Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

  2022        02          28                                       2022/ШЦТ/70

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2225000380075 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст баг 1-19-67 тоотод гэртээ эхнэр Б.Угийн нүүрэн тус газарт нь алгадах, толгойг нь мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч М.Бн мэдүүлсэн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Гэм буруугаа хүлээж байна. Эхнэрээ 3-4 удаа цохисон гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:       

            -Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 12-15-р тал/

-хохирогч Б.Угийн...Өдөр нь нөхөртэйгөө маргалдсан асуудлаар учраа олох санаатай юм ярих гэсэн боловч нөхөр маань унтаж амармаар байна цаашаа бай гээд надтай юм ярихгүй байсан. Би нөхөртөө хандаж “чи үнэхээр надтай амьдармаар байгаа юм уу үгүй юм уу” гэсэн асуултыг 20-30 орчим минут асуусан юм. Б орондоо хэвтэж байгаад тагт руу гарч тамхи татчихаад гал тогооны өрөө рүү ороход нь би дээрх асуултанд л хариулчих гээд сүүлийн удаа асуусан чинь Б миний тэсвэр алдагдаад байна аа Ундармаа  гэж хэлээд ширээн дээр байсан аягыг аваад газар шидчихсэн. Тэгэхээр нь чи намайг дахиад “ээж аав руугаа яв” гэвэл би явлаа гэсэн чинь намайг “чи аав ээж рүүгээ явУндармаа” гэж хэлэхээр нь би тухайн үед тэр үгэнд нь гомдоод Баттулгын зүүн хацарт нь алгадчихсан юм. Намайг алгадаад удалгүй шууд зөрүүлээд миний хоолойноос зүүн гараараа багалзуурдаж барьж байгаад баруун гараараа 4-5 удаа алгадаад намайг шалан дээр түлхэж унагаасан. Энэ үед би газар унаад босож ирээд газар байсан хүүхдийн сандалтай хоолны ширээг аваад зөрүүлээд Б руу шидсэн чинь намайг зөрүүлээд миний шилэн хүзүүнээс барьж дараад 00-ийн өрөөний хаалга, том өрөөнд байх миний гоо сайхны ширээний доод хэсэгт байдаг жижиг шүүгээг 3 удаа мөргүүлсэн...  Одоо миний бие зүгээр байгаа. Өвдөж байгаа газар байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүйгэх мэдүүлэг /хх-н 18-19, 21-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69 дугаартай ... Б.Угийн биед тархи доргилт, зүүн гар, баруун бугалга, зүүн гуя, баруун гуянд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, нуруу, духанд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...Тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын  27-нд үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /хх-н 28-29-р тал/

-шүүгдэгч М.Бн сэжигтнээр мэдүүлсэн...2021 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагаас хойш найз Ж-ийн хамт айлуудаар нүүрсний түгээлт хийж яваад 22 цаг 20 минутын цагийн үед 4 микрийн арын гаражид унаж явсан портероо хийчихээд байж байхад эхнэр У найз На хамт ирж аваад гэрт хүргэж өгсөн. Гэртээ ороод усанд ороод, хоолоод идчихээд унтаж байсан чинь шөнийн 01 цагийн үед Ундармаа согтуу орж ирээд намайг босоод ир ярилцъя гэхээр нь би “чи согтуу байна” ярилцахгүй гэж хэлснээс болж хэрүүл болсон. Би Ундармааг 20-30 минут унтчих гэж хэлэхэд миний үгийг тоохгүй байхаар нь би “чи эсвэл аав ээж рүүгээ яв” гээд хэлчихсэн чинь намайг 2 удаа хацар руу алгадсан. Тэгэхээр нь би Ундармааг зөрүүлээд хацар руу нь 2 удаа алгадсан чинь Ундармаа над руу хүүхдийн сандалтай хоол иддэг ширээ, аяга, халбага зэрэг эд зүйлсийг шидээд байхаар нь би дахиж очоод 2 удаа алгадаад авсан ба энэ явдлын дараа би гарах гэтэл Ундармаа хаалга таглаж зогсчихоод намайг гаргахгүй хэрүүл хийгээд ..”чамайг гарвал би үхлээ” гэх зэргийн юм яриад байсан. Тэгээд би гадагшаа гараад орцныхоо үүдэнд тамхи татангаа цагдаа хүлээж зогссон....гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-77-р тал/

-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21/508 дугаар тогтоол /хх-ийн 79-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч М.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-19-67 тоот гэртээ эхнэр Б.Утай маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь алгадаж, толгойгоор нь мөргүүлэн зодож биед нь тархи доргилт, зүүн гар, баруун бугалга, зүүн гуя, баруун гуянд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, нуруу, духанд 2 тооны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч М.Бн үйлдлийн улмаас эхнэр Б.Угийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69 дугаартай ... Б.Угийн биед тархи доргилт, зүүн гар, баруун бугалга, зүүн гуя, баруун гуянд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, нуруу, духанд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...Тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт, хохирогч Б.Угийн... Намайг алгадаад удалгүй шууд зөрүүлээд миний хоолойноос зүүн гараараа багалзуурдаж барьж байгаад баруун гараараа 4-5 удаа алгадаад намайг шалан дээр түлхэж унагаасан. Энэ үед би газар унаад босож ирээд газар байсан хүүхдийн сандалтай хоолны ширээг аваад зөрүүлээд Б руу шидсэн чинь намайг зөрүүлээд миний шилэн хүзүүнээс барьж дараад 00-ийн өрөөний хаалга, том өрөөнд байх миний гоо сайхны ширээний доод хэсэгт байдаг жижиг шүүгээг 3 удаа мөргүүлсэн..... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч М.Бн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв,шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч М.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-19-67 тоотод гэртээ эхнэр Б.Угийн нүүрэн тус газарт нь алгадах, толгойг нь мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, гэм буруутай гэж,

-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ял тохирчээ.

Хэргийн шалтгаан нөхцлийн тухайд, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх ухамсар, эхнэр нөхрийн харилцан итгэл, хүндлэл төлөвшөөгүй байдал нь хэрэг гарах нөхцөл болжээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.        

         Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.У нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч И овогт Мын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баттулгыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ