ тендерт өөр өрсөлдөгч байхгүй, эрх зүйн байдал нь үргэлжилж байгаа, төсөвт мөнгө нь ороод ирчихсэн, ийм учраас “В” ХХК-ийг ярихгүйгээр “Б” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг өгөх боломжтой гэсэн учраас ийм тайлбартай байна. Улмаар нэгэнт өмнө нь яамруу бичиг очсон байна гэж дурдсан учраас мөн яаманд нь гэрээ байгуулах эрхийг олгох нь хэрэг маргааныг бид нар бие биенээ хүндэтгэж, төрийн ажлыг хүндэтгэж, ийм байдлаас нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ гарч ирж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагчийн хүлээсэн хэмжээгээр нь шийдвэр гаргах буюу” Б” ХХК-ийг тухайн тендерт шалгарснаар тооцож мөн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг гаргахыг даалгаж, БСШУСЯ нь гэрээ байгуулахаас мөн татгалзах зүйлгүй учраас энэ асуудлыг шийдчихвэл зөвхөн хэргийн оролцогчдын эрх ашгаас гадна, цаана нь сургуулийн суралцагчдын дотуур байрны асуудал шийдэгдэх юм” гэв.

        Хариуцагч ТӨБЗГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Танай шүүхэд хянан хэлэлцэгдэж буй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан XIII.1.1.187.“Цэцэрлэгийн барилга, 100 ор /Б*******, Б******* сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

          Засгийн газрын 2017 оны 315 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д тусгагдсан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас санхүүжигдэх ХIII.1.1.187 “Цэцэрлэгийн барилга, 100 ор /Б*******, Б******* сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалаар байгуулагдсан. Үнэлгээний хороо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас ирүүлсэн ажлын даалгавар, зураг, төсвийн дагуу тендерийг зарласан.

       Тендөрийн баримт бичигт заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тендерийг нээхэд “В” ХХК, “Н*******” ХХК, “К” ХХК, “Д” ХХК, “Х”  ХХК, “Б” ХХК, “А” ХХК, “Ё” ХХК, ”У ХХК, “К” ХХК, “ Ам”  ХХК, “М” ХХК-иуд тендер ирүүлсэн.

         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг хийхэд “Б” ХХК сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онд барилга угсралтын ижил төстэй ажил хийснийг нотлох гэрээ, акт ирүүлээгүй, мөн “хамгийн сайн” унэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тухайн компанийн ирүүлсэн тендерээс шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан.

      Тендерт оролцогчдод 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзах мэдэгдэл хүргүүлсэн ба Сангийн яам 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4656 дугаар албан бичгээр уг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцогч компаниас гомдол гарсан талаар манай байгууллагад мэдэгдсэн. Сангийн яам гомдлын материалыг хянан үзэж, 7 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/4962 дугаар албан бичгээр дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.  

           Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлт тавьсан бөгөөд Сангийн яам 7 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/5055 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан.

      Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу үнэлгээний хороо 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин хуралдаж өмнөх шийдвэрээ хэвээр баталсан. “Б” ХХК нь ижил төстэй ажлын шаардлага хангаагүй, мөн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй тул тендерээс дахин татгалзсан.

         Тендерт оролцогчдод гэрээ байгуулах болон татгалзах мэдэгдэл хүргүүлсэн ба Сангийн яам 8 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/5246 дугаар албан бичгээр уг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцогч компаниас гомдол гарсан талаар мэдэгдсэн. Сангийн яам гомдлын материалыг хянан үзэж, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн буюу тендерийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дараа тендерийн үнэлгээ дахин хийхийг мэдэгдсэн. Уг тендерийн хүчинтэй хугацаа 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дууссан.

        Үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-т заасны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахин нээлттэй тендер зарласан.

         Тендерийн баримт бичигт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тендерийг нээхэд “Ё” ХХК, “В” ХХК, “К” ХХК, “Б” ХХК-иуд тендер ирүүлсэн.

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг хийхэд “Б” ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 4.2.2, 5.3 г, 33.1-д заасныг хангаагүй тул тус тендерээс татгалзсан. Мөн дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах хүсэлт ирүүлсний дагуу давуу эрхийн зөрүү тооцож үзэхэд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн.

        Тендерт оролцогчдод 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн ба Сангийн яам 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/7287 дугаар албан бичгээр уг төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад оролцогч компаниас гомдол гарсан талаар мэдэгдсэн. Сангийн яам гомдлын материалыг хянан үзэж, 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Тендерийн хүчинтэй хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сунгагдсан. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд захиалагч БСШУСЯнаас орсон төлөөллүүд яамны удирдлага өөрчлөгдөж, ажилд өөрчлөлт орсон гэсэн шалтгаанаар үнэлгээний хорооны хуралд удаа дараа оролцоогүйн улмаас тендерийн хүчинтэй хугацаанд багтан хуралдаж чадаагүй болно.

     Уг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны талаарх холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

          Мөн “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б ХХК-ийн нэхэмжлэлтэй ТӨБЗГт холбогдох захиргааны хэрэгтэй холбогдуулан нэхэмжлэгчээс гаргасан эвлэрэн хэлэлцэх хүсэлт, шүүхээс эвлэрэх боломж олгосны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******тай ТӨБЗГ-2018/XIII.1.187 “Цэцэрлэгийн барилга 100 ор /Б*******н Б******* сум/” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын талаар ярилцаж, БСШУСЯ-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******ийн саналыг сонссоны үндсэн дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Х.У танилцуулж дараах байдлаар зөвшилцөлд хүрсэн болно. Үүнд:

        Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 онд зарласан ТӨБЗГ- ТӨБЗГ-2018/XIII.1.187 “Цэцэрлэгийн барилга 100 ор /Б*******н Б******* сум/” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалттай холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч 2019 оны 08 сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай 6 заалт бүхий нэхэмжлэлийн шаардлагын эхний 5 шаардлага буюу үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбогдуулан хууль бус шийдвэр гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6 дахь нэхэмжлэлийн шаардлага буюу “тухайн төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад “Б”  ХХК-ийг шалгарсанд тооцож гэрээ байгуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан танай шүүхэд хүргүүлсэн тохиолдолд манай зүгээс тухайн барилга угсралтын ажлыг цаг хугацаанд нь явуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Б******* суманд баригдах 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж орон нутгийн хүүхэд багачууд сурч боловсрох боломжоор хангагдах нөхцөлийг хангах үүднээс нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй болно.

        Нэхэмжлэгч “Б” ХХК бусад нэхэмжлэгчийн шаардлагаа багасгаж зөвхөн “тухайн төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад “Б” ХХК-ийг шалгарсанд тооцож гэрээ байгуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан танай шүүхэд хүргүүлсэн тохиолдолд хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан “..Б******* аймгаас зарласан Д******* сумын соёлын төвийн барилгын тендерт “Б” ХХК-иас санал болгосон инженер, техникийн мэдээллийг татуулан давхцал байгаа эсэхийг нягтлан үзэх тухай” хүсэлтээсээ мөн татгалзах болно. Энэхүү тайлбар нь “Б” ХХК бусад нэхэмжлэгчийн шаардлагаа бууруулж зөвхөн “тухайн төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад “Б” ХХК-ийг шалгарсанд тооцож гэрээ байгуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хүргүүлсэн тохиолдолд манайх хүлээн зөвшөөрөх бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлагаа өөрөөр гаргах эсвэл, нэхэмжлэлийн өмнөх шаардлагаа хэвээр үлдээсэн тохиолдолд манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

         Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТӨБЗГт холбогдох захиргааны хэрэгт холбогдуулан нэхэмжлэгчээс гаргасан эвлэрэн хэлэлцэх хүсэлт, шүүхээс эвлэрэх боломж олгосны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* ТӨБЗГ-2018/XIII.1.187 “Цэцэрлэгийн барилга 100 ор /Б******* Б******* сум/” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын талаар яригдаж, БСШУСЯ—ны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-н саналыг сонссоны үндсэн дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Х.У танилцуулж дараах байдлаар зөвшилцөлд хүрсэн болно. Үүнд:

          Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 онд зарласан ТӨБЗГ- 2018/XIII. 1.187 “Цэцэрлэгийн барилга 100 ор /Б*******н Б******* сум/” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалттай холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч 2019.08.20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах Тухай 6 заалт бүхий нэхэмжпэлийн шаардлагын эхний 5 шаардлага буюу үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбогдуулан хууль бус шийдвэр гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6 дахь
 нэхэмжлэлийн шаардлага буюу “тухайн төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад “Б” ХХК-ийг шалгарсанд тооцож гэрээ байгуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан танай шүүхэд хүргүүлсэн тохиолдолд манай зүгээс шүүхэд гаргасан “...Б******* аймгаас зарласан Д******* сумын соёлын төвийн барилгын тендерт “Б” ХХК-иас санал болгосон инженер, техникийн мэдээллийг татуулан давхцал байгаа эсэхийг нягтлан үзэх тухай” хүсэлтээсээ мөн татгалзах болно.

         Энэхүү тайлбар нь “Б” ХХК бусад нэхэмжлэгчийн шаардлагаа бууруулж зөвхөн “тухайн төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад “Б” ХХК-ийг шалгарсанд тооцож гэрээ байгуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хүргүүлсэн тохиолдолд манайх хүлээн зөвшөөрөх бөгөөд хэрэв үйлдээсэн тохиолдолд манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэжээ.

        Хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “1 дэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд энэ бол дахин тендер шалгаруулалт бөгөөд журмын дагуу үнэлгээ хийж байгаад өнөөдөр өглөө шүүгч өөрийн биеэр үзлэг хийсэн, хууль дээр байгаа нээлттэй тендерт гарын үсэг үйлдэнэ гэдэг нь уламжлалт аргаар буюу зөвхөн цаасаар хүлээж авч байгаа тохиолдолд үйлчилдэг, цахим тендер шалгаруулалтын журмын 7.2-т зааснаар гарын үсэг зурна гэсэн ямар нэгэн үг үсэг байхгүй. Энэ тендер нь цахим тендер шалгаруулалтаар явсан бөгөөд тендерийн нээлтэд энэ 4 компанийн аль нь ч ирээгүй. Хэрэв үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй гэж үзэх юм бол ялгаагүй оролцогчид мөн зурах ёстой, тендерийн нээлтэд аль ч талаас ирээгүй, хариуцагч нь тендерийн нээлтийг Баян-өлгийгөөс цахимаар хараад байж байсан. Эхний шаардлага нь хэрэг шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй. Үнэлгээний хорооны гишүүн гэх хүн ганц гарын үсэг зураагүйгээс нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй. Энэ бол цахим тендер байгаа. Иймд 1 дэх шаардлагыг хүчингүй болгож өгөөч. 2 дахь шаардлагын тухайд “Б” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй байгаа тохиолдолд давуу эрхийн зөрүүг тооцох боломжгүй. Тендерийн нээлтийн цахим тэмдэглэлээс харахад үнийн санал хамгийн доод байдлаар  “Б” ХХК нь 3-т урд нь 2 компани байна гэсэн байдал харагддаг, энэ асуудлыг хамгийн бага үнэтэй гэж эднийхийг үзэх боломжгүй бөгөөд 2 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үнэлгээний хорооны 5 гишүүнээс 4 гишүүний саналаар “Б” ХХК-ийг хамгийн бага үнийн дүнтэй компаниар шалгаруулсан, гэхдээ гомдол гараад Сангийн яаманд хянаж үзээд дахин үнэлгээ хийж байгаа учраас В ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн гэсэн шийдвэр нь автоматаар хүчингүй болж байгаа, тендерт оролцогчдын гомдлыг хянаж үзээд 14 хоногийн дотор сангийн яам эцсийн шийдвэр гаргадаг. В ХХК-ийг хамгийн сайн үнийн санал ирүүлсэн гээд шалгаруулсан байгаа шийдвэрийг дахин үнэлгээ хийж байгаа учраас В ХХК-тай холбоотой шийдвэр автоматаар хүчингүй болсон байгаа, хамгийн сайн тендерт шалгарсан компани одоог хүртэл байхгүй байгаа. Тендерийн хүчинтэй хугацаа дууссан, ямар нэгэн байдлаар тендерийн ялагч тодорхойгүй байгаа. Ийм учраас энэ шаардлагыг хүлээн авах боломжгүй. 3 дахь шаардлагын тухайд энэ мөн хамаатай. 4-р шаардлагын тухайд нээлттэй тендер цахим шалгаруулалтыг 2 удаа зарлаад эхний удаа 12 компани, 2 дахь удаа 4 компани оролцсон аль аль нь шаардлага хангасан 1 ч тендер ирээгүй. Эхнийх нь ирээгүй, 2 дахь нь хүлээж байх хугацаанд хугацаа нь дуусчихсан, ямар ч гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2-рт тухайн төсвийн жил 1.01-ний өдөр эхлээд 12.31-ний өдөр дуусах хуулийн заалттай жилийн эцэс болсон, төсвийн жил дууссан. Ийм учраас энэ асуудал дээр ТБОНӨХБАҮХАТХ-ийн 32-р зүйлд зааснаар тендер шалгаруулалт 2 удаа амжилтгүй болсон тохиолдолд гэрээ шууд байгуулах гэдэг заалтын дагуу БСШУЯ-д энэ талаар танилцуулж та нар шууд гэрээгээ байгуулаа гэдэг мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдэл хүргэхтэй зэрэгцээд төсвийн жил дууссан байсан учраас манайхаас хүргүүлсэн мэдэгдлийн дагуу БСШУЯ ямар нэгэн тендерт оролцогчтой тухайн Б******* сумын цэцэрлэгийн барилгыг барих ажил дээр гэрээ байгуулаагүй, одоог хүртэл тэр ажил дээр хэн ч гэрээ байгуулаагүй. Мэдэгдлийг хүчингүй болгох гэдэг асуудал дээр энэ угаасаа төсвийн жил дуусаад хүчингүй болчихсон асуудал байгаа. Одоо БСШУЯ-д гэрээ шууд байгуулах мэдэгдэл одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байхгүй. Түүнээс хойш 2-3 жил боллоо тэр хугацаанд яам гэрээ байгуулчихвал байгуулчих хугацаа өнгөрсөн. Тэгэхээр 4 дахь шаардлагын тухайд мөн биелэгдэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгөөчээ. 5 дахь шаардлагын тухайд Сангийн яамнаас ирүүлсэн 2018.12.07-ний өдрийн баримт дээр  “Ё*******” ХХК-иас Б******* ус хангамж ариутгах татуургын инженер, “Б” ХХК-ийн ерөнхий инженер, ус хангамж ариутгах татуургын инженер нь байна, “В” ХХК-иас Д******* гэх халаалт агаар сэлгэлт гээд ийм газруудаас тодруулга авсны үндсэн дээр дахин үнэлгээ хийе гэсэн дүгнэлт л ирсэн. Түүнээс энэ дээр “Б” ХХК нь хамгийн сайн байна, энэ компанитай гэрээ байгуулчих гэсэн юм байгаагүй. Үнэлгээний хороо тендерт оролцогчдын үнэлгээг дахин үнэлэх байдал үүсээд үнэлгээний хорооны дарга нь ганцаараа шийдвэр гаргах боломжгүй, үнэлгээний хорооны гишүүд олонхийн саналаар шийдвэр гаргана, тэр нь нийт гишүүдийн 75%-иас дээш байх ёстой. Тухайн үед ахлах мэргэжилтэн байж байгаад хэлтсийн дарга болоод чөлөөлөгдсөн байна. Яг энэ үед яманд Төрийн нарийн бичгийн дарга нь солигдсон, бужигнаантай байсан. Би сүүлд харахад манай газрын дарга Н гэж дарга байж байгаад сүүлд Г гэж дарга болсон байна лээ. Энэ халаа сэлгээтэй холбоотой үнэлгээний хороонд БСШУЯ-ыг төлөөлж орсон нөхдүүд үнэлгээний хорооны хуралд тухайн үед оролцоогүй, яагаад гэхээр 75% гэхээр 4 хүн нь байж хурлын ирц хүрэх гээд байдаг, тэгэхээр 2 хүн байхгүй, 3-уулаа хуралдах боломжгүй, 3-уулаа хуралдаад шийдвэр гаргасан бол тэр шийдвэр үнэлгээний хорооны олонхийн санал тусгагдаагүй, хууль бус шийдвэр гээд дахиад хэн нэгэн гаргах байсан. Тэгэхээр энэ асуудлыг бид нар тухайн үед бичгээр, утсаар байнга харилцаа холбоотой байсан, нэгэнт хүчинтэй хугацааны хувьд тендерийн үнэлгээг цаашид дахин хийж үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэрээ шууд байгуулах тохиолдолд тендерт оролцогч 4 компани руу захиалагчийн хувьд урилга явуулаад энэ дундаасаа сонгох зохицуулалт байгаа, тэрийг яамруу явуулсан ч төсвийн жилд тавигдсан хугацаа, 300 сая төгрөг нь дуусчихсан учраас явуулаагүй юм шиг байна лээ. Эхний 5 нэхэмжлэлийн шаардлагыг харахаар үнэлгээний хорооны үйл ажиллагаа тэр чигтээ “Б” ХХК-ийн эсрэг чиглэсэн юм шиг, алхам тутамдаа хууль тогтоомж зөрчсөн юм мэтээр нэхэмжлэгчийн тайлбар яваад байгаа. Өнөөдөр 2018.10.18 16:30 цагт эхэлсэн тендерийн нээлтийн материалтай шүүгч туслахтайгаа хамт үзлэгээр үзсэн. 6 дахь шаардлагын эхний хэсэг дээр байгаа үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоох гэж байгаа, энэ дээр үнэлгээний хорооны эцсийн шийдвэр гараагүй байгаа, хэн нэгнийг шалгаруулж эцсийн шийдвэр ямар нэгэн хэлбэрээр гараагүй, хуульд заасан хүчинтэй хугацаа дууссан учраас энэ тендер зогссон байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож БСШУЯ-д гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэх шаардлагыг бид нар яагаад татгалзах зүйлгүй вэ гэхээр, тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа 2018.10 сараас эхлээд 45 хоног яваад дуусчихсан, тэр хугацаанд бид нар хэн нэгэнтэй гэрээ байгуулаагүй, түүнээс хойш 2 жилийн дараа ч юм уу “Б” ХХК юм уу хэн нэгэн компанийг дуудаж авч ирээд гэрээг шууд байгуулах боломж эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ асуудлаар хуульд заасан эрхийг хүрээнд “Б” ХХК, “В” ХХК гэх 2 компанид шүүхэд гомдол гаргасан учраас энэ тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх эсэх асуудлаар эрх зүйн үндэслэл нь сэргэж байгаа. Хэлэлцүүлгийн явцад “В” ХХК нь бие даасан шаардлагаасаа татгалзаад явчихсан, одоо ганц үлдсэн нь “Б” ХХК байгаа. Шүүхэд гомдол гаргасан учраас тухайн төсөл байх хугацааны тендер шалгаруулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх, шүүхийн шийдвэрээс хамаараад эрх зүйн үндэс нь сэргэчихсэн учраас бид нар хамгийн сүүлийн хэсгийг шүүхээс гэрээ байгуулахыг эдний компанид даалгаад шийдчих юм бол Б******* аймгийн Б******* сумын цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээр манайх зөвлөмжөө өгөөд яам гэрээгээ байгуулаад цаашдаа барилга угсралтын ажил нь хийгдээд 100 хүүхэд цэцэрлэгтэй болох юм, энэ өнцгөөс нь харж байгаа юм. Энэ тендер шалгаруулалттай холбоотой өөр маргах компани  “Б” ХХК-иас өөр манай эрх ашиг зөрчигдчихлөө гэж хандаж байгаа компани одоог хүртэл 3 жилийн хугацаанд байхгүй байгаа, тийм учраас нэхэмжлэгч тал үнэхээр энэ ажлаа цаашид явуулах бололцоотой гэж үзэж байвал гэрээ байгуулах эрхийг нь шүүхээс даалгачих юм бол бид нарт татгалзаад байх юм байхгүй. Тэгэхгүй бол дахиад 2020 онд тухайн төсөл арга хэмжээний нэр нь байгаа 2020 онд 300 сая гээд дахиад шинээр орчихсон байна лээ. Уг нь бол 2018 онд 300 сая, 2019 онд 300 сая гэж байсан. Нэгэнт 2020 онд шинээр орсон улсын төсвийн санхүүжилт нь тодорхой болчихсон байгаа тохиолдолд явуулахад боломжгүй юм байхгүй. Гэхдээ энэ бол заавал шүүхийн шийдвэр гарч байж, тухайн төсөл арга хэмжээний тендер шалгаруулалттай холбоотой цаашаа ажил гүйцэтгэх тендерийн эрх зүйн үндэслэл сэргэж байгаа юм. Үнэлгээний хорооны хувьд холбогдох хууль журмын дагуу явагдсан, ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй. Тухайн үед хугацаа алдсан, жилийн эцэс болсон, төсвийн хуулийн үйлчлэл зогссон үүнээс болоод тендерийн хүчинтэй хугацаа зогссон энэ асуудлаас болоод цаашид нэгэнт 45 хоногийн хугацаа дууссан учраас тэр хооронд ямар нэгэн шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байсан учраас бид ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, энэ дээр хэн нэгнийг шалгаруулаад, суурь тавиад хөрөнгө мөнгийг нь үрчихсэн юм байхгүй. Хэн нэгнийг өрөнд оруулаад ямар нэгэн мөнгө гарсан юм байхгүй. Хэн нэгнийг хохироогоод бодитой хохирол учруулсан зүйл байхгүй. Ажлаа явуулахын тулд төсвийн тухай хуульд тусгагдаад төсөв хөрөнгө нь ороод ирсэн учраас шүүхээс шийдсэн тохиолдолд 6-р нэхэмжлэлийн шаардлагын сүүлийн хэсгийг биелүүлэхэд татгалзах зүйлгүй. Эхний 5 шаардлагын тухайд үнэлгээний хороо хууль журмын дагуу ажилласан, бүх юм баримт нотолгоотой цахим хэлбэрээр байгаа, тэр дээр ямар нэгэн юмыг солиод байх асуудал байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс хардах эрх нь байгаа байх гэхдээ үнэлгээний хороо хууль журмын дагуу ажилласан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагын эхний 5 шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

          Хариуцагч БСШУСЯ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Танай шүүхэд хянан хэлэлцэгдэж буй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан XIII.1.1.187.“Цэцэрлэгийн барилга, 100 ор /Б*******, Б******* сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

      Засгийн газрын 2017 оны 315 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д тусгагдсан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас санхүүжигдэх XIII.1.1.187 “Цэцэрлэгийн барилга, 100 ор /Б*******, Б******* сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалаар байгуулагдсан. Үнэлгээний хороо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас ирүүлсэн ажлын даалгавар, зураг, төсвийн дагуу тендерийг зарласан.

         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг хийхэд “Б” ХХК сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онд барилга угсралтын ижил төстэй ажил хийснийг нотлох гэрээ, акт ирүүлээгүй, мөн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тухайн компанийн ирүүлсэн тендерээс шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан.  Тендерт оролцогчдод 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзах мэдэгдэл хүргүүлсэн ба Сангийн яам 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4656 дугаар албан бичгээр уг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцогч компаниас гомдол гарсан талаар манай байгууллагад мэдэгдсэн. Сангийн яам гомдлын материалыг хянан үзэж, 7 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/4962 дугаар албан бичгээр дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. 

      Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлт тавьсан бөгөөд Сангийн яам 7 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/5055 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан.

       Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу үнэлгээний хороо 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин хуралдаж өмнөх шийдвэрээ хэвээр баталсан. “Б” ХХК нь ижил төстэй ажлын шаардлага хангаагүй, мөн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй тул тендерээс дахин татгалзсан.

         Тендерт оролцогчдод гэрээ байгуулах болон татгалзах мэдэгдэл хүргүүлсэн ба Сангийн яам 8 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/5246 дугаар албан бичгээр уг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцогч компаниас гомдол гарсан талаар мэдэгдсэн. Сангийн яам гомдлын материалыг хянан үзэж, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн буюу тендерийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дараа тендерийн үнэлгээ дахин хийхийг мэдэгдсэн. Уг тендерийн хүчинтэй хугацаа 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дууссан.

       Үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-т заасны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахин нээлттэй тендер зарласан. Тендерийн баримт бичигт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тендерийг нээхэд “Ё” ХХК, “В” ХХК, “К” ХХК, “Б” ХХК-иуд тендер ирүүлсэн.

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг хийхэд “Б” ХХК  тендер нээсэн өдөр  буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 148.720.00 /нэг зуун дөчин найман  мянга долоон зуун хорин төгрөгийн татварын өртэй байгаа нь Татварын ерөнхий газрын цахим сайтнаас авсан дугаар 1810290686821 дугаартай тодорхойлолтоор нотлогдсон. Мөн дотоодын давуу  эрхийн зөрүү тооцуулах хүсэлт ирүүлсний дагуу эрхийн зөрүү тооцож үзэхэд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн, мөн Ерөнхий инженер /Барилгын инженер/-т Сантехникийн инженер Н.М, Дулааны инженер /Сантехник/-т үйлдвэрийн дулааны инженер н.С-ыг санал болгосон нь шаардлагад нийцээгүй тул тус тендерээс татгалзсан.

         Тендерт оролцогчдод 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн ба Сангийн яам 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/7287 дугаар албан бичгээр уг төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад оролцогч компаниас гомдол гарсан талаар мэдэгдсэн. Сангийн яам гомдлын материалыг хянан үзэж, 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Уг албан бичигт “Б” ХХК-ийн ерөнхий инженер Н.М усан хангамж, ариутгах татуургын мэргэжилтэй бөгөөд барилгын инженер цолтой, Дулааны инженер/ сантехник/-т санал болгосон Д.С нь үйлдвэрлэлийн дулаан мэргэжилтэй, “В” ХХК-ийн дулааны инженерт /сантехник/-т санал болгосон Д.Д нь халаалт агаар сэлгэлтийн мэргэжилтэй, Сантехникийн инженерийн зэрэг нь Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3/г/-д мэргэжлийг тодорхой заасан тул дүйцүүлж үнэлгээ хийх нь зүйтэй байна гэсэн .  Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3/г/ мэргэжлийг тодорхой заасан тул дүйцүүлж үнэлгээ хийх боломжгүй. Мөн Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт  “Б”  ХХК-ийн ирүүлсэн  тендерт татварын №1810170677235 тоот  тодорхойлолтоор тендер нээсэн өдрийн байдлаар татварын өргүй байх тул уг үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна гэжээ. Энэ тодорхойлолтыг “Б” ХХК өөрийн тендертээ ирүүлсэн бөгөөд манай газар Татварын ерөнхий газартай нэгдсэн сүлжээнд холбогдсон тул тендерт оролцогчоос цахимаар татварын тодорхойлолт шаарддаггүй ба тендер нээсэн өдрийн байдлаар “Б” ХХК татварын өртэй байсан. Захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ Сангийн сайдын 2018 оны 58 дугаар тушаалаар батлагдсан “ Тендерт оролцогчдод давуу эрх олгох аргачлалд”-д заасан журмын дагуу дотоодын давуу эрх тооцоогүй байна. Тус аргачлалын 3. 8-д “ Ажлын тендер шалгаруулалтын үед тендерт оролцогч нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материалыг хамгийн ихээр ашиглахаар санал ирүүлсэн тохиолдолд тухайн санал болгосон барааны хэсгийн үнийг 10 хувиар хийсвэрээр бууруулан харьцуулж үнэлнэ гэж заасан.  Захиалагч гэрээ байгуулах эрх олгосон “В” ХХК-ийн тендерт давуу эрх олгохдоо тендерийн нийт үнээс 10 хувиар бууруулж тооцсон нь дээрх аргачлалд нийцэхгүй байна гэжээ.

          “Б” ХХК-560, 410, 931 /Таван зуун жаран сая дөрвөн зуун арван мянга есөн зуун гучин нэгэн/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн. 40510931/ Дөчин сая таван зуун арван мянга есөн зуун гучин нэгэн/ төгрөгийн үнийн санал хөнгөлөлт ирүүлсэн.  Шаардлагад нийцсэн дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах баримт ирүүлээгүй. “Б” ХХК-ийн үнийн санал “В” ХХК-иас өндөр үнийн саналтай байна. “В” ХХК 513646124/ Таван зуун арван гурван сая зургаан зуун дөчин зургаан/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Гэрээ байгуулах эрх олгосон боловч Сангийн яаманд тендерт оролцогчоос 2 удаа гомдол гаргасан тул тендер хүчинтэй байх хугацаанд захиалагчтай гэрээ хийх нөхцөл байдал үүсээгүй. Тендерийн хүчинтэй байх хугацаа  дууссан “В” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж Сангийн яам үзэхгүй байгаа. Тиймээс Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж дүгнэлт гаргасан. Тендерийн хүчинтэй хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сунгагдсан. “Б” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 19/02 албан хүсэлт гаргаж тендерийн хүчинтэй хугацаа дууссан ба шалгаруулалт амжилтгүй болсон тул баталгааг цуцалж өгнө үү гэсэн тоот манай газарт ирүүлсэн.

          Уг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны талаарх холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал М.Х Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ТӨБЗГ-2018/1.1.187 “Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-өлгий, Б******* сум” төслийн тендер шалгаруулалтад хийгдсэн үнэлгээг хууль журмын дагуу хянан үзэж, зохих шийдвэр гаргаж, хуулийн хугацаанд үнэлгээ хийхгүйгээр хугацаа хэтрүүлж тендерт оролцогчдын эрхийг зөрчсөн байх тул гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага, гуравдагч этгээд “В” ХХК дээрх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “В” ХХК шалгарсныг үргэлжлүүлэн хүчинтэйд тооцож, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах бие даасан шаардлага тус тус гаргасан бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ТӨБЗГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэл, мөн өдрийн 03 тоот дүгнэлтийн болон А-1/4383 тоот тендерээс татгалзах тухай мэдэгдлийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг, ТӨБЗГ-ын “В” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот дүгнэлт, ТӨБЗГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “В” ХХК-д олгосон А-1/4384 тоот мэдэгдэл, Үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот хурлын тэмдэглэл, уг хурлын шийдвэрийн дагуу гарсан тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Б” ХХК-д олгосон А-1/209 тоот мэдэгдэл, БСШУС яаманд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр олгосон шууд гэрээ байгуулах тухай А-1/110 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, “Б” ХХК-ийг тендерт шалгарсан тухай үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж, эрх олгож гэрээ байгуулах тухай шийдвэр гаргахгүй байсан ТӨБЗГ-ын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 тоот дүгнэлтийн дагуу “Б” ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тендерт шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгохыг ТӨБЗГ-т, гэрээ байгуулахыг БСШУСЯаманд тус тус даалгах гэж өөрчлөн нэмэгдүүлж шүүхийн хэлэлцүүлгийн төгсгөлд эцсийн байдлаар “Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 тоот дүгнэлтийн дагуу “Б” ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тендерт шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгож зөвлөмж хүргүүлэхийг ТӨБЗГт, гэрээ байгуулахыг БСШУСЯ-ндтус тус даалгах” гэж тодруулжээ .    

          Засгийн газрын 2017 оны 315 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д тусгагдсан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас санхүүжигдэх ТӨБЗГ-2018/XIII.1.1.187 “Цэцэрлэгийн барилга, 100 ор /Б*******, Б******* сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нээж нэр бүхий 12 компани материалаа ирүүлсэн байна.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендерээс татгалзсаныг “Б” ХХК эс зөвшөөрч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаснаар Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4962 дугаар албан бичгээр дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг  хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн;

            Сангийн яамны энэхүү шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын17-ны өдөр дахин нээлттэй тендер зарлаж,10 дугаар сарын 18-ны өдөр нээхэд “Ё” ХХК, “В” ХХК, “К” ХХК, “Б” ХХК гэсэн 4 компани оролцож материалаа ирүүлсэн.

          Тендерийн үнэлгээний хороо дээрх компаниудын ирүүлсэн тендерийн материалыг хянаад “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг хийхэд “Б” ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 4.2.2-т “Монгол улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн байна. Татварын ерөнхий газрын www.e tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт авч ирүүлэх ба энэхүү тодорхойлолт нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчинтэй байна. Мөн татварын байгууллагаас тодорхойлолт хүсэхэд татгалзах зүйлгүй тухай тендерт оролцогчийн албан мэдэгдэл ирүүлнэ.”, 5.3 (г)-д “Голлох инженер, техникийн ажилтнуудын диплом, цахим үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ........”, 33.1-д “Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.” гэсэн шаардлагыг хангаагүй, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн гэж  үзэж шалгаруулахаас татгалзсан байна.

     Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот дүгнэлт, захиалагчийн 11 дүгээр  сарын 17-ны өдрийн А-1/43884тоот мэдэгдлээр “В” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож бусад оролцогч компаниудад тендерээс татгалзах мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд “Б” ХХК 11 дүгээр сарын 22-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасныг хянан үзээд 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж, Тендерийн хугацааг 2019оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сунгасан;

      Үнэлгээний хороо 2019оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр хуралдаж хорооны гишүүд “В” ХХК-ийг шалгаруулсан гэх боловч бүх тендерээс татгалзсан гэж хурлын тэмдэглэлд тусган шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй, санхүүжилт татагдсан гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзсан мэдэгдлийг захиалагчид 01 дүгээр сарын 16-ны өдөр, компаниудад 01 дүгээр сарын 28-ны өдөр тус тус хүргүүлсэн үйл баримтууд хэрэгт цугларлаа.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тендерт шалгарсан гэх “В” ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулсан хэдий ч тус компани бие даасан шаардлагаасаа татгалзаж энэхүү тендер шалгаруулалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана.”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ.”, 22 дугаар зүйлийн 22.3-д “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч  этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ;”, 20.1.1-д “.....нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...:”, гэж тус тус заасантай нийцүүлэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар гуравдагч этгээд “В” ХХК-ийн “...дээрх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “В” ХХК шалгарсныг үргэлжлүүлэн хүчинтэйд тооцож, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” гэсэн бие даасан шаардлагаасаа татгалзсан хэсгийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

       Шүүх нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М тус компаниас 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд шүүх хуралдааны төгсгөлд буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг сонссоноор нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж    “Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 тоот дүгнэлтийн дагуу “Б” ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тендерт шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгож зөвлөмж хүргүүлэхийг ТӨБЗГт, гэрээ байгуулахыг БСШУСЯ-нд тус тус даалгах гэж багасгасан шаардлагын хүрээнд дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

        Харин нэхэмжлэгч “2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тендер нээсэн үед үйлдэгдсэн тэмдэглэлд захиалагч байгууллагын төлөөлөгч гарын үсэг зураагүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/4383 тоот зөвлөмж 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот дүгнэлтийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, Тендерийн үнэлгээний хорооноос 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тендерийн үнэлгээ хийхэд “В” ХХК-ийн үнийн саналыг тендерийн нийт үнээс 10 хувь буюу 89888071.00 төгрөгөөр бууруулж шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоох, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “В” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот дүгнэлт, ТӨБЗГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “В” ХХК-д олгосон А-1/4384 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, ТӨБЗГ-2018/1.1.187 “Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-өлгий, Б******* сум” төслийн тендер шалгаруулалтад хийгдсэн үнэлгээг хууль журмын дагуу хянан үзэж, зохих шийдвэр гаргаж, хуулийн хугацаанд үнэлгээ хийхгүйгээр хугацаа хэтрүүлж тендерт оролцогчдын эрхийг зөрчсөн байх тул гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэл, үндсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ТӨБЗГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэл, мөн өдрийн 03 тоот дүгнэлтийн болон А-1/4383 тоот тендерээс татгалзах тухай мэдэгдлийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот хурлын тэмдэглэл хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Б” ХХК-д олгосон А-1/209 тоот мэдэгдэл, захиалагч БСШУС яаманд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон шууд гэрээ байгуулах тухай А-1/110 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, Сангийн яамны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 тоот мэдэгдлийн дагуу тендер хүчинтэй байх хугацаанд чиг үүргээ хэрэгжүүлж дахин үнэлгээ хийхгүй байсан үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, “Б” ХХК-ийг тендерт шалгарсан тухай үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж, эрх олгож гэрээ байгуулах тухай шийдвэр гаргахгүй байсан ТӨБЗГ-ын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох.” гэж өөрчилсөн шаардлагуудаасаа багасгах байдлаар хэсэгчлэн татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн өөрчилж байсан шаардлагуудаа багасгах замаар хэсэгчлэн татгалзаж зөвхөн хариуцагч нарт даалгах шаардлагын хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлүүлэхээр болсон нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч ТӨБЗГ, Үнэлгээний хороо болон захиалагч Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхийн мэтгэлцээний явцад гаргасан “...нэхэмжлэгч “Б” ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тендерт шалгарсан гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгож зөвлөмж хүргүүлэх, БСШУСЯам уг гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулахад татгалзах зүйлгүй.” гэсэн тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад эцсийн байдлаар “Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 тоот дүгнэлтийн дагуу “Б” ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тендерт шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгож зөвлөмж хүргүүлэхийг ТӨБЗГт, гэрээ байгуулахыг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд тус тус даалгах” гэж тодорхойлсон шаардлагын хүрээнд хариуцагч төрийн захиргааны байгууллагуудад даалгаж шийдвэрлэх нь хууль зөрчөөгүй гэж үзсэн болно.

         Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж энэ тухай түүнд...мэдэгдэнэ.”, 30 дугаар зүйлийн 30.4-д “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 30.4.3-д “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах.” гэж зохицуулжээ.

         Өөрөөр хэлбэл Б******* аймгийн Б******* суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих тендерийн зорилго нь зах хязгаар нутагт амьдарч буй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ бөгөөд хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар уг төслийн санхүүжилт 2020 оны төсвийн тухай хуульд батлагдсан, өмнө нь 2 удаа нээлттэй тендер шалгаруулалт явуулсан ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4.3-д заасан нөхцөл байдал үүссэн байна.  

           Түүнчлэн шүүхийн мэтгэлцээний явцад тухайн тендерийг авснаар захиалагчийн тогтоосон хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх боломжтой гэсэн нэхэмжлэгчийн, уг тендерийг 2 удаа нээлттэй шалгаруулсан хэдий ч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй, мөн Үнэлгээний хорооны гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар тендерийн хуульд заасан хугацаа дууссан шалтгаанууд байгаа зэргээр амжилтгүй болсон ч дахин зарлахгүйгээр нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулан ажиллах боломжтой гэсэн хариуцагчийн тайлбарууд нь хуульд харшлахгүй гэж үзсэн тул хэргийн оролцогчдын шүүхийн шатанд тохиролцсон байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчид шүүхийн шатанд харилцан буулт хийж тендерийг цаг хугацааны хувьд ашигтайгаар хэрэгжүүлэх талаар зөвшилцөж тохирсныг шүүхээс буруутгахааргүй байна гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон үлдсэн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хангаж, шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

         1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 3.4.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 тоот дүгнэлтийн дагуу “Б” ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тендерт шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгож зөвлөмж хүргүүлэхийг ТӨБЗГт, гэрээ байгуулахыг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд тус тус даалгасугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн  нэхэмжлэлийн “2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тендер нээсэн үед үйлдэгдсэн тэмдэглэлд захиалагч байгууллагын төлөөлөгч гарын үсэг зураагүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/4383 тоот зөвлөмж 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот дүгнэлтийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, Тендерийн үнэлгээний хорооноос 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тендерийн үнэлгээ хийхэд “В” ХХК-ийн үнийн саналыг тендерийн нийт үнээс 10 хувь буюу 89888071.00 төгрөгөөр бууруулж шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоох, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “В” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот дүгнэлт, ТӨБЗГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “В” ХХК-д олгосон А-1/4384 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, ТӨБЗГ-2018/1.1.187 “Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-өлгий, Б******* сум” төслийн тендер шалгаруулалтад хийгдсэн үнэлгээг хууль журмын дагуу хянан үзэж, зохих шийдвэр гаргаж, хуулийн хугацаанд үнэлгээ хийхгүйгээр хугацаа хэтрүүлж тендерт оролцогчдын эрхийг зөрчсөн байх тул гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэл, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ТӨБЗГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэл, мөн өдрийн 03 тоот дүгнэлтийн болон А-1/4383 тоот тендерээс татгалзах тухай мэдэгдлийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот хурлын тэмдэглэл хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Б” ХХК-д олгосон А-1/209 тоот мэдэгдэл, захиалагч БСШУС яаманд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон шууд гэрээ байгуулах тухай А-1/110 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, Сангийн яамны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7536 тоот мэдэгдлийн дагуу тендер хүчинтэй байх хугацаанд чиг үүргээ хэрэгжүүлж дахин үнэлгээ хийхгүй байсан үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, “Б” ХХК-ийг тендерт шалгарсан тухай үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж, эрх олгож гэрээ байгуулах тухай шийдвэр гаргахгүй байсан ТӨБЗГ-ын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох.” гэсэн хэсэг, гуравдагч этгээд “В” ХХК “...дээрх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “В” ХХК шалгарсныг үргэлжлүүлэн хүчинтэйд тооцож, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” гэсэн бие даасан шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад давж заалдах гомдол гаргах эрхгүй.

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.НАСАНДЭЛГЭР