Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч Б.Батсуурь, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Бямбын Батсуурьт холбогдох 2226000000079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, Согоот 5-р гудамж 75 тоотод байнга оршин суух хаягтай боловч одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, Дэлгэрэх 19-р гудамж 7 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй Монгол овогт Бямбын Батсуурь /РД: ЙЮ78071312/.

Холгогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “...Б.Батсуурь нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 19 дүгээр гудамжны 07 тоотод Д.Гандоржийг зодож, эрүүл мэндэд нь "зүүн доод эрүүний зөрөөтэй далд хугарал" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Батсуурь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн  хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.      

          Хохирогч Д.Гандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр   цагаан сар болж байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэгээд нэг хашаанд байдаг төрсөн эгч Д.Эрдэнэчимэгийн гэрт нь ороод, эгчид дүүдээ ганц архи өгчих би орж унтлаа гэж хэлээд 1 хундага архи уугаад гэртээ ороод хэвтэж байсан. Гэртээ ороод байж байтал манай эгч Д.Эрдэнэчимэгийн нөхөр Б.Батсуурь гэрт орж ирээд баяр ёслолоор чи архи гуйлаа гээд миний нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон. Тэгээд би тухайн үедээ архи уучихсан байсан болохоор шууд унтаад өгсөн. Бүүр сүүлд нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлээд зураг авахуулахад эрүүний яс цуурчихсан байна гэж байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...2022 оны 02 дугаар сарын  10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрүү, нүүр, чих, хамар, хоолойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлэх үедээ хагалгаанд орсон. Б.Батсуурь нь миний хадаасны мөнгө болох 400.000 төгрөг, хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө, эм тарианы мөнгө болох 230.000 төгрөг эмнэлэгтэй холбоотойгоор гарсан зардлыг төлж барагдуулсан. Миний зүгээс нэмж нэхэмжлэх мөнгө төгрөгний асуудал болон гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 13 дугаар хуудас/,

Хохирогч Д.Гандоржийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн, хагалгаанд орсон талаарх амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчний  түүх” /хх-ийн 51, 58-71 дүгээр хуудас/,

       Өвөрхангай аймгийн шүүхийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №156 дугаартай шинжээч эмч Э.Хүрэлсүхийн "...1. Үзүүлэгч Д.Гандоржийн биед зүүн доод эрүүний зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/.

 

Шүүгдэгч Б.Батсуурийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36/,

 

Шүүгдэгч Б.Батсуурийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/,

 

Шүүгдэгч Б.Батсуурийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч Б.Батсуурьт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч “...Б.Батсуурь нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 19 дүгээр гудамжны 07 тоотод Д.Гандоржийг зодож, эрүүл мэндэд нь "зүүн доод эрүүний зөрөөтэй далд хугарал" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Батсуурь нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.Гандоржийн “...Тухайн өдөр   цагаан сар болж байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэгээд нэг хашаанд байдаг төрсөн эгч Д.Эрдэнэчимэгийн гэрт нь ороод, эгчид дүүдээ ганц архи өгчих би орж унтлаа гэж хэлээд 1 хундага архи уугаад гэртээ ороод хэвтэж байсан. Гэртээ ороод байж байтал манай эгч Д.Эрдэнэчимэгийн нөхөр Б.Батсуурь гэрт орж ирээд баяр ёслолоор чи архи гуйлаа гээд миний нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон. Тэгээд би тухайн үедээ архи уучихсан байсан болохоор шууд унтаад өгсөн. Бүүр сүүлд нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлээд зураг авахуулахад эрүүний яс цуурчихсан байна гэж байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...2022 оны 02 дугаар сарын  10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрүү, нүүр, чих, хамар, хоолойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 13 дугаар хуудас/, хохирогч Д.Гандоржийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн, хагалгаанд орсон талаарх амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчны түүх” /хх-ийн 51, 58-71 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Гандоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон       Өвөрхангай аймгийн шүүхийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №156 дугаартай шинжээч эмч Э.Хүрэлсүхийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Б.Батсуурь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Батсуурьт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батсуурь нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.Гандоржийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Батсуурийг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Б.Батсуурь нь бусдад төлөх төлбөргүй. Б.Батсуурьт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр гартал хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө, баримт бичиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд “...Б.Батсуурь нь Эрүүгийн хуульд заасан хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 630.000 төгрөгийг хохирогч Д.Гандоржид өгсөн. Хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлаас үүдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж байгаа тул 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлж барагдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч Б.Батсуурь нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч Б.Батсуурьт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсуурийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Батсуурь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Гандорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсуурьт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг.

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсуурьт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Бямбын Батсуурийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт Бямбын Батсуурийг есөн зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсуурь  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Батсуурь  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсуурьт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батсуурьт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР