Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0092

 

Ө.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ө.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, З.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ө.Ө нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Ө.Н-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярынилтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “УБЕГ-ын даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 811 дүгээр тушаал, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” гэжээ.

 

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ө.Н нь 2010 онд хуурамч бүртгэлийн материал бүрдүүлснийг бусдаас авч, хуурамч бичиг баримт үйлдэхэд оролцсон болох нь Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаалтаар тогтоогдсон тухай Нийслэлийн прокурорын газрын мэдэгдэл болон өөрийн биеэр бичиж өгсөн тайлбар, мөн уг асуудлыг шалгасныг үндэслэн ноцтой зөрчил гаргасан байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 811 дүгээр тушаалаар түүнийг 1 жилийн хугацаанд төрийн албанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь хуульзүйн бүрэн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 11 дүгээр зүйлийн 11.5.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Н-ийн гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 811 дугаартай тушаал, Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах" тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ЗХАШ-ны 20 дугаар шүүх 2014.12.04-нд 581 дүгээр шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.  "...хуурамч баримт бичиг үйлдэхэд оролцсон нь ТЕГ-ын мөрдөн байцаалтаар тогтоогдсон байх тул" хэмээн маргаан бүхий актад бичигдсэн байгаа.

Гэтэл Ө.Н нь шалгагдсан эрүүгийн хэрэгт гэрчээр оролцож, мэдүүлэг өгсөн байх бөгөөд мэдүүлэг өгсөн түүний үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдсон хэмээн дүгнэж болохгүй.

Түүнчлэн ЭХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан ба Ө.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй нь түүнийг гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй гэж холбогдох байгууллага үзсэн байна.

Тэгэхээр шүүх гэрч Ө.Н-ийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж үзсэнгүй.

2. 2010 оны 5 дугаар сарын үйлдэлд 2014.06.17-нд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь ТАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацааг зөрчиж байгаа ба сахилгын зөрчил гаргасан гэдгийг нь ЗГ-ын 1995 оны 97 дугаар тогтоолд заасны дагуу шалгаагүй ба тогтоогоогүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нийслэлийн прокурорын газрын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай мэдэгдлийн дагуу Улсын бүртгэлийн газрын дэргэдэх ёс зүйн хороо 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдан санал гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл хэлэлцэн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 44 дүгээр тогтоолоороо Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ө.Нг төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлахаар шийдвэрлэжээ.

Улмаар тухайн саналыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 811 дүгээр тушаалаар холбогдох хууль тогтоомж зөрчиж, бүртгэлийн материалыг бусдаас авч хуурамч баримт бичиг үйлдэхэд оролцсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр Ө.Нг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

 

Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 314 дүгээр тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.17-д заасан зөрчлийг гаргасан болох нь Х.Б-ын зурагтай Б.М-ын бичиг баримт бүхий иргэний үнэмлэх анх гаргуулах баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивч О.М-р дамжуулан авч, хэвлүүлэн өгсөн нь Ө.Н-ийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ нь түүнд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, уг журмын 6.29-д зааснаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болжээ. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй бөгөөд Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-д нийцүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдээгүй гэсэн нь түүнд сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай мэдэгдлийг хүлээн аваад Улсын бүртгэлийн газрын дэргэдэх ёс зүйн хороо 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан, өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацаанд Ө.Н-ийн ёс зүйн зөрчил гаргасан тухай асуудлыг шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байх тул сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР 

            ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР  

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР