| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2022/0063/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/69 |
| Огноо | 2022-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч М.Хөдлөшгүй, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Морьт овогт Мишигдоржийн Хөдлөшгүйд холбогдох 2226000000085 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Хөдлөшгүй нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн нутаг дэвсгэрт 12-10 тоотод байрлах гэртээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Л.Мөнх-Очирын баруун, зүүн хөлний хэсэгт заазуураар зүссэний улмаас эрүүл мэндэд нь “баруун, зүүн хөлийн тавхай хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Хөдлөшгүй шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Л.Мөнх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхнэр бид хоёр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн 12-10 тоотод гэртээ байсан. Манай эхнэр М.Хөдлөшгүй нь 11 цагийн үед хүүхдээ сургуулиас аваад үдээс хойш гэртээ ирсэн, цагийг нь сайн санахгүй байна. Би тухайн үед гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн унтаж байсан. Эхнэр хүүхдээ дагуулж орж ирээд намайг архи уучихсан байна гээд загнаад байсан. Намайг хэвтэж байх үед эхнэр хоол хийх гээд бэлдэж байсан. Манай эхнэр намайг архи уугаад согтчихсон байна гэж уурлаад гэрт байдаг ногоон иштэй заазуурыг баруун гартаа бариад далайсан байдалтай зогсож байсан. Тэр үед би согтуу хэвтэж байсан манай эхнэр гэнэт хөдлөх шиг болоод миний зүүн хөлийн тавхайн дээд хэсэг, баруун хөлийн чигчий хурууны гадна хэсэгт зүсэх шиг болсон. Тэгээд миний хөл хэсгээс цус гараад би гэрээс гараад байшингийн зүүн талаар тойроод байшингийнхаа ард сууж байгаад эмнэлэг, цагдаа дуудсан. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж дээр зүүн хөлөндөө 3 оёдол, баруун хөлөндөө 2 оёдол тавиулан гэртээ ирэхэд цагдаа ирсэн байсан. Бид хоёрын дунд гэр бүлийн шинжтэй маргаан хааяа гардаг, өдөр болгон гараад байдаггүй. Жилдээ ганц хоёр удаа гардаг. Өс санасан асуудал байхгүй. Манай эхнэр М.Хөдлөшгүй нь унаж татдаг өвчтэй, группэд байдаг, цочир ууртай, эмчийн хяналтанд байдаг. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч М.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 22-ны 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн утсанд эхнэртээ зодуулсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Жолооч, цагдаагийн дэслэгч Ц.Батзоригийн хамт очиход эхнэр нь хүүхэдтэй хамт дуудлага өгсөн гэх хаяг дээр байсан. Эхнэр нь манай нөхөр 2 шил архи уучихаад агсраад байхаар нь гарт тааралдсан заазуурыг нөхрийнхөө хөл хэсэг рүү аваад шидчихсэн гэж хэлж байсан. Дуудлага мэдээллийн дагуу очиход тухайн хаяг дээр байшингийн үүд болон дотор, ар хэсэг нэлэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсан. Нөхөр нь гэх хүнийг түргэн тусламж авч явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Г.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр жижүүртэй байж байгаад 18 цаг 53 минутанд хүзүүгээ заазуурдуулсан гэх дуудлагад очиход Л.Мөнх-Очир нь баруун хөлийн тавхайн эсрэг талд 3 см орчим, зүүн хөлийн 5-р хурууны дээд хэсэгт 2 см орчим зүсэгдсэн шархтай цус гарсан байдалтай хашааны гадна гэрийн таавчигтай, хоёр хөлөндөө оймстой, баруун хөлөндөө цус арай их гарсан байдалтай байсан. Даралттай боолт хийж, хүлээн авах дээр авч ирээд оёдол тавиулсан. Хашааны гадна ганцаараа зогсож байсан. Машиндаа суулган үзлэг хийн эмнэлэг рүү авч явах гэхэд хашаанаас нэг эмэгтэй хүн, бага насны охинтой хамт гарч ирээд охин нь оймс авчирч өгөөд Л.Мөнх-Очирыг ганцааранг нь суулгаж эмнэлэг рүү авч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэх 186 дугаартай “Үзүүлэгч Л.Мөнх-Очирын биед баруун, зүүн хөлийн тавхай хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүх, сэтгэц, эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 11 дугаартай: “...М.Хөдлөшгүй нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант зан төрхийн хөнгөн зэргийн өөрчлөлт эмгэгтэй байсан байна. М.Хөдлөшгүй нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан байна. М.Хөдлөшгүй нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна” дүгнэлт” /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч .............. хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 57, 54 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Хөдлөшгүйд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.
Хохирогч Л.Мөнх-Очир, шүүгдэгч М.Хөдлөшгүй нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Мөнх-Очир, шүүгдэгч М.Хөдлөшгүй нарын мэдүүлэг 0012 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Хөдлөшгүй нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн нутаг дэвсгэрт 12-10 тоотод байрлах гэртээ 2022 оны 02 дугаар сарын 22- ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Л.Мөнх-Очирын баруун, зүүн хөлний хэсэгт заазуураар зүссэний улмаас эрүүл мэндэд нь “баруун, зүүн хөлийн тавхай хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М.Хөдлөшгүйн дээрх үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Морьт овогт Мишигдоржийн Хөдлөшгүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Л.Мөнх-Очирын “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гэртээ байсан. Эхнэр хүүхдээ дагуулж орж ирээд намайг архи уучихсан байна гээд загнаад байсан. ...намайг архи уугаад согтчихсон байна гэж уурлаад гэрт байдаг ногоон иштэй заазуурыг баруун гартаа бариад далайсан байдалтай зогсож байсан. ...манай эхнэр гэнэт хөдлөх шиг болоод миний зүүн хөлийн тавхайн дээд хэсэг, баруун хөлийн чигчий хурууны гадна хэсэгт зүсэх шиг болсон. Тэгээд миний хөл хэсгээс цус гараад би гэрээс гараад байшингийн зүүн талаар тойроод байшингийнхаа ард сууж байгаад эмнэлэг, цагдаа дуудсан. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж дээр зүүн хөлөндөө 3 оёдол, баруун хөлөндөө 2 оёдол тавиулан гэртээ ирэхэд цагдаа ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, гэрч М.Анхбаярын “...2020 оны 02 дугаар сарыг 22-ны 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн утсанд эхнэртээ зодуулсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Эхнэр нь манай нөхөр 2 шил архи уучихаад агсраад байхаар нь гарт тааралдсан заазуурыг нөхрийнхөө хөл хэсэг рүү аваад шидчихсэн гэж хэлж байсан. Дуудлага мэдээллийн дагуу очиход тухайн хаяг дээр байшингийн үүд болон дотор, ар хэсэг нэлэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, гэрч Г.Болормаагийн “.. Би тухайн өдөр жижүүртэй байж байгаад 18 цаг 53 минутанд хүзүүгээ заазуурдуулсан гэх дуудлагад очиход Л.Мөнх-Очир нь баруун хөлийн тавхайн эсрэг талд 3 см орчим, зуүн хөлийн 5-р хурууны дээд хэсэгт 2 см орчим зүсэгдсэн шархтай цус гарсан байдалтай хашааны гадна гэрийн таавчигтай хоёр хөлөндөө оймстой, баруун хөлөндөө цус арай их гарсан байдалтай байсан. Даралттай боолт хийж, хүлээн авах дээр авч ирээд оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, хохирогч Л.Мөнх-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №186 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3- р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Хөдлөшгүй нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болох нь Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “... М.Хөдлөшгүй нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант зан төрхийн хөнгөн зэргийн өөрчлөлт эмгэгтэй байсан байна. М.Хөдлөшгүй нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан байна. М.Хөдлөшгүй нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна” гэсэн 11 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 39-40-р хуудас/,
Шүүгдэгч М.Хөдлөшгүй нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаартай дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Хөдлөшгүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Хөдлөшгүй нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Л.Мөнх-Очирын шүүхэд ирүүлсэн “Хохирогч Л.Мөнх-Очир миний бие М.Хөдлөшгүйтэй сайн дугаараа эвлэрсэн. Хохирол гомдолгүй болсон. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд “...Шүүгдэгч М.Хөдлөшгүй нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 12-10 тоотод байрлах гэртээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Л.Мөнх-Очирын баруун, зүүн хөлийн хэсэгт заазуураар зүссэний улмаас эрүүл мэндэд нь “баруун, зүүн хөлийн тавхай хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Л.Мөнх-Очирын мэдүүлэг, гэрч М.Анхбаяр, гэрч Г.Болормаагийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн учралаас хохирсон хохирол, хор уршиг, хэр хэмжээний хувьд хохирогч Л.Мөнх-Очирт эрүүл мэндэд хохирол учраагүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул яллагдагч М.Хөдлөшгүй нь бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч М.Хөдлөшгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхгийг хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг баримт авагдаагүй. Шүүгдэгч М.Хөдлөшгүйд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвэр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу прокурортой ял тохиролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тохиролцсон ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч М.Хөдлөшгүйн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Шүүгдэгч М.Хөдлөшгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Хөдлөшгүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч М.Хөдлөшгүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Хөдлөшгүй нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч М.Хөдлөшгүй, хохирогч Л.Мөнх-Очир нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хөдлөшгүйг 1 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Хөдлөшгүйд мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч М.Хөдлөшгүйд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч М.Хөдлөшгүй нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Мөнх-Очир нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хөдлөшгүйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Морьт овогт Мишигдоржийн Хөдлөшгүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Морьт овогт Мишигдоржийн Хөдлөшгүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хөдлөшгүйг нэг сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.Хөдлөшгүйд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч М.Хөдлөшгүйд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см урттай, ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуур, оймс 4 ширхэгийг устгасугай.
7. Шүүгдэгч М.Хөдлөшгүй нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хөдлөшгүйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хөдлөшгүйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР