Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2016/0092

 

2016 оны 1 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2016/0092

Улаанбаатар хот

 

 

Б.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр шийдвэртэй, Б.М-н нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга болон тус аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 01 дүгээр сараас эхлэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргаар ажиллаж байтал Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Э нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн санал, аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б/24 тоот захирамж гаргаж намайг уг ажлаас огцруулсан. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд уг хуралдаан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг зөрчсөн. ...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б нь биеийн эрүүл мэндийн улмаас эзгүй байсан бөгөөд тэрээр тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн хэн нэгнээр тухайн хурлыг удирдуулахыг санал болгоогүй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар хуралдан улмаар сумын Засаг даргыг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг уламжлах тухай 04 тоот тогтоол гаргаж, тамга тэмдэггүй, албан ёсоор ёсчлон баталгаажуулаагүй баримт бичгийг үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг дарга захирамж гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн намайг огцруулсан захирамжид аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон гэжээ. Миний бие Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон сумын иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, мөн улсын төсвөөс шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтыг эргэн татуулах асуудал үүсгэхгүйн тулд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 тоот, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 тоот тогтоолуудаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан. Иймд намайг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргаас огцруулсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Б/24 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 04 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд Б.М-н гаргасан нэхэмжлэлийг хариуцагч аймгийн Засаг дарга А.Э би хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.М-г Засаг даргаас огцруулах тухай захирамжийг гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчин төгөлдөр байгаа учир аймгийн Засаг дарга захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан заалтыг зөрчиж хийсэн гэж нэхэмжлэгч тайлбартаа хэлж байна. Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасан байдаг. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар зарлагдсан хуралдаан байсан.

Гэтэл Ч.Б дарга өмнөх өдөр нь буюу 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хурлын нарийн бичгийн даргадаа бие муу эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж тоот үлдээгээд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдаан хийхээр очтол хурлын бэлтгэл хангагдаагүй байсан учир төлөөлөгч нараас ахмад настай тэргүүлэгчээ хурлын даргаар сонгож хурлаа явуулсан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан заалтыг тухайн үеийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан Ч.Б зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Улаанбаатар хот руу явахдаа хурлын тэргүүлэгчдийн аль нэгийг нь хурал удирдах боломж олгохгүй, өрөөгөө цоожлоод, тамгаа нуугаад явсан нь зориудаар хурлын үйл ажиллагааг гацаасан гэж үзэж байна. Эмнэлгээс шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж бичиг хийж өгсөн байдаг боловч одоогийн байдлаар өвчтэй байгаа гэдэг нь мэдэгддэггүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 гишүүнээс нэр бүхий 11 гишүүд буюу олонхийн саналаар хуралдааныг явуулж, Засаг даргыг огцруулах үндэслэлтэй гэж үзсэн. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар Засаг дарга Б.М-н дэвшүүлэн ажиллаж байгаа мөрийн хөтөлбөрийн биелэлт үр дүнд, үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлыг авч хэлэлцэхээр хуралд оруулсан боловч энэ талаар авч хэлэлцэх боломжгүй гэж хурлын дарга Ч.Б өөрөө үгсэн тохирч уг асуудлыг ухрааж 03 дугаар сарын 30-нд хэлэлцэхээр товлосон боловч Ч.Б хуралдаан орхиж явсан тул иргэдийн Төлөөлөгчдийн хурал гацаанд орсон. Тиймээс 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааныг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт үнэлэлт өгөх, итгэл үзүүлэх, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар хуралдуулахаар төлөвлөсөн байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, мөн хуулийн 29.1.2, 29.1.3, Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 мөн хуулийн 63.6, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10.6, 57 дугаар зүйлийн 57.5, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 62 дугаар зүйлийн 62.3, 62.4 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтыг зөрчсөн мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот албан даалгаврын 1.8, 1.13, 1.14 дэх заалтуудыг зөрчсөн нь Их-Уул сумын Засаг дарга Б.М-ыг огцруулах хангалттай үндэслэл болно гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид үзсэн. Б.М нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуралдсан 9 дүгээр хуралдаанаар өөрт нь итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар хэлэлцэхээр хурлыг 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулж байгааг мэдсэн.

Иймд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гарсан тогтоол, мөн дагалдаж ирсэн анхан шатны баримт материал дээр үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаргасан тогтоол шийдвэр дээр аймгийн Засаг дарга үнэлэмж өгөх боломж байхгүй. Тухайн тогтоолыг гаргахдаа үндэслэл болгосон хуралдааны дэг, хуралдаан хууль ёсны байсан талаар мэдэх боломжгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх нь хадгалагдаж байдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байдаг.

Тиймээс хурлын тогтоолыг үндэслэж Хөвсгөл аймгийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргасан. Маргаан бүхий эрхийн актыг хүчингүй болгох боломжгүй. Тухайн маргаан бүхий актыг хууль зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй. Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд мөн Засаг даргыг огцруулах асуудал яригдаж байсан гэдэг нь хариуцагч Н.С-н тайлбараас харагдаж байна. Тухайн үед мөн санхүүгийн хяналт аудитын шалгалт хийгдэж байсан учир 03 дугаар сарын 22-ны өдөр санхүүгийн аудитын танилцуулга гарсан байдаг. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Засаг даргын огцруулах асуудлыг хэлэлцэх байсан боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б 2 асуудлыг хэлэлцэхээр албажуулж шийдвэр гаргасан нь харагдаж байна. Энэ нь харицагч Н.С-н тайлбарт цухас дурдагдаж байна. Гэтэл тухайн асуудлыг хэлэлцэхээр байсан боловч өмнөх шөнө нь хурлын дарга Ч.Б нь Улаанбаатар хот явсан нь нутгийн удирдлагын байгууллагын, төрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагаа гэж үзэж байна. Хөвсгөл аймгийн Засаг дарга Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.С-н тайлбарт хариу тайлбар хэлэхэд тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал эрхэлж байсан Ч.Б нь сумын хүн эмнэлэгт үзүүлээд аймаг руу яаралтай яв, аймгийн нэгдсэн эмнэлгээс Улаанбаатар хот руу яаралтай явах шаардлагатай гэсэн эмнэлгийн магадалгаагаар явсан нь тогтоогдож байгаа. Сумаас эмчилгээ бичиж өгсөн болохоос өөрийн санаачилгаар Улаанбаатар хот яваагүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу огцруулах асуудлыг хэлэлцсэн гэж тайлбарлаж байна. 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаан болсон. Энэ хуралдаанд Д гишүүн сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж байсан гэдгээ нэхэмжлэгч Б.М-д хэлсэн байдаг. Энэ нь саналаа 15 хоногийн дотор хэлэлцэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иймээс 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх боломжгүй болсныг хэлмээр байна. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр ээлжит бус хуралдааны тэмдэглэлээс харахад 2 асуудлыг хэлэлцэхээр хойшилсон байдаг. Үүнийгээ ч мөн хариуцагч Н.С хариу тайлбартаа дурдсан.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч огцруулах асуудлыг хэлэлцэхээр оруулсан байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б албажуулахаа орхигдуулсан мэт тайлбарлаж байна. Энэ нь тухайн хурлын тэмдэглэл дээр тодорхой байгаа бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б нь ямар нэг байдлаар хурлын үйл ажиллагааг гацааж, саад болсон зүйл байхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Д.О шүүхэд гаргасан тайлбартаа:  Их-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 2015 оны 03 сарын 20-нд болохоор тов зарлагдсан байсан учир 11 төлөөлөгчийн гарын үсэг бүхий Засаг дарга Б.М, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б-г огцруулах асуудлыг 2015 оны 03 сарын 18-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралд хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар хүргүүлэхэд уг асуудлыг хэлэлцээд үндэслэл дутуу гэдэг байдлаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй буцаасан. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 20-ны ээлжит 9 дүгээр хуралдаан Соёлын төвд 10.00 цагт болоход 11 төлөөлөгчийн тавьсан асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн санал тавихад энэ асуудлыг 2015 оны 03 дугаар сарын 30-нд хэлэлцэхээр ухрааж тэргүүлэгчдээр батлуулан тов зарласан. Энэ үед Засаг дарга Б.М индэр дээр гарч 10 хоног засгийн хоол идэх завшаан олгосон та бүхэнд байрлалаа гэсэн үг хэлж байсныг тод санаж байна. ... Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б нь үүрэг хүлээсэн дарга хүн байж хурлаа товлосон мөртөө хуралдаандаа санаатай ирээгүй, өөрийг нь болон Засаг дарга Б.М-г огцруулах асуудал орох байсан учир арга саам зохиож өөрөө зугтаасан учир, товлосон өдрөө хурлаа хийсэн нь бидний буруу биш гэж үзэж байна. ...Засаг дарга Б.М нь төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь заалт, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжийг зөрчсөн нь Хөвсгөл аймгийн Санхүү хяналт, аудитын албаны шалгалтаар тогтоогдсон, уг зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Төсвийн тухай хуулийн 60.3.6 дахь заалт аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамж зөрчсөнийг батлах баримт нь 2014 оны 06 сарын 11-ний өдрийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29 дүгээр тогтоол байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар 4000 хүртэлх хүн амтай сум 21 төлөөлөгчтэй байхаар зааснаас 11 төлөөлөгч буюу 52.3 хувь нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б, Засаг дарга Б.М-г огцруулах санал оруулж шийдвэр гаргасан нь олонхоороо асуудлыг шийдвэрлэнэ, олонхын санал хүчинтэй гэсэн утга санаанд бүрэн нийцсэн шийдвэр болсон гэж ойлгож байгаа гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.14, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны Үүрэгт ажлаас нь огцруулах саналыг уламжлах тухай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол, тус аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Засаг даргыг огцруулах тухай Б/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-г өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны Хуралдаан даргалагчийн сонгох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-н ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7.692.041 төгрөгийг хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг суутган тооцож Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцэн, сумын Засаг даргыг огцруулах саналыг аймгийн Засаг даргад ирүүлсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б нь зарлагдсан хурлаа орхиж, бие эмчлүүлэх шаардлагатай болсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч хуралдаан даргалагчийг томилолгүй ажил цалгардуулж явсан үйлдэл нь сумын Засаг даргатай холбоотой асуудлыг хэлэлцэхээс зайлсхийсэн үйлдэл мөн гэдэг нь тодорхой харагдаж байна. Нөгөө талаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзсэн. Гэтэл уг хуралдаан нь даргалагчийг сонгож, сумын Засаг дарга Б.М-г огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцсэн хурал. Хэлэлцсэн асуудлын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь угтаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын асуудлыг хэлэлцсэн процесс хууль зөрчөөгүй байна гэж дүгнэж буйтай утга нэг юм.

Иймд хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг баримтлан, сумын Засаг дарга Б.М-г  сумын Засаг даргаас огцруулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэснийг үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар Б.М-г Их-Уул сумын Засаг даргын албан тушаалаас огцруулахаар шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хийхээр товлон зарлаж, уг хуралдаанаар хэлэлцэх асуудалд сумын Засаг даргатай холбоотой Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудал хэлэлцэхээр тогтоосон боловч уг асуудлыг хэлэлцүүлэлгүйгээр мөн өдрөө хуралдаан даргалагч Д.О-с сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлэгт нийт төлөөлөгчдийн олонх хүрэлцэн ирсэн тул хурлыг хүчинтэйд тооцно гэсэн заалтын дагуу ээлжит бус хуралдааныг хийж, 4 асуудлыг хэлэлцүүлэхээр тогтож, 4 дэх асуудалд сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг Монгол ардын намын бүлгээс хэлэлцүүлэхээр оруулан мэдэгдэл хүргүүлж, улмаар хуралдаанд оролцсон 11 төлөөлөгч Засаг даргыг огцруулахаар санал хурааж, 100 хувийн саналаар огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “.../Хуралд хэлэлцүүлэхээр оруулах/ саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1. “г”-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг ... Засаг даргад уламжлах” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх хуулиар тогтоосон журмыг хангасны үндсэн дээр хэрэгжиж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн дагуу явагдах ёстой бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон журам болон хуралдааны дэг зөрчсөн болох нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл, мөн 03 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэл, гэрч Г.Н-н мэдүүлгээр тус тус тогтоогдсон байх тул Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоолыг “хууль ёсны” гэж үзэх үндэсгүй байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар асуудал оруулж хэлэлцүүлэхэд хуулиар тодорхой шаардлага тавигдсан, үүнийг биелүүлээгүй бол хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэдэг нь тодорхой байна.

Ээлжит бус 10 дугаар хуралдаанаар сонгогдсон сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Н.С-с сумын Засаг даргыг огцруулсан шалтгаан, үндэслэлээ Засаг даргыг хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Хурал энэ асуудлыг шийдвэрлэхдээ хуульд нийцүүлэн хууль дээдлэх зарчмыг баримтлан шийдвэрлэх ёстой талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Дээрхээс дүгнэхэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны “үүрэгт ажлаас нь огцруулах саналыг уламжлах тухай” 04 дүгээр тогтоолыг хууль ёсны гэж үзэх боломжгүй учраас уг тогтоолыг үндэслэн гарсан “Засаг даргыг огцруулах тухай”  Хөвсгөл аймгийн Засаг даргын Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй байна.

Харин “Хуралдаан даргалагчийг сонгосон тухай” 01 дүгээр тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээргүй, нөгөөтээгүүр энэхүү тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж, 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 Иймд хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын асуудлыг хэлэлцсэн процесс хууль зөрчөөгүй...” гэх давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ