| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00366/И |
| Дугаар | 352 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 352
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, хүсэлт гаргагч Д.Долгормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.Долгормаагийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн иргэн Ядамсүрэн овогт Даваасамбуугийн Долгормаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн 51 настай. Би бага наснаас эхлэн аав ээжийн хамт мал маллаж байсан юм. Ингээд 1982 онд 16 нас хүрч өөрийн хөдөлмөрийн хөлсөө үнэлүүлэн малаа маллаж нэгдлийн үнээ саах зэрэг ажлыг хийж эхэлсэн. 1982 оны 08-р сараас 1984 оны 05-р сарын 03-н хүртэл Яруу алдар нэгдлийн үйлдвэр бригадад малчин, 1984 оны 05-р сарын 04-нөөс 1985 оны 11-р сарын 04-н хүртэл Яруу алдар нэгдлийн үйлдвэр бригадад бичээчээр, 1985 оны 11-р сарын 05-ны өдрөөс 1988 оны 05-р сарыг дуустал мөн нэгдэлдээ халуун усны үйлчлэгчээр, 1988 оны 06-р сараас 1989 оны 12-р сарыг дуустал Яруу сумын Яруу алдар нэгдлийн Үйлдвэр, Жаргалант бригадад малчин саальчнаар тус тус ажиллаж байсан юм.
Миний бие одоо 51 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл нийгмийн даатгал ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул ажиллаж байсан жилүүдээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм.
Иймд намайг 1982 оны 08-р сараас 1984 оны 05-р сарын 03-н хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу-алдар нэгдлийн үйлдвэр бригадад малчин, 1984 оны 05-р сарын 04-нөөс 1985 оны 11-р сарын 04-н хүртэл мөн нэгдэлд бичээчээр, 1985 оны 11-р сарын 05-ны өдрөөс 1988 оны 05-р сарыг дуустал тус нэгдэлдээ халуун усны үйлчлэгчээр, 1988 оны 06-р сараас 1989 оны 12-р сарыг дуустал Яруу сумын Яруу- алдар нэгдлийн Үйлдвэр, Жаргалант бригадад малчин саальчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Долгормаа нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Д.Долгормаа 1982 оны 08-р сарын 03-наас 1984 оны 05-р сарын 03-н хүртэл, 1988 оны 06-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдлийн Үйлдвэр бригадад малчнаар ажиллаж байсан гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч энэ талаар бичиг баримт байхгүй байна.
Гэвч түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Х.Жамъянжавын ...Долгормаа 1982 оноос эхлэн Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдэлд үнээ саадаг байсан. Надаас 3 дүү хүн байх ёстой. Аав Даваасамбуу нь Жаргалант багийн дарга хийдэг байсан. ... хүнтэй суугаад түүнээс хойш шувт л хөдөө мал малласан хүн... гэсэн,
гэрч М.Базаргүрэвийн ...Даваасамбуугийн Долгормаа гэдэг хүн юм. Аав нь энд анхны улаагчин гэж байхад шүүгч байсан. Сүүлдээ өндөр настай болоод багийн дарга хийж байсан болохоор энэ айлыг сайн мэднэ. Долгормаа 1981 онд 8-р анги төгсөөд илгээлтээр гарч 1981 оны намар Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдэлээс 15 үхэр авч ээжтэйгээ саадаг байсан. Тэгэхэд аав нь бригадын дарга байсан. Тэгээд 2 жил байна уу нэг жил байна уу төв дээр халуун ус ажиллуулж байгаа гэж байсан. Түүнээс хойш шувт мал малласан хүн... гэсэн,
гэрч Л.Наранцэцэг ...Би 1979 онд сургуулиа төгсөөд Завхан аймгийн Яруу сумын Жаргалант бригадад зоо техникчээр очиход л Долгормаа сургуульд байж байгаад 8-р анги төгсөөд хөдөө мал дээр гарсан юм. Аав нь манай Жаргалант бригадын дарга байсан. 1982 оноос 1984 он хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдэлд мал малласныг мэдэж байна. Тэрнээс хойш мөн нэгдлийн туслах үйлдвэрт халуун усны үйлчлэгч хийж байсныг мэднэ. Энэ ажлыг 2-3 жил хийсэн байх. Тэгээд эргээд хөдөө гарч мал малласан. Лав л 1988 онд хөдөө байсан санагдаж байна ... гэсэн мэдүүлгүүдээр ажиллаж байсан байдал нь нотлогдож байна гэж үзлээ.
Харин Д.Долгормаа 1984 оны 05-р сарын 04-ний өдөр Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдлийн хадлан тэжээлийн бригадад нормчноор ажилд орсон болох нь Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдлийн даргын 1984 оны 05-р сарын 04-ний өдрийн 28 дугаартай ажилд томилох тухай тушаалаар нотлогдож байна.
Тэрээр 1985 оны 03-р сарын 11-ний өдөр мөн нэгдэлд бичээчээр томилогдож байсан болох нь Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдлийн даргын 1985 оны 03-р сарын 27-ны өдрийн 11 дугаартай бичээчээр түр хугацаагаар авч ажиллуулах тухай тушаалаар мөн нотлогджээ.
Мөн түүнийг 1985 оны 11-р сарын 06-ны өдөр Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдэлд халуун усны үйлчлэгчээр томилсон болох нь Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдлийн даргын 1985 оны 11-р сарын 05-ны өдрийн 81 дугаартай халуун усны үйллэгч томилох тухай тушаалаар нотлогдож байх тул дээрх хугацаанд хүсэлт гаргагчийг ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Хүсэлт гаргагч нь тухайн үед ах Ганхуяг, Батжаргал нарын хамт мал маллаж байсан гэж Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдлийн цалин хөлс тооцсон баримт хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн боловч тухайн баримтад нэр дурдагдсан Ганхуяг, Батжаргал нарын талаар гэрчүүд мэдэхгүй байгаа тул дээрх баримтыг үнэлэх боломжгүй байна.
Хүсэлт гаргагчийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Х.Жамъянжав, М.Базаргүрэв, Л.Наранцэцэг нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ядамсүрэн овогт Даваасамбуугийн Долгормааг 1982 оны 08-р сарын 03-наас 1984 оны 05-р сарын 03-н хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдэлд малчин, 1984 оны 05-р сарын 04-нөөс 1985 оны 03-р сарын 10-н хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдэлд хадлан тэжээлийн бригадад нормчин, 1985 оны 03-р сарын 11-нээс 05-р сарын 27-н хүртэл, 06-р сарын 19-нөөс 11-р сарын 05-н хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдэлд бичээчээр, 1985 оны 11-р сарын 06-наас 1988 оны 05-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдэлд халуун усны үйлчлэгчээр, 1988 оны 06-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу алдар нэгдлийн Үйлдвэр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.Долгормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ