Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Даагачин овогт Доржийн Эрдэнэбаярт холбогдох 2226001010055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар баг, Дэвшил хоолой гэх газар оршин суух хаягтай, одоо түр оршин сууж байгаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, Эрчим 3-1 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Даагачин овогт Доржийн Эрдэнэбаяр /РД: ЙИ85010712/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “...Д.Эрдэнэбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, 36-6 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Энхчимэгийг хэл амаар доромжлон зодож, эрүүл мэндэд нь "тархи доргилт, толгойн дагз хэсэгт 2 зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хөлийн гуя хэсэгт цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсангэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...1 дүгээр сарын 23-нд гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж хоёроос гурван удаа удаа цохисон” гэв.

Хохирогч Н.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай малаас хонь ямаа дутуу байхаар нь би нөхөр Д.Эрдэнэбаярт явж олж ир гээд уурлаад эгч Оюунчимэгийнх рүү яваад тэнд 2-3 хонож байтал 2022 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө эгчийндээ байж байтал манай нөхөр Эрдэнэбаяр согтуу орж ирээд би хонь, ямааг чинь яваад олоод ирлээ чи энд ингээд хэвтэж байдаг юм уу гээд толгой руу цохиод хөл рүү өшиглөөд байсан. Тэгсэн манай эгч Оюунчимэг цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн өдөр манай нөхөр Эрдэнэбаяр миний толгой хэсэг рүү гараараа гурван удаа цохисон, зүүн хөлийн гуя хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. Өөрөөр   цохиж зодсон асуудал байхгүй. Д.Эрдэнэбаяр урд өмнө намайг цохиж зодож байсан асуудал байхгүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, манай эгч л дуудлага өгчихсөн юм. Манай нөхөр Д.Эрдэнэбаярт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй зүгээр байгаа болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Энхчимэг 2022 оны 01 дүгээр сарын 22-нд манайд ирсэн. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө унтаж байхад манай дүүгийн нөхөр Эрдэнэбаяр ирээд дүү Энхчимэгийг зодоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Эрдэнэбаяр нь манай дүү Энхчимэгийг гараа зангидаад толгой, шилэн хүзүү рүү нь 5-6 удаа цохьсон. Хөл рүү нь бас өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

       Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “... Үзүүлэгч ...Н.Энхчимэгийн биед тархи доргилт, толгойн дагз хэсэгт 2 зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хөлийн гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №110 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-1 б-р хуудас/,

Шүүгдэгч Д.Эрдэнэбаярын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн № 0016 дугаартай тодорхойлолт /хх-ийн 48/,

Шүүгдэгч Д.Эрдэнэбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/,

Шүүгдэгч Д.Эрдэнэбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч Д.Эрдэнэбаярт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч “...Д.Эрдэнэбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, 36-6 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Энхчимэгийг хэл амаар доромжлон зодож, эрүүл мэндэд нь "тархи доргилт, толгойн дагз хэсэгт 2 зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хөлийн гуя хэсэгт цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н.Энхчимэгийн “... 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай малаас хонь дутуу байхаар нь би нөхөр Эрдэнэбаярт явж олж ир гээд уурлаад эгч Оюунчимэгийндээ очоод тэнд 2-3 хонож байтал 2022 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө манай нөхөр Эрдэнэбаяр согтуу орж ирээд би хонь, ямааг чинь яваад олоод ирлээ, чи энд ингээд хэвтэж байдаг юм уу гээд толгой руу цохиод, хөл рүү өшиглөөд байсан. Тэгсэн манай эгч Оюунчимэг цагдаад дуудлага өгсөн юм. ...Тухайн өдөр манай нөхөр Эрдэнэбаяр миний толгой хэсэг рүү гараараа 3 удаа цохисон зүүн хөлийн гуя хэсэг рүү 2 удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, гэрч Н.Оюунчимэгийн “... Манай дүү Энхчимэг 2022 оны 01 дүгээр сарын 22-нд манайд ирсэн. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө унтаж байхад манай дүүгийн нөхөр Эрдэнэбаяр ирээд дүү Энхчимэгийг зодоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Эрдэнэбаяр нь манай дүү Энхчимэгийг гараа зангидаад толгой, шилэн хүзүү рүү нь 5-6 удаа цохьсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, Шүүгдэгч Д.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Энхчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Н.Энхчимэгийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд: “...Д.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хор хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж түүнд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд гаргаж байна. Д.Эрдэнэбаяр нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Д.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр гартал хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, баримт бичиг байхгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна. өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж нөхцөл нь бүрдсэн учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Үүний дагуу прокурортой 650 нэгжээр торгох ял тохиролцсон. Энэ саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Д.Эрдэнэбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаярт зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Энхчимэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Даагачин овогт Доржийн Эрдэнэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даагачин овогт Доржийн Эрдэнэбаярыг зургаан зуун  тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаяр  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР