Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/274

 

 

 

 

 

    2022       03          17                                             2022/ШЦТ/274

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Д.Даваадорж;

 

Шүүгдэгч: Д.Г;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Уламбаяр;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;

 

Хэргийн дугаар:  ...................;

           

Шүүгдэгч Д.Г регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт  , хэрэг хариуцах чадвартай, урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19/229 дугаар тогтоолоор эдэлж дууссан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21/402 дугаар тогтоолоор эдэлж дууссан,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн орчимд ........ С.О, С.Оийн төрсөн эх Б.С нарыг бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Д.Гын үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.С /хх-ийн 52-53/, хохирогч С.О /хх-ийн 57-59/, гэрч Д.Нансалмаа /хх-ийн 61/, гэрч Г.Дэлгэрмөрөн /хх-ийн 63-64/ нарын мэдүүлэг, С.Оийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12040 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/, Б.Сын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12039 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-76/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 78-79/, хохирлын баримтууд /хх-ийн 83-86/, Д.Гын урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 87-93, 104-107/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах прокурорын тогтоол /хх-ийн 108-109/, Д.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 94-99/, Д.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-7/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг болно.

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн орчимд ..... С.Оийг “өөртэй нь уулзсангүй” гэж, мөн С.Оийн эх Б.Сыг шалтгаангүйгээр зодож, С.О, Б.С нарын эрүүл мэнд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт  дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Б.Сын /хх-ийн 52-53/: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны 19 цагийн үед охин С.Оийн хамт дэлгүүр явах гээд .... байх гэрээсээ гараад лифт ажиллахгүй болохоор нь 5 дугаар давхраас доош шатаар бууж, улмаар 4 дүгээр давхар орчимд явж байхад охин маань “Д.Г шатаар дээшээ өгсөөд явж байна” гэхэд тэрээр бид хоёрыг хараад гартаа барьж явсан шилтэй пивоо бидэн рүү шидсэн. Бид хоёр эргэж хараад хашхираад 4 дүгээр давхрын булан руу гүйгээд ороход Д.Г нь араас гарч ирээд манай орцны жижүүр охины шал угааж байсан хувинтай усыг авч бид хоёр руу шидсэн. Бид хоёрыг оноогүй ба охин .... нь хана налаад газар суухаар нь би урд нь очиж хамгаалж гараа алдлаад газар суусан. Тэгтэл Д.Г миний баруун талын нүд рүү гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөхөд нь би нүүрээ таглаад сууж байхад тэрээр миний толгой руу дахиад нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би “авраарай” гэж хоёр удаа хашхирахад хүмүүс гарч ирээгүй. Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Миний толгой эргээд манараад байсан. Д.Г нь нэг цаашаа яваад буцаж ирээд дахиж намайг цохисон. Би хэдэн удаа цохисныг санахгүй байна. Нэг мэдэхэд Д.Г яваад өгсний дараа нэг залуу гарч ирээд манай гэр рүү оруулж өгсөн. Миний хамраас цус гарсан бөгөөд манай охин .... толгой нь хавдсан байсан. Тэгээд цагдаад хандсан. Д.Г нь намайг цохиод, мөн манай охиныг цохисон. Би яг хаана нь цохисныг хараагүй, хамраас маань цус гараад байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Сын биед “тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12039 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 44-45/,

 

хохирогч С.Оийн /хх-ийн 57-59/: “...Би 2021 оны оны 11 дүгээр сарын 30-ны 19 цагийн орчимд ээжийн хамтаар дэлгүүр орох гээд гэрээсээ гарахад лифт ажиллахгүй болохоор нь шатаар бууж байхад салсан хамтран амьдрагч Д.Г шатаар дээшээ өгсөж байгаад бидэнтэй тааралдсан. Д.Г намайг харангуутаа ууж явсан шилтэй пивоо над руу шидсэн. Би тэр үед эргэж хараад ард явсан ээждээ “Д.Г байна” гэж хэлээд бид хоёр түүнээс зугтааж 4 дүгээр давхрын лифтний зүг рүү гүйсэн. Тэгээд тэр хавийн айлын хаалгыг “авраарай” гэж хэлээд нүдэхэд хэн ч хаалгаа тайлж өгөөгүй. Тэгтэл Д.Г араас гарч ирээд манай орцны жижүүр охины шалаа угааж байсан устай савыг аваад ээж бид хоёр руу шидсэн. Ээж бид хоёр савтай уснаас бултаад газар суусан. Гэтэл шууд ирээд бид хоёрыг учир зүггүй өшиглөөд эхэлсэн. Тэрээр нэлээн өшиглөж байгаад “шүүхэд өгөөд үзээрэй, шүүхэд өгсөн ч та нар яаж ч чадахгүй” гэж хэлээд яваад өгсөн. ...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн орчимд Д.Г нь над руу “уулзъя” гээд мессеж бичээд, улмаар залгаад байсан. ...Намайг өдөр уулзъя гээд байхаар нь уулзаагүй тэр уурандаа ирж зодож байгаа юм. ... ээж бид хоёр руу ус цацаад шууд л ирээд өшиглөхдөө ээж маань урд байсан учраас 2 удаа түүнийг өшиглөсөн гэж санагдаж байна. Би тухайн үед нүүрээ дараад доошоо суусан байсан. Тэрээр миний толгой хэсэг рүү гар, хөлөөрөө хэд хэдэн удаа цохисон. Би ханатай ойрхон байсан болохоор намайг цохих болгонд нь хана давхар цохиж байсан. Би баруун талаараа хана налаад суусан болохоор Д.Г миний зүүн гар руу өшиглөсөн. Д.Гыг явсны дараа ээжийг харахад түүний баруун нүд нь хавдаад нээгдэхгүй болсон байсан. Миний толгой хэсэг битүү өвчин болсон ба нүүр орчим хөхөрсөн, хамар орчимд хөндүүртэй, зүүн эгэм хөндүүртэй, баруун нүдний доод хэсгийн яс хөндүүртэй байсан...” гэх мэдүүлгээр,

 

С.Оийн биед “тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, зүүн чих, зүүн шуу, зүүн бугалганы цус хуралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12040 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 37-38/,

 

гэрч Г.Дэлгэрмөрөнгийн /хх-ийн 63-64/: “...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байхад гадаа хүн орилоод, хүн цохиод байгаа юм шиг чимээ гарч байсан. Би хаалгаа онгойлгоод харахад хүн байхгүй, лифтний ард хүмүүс шуугиад байсан. Тэгээд би буцаж гэртээ ороод гутлаа өмсөөд гараад ирэхэд цэвэрлэгчийн хувин хагарсан байсан. Очоод харахад хоёр эмэгтэй байсан ба нэг нь хөгшин, хар куртиктай, залуу эмэгтэй нь цэнхэрдүү өнгийн куртиктай байсан. Настай эгч нь “хүн орилоод туслаарай гээд байхад яагаад гарч ирэхгүй байсан юм” гэж надад хэлсэн. Тэр настай эгчийн нүүрээр нь дүүрэн цус болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Гын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-7/: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүүхэд С.О-тай уулзах гээд С.О-тэй утсаар ярихад тэрээр утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би О-ын байгаа газар болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 517 дугаар байр руу явсан. Орцонд шатаар дээшээ гарч явахдаа С.О болон түүний ээжтэй тааралдаад “хүүхэдтэйгээ уулзана” гэхэд уулзуулахгүй гээд лифтний тийшээ явсан. Би араас нь дагаж очоод тэнд байсан цэнхэр хувинтай усыг аваад тэр хоёр руу цацсан. ...Б.Сын биед учирсан гэмтлийг би учруулсан, мөн С.Оийн ээжийг өөрөөсөө холдуулахаар түлхэх үед тэр хоёр хана мөргөсөн...”гэх мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-76/, хохирлын баримтууд /хх-ийн 83-86/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу амьдран амьдарч байсан С.О болон түүний эх Б.С нарыг зодсоныг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нар нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв,  Д.Г нь С.О, Б.С нарыг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Д.Г нь өөртэй нь хамтран амьдарч, гэр бүлийн харилцаатай байсан хүнийг төрсөн эхийнх нь хамтаар сэтгэл санаанд нь дарамт учруулах байдлаар бие махбодод нь халдан зодож хэн алиныг нь хөнгөн гэмтээж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч С.О, Б.С нар “...хохирол төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, ...гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7, 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ