Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/шш2020/0067

 

 

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: М.О.

          Хариуцагч: НЗД.

    Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил буюу НЗД-ын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “НЗД С.А нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжаар М.О надад “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулахдаа хууль зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул эрхээ хамгаалуулахаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8.2-д заасны дагуу шүүхэд хандаж байна.

       НЗД-ын 2019 оны Б/92 дугаар захирамжид үндэслэсэн хуулийн зүйл, заалт түүний агуулгаас үзвэл М.О намайг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13, 37.1.15-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн гэж буруутгаж, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүнийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

       1.Төрийн албаны тухай хуулийн 37.1.3 “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэсэн нийтлэг үүргийг зөрчсөн гэх тухайд:

       Миний бие 1994 оноос хойш төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд үүнээс НЗД-ын Тамгын газарт анх 2001 онд ажилд орсноос хойш 18 жил болсон байна. Энэ хугацаанд төрийн албаны хамгийн бага албан тушаалаас эхэлж мерит зарчмын дагуу шатлан дээшилж 2016 оноос НЗД-ын Тамгын газрын даргаар томилогдсон. Ийнхүү төрийн албанд 20 гаруй, Тамгын газрын даргаар 3 жилийн хугацаанд ажиллахдаа төрийн албаны үндсэн зарчмыг дээдэлж өргөсөн тангарагтаа үнэнч бай, төр  түмний эрх ашгийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж ирснийг төр засаг өндрөөр үнэлж НЗД-ын Тамгын газрыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2017 оны үйл ажиллагааны үр дүнг бүрэн хангалттай дүгнэсэн бол тус  байгууллагыг удирдаж байгаа миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж урамшуулснаас үзэхэд эрхэлсэн ажлаа гүйцэтгэхдээ дээрх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

          2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13.“албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”
гэснийг зөрчсөн гэх тухайд:

       НЗД-ын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолт нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хараахан батлагдаагүй байгаа бөгөөд өмнө нь батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ тухайн жилийн хугацаанд бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн эсэхийг тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулдаг үр дүнгийн гэрээний үнэлгээгээр тогтоодог. Миний бие НЗД-ын Тамгын газрын даргаар томилогдсоноос хойших хугацаанд жил бүр “бүрэн хангалттай” гэж үнэлэгдсэн тул яагаад энэ үндэслэлээр намайг буруутгаж байгаа нь тодорхойгүй байна.

          3.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15.“харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөогоор хангах; гэснийг зөрчсөн гэх тухайд:

         Миний бие Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан “Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх чиг үүргийг бүрэн хангалттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд НЗД-ын чухам ямар шийдвэр нь миний өгсөн хуульд нийцээгүй, бодит баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй, худал мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөний улмаас хууль бус гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар нотлогдсон баримт байхгүй байна.

      4. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “ Албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх тухайд:

       НЗД-ын Тамгын газрын дарга нь холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд “ тушаал”  гаргадаг бөгөөд миний гаргасан хэдэн оны аль тушаал “албаны эрх мэдлээ хэтрүүлсэн” эрх зүйн акт болох талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон зүйл өнөөдрийг хүртэл байхгүй болно.

         Энэ бүхнээс дүгнэж үзэхэд НЗД-ын 2019 оны Б/92 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг  хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахыг хориглосон Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1- дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

          Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6, 2.6-д төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэлийг шалган тогтоож, энэ талаарх баримтыг өөрт нь заавал танилцуулж бичгээр мэдэгдэнэ гэж заасан боловч намайг буруутгаж байгаа үндэслэлээ надад, тайлбарлаж мэдэгдээгүй, холбогдох баримтыг танилцуулалгүгээр өөрийгөө хамгаалах, зөвтгөх боломжийг огт олголгүй төрийн албанаас гэнэт халсанд миний бие маш их гомдолтой байна.  Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг бүхэлдээ зөрчсөн шийдвэр болсон.

        Тодруулбал, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргах ажиллагааны оролцогчийн эрхээр хангаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хуульд заасан зөрчил огт тогтоогдоогүй байхад захирамж гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “НЗД А 2019 оны 05-р сарын 17-ны өдрийн Б/92 тоот захирамжаар М.Оыг төрийн албанаас халах сахилгын арга хэмжээ оногдуулсан байгаа. Халах сахилгын шийтгэл оногдуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, Төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 48-р зүйлийн 48.8-д, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах болон түүнд гомдол гаргах журмын байгаа 8-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. НЗД-ын 2019 оны Б/92 дугаартай захирамжид үндэслэсэн хуулийн зүйл заалт нь М.Оыг Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3, 37.1.13, 37.1.15-т зааснаар төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, мөн хуулийн 39-р зүйлийн 39.1.2-т заасан Төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагааны нийтлэг үүргийг зөрчсөн гэж буруутгасан. Мөн тус хуулийн 48-р зүйлийн 48.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан байгаа.

         Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 1.3-т заасан “ эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэсэн нийтлэг заалтыг зөрчсөн гэсний тухайд М.О 1994 оноос хойш төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа. Үүнээс хойш НЗД-ын тамгын газарт 1997 оноос хойш тасралтгүй 22 жил ажилласан байгаа. Ийнхүү төрийн албан хаагчийг 22 жилийн хугацаанд ажиллах хоорондоо хамгийн бага албан тушаалаас нь эхэлж мерит зарчмын дагуу шатлан дээшилсээр 2016 оноос хойш НЗД-ынТамгын газрын даргаар томилогдсон, Төрийн албанд 20-н жил Тамгын газрын даргаар 3 жил ажиллаж байх хугацаанд төрийн албаны үндсэн зарчмыг дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч, төр түмнийхээ төлөө нэгэн сэтгэлээр ажиллаж ирсэн. Үүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн биелэлтээр  бүрэн хангалттай  гэж дүгнэсэн. Тус байгууллагын удирдаж байгаа М.Оыг Ерөнхийлөгчийн зарлигаар 2019 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсныг тус тус үзэхэд М.Оыг ажлаас чөлөөлөх үндэслэлээ болгосон Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3-т хэсэгт зааснаар энэ зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй ажлаа сайн маш сайн биелүүлсэн гэж үзэж байна.

         Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.13-т зааснаар “ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг зөрчсөний тухайд, Нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолт, Төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгад нийцүүлэн хараахан батлагдаагүй байгаа. Өмнөх батлагдсан албан тушаалын тодорхойлолт чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Тухайн чиг үүргийн хүрээнд тухайн жилийн хугацаанд бүрэн дүүрэн хэрэгжүүлж байсан эсэхийг тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль холбогдох дүрэм журмын дагуу  төсвийн Ерөнхийлөн захирагчтай байгуулдаг үр дүнгийн гэрээний дагуу, тухайн жилдээ хэрхэн ажилласан бэ гэдгийг үнэлж тогтоодог байгаа. М.Оыг Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсоноос хойш үр дүнгийн гэрээгээр бүрэн хангалттай гэж дүгнэсэн байдаг. Яагаад албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь үр дүнгийн гэрээгээр удаа дараа бүрэн хангалттай гэж дүгнэгдсэн байдаг.

       Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.15-т зааснаар “ харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” гэснийг зөрчсөн тухайд, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлд заасан Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх чиг үүрэг бүрэн хангалттай биелүүлж ирсэн. Нийслэлийн Засаг даргыг ямар шийдвэр өгсөн М.Оыг хуульд нийцээгүй бодит баримтад тулгуурлаагүй худал мэдээлэл мэргэжлийн зөвлөгөөнөөс хууль бус ямар шийдвэр гарсан талаар тодорхойгүй, холбогдох байгууллага тогтоосон баримт байхгүй байна. Иймд үнэн зөв мэдээллээр хангаагүй гэдэг дээрх зүйл заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлгүй байна.

        Төрийн албаны тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.2-д “ албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн гуравласан үйл ажиллагааг явуулсан гэсэн тухайд, НЗД-ын Тамгын газрын дарга нь мөрдөх хууль журмын дагуу бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргадаг, М.Оыг хэдэн хувийн ямар тушаал нь албаны эрх мэдлийг хэтрүүлсэн, яг ямар албаны эрх мэдлийг хэтрүүлсэн Төрийн албаны тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.2-д заасан зүйл заалтыг зөрчсөн гэж байгаа нь хэрэгт бүрэн авагдаагүй байна. Энэ зүйлүүдээс үзэхэд НЗД-ын 2019 оны Б/92 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй Төрийн албан хаагчийг хуульд заасан бусад тохиолдолд төрийн албанаас халахыг хориглосон Төрийн албаны тухай хуулийн 49-р зүйлийн 49.1, мөн хуулийн 62-р зүйлийн 62.1.1-д тус тус  зөрчсөн нь үндэслэлтэй байна. Сонсох ажиллагааг хэрхэн хийсэн талаар дурдахад, сонсох ажиллагааг хийхдээ шийдвэр гаргах оролцогчийн эрхийн хангаагүй, Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа яагаад гэвэл Захирамж гаргаад тэр өдөр сонсох ажиллагааны тайлбарыг хүргүүлсэн тогтоогдож байгаа учраас сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 22 жилийн хугацаанд төрийн албанд ажилласан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарт өмнө нь шагнал олон авч байсан нь хамаарахгүй гэсэн. Аливаа хүний ажлын үр дүнг ажилласан жил болон авсан шагнал урамшууллаар дүгнэдэг. М.О нь жил бүр өөрийн ажлаа дүгнүүлээд сайн ажилласан гэсэн үнэлгээ авсан байдаг. Тэгэхээр М.Оыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй байна. НЗД-ын тамгын газрын дарга нь тушаал гаргаж аливаа этгээдийг ажилд томилдог. Энэ чиг үүргийнхээ хүрээнд хэн нэгэн хүнийг ажилд томилохоосоо өмнө НЗДтай зөвшилцдөг. Мөн ямар нэгэн байдлаар сул байдлаар сул байгаа орон тоонд өөр хүн томилон ажиллуулсан байдаг. Аудитын дүгнэлт нь зөвлөмжийн хэлбэрээр гардаг. Өөрөөр хэлбэл аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчлийг арилгаад явах боломжтой байдаг. Гэтэл НЗД-ын тамгын газрын олон ажилчдын гаргасан алдаа дутагдлыг ганцхан тамгын газрын даргын зөрчил дутагдал гэж үзэж түүнийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа хувьд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа анхааран үзэхийг хүсэж байна. НЗД-ын гаргасан захирамжийн хариуцлагыг тамгын газрын дарга хүлээж байгаа нь үндэслэлгүй байна. Ямар нэгэн хууль зөрчөөгүй зөрчил дутагдал гаргаагүй хүний хувьд нотлох баримт гаргаж өгнө гэдэг хэцүү байдаг. Зөрчөөгүй зүйлийнхээ талаар нотлоход хүн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

          Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч миний бие М.Оын нэхэмжлэлтэй НЗД С.А-д холбогдох НЗД-ын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай...” захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг төлөөлөн оролцох эрхийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу авсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 5-ныөдөр хавтаст хэргийн материалтай танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна.

           М.О нь НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бын үед НЗД-ын тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд түүнтэй байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажлын байр (ажлын байр)-ын  тодорхойлолтод зааснаар ажлын байрны үндсэн зорилго нь “...НЗД-ын дуран эрхээ хэрэгжүүлэхэд тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэх, мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулах, засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд эцсийн шатны зөвлөгөө, дэмжлэгээр хангах...” үндсэн зорилгыг хүлээсэн бөгөөд ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд НЗД-ын эрхлэх асуудлын хүрээнд бодлого, стратегийн шийдвэр боловсруулж гарах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Засаг даргын үйл ажиллагааг дэмжих үүргийг хүлээсэн.

         Мөн НЗД-аас түүнтэй 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Үр дүнгийн гэрээнүүдийг байгуулан ажиллаж байсан ба ажилтан М.Отай байгуулсан Үр дүнгийн гэрээний 2 дугаар зүйлд гэрээний агуулга, зорилго гэсэн хэсэгт "... үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино” гэж талууд тохирч хэн аль нь энэ гэрээний тодорхой эрхийг эдэлж, үүргийг хүлээсэн.

         Ажилтан М.О нь ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, түүнчлэн  ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заасан Нийслэлийн Засаг даргыг шийдвэр гаргахад нь үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөнөөр хангаагүй болох нь холбогдох баримтуудаар нотлогдсон, мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гаргасан зөрчилтэй нь холбогдуулан сонсох ажиллагааг явуулж байгааг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бичгээр мэдэгдсэн бөгөөд ажилтан М.Оын зүгээс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдлийг хүлээн авч тайлбар ирүүлсэн тул түүний нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан сонсох ажиллагааг явуулаагүй гэдэг нь үндэслэл муутай болсон.

       М.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн татгалзлыг нотолсон бичгийн нотлох баримтууд болон НЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаартай М.Оыг төрийн албанаас халах сахилгын  шийтгэл ногдуулах тухай тушаалын хууль зүйн үндэслэл болон ажилтны гаргасан зөрчил, эрх мэдлээ хэтрүүлсэн байдал, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт чиг, үүргийг биелэлтийг хангаагүйтэй холбоотой нотлох баримтуудыг бүрдүүлэх, цуглуулан тайлбартайгаа хавсарган шүүхэд хүргүүлэх гэсэн боловч тус шүүхийн шүүгч А.Насандэлгэр шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтны зүгээс “...яаралтай тайлбараа өг, яасан их уддаг юм, худлаа яриад байгаа юм биш үү, шүүгч тайлбарыг нэхэж ав...” гэсэн гэх зэрэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий асуудалд хандаж байгаа нь ойлгомжгүй байх ба энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, шүүгчээс татгалзан гарах үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байгаа энд дурдах нь зүйтэй.

          Өөрөөр хэлбэл, шүүгч хэрэг маргааныг хөндлөнгийн байр суурьнаас, харааг бусаар бүхий эргэлзээ төрж байна.

         Мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн шүүхийн бусад шүүхүүдээс ялгагдах онцлог нь мөрдөн шалгах буюу нотлох баримтыг шүүхийн санаачилгаар цуглуулах, бүрдүүлэх үүрэг нь шүүхэд, шүүгчид байдаг учраас М.Оын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт холбогдох төрийн байгууллагуудаас нотлох баримтуудыг  гаргуулах ажиллагааг шүүх өөрөө хийх ёстой гэж байгаа болно.

        Иймд тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй М.Оын нэхэмжлэлтэй НЗД С.А-д холбогдох “... НЗД-ын2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай ...” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын гаргасан тайлбартай танилцлаа. НЗД-ын 2019 оны 05-р сарын 17-ны өдрийн Б/92 дугаартай захирамжаар НЗД-ын Тамгын газрын дарга М.О нь дараах зөрчлүүдийг гаргасан гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 49-р зүйлд заасны дагуу Төрийн албанаас халах шийтгэлийг оногдуулсан. Тушаалын үндэслэлийн агуулгад хэд хэдэн үндэслэлийг заасан байгаа. Ажлын байр албан  тушаалын тодорхойлолтод заасан зорилтод чиг үүргийг хангаагүй гэсэн үндэслэл байгаа. Мөн албаны эрхээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэсэн 2 үндэслэл байгаа. Ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заасан Нийслэлийн Засаг даргыг шийдвэр гаргахад нь үнэн зөв мэдээлэл мэргэжлийн зөвлөгөөнөөр хангаагүй гэсэн 3 үндэслэлийг дурдаж энэ Б/92 дугаартай захирамжаар Төрийн албанаас халах ийм сахилгын шийтгэлийн оногдуулсан. Тэгэхээр энэ маргаан төрийн албаны маргаан гэж ойлгож байна.

        Төсвийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Ерөнхий менежер, төсвийн ерөнхийлөн захирагч, Нийслэлийн Ерөнхийлөн захирагч нь өөрөө НЗД байгаа. Нийслэлийн Засаг даргыг тодорхой чиг үүргээр хангадаг, энэ субъект нь төсвийн ерөнхийлөн менежер нь байна. Энэ менежер нь Тамгын газрын дарга нь байгаа, тодруулбал Төсвийн тухай хуульд Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Засаг дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн ерөнхий менежер буюу төсвийн шууд захирагч байна. Тэгэхээр төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй субъект гэсэн үг. Үндэсний аудитын газрын төрийн аудитын 2018 оны 02-сарын 23-ны өдрийн 682 дугаартай НЗД-ын Тамгын газрын 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан байгаа энэ тайлан хавтас хэрэгт авагдсан. Мөн Үндэсний аудитын газрын төрийн аудитын газрын 2019 оны 02-р сарын 25-ны өдрийн 643 дугаартай НЗД-ын Тамгын газрын 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан байгаа. Эндээс юу харагдаж байгаа вэ гэхээр М.О нь НЗД-ын Тамгын газрын даргын ажлыг гүйцэтгэж байхдаа буюу 2017-2018 онд үр ашиггүй зарцуулсан, зориулалтын бусаар зарцуулсан мөн үүнтэй холбогдуулаад Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байна гэж хугацаатай акт тавигдаад, зөвлөмжүүдийг хүргүүлсэн байгаа. Энэ үндэслэлээр ажлыг байр албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго чиг үүргийн биелэлтийг хангаагүй гэдэг үндэслэл рүү төсвийн зөрчил болон гаргасан зөрчил тохирсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа.

         Албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан. Ямар шийдвэр гаргасан юм бэ гэхээр Тамгын газрын дарга эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргадаг. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1-д зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан, энэ чиг үүрэг дотор нь мөн хуулийн 33-р зүйлийн 33.4-д “ Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасан гэтэл дураараа бүтэц орон тоо өөрчлөхгүй, дураараа ажилтныг ажилд авахгүй, мөн ажлаас халахгүй юм байна. Заавал НЗДтай зөвшилцөж энэ шийдвэрийг гаргах юм байна. Энэ зөрчлийг гаргасан гэж үзсэн энэ зөрчил нь ямар баримтаар нотлогдож байна гэхээр хэрэгт бидний зүгээс гаргаж өгсөн байгаа. НЗД-ын Тамгын газрын даргын гарын үсэгтэй хэд хэдэн хүнийг ажилд томилсон тушаал авагдсан 2019 оны 03-р сарын 04-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар Мишээл гэдэг хүнийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээний ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулж тушаал гаргасан. Мөн 2019 оны 03-р сарын 19-ний өдөр Б/31 дугаартай тушаалаар Б.П гэдэг хүнийг ажилдаа орох хүсэлтийг үндэслэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээний ажилтнаар томилсон нь НЗДтай зөвшилцөөгүй, 2019 оны 04-р сарын 19-ний өдөр Б/65 дугаартай тушаалаар О.Т гэдэг хүнийг НЗД-ын Тамгын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээний лавлагаа мэдээлэл угтах үйлчилгээний ажилтнаар томилсон. 2019 оны 05-р сарын 15-ны өдөр Б/78 дугаартай тушаалаар Ц.А гэдэг хүнийг НЗД-ын Тамгын газрын сургалтын төвийн, сургалт хариуцсан ажилтнаар томилсон. 2019 оны 05-р сарын 15-ны өдөр Б/80 дугаартай тушаалаар Учрал гэдэг хүнийг НЗД-ын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дэд бүтэц, тохижилт худалдаа үйлчилгээний салбарын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон. Эдгээр хүнийг НЗДтай зөвшилцөөгүй шууд тушаал гаргаж томилсон энэ үйлдэл нь захирамжийн үндэслэлд заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэрийг гаргасан гэж үзэх үндэслэл болсон.

      Ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заасан Нийслэлийн Засаг даргыг шийдвэр гаргахад нь үнэн зөв мэдээллээр хангаагүй гэдэг асуудал байгаа. М.О гэдэг хүний хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс харахад А гэдэг хүн мэргэжлийн зөвлөгөөг өгөөгүй юм шиг байдлаар харагдаж байгаа. Энэ өмнөх Засаг даргын асуудал мөн яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн алба залгамж чанарын үндсэнд явагддаг үүнийхээ дагуу Батболд гэдэг хүн Засаг дарга байхад энэ зөрчлүүд гарч байсан гэж үзээд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах ийм үндэслэл болсон юм. 2017 оны 05-р сарын 03-ны өдрийн НЗД Бын гарын үсэгтэй А274 дугаартай захирамж байдаг. Энэ захирамжид Төрийн бус байгууллага мэргэжлийн холбоотой зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай ийм захирамж байгаа. Захирамжлах хэсгийн 1-2-д хэсэгт Нийслэлийн албан байгууллагуудын зарим ажил үйлчилгээ энэ захирамжийн хавсралтад заасан төрийн бус байгууллага мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг НЗД-ын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст үүрэг болгож байгаа. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллага мэргэжлийн холбоотой гүйцэтгүүлж байгаа энэ ажилд шаардагдах хөрөнгийг холбогдох гэрээг дүгнэсний үндсэн дээр Нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан төрийн бус байгууллагуудаар ажил үйлчилгээ гэрээлэн гүйцэтгүүлэх, зардлаас гүйцэтгүүлэхээс санхүүжилт байхыг НЗД-ын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн Г-д зөвшөөрсөн гэсэн. Энэ захирамжийн 1-р зүйлд заасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж холбогдох дүрэм журмыг чанга баримтална явц дунд дүгнэх тухай бүр танилцуулж байхыг НЗД-ын Тамгын газрын дарга М.От үүрэг болгосон. 2017 оны санхүүгийн тайлан дотор би нотлох баримтыг шинжлэн судлуулахад би судлуулна яг энэ асуудалд төсвийн хөрөнгийг зориуд бусаар зарцуулсан асуудлыг дүгнэсэн байгаа. Энэ захирамжийн дагуу холбогдох баримтуудыг хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн мэдээллээс аваад үзэхэд хэд хэдэн төрийн бус байгууллагууд байгаа. Үүнд “Голов экологи байгаль орчны холбоо” гэсэн төрийн бус байгууллага байгаа. Энэ төрийн бус байгууллага Улсын бүртгэлд хэзээ бүртгэгдсэн юм бэ гэхээр 2017 оны 06-р сарын 19-ний өдөр хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар бүртгэгдээд төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдсэн байгаа. Мөн “Тосон очир бүтээл” гэж төрийн бус байгууллага байгаа. Энэ төрийн бус байгууллагын хувьд 2018 оны 03-р сарын 26-ний өдөр үүсгэн байгуулагдсан ийм төрийн бус байгууллага байгаа. Дахиад төрийн бус байгууллага нь “Ө*******” гэсэн ийм 3 төрлийн төрийн  бус байгууллага. Энэ төрийн бус байгууллага нь 2018 оны 04-р сарын 23-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Яагаад энэ цаг хугацаануудыг нь тодорхой хэлж байгаа юм бэ гэхээр энэ НЗД-ын 2017 оны 05-р сарын 03-ний өдрийн А274 дугаартай захирамж гарахад энэ төрийн бус байгууллагууд албан ёсоор үүсгэн байгуулагдаагүй байсан. Энэ захирамж гарсны дараа үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар байгуулагдаад үйл ажиллагаа явуулах эрхээ аваагүй,  төрийн бус байгууллага дээр төрийн зарим ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж захирамж гаргаж байгаа. Үүнийг санхүүжүүлэхтэй М.О гэдэг хүнийг хяналт тавина гэж байгаа. Энэ бол өөрөө зөрчил байгаа. Ийм зөрчил гаргасан учир энэ НЗД шийдвэр гаргахад нь мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах тэр чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэл нь энэ болсон.

         НЗД байсан Б Засаг даргын хувьд 2018 оны 09-р сарын 24-ний өдрийн А880 дугаартай хөрөнгө гаргах тухай гэсэн захирамж байгаа.

        Энэ захирамжийн 1-д заалтаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд гудамж замуудад ажиллах замын хөдөлгөөн зохицуулах албан хаагчдын тоог нэмэгдүүлж, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, арга хэмжээ авахыг тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн авто замын цагдаагийн газар, замын хөдөлгөөн зохион байгуулах ажилд шаардагдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар орон нутгийн өмчит газарт даалгасан. 2 дахь заалтаар энэ захирамжийн 1-д заасан арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 280.493.600 төгрөгийг НЗД-ын нөөц хөрөнгөөс гаргахыг НЗД-ын Тамгын газрын дарга М.От даалгасан. Энэ захирамж гарсны дараа 2018 оны 09-р сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Улаанбаатар зам засвар арчлалтын газар, БНХАУ-ийн “Жин Жан” гэсэн ийм компанитай гэрээ байгуулаад явсан асуудал байгаа. Энэ талаар ямар зөрчил харагдаж байгаа  гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль байгаа 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тохиолдолд тендер сонгон шалгаруулалт зарлана гэж энэ хуульд тодорхой заасан. Гэтэл    280.493.600 төгрөгийн үнэтэй замын хайс, хашлага авахын тулд тендерийн сонгон шалгаруулалт зарлаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн. Энэ захирамжийг гаргахад энэ хүн мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах ёстой гэсэн энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг тодорхой байна.

        Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал нь Орон сууцны барилга, захиалагчийн гэрчилгээ Б109, Б108 гэсэн ийм хоёр дугаартай гэрчилгээ байгаа. Мөн орон сууц захиалгаар барьж ашиглалтад оруулах гэрээ байгаа  2019 оны 01-р сарын 09-ний өдөр байгуулагдсан, нөгөөдөх нь мөн 2019 оны 01-р сарын 11-ний өдөр байгуулсан ийм хоёр гэрээ байгаа. Энэ Х гэх хүн НЗД-ын Тамгын газрын дарга байхад  туслах нь  байсан хүн. НЗД-ын Тамгын газрын захиалгаар “Ц” ХХК-ний баригдаж  байгаа. Нийслэлийн нутгийн захиргааны төрийн албан хаагчдын орон сууц гэсэн барилга баригдаж байгаа. Энэ барилга дээр өөрийн туслахын нэр дээр хоёр гэрээ байгуулсан. Үүнийг эрх мэдлээ хэтрүүлсэн, мөн ашиг сонирхлын зөрчил бүхий ийм нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх ийм үндэслэл болсон. Саяны дурдсан энэ үндэслэлүүдээ М.Оыг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэлдээ дурдсан, мөн сая тайлбарлаж байна. Сонсох ажиллагааг бодитой явуулаагүй юм уу гэж   асууж байна. 2019 оны 05-р сарын 17-ны  өдөр М.О гэдэг хүнд мэдэгдсэн. Тэр өдөр нь ирээд 2019 оны 05-сарын 17-ны өдөр М.О өөрөө хариу өгсөн талаар  хавтас хэрэг гаргаж байгаа.Сонсох ажиллагааны онцлог бол мэдэгдэнэ тайлбарыг нь авна гэж байгаа Тайлбарыг нь авахдаа холбогдуулаад энэ хүн би зөрчил гаргаагүй гэдэг нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх ёстой, тэгэхээр зөвхөн тайлбарын тухай ярьсан Мөн энэ хүн төрд 20 жил ажилласан  энэ 3 жилд Тамгын газрын дарга хийж байсан. Тэгэхээр энэ хүний гавьяа шагнал өнөөдрийн шүүх хуралдаанд хамаагүй.

       Үр дүнгийн гэрээний асуудлаар ярьж байсан. Үр дүнгийн гэрээний асуудлыг байгаа Үр дүнгийн гэрээнүүдийг дүгнэж явсан асуудал байгаа.

         Гэхдээ энэ шийдвэр өөрөө гарахын тулд нэлээд судлагдаж байж гарч ирдэг зүйл мөн Тэгэхээр сонсох ажиллагааг мэдэгдсэн М.О өөрөө мэдээд тайлбараа ирүүлсэн байна. Тэгэхээр  энэ сонсох ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Бид мэдэгдээд энэ хүн тайлбар өгөөгүй бол Миний эрх ашиг зөрчигдсөн гэж ярьж болно. Нөгөө талаараа Захиргааны Ерөнхий хуульд зааснаар нөхцөл байдлыг тодруулна гэж байгаа. Тэгэхээр НЗД-ынхувьд саяны дурдаж байгаа энэ зөрчлүүдээр энэ хүн зөрчил гаргасан байна гэдэг бодит нөхцөл байдлыг судлаад тогтоосон. Ингэж тогтоосны үндсэн дээр мэдэгдэл хүргүүлж байгаа. Үүнийг сонсох ажиллагаанд явуулах үндэслэл болохгүй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч М.О НЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил буюу НЗД-ын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч М.О НЗД-ын 2016 оны Б/265 дугаар захирамжаар[1] НЗД-ынТамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан байна.

           Тэрээр НЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13, 37.1.15-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн гэж тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар төрийн  албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсныг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргажээ.

          Хариуцагч НЗД маргаан бүхий тушаалд дээрх хуулийн заалтуудыг үндэслэхдээ:

          1.Нийслэлийн албан байгууллагуудын зарим үйлчилгээг Засаг даргын захирамжаар Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх гэрээ байгуулж ажиллахдаа холбогдох хууль зөрчсөн;

          2.Нэр бүхий иргэдийг ажилд томилохдоо Засаг даргатай зөвшилцөөгүй хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн;

          3.Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран уг ажиллагааг хийхдээ бараа ажил, үйлчилгээний хөлсийг иргэний хувийн данс руу шилжүүлж, сонгон шалгаруулалт явуулалгүй хууль зөрчсөн;

          4.НЗД-ын Тамгын газрын захиалгаар “Ц” ХХК-ийн гүйцэтгэж байсан орон сууцнаас нэхэмжлэгч Тамгын газрын даргын туслахаар ажиллаж байсан Х******* орон сууц захиалах гэрээг зөрчиж 2 орон сууц авах гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн оролцоотой байсан гэх үндэслэлтэй гэж тус тус үзэж сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлажээ.

          Нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгосон дээрх 4 зөрчлийг дүгнэхэд нэр бүхий иргэдийг ажилд томилохдоо НЗДтай зөвшилцөөгүй, нэхэмжлэгчийн туслахаар ажиллаж байсан этгээд Тамгын газрын захиалгаар баригдаж байгаа орон сууцнаас 2 байр авахаар гэрээ байгуулсанд нэхэмжлэгчийн оролцоотой гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд түүнийг ажлаас халах хэмжээний зөрчил гэж үзэхээргүй байх тул энэхүү 2 зөрчлийг үндэслэсэн  нь хууль бус, харин Нийслэлийн албан байгууллагуудын зарим үйлчилгээг Засаг даргын захирамжаар Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх гэрээ байгуулж ажиллахдаа холбогдох хууль зөрчсөн, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран уг ажиллагааг хийхдээ бараа ажил, үйлчилгээний хөлсийг иргэний хувийн данс руу шилжүүлж, сонгон шалгаруулалт явуулалгүй хууль зөрчсөн үйл баримтуудыг маргаан бүхий захирамжийн үндэслэл болгосон нь үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй гэж үзсэн үйл баримтуудын тухайд;

          1.НЗД-ын Тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар С.М, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар өмнө  нь ажиллаж байсан Б.П******* нарыг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээний ажилтнаар, 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар О.Т-г тус төвийн лавлагаа, мэдээлэл, угтах үйлчилгээний ажилтнаар, 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар Ц.А-г Сургалтын төвийн сургалт хариуцсан ажилтнаар тус тус хөдөлмөрийн гэрээгээр, мөн өдрийн Б/80 дугаар тушаалаар Л.Л-г Хууль, эрх зүйн хэлтсийн Дэд бүтэц, тохижилт, худалдаа, үйлчилгээний салбарын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулжээ.  

          НЗД-ын Тамгын газрын даргын зарим иргэдийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон дээрх тушаалууд нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан төсвийн шууд захирагчийн хувьд бүтэц, орон тоо, цалингийн сангийн хүрээнд өөрт олгогдсон бүрэн эрхийн  хүрээнд гаргасан тушаал байх бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан ажилтнуудыг томилж чөлөөлөхдөө Засаг даргатай зөвшилцөнө гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

          Нэхэмжлэгч нэр бүхий 5 иргэнийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн, сургалтын, үйлчилгээний түүнчлэн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр томилсон шийдвэр гаргахдаа Засаг даргатай зөвшилцөөгүй  нь түүнийг төрийн албанаас халах хэмжээний зөрчил гэж үзэхээргүй байна.

          2.Түүнчлэн НЗД-ын Тамгын газрын захиалгаар  Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бариулж байгаа нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын орон сууцанд нэхэмжлэгч М.Оын туслахаар ажиллаж байсан Б.Х******* 1 өрөө орон сууц авахаар“Орон сууц захиалгаар барьж, ашиглалтад оруулах гэрээ” байгуулсан бөгөөд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Мэдээлэл технологийн ажилтан Ө.Давааням өөрт оногдсон 1 өрөө байрыг авах боломжгүй гэж өргөдөл гаргаснаар энэ байрыг Б.Х******* авахаар тохирч гэрээ байгуулсан байна.

          Ийнхүү иргэд хоорондоо тохиролцон орон сууцны гэрээнд өөрчлөлт орсон нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч маргаан бүхий захирамжийн нэг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

          Өөрөөр хэлбэл Тамгын газрын ажилтнуудын хооронд хийгдсэн орон сууц ашиглах гэрээнд өөрчлөлт орсон үйлдэлд нэхэмжлэгч М.О оролцож өөрийн туслахаар ажиллаж байсан этгээдэд давуу боломж олгосон гэх үндэслэл тогтоогоогүй байна.Иймд дээрх 2 үндэслэлээр нэхэмжлэгч М.Оыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх боломжгүй гэж дүгнэв.

          Харин сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон гэж дүгнэсэн үйл баримтын тухайд;

          1.НЗД-аас албан байгууллагуудын зарим ажил, үйлчилгээг Төсвийн тухай болон Төрийн бус байгууллагуудын тухай хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлдэг бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжийн хавсралтаар[2] нэр бүхий ТББ-уудаар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ байгуулж ажиллах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын даргад үүрэг болгосон байна.

          Гэтэл дээрх захирамжийн хавсралтаар баталж ажил, үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан ТББ, мэргэжлийн холбоодын 12-т “Глоб экологи байгаль орчны холбоо” Нийгэмд үйлчлэх ТББ-д “Хотын соёл-ногоон ирээдүй” төсөл хэрэгжүүлэхээр 1980000(Арван есөн сая найман зуун мянган) төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байх боловч энэхүү ТББ нь уг захирамж гарах цаг хугацаанд үүсгэн байгуулагдаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлгүй[3] байсан нь нотлогдсон байна.

          Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно.” гэж заасны дагуу төрийн албан байгууллагуудын зарим ажил, үйлчилгээг ТББ-аар гүйцэтгүүлж болох хэдий ч  үүсгэн байгуулагдаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй ТББ-д төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт олгосныг зөвтгөх боломжгүй.

          Мөн Нийслэл дэх Төрийн аудитын газраас хийсэн НЗД-ын Тамгын газрын 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын 2.8.1.1-д зөвлөмж өгөхөөс бусад хэлбэрээр шийдвэрлэсэн алдаа, зөрчил гэсэн хэсэгт[4] “....Төрийн бус байгууллагуудын гэрээгээр гүйцэтгэсэн ажлаас “Ө*******” ТББ, “Х*******” ТББ-уудын ажлын гүйцэтгэл нь давхардсан, 1 ажлыг 2 өөр ажил болгон 10.000.0 мянган төгрөгийг илүү зарцуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” заалтыг зөрчсөн гэж үзэж акт тогтоосон бөгөөд энэ удаагийн аудитаар Тамгын газрын 2018 оны санхүүгийн байдалд хязгаарлалттай санал дүгнэлт гаргаж аудитын гэрчилгээ[5] олгожээ.

          2.НЗД-ын2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/880 дугаар захирамжаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд гудамж, замуудад ажиллах замын хөдөлгөөн зохицуулах албан хаагчдын тоог нэмэгдүүлж, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 280493600(Хоёр зуун наян сая дөрвөн зуун ерэн гурван мянга зургаан зуун) төгрөгийг НЗД-ыннөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

          Дээрх захирамжийн хүрээнд Нийслэлийн Тамгын газрын дарга 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлын төсөв” 280493600(Хоёр зуун наян сая дөрвөн зуун ерэн гурван мянга зургаан зуун) төгрөгийг[6] баталж гаргахыг зөвшөөрчээ.

          Энэхүү ажлын хүрээнд төсөвлөгдсөн 280493600 мянган төгрөгийн санхүүжилтээс 198413600(Нэг зуун ерэн найман сая дөрвөн зуун арван гурван мянга зургаан зуун) төгрөгийн үнэ бүхий 2000 ширхэг “Авто замын хуванцар хайс хашлага” захиалж хийлгэхээр БНХАУ-ын Эрээн хотын “B******* Co..LTD” үйлдвэртэй 2018-12/2018-44 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна.

         Энэхүү гэрээний үндсэн дээр 2000 ширхэг авто замын хашлага захиалж хийлгэн хүлээн авсан хэдий ч үүнд зарцуулагдах 198413600 төгрөгийн зардлыг 3 удаагийн гүйлгээгээр иргэний хувийн дансанд шилжүүлсэн, нийт төсөвлөсөн 280 сая төгрөгөөс үлдсэн /280493600-198413600=82080000₮/ 82 сая төгрөгийн гүйцэтгэлийг хэрхсэн нь тодорхойгүй, энэхүү ажлыг БНХАУ-ын Эрээн хотод ажилладаг байнгын төлөөлөгч хариуцан хийлгэсэн гэх боловч нэхэмжлэгч энэ талаараа хангалттай нотлоогүй байна.

          Ийнхүү НЗД-ын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/880 дугаар захирамжаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд зарцуулагдах 280 сая төгрөгийн санхүүжилтийг хууль зөрчиж зарцуулсан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэв.

          Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараахь босго үнийг тогтооно:”, 8.1.1.”харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;”, 8.1.2 “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;”, 8.1.3 “зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох зөвлөх үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;”, 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.” гэж, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Босго үнэ шинэчлэн тогтоох тухай” 68 дугаар тогтоол(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 129 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)-ын хавсралтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнийг тогтоосон байх бөгөөд энэхүү жагсаалтын шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг “бараа” ны ангилалд 10 сая төгрөг байхаар зохицуулсан байна.

          Гэтэл нэхэмжлэгч М.О НЗД-ын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон энэ хуулийн 8 дугаар зүйлд заасныг үндэслэн гарсан Засгийн газрын дээрх тогтоолын хавсралтаар баталсан шууд худалдан авч болох барааны төсөвт өртгийн дээд хязгаарыг зөрчиж 198 сая төгрөгийн барааг нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр худалдан авсан нь хууль бус байна.

          Өөрөөр хэлбэл “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд гудамж, замуудад ажиллах замын хөдөлгөөн зохицуулах албан хаагчдын тоог нэмэгдүүлж, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах” хөрөнгийг гаргахаар заасан А/880 дугаар захирамжийг хэрэгжүүлэхдээ авто замын хуванцар хайс хашлага үйлдвэрлүүлэхээр захиалж, худалдан авсан нь төсвийг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэхээргүй байна.

          Тодруулбал Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрт бараа шууд худалдан авах талаар заагаагүй бөгөөд автозамын ачааллыг бууруулах зайлшгүй шаардлага байсан гэж үзлээ ч төсвийн шууд захирагчийн хувьд холбогдох хууль, журмын хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй болно.

          Түүнчлэн нэхэмжлэгч албан байгууллагуудын зарим ажил, үйлчилгээг ТББ, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэхдээ санхүүгийн зөрчил гаргасан талаар зарим ТББ-ын үүсгэн байгуулагдсан болон бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн бүртгэл, Нийслэлийн аудитын байгууллагын аудитын тайлангаар нотлогдож тогтоогдсон байна.

          Нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “Дараахь албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:”, 16.4.15-д “....нийслэлийн....Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн:” гэж заасан төсвийн шууд захирагчийн хувьд энэ хуулийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;” гэсний дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй.

          Нэхэмжлэгч М.Оыг НЗД-ын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд гарсан дээрх зөрчлүүд нь “НЗДас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэн мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж удирдах;”, “НЗД-ын Тамгын газрын төсвийн болон санхүүжилтийн удирдлагыг хэрэгжүүлэх:”, “Засаг даргаас хариуцуулсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах;”  гэсэн ажлын байрны (албан тушаал)-ын тодорхойлолтод заасан Тамгын газрын даргын ажлын байрны үндсэн зорилт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ;”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;”, 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах,асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх;” гэсэнтэй тус тус нийцээгүй гэж дүгнэв.

          Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн Б/92 дугаар шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шатанд гаргасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гаргасан хариуцагч захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэх тайлбарууд үндэслэлгүй.

          Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт гомдол гаргахдаа заавал төрийн албаны төв байгууллагад хандсан байхыг шаардахгүй.

          Түүнчлэн хариуцагч сонсгох ажиллагааны мэдэгдлийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэнийг нэхэмжлэгч хүлээн авч тайлбараа бичгээр хүргүүлсэн байгаа нь  Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд сонсгох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй, эсхүл хуульд зааснаар боломж олгоогүй гэж үзэхээргүй байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

          1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.15, 16.5, 16.5.1, 16.5.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан НЗД-ын2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил буюу НЗД-ын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх М.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.         

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.НАСАНДЭЛГЭР

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 25 дугаар хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас

[5] 2 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр хуудас

[6] 2дугаар хавтаст хэргийн 168 дугаар хуудас