| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0069/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/68 |
| Огноо | 2022-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/68
2022 02 25 2022/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бт холбогдох эрүүгийн 2225000000072 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-41-54 тоотод согтуурсан үедээ очиж Ц.Хг “мах авчирч өгснийг минь эхнэрт минь хэллээ” гэж өшиглөх, түрийтэй гутал, гэрийн шаахай зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч П.Бын мэдүүлсэн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Гэм буруугаа хүлээж байна. Тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:
-хохирогч Ц.Хгийн...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-41-54 тоот гэртээ байж байхад шөнө 03 цагийн үед манай хуурай дүү болох П.Б нь манай гэрт орж ирээд надад
мах авчирч ирсэн гэж эхнэрт маань хэллээ гэж хэлээд намайг тавчикаар нуруу хэсэг рүү 5-6 удаа цохиж,өгзөг гуя хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн миний өмсөж байгаад тайлаад тавьсан түрийтэй гутлаар нуруу хэсэг рүү 5-6 удаа цохисон... Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 15-р тал/
-гэрч Ш.Булгаагийн:..Би тухайн үед цагаан сарын бууз хийх гээд махаа татаад тавьчихсан байсан. Ц.Х ах над руу залгаад энэ юуны мах юм бэ? П.Б надад татсан мах авчирч өглөө гэхээр нь би үхрийн мах манай буузны мах гэж Ц.Х ахад хэлсэн. Тэгээд П.Б гэрт ирэхээр нь би уурлангуй буузны махнаас авч явж хүнд өглөө гэж хэлсэн. Тал махыг Ц.Х ах цонхоороо гаргаад хаячихсан байна гэж байсан. Тэгээд П.Б Ц.Х ах хоёрын хооронд үл ойлголцсон юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р тал/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаартай ... Ц.Хгийн биед баруун зүүн дал, баруун гуя, шилбэ, зүүн гуя, бүсэлхийд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, нуруунд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Зөөлөн эдийн цус хуралтууд нь тус бүрдээ үсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-10-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч П.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-41-54 тоотод очиж Ц.Хг “мах авчирч өгснийг минь эхнэрт минь хэллээ, сэтгэл гаргаад авчирч өгсөн махны минь талыг цонхоор гаргаж хаялаа” гэж уурлан өшиглөх, түрийтэй гутал, гэрийн шаахайгаар цохих зэргээр зодон биед нь баруун зүүн дал, баруун гуя, шилбэ, зүүн гуя, бүсэлхийд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, нуруунд 2 тооны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч П.Бын дээрхи үйлдлийн улмаас Ц.Хгийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаартай ... Ц.Хгийн биед баруун зүүн дал, баруун гуя, шилбэ, зүүн гуя, бүсэлхийд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, нуруунд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Зөөлөн эдийн цус хуралтууд нь тус бүрдээ үсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..гэх дүгнэлт, хохирогч Ц.Хгийн... П.Б нь манай гэрт орж ирээд надад мах авчирч ирсэн гэж эхнэрт маань хэллээ гэж хэлэн намайг тавчикаар миний нуруу хэсэг рүү 5-6 удаа цохиж, өгзөг гуя хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн өмсөж байгаад тайлаад тавьсан түрийтэй гутлаар миний нуруу хэсэг рүү 5-6 удаа цохисон өөр зүйл болоогүй.... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч П.Бын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч П.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-41-54 тоотод очиж Ц.Хг “мах авчирч өгснийг минь эхнэрт минь хэллээ” гэж өшиглөх, түрийтэй гутал, гэрийн шаахай зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож 1 сарын хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ялын хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх,зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай гэж,
-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй, тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ял тохирчээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв..
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ц.Х нь ямар нэгэн санал гомдол байхгүй гэх баримт хэрэгт /хх-ийн 42-р тал/-д авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Пн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ялын хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан 1 сарын хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял,албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ