Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2150

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

  Дугаар 101/ШШ2017/02150

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 58 байр 73 тоот хаягт оршин суух Цэндээсүрэнгийн Ичинноровын /ИА75011005/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 58 байр 00 тоот хаягт оршин суух Галбадрахын Ганхөлөгт /ХЙ81041014/ холбогдох,

 

2,118,399 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эгч Ц.Жавзансүрэнгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай энгельс гудамж, 25 байрны 91 тоотод байрлах 000-296230 дугаар гэрчилгээтэй, Ү-2205052571 дугаар улсын бүртгэлтэй, 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг түүний олгосон итгэмжлэлээр 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулан байрыг гал тогооны өрөөний тавилга, унтлагын өрөөний диван орны хамт Г.Ганхөлөгт хөлслүүлсэн.

Г.Ганхөлөг нь орон сууц хөлсөлсний төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд гэрээний дагуу төлбөрөө төлж байсан боловч 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу 3 сарын төлбөр болох 2,100,000 төгрөгийг төлөхөөс 600,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 1,500,000 төгрөг, орон сууц хэрэглээний төлбөр 238,399 төгрөгийг төлөөгүй. Энэ тухай Г.Ганхөлөгт удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй.

Иймд гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг, СӨХ-ны төлбөрт 238,399 төгрөг, диван орны 380,000 төгрөг, нийт 2,118,399 төгрөгийг Г.Ганхөлөгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ичинноров, хариуцагч Г.Гансэлэмд холбогдуулан 2,118,399 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Г.Гансэлэм 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, мөн өдөр эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчийн хоорондын харилцаа нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан болох нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельсийн гудамж 25 дугаар байрны 91 тоот хаягт орших 48 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хөлслөн суусан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч үгүйсгэсэн болон дээрх төлбөрийг төлсөн эсэх талаарх тайлбар, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлаа нотлоогүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзэхийн зэрэгцээ нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзлээ.

Иймд хариуцагч Г.Гансэлэмээс 1,738,399 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн эвдэрсэн буйдангийн үнэ 380,000 төгрөг гаргуулах шаардлага нь тайлбар болон бусад баримтаар тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн гурван өөр хаягаар шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч дурдсан хаягт оршин суудаггүй болохыг шуудангийн баримтаар тогтоогдож байгаа нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-т зааснаар оршин суух хаягаа өөрчилсөн тухай шүүхэд мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Гансэлэмээс 1,738,399 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ичинноровт олгож, нэхэмжлэлээс 380,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Гансэлэмээс 42,764 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ичинноровт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ