Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү,

Шүүгдэгч Т.Чинзориг, түүний өмгөөлөгч Б.Батсайхан, Т.Оюунчимэг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бат-Оршихын Даваасүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маньдаа овогт Түмэнжаргалын Чинзориг нарт холбогдох 2126001870296 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Даваасүрэн нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “Богдын буян”ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд тус компанийн захирал, иргэн Т.Чинзоригоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Долгорсүрэнгийн ХААН банкин дахь харилцах 5564049482 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

 

Шүүгдэгч Т.Чинзориг нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн 100 хувь, хувь эзэмшдэг “Богдын буян” ХХК-г Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол. соёл. спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон Б.Даваасүрэнд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан  тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус иргэн Д.Долгорсүрэнгийн ХААН банкин дахь харилцах 5564049482 дугаарын дансаар шилжүүлэн өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Даваасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Даваасүрэн миний бие Өвөрхангай аймгийн худалдан авах газрын даргаар ажилладаг. Тухайн үед би Т.Чинзоригтой тамгын газар дээр таарсан. Банз хэрэгтэй байна. Банз гадуур зарж байгаа хүн байна уу? гэж надаас асуухаар нь М.Долгорсүрэн эгч банз байгаа. Тэрийгээ зарна гэсэн зүйл ярьж байсан учраас манай эгчид банз байгаа тэрийг сонирхож үзэх юм уу? гээд утсаар холбогдуулсан. Тэгээд авахаар болж энэ хоёр тохиролцсон гэсэн. Надтай Т.Чинзориг банзны мөнгөө шилжүүлмээр байна гэж ярихаар нь би эгч рүү залгатал аймагт байдаг Догоо эгчийнхээ дансыг өгчих гэж хэлсэн. Би дансыг нь өгсөн. Тэгээд энэ хэд мөнгөө шилжүүлж авцгаасан юм билээ. Би энэ хэрэгт гүтгэгдэж холбогдсон. Ерөнхийдөө дунд нь зуучилж өгч дансыг нь өгсөн. Өөр ямар ч холбогдох холбогдол байхгүй. Энэ тендерт миний зүгээс нөлөөлж Т.Чинзоригтой ярьж, тохирсон зүйл огт байхгүй. Мөн Т.Чинзориг надтай ярьж тохирсон зүйл байхгүй. Тийм зүйл яриагүй байж өнөөдөр ийм хэрэгт холбогдоод энд зогсож байгаад их гайхаж байна. Үнэхээр энэ хэрэгт холбогдуулаад байгаа юм бол энэ тендер чинь үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэр гардаг. Тэгэх ямар нэгэн нөлөөлөл орох боломж байхгүй. Энэ тендерийг Сангийн яамны худалдан авах ажиллагаа хариуцсан нэгжид хандаж шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна. Мөн банзны наймаатай холбогдсон М.Долгорсүрэн эгчээс мэдүүлэг, тайлбар авахуулах хүсэлтэй байна. Миний амь, амьдрал шийдэгдэж байгаа учраас ямар ч хамааралгүй хэрэгт зүв зүгээр ажлаа хийж байгаад холбогдчихоод явж байгаадаа үнэхээр гомдолтой байна” гэв. 

 

Шүүгдэгч Т.Чинзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд анхны мэдүүлгээ Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт өгсөн. Энэ мэдүүлэгт маш их харамсалтай мөн гомдолтой байгаа. Гомдлоо Цагдаагийн Ерөнхий Газарт гаргасан байгаа. Цагдаагийн албан хаагч Үл-Олдох гэж залуу надаас дарамталж, хөтөлж мэдүүлэг авсан. Танай компанийн хувь заяа миний гарт байна. Эхнэрийг чинь яллагдагчаар татна. Чи хэрэг хийсэн учраас шууд шоронд орно, хэргээ хүлээгээд аятайхан сал гэх мэт хүнд үгсээр айлгаж, дарамталж мэдүүлэг авч хөтөлж гарын үсэг зуруулсан. Энэ яригдаж байгаа асуудал миний банз авсан л асуудал байсан. Энэ хэргийг өөртөө хүлээх ёстой юм байна гэж бодоод гарын үсэг зурсан. Миний хувьд 2020 онд өмчлөлийн газраа авсан байсан. Энэ өмчлөлийн газартаа хавар болж байгаа учраас хашаа хатгая гэсэн бодолтой явсан. 20х25  хэмжээтэй газар дээр банз болон блокоор хашаа барих зураг, тооцоогоо гаргасан байсан. Тухайн үед зудтай маш хүнд үе байсан. Тэр үед аймгийн хэмжээнд банз олдохгүй байсан. Би нэлээд хэдэн хүнээс банз асууж явж байсан. Тэгээд захиргаан дээр ажилтай явж байгаад олон хүн дотор байдаг учраас мэдэж магадгүй гэж бодоод Б.Даваасүрэнгээс банз зарах хүн байна уу? гэж асуутал нэг хүнтэй холбож өгсөн. Би банзны мөнгө гэж 1.000.000, дараа нь 2.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Надад нийт 225 банзны хэрэгцээ шаардлага байсан. Тухайн үеийн ханшаар бодоод төсөв, тооцоогоо гаргасан байгаа. Блокийг 2 үе давхарлаад дээрээс нь 2 метртэй банзыг дундуур нь хуваагаад зуслангийн хашаа барих төлөвлөгөө гаргасан байсан. Яагаад ингэж хүчээр мэдүүлэг аваад, цагдаагийн байгууллага оноо авах зорилгоор хүний амьдралыг ингэж там болгох шаардлага байгаа юм уу? Гэмгүй байсан хүнийг ийм хэрэгт холбогдуулаад, би ч гэсэн өөрөө хүнд байдалд ороод байгаа. Би тендер гэдэг үгийг сонсохоос ч айдаг болсон. Хавьтахаа ч байсан.  Энэ жил компаний хувьд алдагдалтай байгаа учраас би өөрөө биеэрээ ажил хийе гээд Өмнөговь аймагт ажилд орох гээд өргөдөл өгчихсөн байгаа. Нөгөөдөх нь намайг чи яллагдагчаар татагдсан юм байна гээд хүлээж авахгүй байгаа. Байж байгаад л наашаа ирнэ. Энэ хооронд бөөн зардал, чирэгдэл гарч надад маш их хэцүү байна. Компаний хувьд би Үл-Олдох гэж залууд ямар ч асуудалгүй, Б.Даваасүрэн бид хоёр банзны асуудал байгаа гэж тайлбарлаж хэлсэн боловч энэнд чинь хэн итгэх юм гэсэн. Б.Даваасүрэн мөнгө гуйсан болгоод компьютер дээрээ бичээд гаргаад ирсэн. Түүн дээр нь би гарын үсэг зурахгүй гэж хэлсэн. Тэгэхэд бид нар нэг нутаг усны хүмүүс. Юу гэж хэрэгт хийх юм гарын үсгээ зурчих гэхээр нь би зурсан. Магадгүй үүн дээр хуулийн байгууллагуудын ашиг сонирхол явж байхыг үгүйсгэхгүй. Хөлөө олох гэж байгаа компанийг дээрээс нухчин дарах гэсэн бодлого явж байгааг ч үгүйсгэхгүй. Авлигатай тэмцэх газарт хэн гомдол гаргасан талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний бодож байгаа хардлага маш олон байгаа. Цаашдаа мөн энэ асуудлыг мартахгүй гэж бодож байна. Шүүгч, прокурор та бүгд үнэн учрыг олж өгнө үү? гэж хүсэх байна” гэв. 

 

Гэрч Б.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банкны 5564049482 дугаартай данс эзэмшдэг. Т.Чинзориг, Г.Наранбат, Э.Басхүү, Ц.Ганхуяг гэх хүмүүсийг танихгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 10 жилийн сургуулийг 2003 онд төгссөн, 2003-2007 оны хооронд Улаанбаатар хотод ШУТИС- ийн Эрчим хүчний инженерийн сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. 2007-2014 оны хооронд Улаанбаатар хотод хувийн байгууллагад ажиллаж амьдарч байсан. 2014-2018 оны хооронд Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн. 2018 оны 02 дугаар сараас хойш Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого. төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 2 сараас эхлэн тус газартаа ахлах мэргэжилтэн болсон. Би Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Даваасүрэн, “Богдын буян” компанийн захирал Т.Чинзориг нарыг ажил хэргийн шугамаар танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Б.Даваасүрэнтэй өөр алба ч гэсэн нэг газар ажиллаж байгаа учраас танина, харин Т.Чинзориг нь 2018 оны 3 сар хүртэл Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн хүнс хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан түүнийг 2014 оноос хойш таньдаг болсон. Би 2020 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар дээрх ажлуудын үнэлгээний хорооны гишүүнээр орж ажилласан. Мэргэд сургуулийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт аймгийн орон нутгийн өмчийн газраас цахимаар 2020 оны 03 сарын 04-ний өдрөөс 04 сарын 03-ны өдрийн хооронд зарлагдсан. Тендерийг нээж бичиг баримттай танилцахад 2 компанийн үнийн санал болон материалаа ирүүлсэн. Тус материалтай танилцахад Мөнх-Урлал компани нь 26.500.000 төгрөгөөр ажил гүйцэтгэнэ гээд засварын ажлын материал ирүүлсэн байсан учраас шаардлага хангаагүй үндэслэлээр шалгараагүй. Харин энэ ажилд “Богдын буян” компани нь 49.500.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд материалыг нь үзэж танилцахад ижил төстэй ажил гүйцэтгэж байсан, санхүүгийн чадамжтай байсан, татварын өртэй эсэхийг нь миний хувьд шалгаж чадаагүй бусад шаардлагуудыг хангаж байсан. Ингээд миний хувьд тус компани шалгаруулах санал өгсөн. 13-р цэцэрлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын тендер мөн дээрх хугацаанд нэг багцаар нь явагдаж Богдын буян компани ганцаараа оролцсон. Мөн л миний хувьд татварын өртэй эсэхийг нь шалгаагүй, бусад шаардлагуудыг шалгаад хангаж байсан учраас энэ ажилд Богдын Буян компанийг сонгосон өөр компани оролцоогүй. Үнэлгээний хорооны даргаар Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Даваасүрэн, орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Эрдэнэсүрэн нарийн бичгийн даргаар, би болон иргэний төлөөлөл Г.Даваатогтох, Г.Ууганбаяр нар ажилласан. Манай үнэлгээний хороо нэг л удаа хуралдсан, тэр хурал нь тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурал байсан бусад зүйлийг нь нарийн бичгийн дарга өөрөө хийсэн. Тендер нээх үед нь би ажилтай таараад оролцож чадаагүй, үүн дээр тэмдэглэл хөтөлсөн байсан бөгөөд би сүүлд нь буюу тэр өдрийн үдээс хойш ирээд нөхөж гарын үсэг зурж байсан. Цахим тендер нээгдэх үед компаниудын лавлагаа мэдэгддэг бөгөөд яг тэр үед нь би байхгүй байж таарсан. Үүний дараа энэ компанийг татварын өртэй гэж хэн нэгэн надад хэлээгүй юм. Тэгээд бусад шаардлагыг хангаж байсан учраас сонгосон. Тус компанийг сонгох талаар надад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Би дээрх ажлын хүлээн авах комисст орж ажиллаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181-182 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхбатын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө материал харсан боловч дутуу харсан байна. Тендерийн тэмдэглэлээс одоо харахад “Богдын буян” компани болон “Буянт хурд” компани үнийн санал материал ирүүлсэн байна. “Буянт хурд” компанийн материал үнийн санал ирүүлсэн талаарх баримт арвын хуудсанд байсныг анзаараагүй хараагүй учраас нэг компани үнийн санал ирүүлсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. 13 дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд бол 2 компани үнийн санал ирүүлсэн.  2020 оны тендер бөгөөд 19 багц ажилд олон компаниудаас үнийн санал ирүүлж байсан. “Буянт хурд” компани нь 19.900.000 төгрөгийн үнийн санал өгсөн боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас шалгараагүй байх. Би энэ талаарх материалыг  эргэж харахгүй бол яг энэ шаардлагыг хангаагүй байна гэж тодорхой хэлж мэдүүлж чадахгүй байна. Ямар ч байсан шаардлага хангаагүй учраас шалгараагүй байх. Дээрх үнэлгээний хорооны хуралд Г.Даваатогтох сууж байсан эсэхийг нь тодорхой санахгүй байна, гэхдээ Г.Даваатогтох нь иргэний төлөөлөл учраас үнэлгээний хороонд бол ордог. Харин хуралд Даваасүрэн, Эрдэнэсүрэн нар байсан. Ууганбаяр ч гэсэн байсан санагдаж байна. Бид хурлаараа шаардлага хангасан компаниудаа шалгаруулаад явсан. “Богдын буян” компани нийлүүлэх тоног төхөөрөмжийн үнэ үзүүлэлт бүхий материалаа ирүүлсэн учраас шалгарсан. Би яг ямар материал ирүүлснийг нь одоо санахгүй байна. Б.Даваасүрэн нь 2016 оны сүүл үеэс эхлэн Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Үүнээс өмнө Б.Даваасүрэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажилладаг байсан. Дээрх 19 багц ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Б.Даваасүрэн нь ажилласан юм гэсэн мэдүүлэг /1хх-ийн 194 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р сургуулийг 2005 онд төгссөн. 2006-2010 оны хооронд Өвөрхангай аймгийн ШУТИС-ийг технологич инженер мэргэжлээр төгссөн. 2010-2013 оны хооронд Арвайхээр сумандаа ажилгүй байсан, 2013 оны 5 сард Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэргийн ажилтнаар ажилд ороод 2016 оны 9 сард мэргэжилтэн, 2018 оны 02 сард тус албандаа ахлах мэргэжилтнээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би 2021 оны 08 сарын 1-ний жирэмсэн болон амаржсаны чөлөө аваад одоогоор гэртээ байгаа. Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Даваасүрэн нь манай дарга байгаа юм ажил хэргийн шугамаар танина, Богдын буян компанийн захирал Т.Чинзориг нь 2013 онд намайг ажилд орох үед аймгийн тамгын газрын мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд мөн л хамт ажиллаж байсан болохоор танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Би дээрх ажлуудын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Тус ажлуудын сонгон шалгаруулалт нь 2020 онд тендерийг цахимаар сарын хугацаатай зарласан. Энэ тендер нь нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл цахимаар зарласан учраас дээрх ажлуудад хэдэн ч компани үнийн санал, материалаа ирүүлэх боломжтой. Тус тендерт нэг компани үнийн санал ирүүлээд шаардлага хангаж байвал шалгаруулж болно. Мэргэд сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх 2-р багцад Богдын буян компани 49.500.000 төгрөгийн үнийн санал, Мөнх-Урлал компани 26 сая орчим төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Мөнх-Урлал компанийн хувьд хэт үндэслэлгүй үнийн санал ирүүлсэн мөн техникийн болон нөхцөл шаардлагыг хангаагүй тул шалгараагүй. Тухайн багцад үнийн санал ирүүлсэн Богдын буян компани нь шаардлагад нийцсэн материал үнийн санал ирүүлсэн учраас тендерт шалгарсан. Богдын буян компани хуулийн 14-16 дугаар зүйлд заасан санхүүгийн болон техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан буюу нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг тулгаж үзэхэд зөрчилгүй байсан. Татварын өргүй байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй байсан, санхүүгийн тайлан дахь борлуулалтын орлого нь 2018 онд 208 сая гаруй төгрөг, 2019 онд 566 сая гаруй төгрөг байсан, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан байх шаардлагатай бөгөөд 2018, 2019 онуудын аль нэг жилд тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн буюу 50 саяын багцын ажлын 30 хувьд хүрсэн ажил гүйцэтгэж байсан байх шаардлагатай байсан бөгөөд энэ шаардлагыг хангаж байсан. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээг мөн хангаж байсан. Ямар нэгэн газарт өр төлбөр зээлгүй байсан. Арвайхээр сумын 13-р цэцэрлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд Богдын буян компани нь ганцаараа үнийн санал ирүүлсэн. Ирүүлсэн материалууд нь шаардлага хангаж байсан учраас шалгарч байсан.  Надад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 184-185 дугаар хуудас/,

Гэрч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Даваасүрэн болон “Богдын буян” компанийн захирал Т.Чинзориг нарыг ерөнхийдөө нэг нутгийн нэг газар амьдардаг учраас танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би дээрх ажлуудын үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Тухайн сонгон шалгаруулалт цахимаар зарлагдсан. 202 оны 04 дүгээр сард тендерийг нээхэд маш олон багц ажилд компаниуд  үнийн санал ирүүлсэн байсан. Тухайн үед олон багцад олон компани оролцсон бөгөөд багц тус бүрээр нь оролцсон компаниудад шалгаруулалт хийж шаардлага нөхцөлийг хангаж байна уу гэдгийг үндэслэн тухайн багцад компанийг шалгаруулсан. Яг дээрх ажилд ямар компани шалгарсныг санахгүй байна. Үнийн дүн болон урьд ажил гүйцэтгэж байсан туршлага бүх нөхцөлийг хангасан компаниудыг шалгаруулсан.  Миний мэдэхээр “Богдын буян” компани мэр сэр тендерт харагдаад байдаг. Ажлаа сайн гүйцэтгэдэг компани гэж ойлгодог. Тус компани тендерийн шаардлага хангасан учраас шалгаруулсан байна. 2020 оны уг тендерт олон багц байсан учраас яг нарийн тэр компани шалгарч байсан гэж тодорхой санахгүй байна. Тухайн шалгаруулалт явагдах үед үнийн санал материал ирүүлсэн компаниудыг бүрэн шалгаж шаардлага хангаж байсан компаниудыг нь шалгаруулсан. Миний санаж байгаагаар зарим багц нь хойшлогдож байсан. Дээрх ажлуудад яг хэдэн компани үнийн санал ирүүлж байсныг ч тодорхой санахгүй байна. Дээрх үнэлгээний хорооны хуралд Г.Даваатогтох сууж байсан эсэхийг тодорхой санахгүй байна. Г.Даваатогтох гэдэг түүхий эд авдаг залуу үнэлгээний хороонд их ордог бөгөөд хааяа тааралддаг. Харин хуралд Даваасүрэн , Эрдэнэсүрэн, Мөнхбат нар бол байсныг санаж байна. Хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн тендерт шаардлага хангаж байсан компаниуд нь сонгогдоод явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 192 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Ганчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2008 онд Хан-Уул дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөөд 2008-2013 онд “Бимэкс” ХХК-д зохион байгуулагчаар, 2013-2018 онд жирэмсний амралттай байж байгаад 2018-2020 онд Санхүүгийн менежментийн академид сургалтын менежерээр ажиллаж байгаад гарсан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна.  Б.Даваасүрэн нь миний төрсөн ах, Д.Долгорсүрэн нь овог нь өөр боловч миний төрсөн эгч, П.Бум-Аюуш нь манай ээжийн хамаатан байгаа юм. Манай нөхөр Ерхүү нь хувиараа хүнсний бүтээгдэхүүн борлуулж 21 аймаг руу  бараа бүтээгдэхүүн явуулдаг. Өвөрхангай аймагт хэд хэдэн дэлгүүр бараа бүтээгдэхүүн хүргүүлээд дараа нь  төлбөр тооцоо авдаг. Ихэнхдээ төлбөрөө нөхөр лүү шилжүүлдэг заримдаа мөнгөө бэлэн өгөхөөр болоод Д.Долгорсүрэн эгчийг гуйдаг, Дээрх гүйлгээ нь Д.Долгорсүрэн эгч барааны мөнгийг аваад шилжүүлсэн тохиолдол байх. Бараа бүтээгдэхүүний тооцоотой өглөгөө өгөхгүй хүмүүсээс Д.Долгорсүрэн эгч мөнгө авч явуулсан. Ямар нэгэн, аж ахуй нэгжээс авсныг мэдэхгүй байна. Манай нөхөр Ерхүү нь хүнсний бараа худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Даймонд Фүүдс” ХХК-ийн захирлаар ажилладаг БНХАУ, ОХУ-с бараа бүтээгдэхүүн оруулж ирж түгээдэг. Би Б.Даваасүрэн ахаас 3.320.000 төгрөгийг зээлсэн юм. Тэгсэн Бум-Аюуш ахаас зээлээд надад өгсөн юм байна лээ. Тэрийг нь би буцаагаад өгсөн. Бум-Аюуш ахтай нэг их харилцаа холбоо байдаггүй. Энэ данс нь яг хэнийх байсныг одоо санахгүй байна.  Б.Даваасүрэн миний төрсөн ах бид нар эцэг эхээс тавуулаа Б.Даваасүрэн ах Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэцэрлэг, сургуульд суралцаж 2013 онд Халх журам дээд сургуулийг төгссөн. Одоогоор Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажилладаг. Арвайхээр хотод эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202-203 дугаар хуудас/,

Гэрч П.Бум-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 60 настайдаа буюу 2015 оны үед тэтгэвэрт гарсан. Би албан тушаалыг нь бол мэдэхгүй байна Бат-Оршихын Даваасүрэнг танина ямар ч байсан Өвөрхангай аймгийн Захиргаанд ажилладаг. Б.Даваасүрэнгийн ээж нь манай эхнэрийн ээжийн төрсөн дүү нь байгаа юм өөрөөр хэлбэл холын хамаатан би эднийхний хүргэн хүн юм. “Богдын буян” компанийн захирал Т.Чинзориг гэх хүнийг танихгүй. Би яг ямар данснаас мөнгө орж ирснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 3.320.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгө нь Б.Даваасүрэн надаас хашаа байшин худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл мөнгө байгаа юм. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р багийн 10-р гудамжинд байрлах хашаа байшинг 30 сая төгрөгөөр 2018, 2019 оны үед байх Б.Даваасүрэнд зарсан юм. Уг хашаа байшинг би өөрийн охиндоо зориулж барьсан боловч манай охин Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас уг хашаа байшингаа зарсан. Манай охин Бум-Аюушийн Цэрэнжаргалын нэр дээр тус хашаа байшингийн гэрчилгээ гарсан байсан бөгөөд Даваасүрэн шилжүүлж авсан байх. Энэ хашаа байшинг зараад мөнгийг нь би цувуулаад бэлнээр болон дансаар авсан санагдаж байна. Энэ 3.320.000 төгрөг бол энэ хашаа байшингийн мөнгөний үлдэгдэл төлбөр байгаа юм. Б.Ганчөдөр нь Б.Даваасүрэнгийн төрсөн дүү нь байгаа юм. Би Б.Даваасүрэнтэй хашаа байшингаас өөр наймааны асуудал байхгүй, бидний хооронд өр авлагын асуудал байхгүй. Үхэр, мал зарсан асуудал байхгүй. 2021 оны 12 сарын 03-ны өдөр 16 цаг 26 минутаас хойш Б.Даваасүрэн над руу залгаж “намайг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм шиг байна, танд юу гэж ярьж байна гэхээр нь би ярьж болохгүй гэсэн шүү дээ, та нарын ажлыг мэдэхгүй би хашаа байшин зарсан 30 сая төгрөгөө авсан гэж тэрийгээ хэлсэн” гэж хэлсэн. Над руу залгаад амар заяа үзүүлэхгүй эхнэрийн талын мэддэг хүн болохоор нь ярьчихсан юм. Намайг Б.Даваасүрэн нь ингэж хэлээрэй, тэгж хэлээрэй гэж хэлсэн зүйл байхгүй, би тийм юм хүлээж авахгүй, үнэн зөвөө л хэлж байна. Б.Даваасүрэн нь орой унтах гэж байхад залгаж байсан. Мөн Б.Ганчөдөр над руу оройхон залгаж байсан ахыг Авлигатай тэмцэх газраас шалгаад байгаа юм шиг байна та юу гэж хэлсэн бэ гэж асуухаар нь би хамаагүй ярьж болохгүй гэсэн гээд салгасан. Миний мэдүүлсэн зүйлүүд үнэн зөв. Манайх суурин Жи мобайлын утастай бөгөөд тэр утсаар над руу ярьсан. Жи мобайл дугаар маань 98882215 дугаартай. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 196 дугаар хуудас/,

           Тендерийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 39 дүгээр хуудас/,

 Тендерийн нээлтийн тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/64 дугаартай “Жагсаалт батлах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 41 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаартай “Зардал хуваарилах тухай” захирамжийн хавсралт /1хх-ийн 42- 43 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/46 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 44 дүгээр хуудас,

 

Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар хуудас/,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газраас Б.Даваасүрэнд олгосон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтанд амжилттай оролцсон тул гэрчилгээ олгов” гэсэн агуулгатай гэрчилгээний хуулбар /1хх-ийн 51 дүгээр хуудас/

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас боловсруулсан “Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” /1хх-ийн 59-113 дугаар хуудас/,

Тендерийн урилгын хуулбар /1хх-ийн 114 дүгээр хуудас/,

Тендерийн урилгыг “Tender.mn” сайтад байршуулсан талаарх баримт /1хх-ийн 115-119 дугаар хуудас/,

Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /Тендерийн нээлт дээр зарлагдсан дүнгээр/ ...Арвайхээр сумын Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмж ...“Богдын буян”ХХК 49,500,000 төгрөг ...Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмж ...“Богдын буян” ХХК 21,000,000 төгрөг... /1хх-ийн 120-125 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 34 дугаартай Аймгийн засаг дарга Ц.Ганболдод хүргүүлсэн “Үнэлгээний дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх тухай” зөвлөмжийн хуулбар /1хх-ийн 162-163 дугаар хуудас/,

Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар /1хх-ийн 164-167 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/114 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 168 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ /гүйцэтгэгч: Богдын буян ХХК/, Арвайхээр сумын “Мэргэд” цогцолбор сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ /гүйцэтгэгч: Богдын буян ХХК/ зэргийн хуулбар /1хх-ийн 142-161 дугаар хуудас/,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 178 дугаар хуудас/,

 

Хаан банкин дахь иргэн Д.Долгорсүрэнгийн 5564049482, “Богдын буян”ХХК-ийн 5540302001, Т.Чинзоригийн 5034372837, Т.Ганчөдөрийн 5028231204 дугаартай, П.Бум-Аюушийн харилцах данснуудын хуулгууд.

 

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /2хх-ийн 47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар /2хх-ийн 48-

53 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын “Богдын буян” ХХК-д хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаартай албан бичгийн хуулбар /2хх-ийн 60 дугаар хуудас/,

 

“Богдын буян”ХХК-иас Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт гаргаж өгсөн үнийн санал, мэдэгдэл, Дөлгөөн хайрхан уул ХХК-ийн аудитын тайлан, татвар, нийгмийн даатгалын өргүй талаарх баримт, шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн өргүй талаарх лавлагаа, арилжааны банкнууд дахь зээлгүй талаарх баримтууд /2хх-ийн 84-122 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон байнга оршин суугаа хаягийн лавлагаа /3хх-48 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-45 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Чинзоригийн хувийн байдлыг тодорхойлсон байнга оршин суугаа хаягийн лавлагаа /3хх-39 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Чинзоригийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-13 дугаар хуудас/ зэрэг болно.

            Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч Б.Даваасүрэн нь Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажилладаг. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд мөн энэ албан тушаал дээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан албан тушаалын тодорхойлолт, ажилд томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр зэргээр тодорхойлогдож байна. Б.Даваасүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект буюу нийтийн албан тушаалтан  мөн байна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  нийтийн албан тушаалтан гэж төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаардаг. Албан тушаалын тодорхойлолтыг харахад Б.Даваасүрэн шүүгдэгчийн хувьд төрийн захиргааны удирдах албан тушаалтанд хамрагддаг нь тодорхой харагдаж байна. Б.Даваасүрэнгийн хувьд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байхдаа Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны яамнаас 2020 онд бараа ажил, үйлчилгээ авахаар холбогдох зардлыг шийдвэрлэж аймгийн удирдлагад шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн төсөв болон зардлын хүрээнд орон нутгийн удирдлага буюу аймгийн Засаг даргаас улсын төсвийн хөрөнгөөс 2020 онд хийж хэрэгжүүлэх ажил үйлчилгээний хуваарь, зардлыг баталсан. Уг хуваарь, зардлыг батлаад үүний дагуу тухайн бараа, үйлчилгээ, ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж Б.Даваасүрэнгээр удирдуулж Б.Даваасүрэнгээс гадна 4 гишүүнийг томилж нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хорооны гишүүдийг томилсон. Үнэлгээний хорооны гишүүд тухайн худалдан авах ажиллагааг зохион байгуулахын тулд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж энэ талаарх холбогдох бэлтгэлийг хуульд заасан журмын дагуу хангаж тендерийн урилгыг олон нийтэд мэдээлж аж ахуй нэгжүүдийг тэгш боломжоор оролцох эрхийг хангасан. Үүний хүрээнд нийт 19 багц тендерт ах ахуй нэгжүүд үнийн саналыг ирүүлсэн. Үнийн санал ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн дотор  “Богдын буян” ХХК 4 тендерт үнийн санал ирүүлсэн. Үүнээс Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмж, Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэсэн 2 сонгон шалгаруулалтад шалгарсан. Шалгаруулах үйл ажиллагаа нь нийт үнэлгээний хороодын гишүүдийн олонхын саналаар шалгаруулсан байна. Тухайн компани хуульд заасан үндэслэл журмыг хангаж байна. Татвар болон нийгмийн даатгалын өргүй,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн өргүй, өмнө нь адил бараа, үйлчилгээ нийлүүлж байсан, ирүүлсэн үнийн санал нь тогтоосон үнийн босгыг даваагүй гэсэн тодорхой шаардлагуудыг хангасан. Энэ үндэслэлээр “Богдын буян” ХХК-г шалгаруулсан. Энэ шалгаруулсан үйл ажиллагаа нь тухайн үнэлгээний хорооны үйл ажиллагааг явуулах үндсэн эрх зүйн баримт бичиг болох төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн. Энэ агуулгаар шүүгдэгч Б.Даваасүрэнгийн хувьд өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлсэн ажлын үр дүнд шалгарсан компани болох “Богдын буян” ХХК-ний захирал Т.Чинзоригоос сонгон шалгаруулалтад оролцуулсны хариуд тодорхой хэмжээний мөнгө өгөхийг санал болгож улмаар “Богдын буян” ХХК-ийн захирал Т.Чинзоригоос 2 удаагийн цаг хугацаанд нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Шүүгдэгч Т.Чинзоригийн хувьд “Богдын буян” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайлбал 2 багц худалдан авах ажиллагаанд өөрийн компанийг ялуулсан үйл ажиллагаанд  худалдан авах ажиллагааны даргаар ажиллаж байсан Б.Даваасүрэнд шан харамж болгон 3.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.  Уг шилжүүлгийг хийхдээ шууд биечлэн Б.Даваасүрэнд өгөөгүй. Б.Даваасүрэнгийн хамаарал бүхий түүний төрсөн эгч Долгорсүрэнгийн Хаан банкны харилцах дансыг ашиглаж 2 өөр утга буюу блокийн үнэ, зээл олгов гэсэн утгаар халхавчилж шилжүүлэн өгсөн. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Б.Даваасүрэн нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас авсан 3.000.000 төгрөгийг Т.Чинзориг нь буцааж авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн учраас гэмт хэргийг үйлдэж бий болгосон хөрөнгө орлого буюу 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Чинзоригоос гаргуулж улсын орлого болгох саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүгдэгчийн гэм буруугийн  талаар: “...Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас эхэлж оролцсон. Хавтаст хэрэгт цугласан материал болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээс харахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Хэргийн хувьд 3 хавтаст хэрэг байгаа. Үүнд дандаа тендер зарласан болон явагдсан талаарх тэмдэглэл, банкны хуулга зэрэг материалууд цугласан. Үүнээс Б.Даваасүрэнг цагаатгах нотлох баримт нь үнэлгээний хуралдаан хэр зэрэг явагдсан, үнэлгээний хороог яаж байгуулсан, хуралдаанд ямар хүмүүс оролцсон, хуралдаанд оролцсон гишүүд ямар саналтай байсан, үүнд Б.Даваасүрэн яаж нөлөөлсөн гэсэн асуудал яригдах ёстой. Энэ байдлаас харахад хуралдаан зохих журмын дагуу явагдсан. Тухайн гишүүд олонхын саналаар санал нэгтэйгээр уг компанийг ялуулсан. Үүнд ямар нэгэн асуудал байгаагүй. Үүн дээр Б.Даваасүрэн ямар нэгэн байдлаар шахалт үзүүлж оролцоогүй. Энэ нь Б.Даваасүрэнгийн цагаатгах нотлох баримт болж байгаа. Яллах талын нотлох баримт нь Т.Чинзоригийн мэдүүлэг байгаа. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Чинзориг энэ мэдүүлгээсээ бүрэн дүүрэн буцсан. Дарамт шахалтын улмаас энэ мэдүүлгийг өгсөн гэсэн тайлбар өгч байгаа. Мөрдөгч нар үнэхээр дарамт шахалт гаргасан талаар мэдэхгүй байна. Үүнийгээ гомдол гаргаад шалгуулж байгаа. Энэ байдлаас харахад Т.Чинзориг худал мэдүүлэг өгсөн. Мөн өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд худал мэдүүлэг өгсөн учраас хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад мөнгө өгсөн асуудал байгаа. Гэхдээ энэ нь миний эгч Долгорсүрэнтэй банзны наймаа хийсэн. Би зөвхөн холбож өгсөн гэх талаар ярьж байгаа. сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Мэдүүлэг өгөхгүй байж ч болно. Гэхдээ мэдүүлэг нь үндэслэлтэй эсэхийг бусад зүйлээр тогтоох ёстой. Долгорсүрэнг гэрчээр асуух ёстой. Энэ хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргаж байсан. Энэ үндэслэлээр хэргийг буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсанаар үнэлгээний хороодын гишүүд санал нэгтэйгээр Т.Чинзоригийн компанийг ялуулсан. Б.Даваасүрэн ямар ч нөлөөлөл ороогүй гэж мэдүүлсэн. Дээд байгууллагаар гаднаас хэн нэгэн нөлөөлсөн, хууль журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт заавал гаргуулах шаардлагатай. Хэрэгт авагдсан баримт нотолгоо, шүүх хуралдааны хэлэлцүүлгээс харахад Б.Даваасүрэн нөлөөлөөд, ялуулсны дагуу шан харамж авсан зүйл нотлогдож тогтоогдоогүй. Иймд Долгорсүрэнг гэрчээр асуулгах, Т.Чинзоригийг худал мэдүүлгээр татуулах, дүгнэлт шаргуулах гэсэн 3 үндэслэлээр хэргийг буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.Чинзоригийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, Б.Батсайхан нар нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ нэгтгэж дүгнэлтийг Т.Оюунчимэг өмгөөлөгч гаргахдаа: “...Нэгдүгээрт тухайн гэмт хэрэг нотлогдсон эсэх, гэм бурууг тогтооход хангалттай нотлох баримт бүрдсэн талаар. Үүн дээр миний хувьд хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэж байна. Анхнаасаа өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Мөн Т.Чинзоригийн хувьд тодорхой хэмжээгээр дарамталж мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэрчээр 2 удаа мэдүүлэг өгөхдөө Үл-Олдох байцаагч айлгаж, дарамталж мэдүүлэг авсан. Үнэхээр энэ Үл-Олдох гэж байцаагчийг гүтгэж байгаа бол Т.Чинзоригийн хувьд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үнэхээр ийм асуудал болсон гээд Цагдаагийн Ерөнхий Газар руу гомдлоо удаа дараа гаргасан. Энэ нь одоо шалгагдаад явж байгаа. Хамгийн гол нь компани чинь хувь заяа миний гарт байна гэдэг дээр би эдийн засагч хүн болохоос биш хуульч хүн биш. Хуулийн нарийн гаргалгаа зэргийг мэдэхгүй, эхнэрийг чинь яллагдагчаар татна гэсэн асуудал ярьж намайг дарамталсан гэх талаар удаа дараа шүүх хуралдаан дээр хэлдэг. Энэ асуудал нь шалгагдаад явж байгаа. Энэ нь нотлох баримттай. Тухайн газраар үүнийг Өвөрхангай аймгийн цагдаагаар шалгуулахгүй гэсэн. Яагаад гэвэл өөрсдийн хүмүүсийн хэргийг шалгаж байгаа учраас шалгасан болохгүй байна. Танайхаас хүн томилж шалгуулаач гэсэн хүсэлт гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэрэг нотлогдсон байдал гээд байдаг. Үүн дээр үнэхээр гэмт хэргийн шинжийг агуулсан уу? гэхээр эхнээс нь авхуулаад процессын зөрчил гараад байдаг. Улсын яллагч сонгон шалгаруулалтад оролцуулсны дараа гээд яллаад байна. Яллах дүгнэлт дээр чинь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн 100 хувь эзэмшдэг “Богдын буян” ХХК-ийг ялуулахын тулд гэсэн байгаа. Гэтэл сонгон шалгаруулалтад оролцуулсны дараа гээд арай өөр утгатай орж ирж байна. Сонгон шалгаруулалтад оролцуулсны дараа гээд цаг хугацаа нь хоёр өөр болчихсон. Ингээд яллах дүгнэлт нь хоёр өөр болоод явчихлаа. Үнэхээр ямар давуу байдал бий болгочхов гээд тэгэхээр улсын яллагчаас тендерт ирүүлсэн Т.Чинзоригийн баримт нь бүхий л хууль, журмыг зөрчөөгүй байна гэсэн хирнээ өөртөө давуу байдал үүсгэх гэсэн утгатай зүйл ярьж байна. Тэгвэл энэ хүн яах гэж өөртөө давуу байдал бий болгох юм? Цахимаар өгсөн баримт нь бүхий л шаардлагыг хангаж, бүрдсэн байхад энэ хүн хүнд 3.000.000 төгрөг өгөөд намайг ялуулаад өг гэж гуйх ямар ч шаардлага байхгүй. Үүн дээр өөртөө давуу байдал үүсгэх зорилгоор гээд яллаад байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийг сэдэл, санаа, зорилгыг тогтоосон байна уу? тогтоогоогүй байна уу? гэх асуудал яригдана. Ашиг сонирхол орсон эсэхэд Б.Даваасүрэнгийн гаргасан саналыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл сонгон шалгаруулалтад оролцуулахад эргэлзээ орсон юм байна, өөртөө давуу байдал бий болгосон юм байна гэж үзэж, хардаж байгаа бол Т.Чинзоригийн өгсөн бүх материалыг Сангийн яамны худалдан авах ажиллагаа зохион байгуулах шинжээч нараар дүгнэлтийг нь гаргуулаад, үнэхээр тендерийн асуудалд мөнгө, төгрөг өгч, авахгүйгээр сонгон шалгаруулсан гэдгийг нотлуулах хүсэлтэй байна. Мөн дээрээс нь энэ банзны асуудлаар үнэхээр тэр эгчээс нь аваад мөнгө нь манжингийн үлгэр шиг тэрнээс нь тэр рүү орсон гэх асуудал ярьж байна. Үүнд хоёр Долгорсүрэн гэж хүн байгаа. Нэг нь ааваараа овоглодог, нөгөөдөх нь ээжээрээ овоглодог. Хоёр Долгорсүрэнгийн зөрөөг гаргаад банзны асуудлаар яагаад М.Долгорсүрэнг гэрчээр асууж болдоггүй юм бэ? Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн гээд хүний амь амьдралыг шийдэх гээд байгаа юм бол ганц гэрчийг яагаад асууж болдоггүй юм бэ? гэх саналыг шүүхэд хэлмээр байна. М.Долгорсүрэнгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараагаар энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн Т.Чинзориг би худал мэдүүлэг өгчихсөн юм. Хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгөхөд өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, нэг нутаг усны хүмүүс юу гэж ялладаг юм бэ? танай компаний хувь заяа миний гарт байна, эхнэрийг чинь яллагдагчаар татна, өмгөөлөгч авах хүсэлтэй байна гэхэд надаас асуучих гээд сууж байсан. Прокурорууд хэрэг дээр хяналт тавьж байгаа ч процесс дээр ийм асуудлууд гарч ирдэг. Өмгөөлөгч авах гэхээр ойрхон байгаа өмгөөлөгчийг шууд тулгаад ч юм уу? шууд оруулдаг мэр сэр асуудлууд гарсан. Үүнийг болиулсан. Гэхдээ эрүүгийн төлөөлөгч нар хэзээ ч өмгөөлөгч оролцуулдаггүй. Хэрэг мөрдөн рүү шилжих үед мөрдөгч аль хэдий нь нөгөө хүнийг нь гэрчээр асуучихсан, ямар хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар хийх ёстой бүх ажиллагааг хийчихсэн байдаг. Ийм асуудал гарч ирдэг. Хүний амь амьдрал шийдэж байгаа учраас эхнээс нь гаргасан асуудлаар шалгахыг нь шалгаад, 3.000.000 төгрөгийг үнэхээр тэр тендер сонгон шалгаруулалтын дараа өгөөд тэрийг нь авсан байна уу? үнэхээр өөртөө давуу байдал бий болгох гээд тендерийн давуу байдал үүсгэх гэж мөнгө өгөөд байна уу? гэх асуудлаар талуудаас гаргаад байгаа хүсэлтийг яагаад хангаад хүний гомдлыг барагдуулчихаж болдоггүй юм бэ? Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаа ямар нэгэн маргаангүй болсон гэдэг боловч яллах дүгнэлт дээр өөртөө давуу байдал бий болгох гээд, нөгөөдөх нь ажил албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 3.000.000 төгрөг авсан гэж үзээд байгаа. Үүнийг эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд гаргасан саналаа дэмжээд ашиг сонирхлын зөрчил, илт давуу байдал үүсгэсэн нөхцөл байдал байна уу? үгүй юу? гэдгээр Сангийн яамны худалдан авах ажиллагаа зохион байгуулах шинжээч нараар дүгнэлт гаргуулаад М.Долгорсүрэнг гэрчээр асуулгаж үнэхээр банзны наймаатай холбоотой асуудал байна уу? үгүй юу? гэдгийг шалгуулсны дараагаар хүний амь, амьдралыг шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгч нарын хувьд үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Даваасүрэн нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “Богдын буян”ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд тус компанийн захирал, иргэн Т.Чинзоригоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг. мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Долгорсүрэнгийн ХААН банкан дахь харилцах 5564049482 дугаарын дансаар шилжүүлэн авсан  үйл баримт,

Шүүгдэгч Т.Чинзориг нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн 100 хувь хувь эзэмшдэг “Богдын буян” ХХК-г Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр. мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, Соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон Б.Даваасүрэнд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан  тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус иргэн Д.Долгорсүрэнгийн ХААН банкан дахь харилцах 5564049482 дугаарын дансаар шилжүүлэн өгсөн үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Даваасүрэн нь энэ хуульд заасан  “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байгаа болох нь Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /2хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Даваасүрэнгийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар /2хх-ийн 48-53 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Даваасүрэн нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан,

 Шүүгдэгч Т.Чинзориг нь өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Гэрч Б.Долгорсүрэнгийн “...Би Хаан банкны 5564049482 дугаартай данс эзэмшдэг. Т.Чинзориг, Г.Наранбат, Э.Басхүү, Ц.Ганхуяг гэх хүмүүсийг танихгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 8 дугаар хуудас/,

 Гэрч Б.Мөнхбатын “...Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 10 жилиин сургуулийг 2003 онд төгссөн, 2003-2007 оны хооронд Улаанбаатар хотод ШУТИС- ийн Эрчим хүчний инженерийн сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. 2007-2014 оны хооронд Улаанбаатар хотод хувийн байгууллагад ажиллаж амьдарч байсан. 2014-2018 оны хооронд Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн. 2018 оны 02 дугаар сараас хойш Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого. төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 2 сараас эхлэн тус газартаа ахлах мэргэжилтэн болсон. Би Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Даваасүрэн, “Богдын буян” компанийн захирал Т.Чинзориг нарыг ажил хэргийн шугамаар танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Б.Даваасүрэнтэй өөр алба ч гэсэн нэг газар ажиллаж байгаа учраас танина, харин Т.Чинзориг нь 2018 оны 3 сар хүртэл Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн хүнс хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан түүнийг 2014 оноос хойш таньдаг болсон. Би 2020 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар дээрх ажлуудын үнэлгээний хорооны гишүүнээр орж ажилласан. Мэргэд сургуулийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт аймгийн орон нутгийн өмчийн газраас цахимаар 2020 оны 03 сарын 04-ний өдрөөс 04 сарын 03-ны өдрийн хооронд зарлагдсан. Тендерийг нээж бичиг баримттай танилцахад 2 компанийн үнийн санал болон материалаа ирүүлсэн. Тус материалтай танилцахад Мөнх-Урлал компани нь 26.500.000 төгрөгөөр ажил гүйцэтгэнэ гээд засварын ажлын материал ирүүлсэн байсан учраас шаардлага хангаагүй үндэслэлээр шалгараагүй. Харин энэ ажилд “Богдын буян” компани нь 49.500.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд материалыг нь үзэж танилцахад ижил төстэй ажил гүйцэтгэж байсан, санхүүгийн чадамжтай байсан, татварын өртэй эсэхийг нь миний хувьд шалгаж чадаагүй бусад шаардлагуудыг хангаж байсан. Ингээд миний хувьд тус компани шалгаруулах санал өгсөн. 13-р цэцэрлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын тендер мөн дээрх хугацаанд нэг багцаар нь явагдаж Богдын буян компани ганцаараа оролцсон. Мөн л миний хувьд татварын өртэй эсэхийг нь шалгаагүй, бусад шаардлагуудыг шалгаад хангаж байсан учраас энэ ажилд Богдын Буян компанийг сонгосон өөр компани оролцоогүй. Үнэлгээний хорооны даргаар Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Даваасүрэн, орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Эрдэнэсүрэн нарийн бичгийн даргаар, би болон иргэний төлөөлөл Г.Даваатогтох, Г.Ууганбаяр нар ажилласан. Манай үнэлгээний хороо нэг л удаа хуралдсан, тэр хурал нь тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурал байсан бусад зүйлийг нь нарийн бичгийн дарга өөрөө хийсэн. Тендер нээх үед нь би ажилтай таараад оролцож чадаагүй, үүн дээр тэмдэглэл хөтөлсөн байсан бөгөөд би сүүлд нь буюу тэр өдрийн үдээс хойш ирээд нөхөж гарын үсэг зурж байсан. Цахим тендер нээгдэх үед компаниудын лавлагаа мэдэгддэг бөгөөд яг тэр үед нь би байхгүй байж таарсан. Үүний дараа энэ компанийг татварын өртэй гэж хэн нэгэн надад хэлээгүй юм. Тэгээд бусад шаардлагыг хахангаж байсан учраас сонгосон. Тус компанийг сонгох талаар надад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Би дээрх ажлын хүлээн авах комисст орж ажиллаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181-182 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхбатын... Би урьд нь мэдүүлэг өгөхдөө материал харсан боловч дутуу харсан байна. Тендерийн тэмдэглэлээс одоо харахад “Богдын буян” компани болон “Буянт хурд” компани үнийн санал материал ирүүлсэн байна. “Буянт хурд” компанийн материал үнийн санал ирүүлсэн талаарх баримт арвын хуудсанд байсныг анзаараагүй хараагүй учраас нэг компани үнийн санал ирүүлсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. 13 дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд бол 2 компани үнийн санал ирүүлсэн. 2020 оны тендер бөгөөд 19 багц ажилд олон компаниудаас үнийн санал ирүүлж байсан. “Буянт хурд” компани нь 19.900.000 төгрөгийн үнийн санал өгсөн боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас шалгараагүй байх. Би энэ талаарх материалыг  эргэж харахгүй бол яг энэ шаардлагыг хангаагүй байна гэж тодорхой хэлж мэдүүлж чадахгүй байна. Ямар ч байсан шаардлага хангаагүй учраас шалгараагүй байх. Дээрх үнэлгээний хорооны хуралд Г.Даваатогтох сууж байсан эсэхийг нь тодорхой санахгүй байна, гэхдээ Г.Даваатогтох нь иргэний төлөөлөл учраас үнэлгээний хороонд бол ордог. Харин хуралд Даваасүрэн, Эрдэнэсүрэн нар байсан. Ууганбаяр ч гэсэн байсан санагдаж байна. Бид хурлаараа шаардлага хангасан компаниудаа шалгаруулаад явсан. “Богдын буян” компани нийлүүлэх тоног төхөөрөмжийн үнэ үзүүлэлт бүхий материалаа ирүүлсэн учраас шалгарсан. Би яг ямар материал ирүүлснийг нь одоо санахгүй байна. Б.Даваасүрэн нь 2016 оны сүүл үеэс эхлэн Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Үүнээс өмнө Б.Даваасүрэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажилладаг байсан. Дээрх 19 багц ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Б.Даваасүрэн нь ажилласан юм гэсэн мэдүүлэг /1хх-ийн 194 дүгээр хуудас/, Гэрч Т.Эрдэнэсүрэнгийн “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р сургуулийг 2005 онд төгссөн. 2006-2010 оны хооронд Өвөрхангай аймгийн ШУТИС-ийг технологич инженер мэргэжлээр төгссөн. 2010-2013 оны хооронд Арвайхээр сумандаа ажилгүй байсан, 2013 оны 5 сард Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэргийн ажилтнаар ажилд ороод 2016 оны 9 сард мэргэжилтэн, 2018 оны 02 сард тус албандаа ахлах мэргэжилтнээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би 2021 оны 08 сарын 1-ний жирэмсэн болон амаржсаны чөлөө аваад одоогоор гэртээ байгаа. Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Даваасүрэн нь манай дарга байгаа юм ажил хэргийн шугамаар танина, Богдын буян компанийн захирал Т.Чинзориг нь 2013 онд намайг ажилд орох үед аймгийн тамгын газрын мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд мөн л хамт ажиллаж байсан болохоор танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Би дээрх ажлуудын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Тус ажлуудын сонгон шалгаруулалт нь 2020 онд тендерийг цахимаар сарын хугацаатай зарласан. Энэ тендер нь нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл цахимаар зарласан учраас дээрх ажлуудад хэдэн ч компани үнийн санал, материалаа ирүүлэх боломжтой. Тус тендерт нэг компани үнийн санал ирүүлээд шаардлага хангаж байвал шалгаруулж болно. Мэргэд сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх 2-р багцад Богдын буян компани 49.500.000 төгрөгийн үнийн санал, Мөнх-Урлал компани 26 сая орчим төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Мөнх-Урлал компанийн хувьд хэт үндэслэлгүй үнийн санал ирүүлсэн мөн техникийн болон нөхцөл шаардлагыг хангаагүй тул шалгараагүй. Тухайн багцад үнийн санал ирүүлсэн Богдын буян компани нь шаардлагад нийцсэн материал үнийн санал ирүүлсэн учраас тендерт шалгарсан. Богдын буян компани хуулийн 14-16 дугаар зүйлд заасан санхүүгийн болон техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан буюу нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг тулгаж үзэхэд зөрчилгүй байсан. Татварын өргүй байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй байсан, санхүүгийн тайлан дахь борлуулалтын орлого нь 2018 онд 208 сая гаруй төгрөг, 2019 онд 566 сая гаруй төгрөг байсан, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан байх шаардлагатай бөгөөд 2018, 2019 онуудын аль нэг жилд тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн буюу 50 саяын багцын ажлын 30 хувьд хүрсэн ажил гүйцэтгэж байсан байх шаардлагатай байсан бөгөөд энэ шаардлагыг хангаж байсан. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээг мөн хангаж байсан. Ямар нэгэн газарт өр төлбөр зээлгүй байсан. Арвайхээр сумын 13-р цэцэрлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд Богдын буян компани нь ганцаараа үнийн санал ирүүлсэн. Ирүүлсэн материалууд нь шаардлага хангаж байсан учраас шалгарч байсан.  Надад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 184-185 дугаар хуудас/,

 Гэрч Б.Ууганбаярын “...Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Даваасүрэн болон “Богдын буян” компанийн захирал Т.Чинзориг нарыг ерөнхийдөө нэг нутгийн нэг газар амьдардаг учраас танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би дээрх ажлуудын үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Тухайн сонгон шалгаруулалт цахимаар зарлагдсан. 202 оны 04 дүгээр сард тендерийг нээхэд маш олон багц ажилд компаниуд  үнийн санал ирүүлсэн байсан. Тухайн үед олон багцад олон компани оролцсон бөгөөд багц тус бүрээр нь оролцсон компаниудад шалгаруулалт хийж шаардлага нөхцөлийг хангаж байна уу гэдгийг үндэслэн тухайн багцад компанийг шалгаруулсан. Яг дээрх ажилд ямар компани шалгарсныг санахгүй байна. Үнийн дүн болон урьд ажил гүйцэтгэж байсан туршлага бүх нөхцөлийг хангасан компаниудыг шалгаруулсан.  Миний мэдэхээр “Богдын буян” компани мэр сэр тендерт харагдаад байдаг. Ажлаа сайн гүйцэтгэдэг компани гэж ойлгодог. Тус компани тендерийн шаардлага хангасан учраас шалгаруулсан байна. 2020 оны уг тендерт олон багц байсан учраас яг нарийн тэр компани шалгарч байсан гэж тодорхой санахгүй байна. Тухайн шалгаруулалт явагдах үед үнийн санал материал ирүүлсэн компаниудыг бүрэн шалгаж шаардлага хангаж байсан компаниудыг нь шалгаруулсан. Миний санаж байгаагаар зарим багц нь хойшлогдож байсан. Дээрх ажлуудад яг хэдэн компани үнийн санал ирүүлж байсныг ч тодорхой санахгүй байна. Дээрх үнэлгээний хорооны хуралд Г.Даваатогтох сууж байсан эсэхийг тодорхой санахгүй байна. Г.Даваатогтох гэдэг түүхий эд авдаг залуу үнэлгээний хороонд их ордог бөгөөд хаяа тааралддаг. Харин хуралд Даваасүрэн , Эрдэнэсүрэн, Мөнхбат нар бол байсныг санаж байна. Хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн тендерт шаардлага хангаж байсан компаниуд нь сонгогдоод явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 192 дугаар хуудас/,

Гэрч Б.Ганчөдөрийн “...Би 2008 онд Хан-Уул дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөөд 2008-2013 онд “Бимэкс” ХХК-д зохион байгуулагчаар, 2013-2018 онд жирэмсний амралттай байж байгаад 2018-2020 онд Санхүүгийн менежментийн академид сургалтын менежерээр ажиллаж байгаад гарсан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна.  Б.Даваасүрэн нь миний төрсөн ах, Д.Долгорсүрэн нь овог нь өөр боловч миний төрсөн эгч, П.Бум-Аюуш нь манай ээжийн хамаатан байгаа юм. Манай нөхөр Ерхүү нь хувиараа хүнсний бүтээгдэхүүн борлуулж 21 аймаг руу  бараа бүтээгдэхүүн явуулдаг Өвөрхангай аймаг хэд хэдэн дэлгүүр бараа бүтээгдэхүүн хүргүүлээд дараа нь  төлбөр тооцоо авдаг. Ихэнхдээ төлбөрөө нөхөр лүү шилжүүлдэг заримдаа мөнгөө бэлэн өгөхөөр болоод Д.Долгорсүрэн эгчийг гуйдаг, Дээрх гүйлгээ нь Д.Долгорсүрэн эгч барааны мөнгийг аваад шилжүүлсэн тохиолдол байх. Бараа бүтээгдэхүүний тооцоотой өглөгөө өгөхгүй хүмүүсээс Д.Долгорсүрэн эгч мөнгө авч явуулсан. Ямар нэгэн, аж ахуй нэгжээс авсныг мэдэхгүй байна. Манай нөхөр Ерхүү нь хүнсний бараа худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Даймонд Фүүдс” ХХК-ийн захирлаар ажилладаг БНХАУ, ОХУ-с бахаа бүтээгдэхүүн оруулж ирж түгээдэг. Би Б.Даваасүрэн ахаас 3.320.000 төгрөгийг зээлсэн юм. Тэгсэн Бум-Аюуш ахаас зээлэээд надад өгсөн юм байна лээ. Тэрийг нь би буцаагаад өгсөн. Бум-Аюуш ахтай нэг их харилцаа холбоо байдаггүй. Энэ данс нь яг хэнийх байсныг одоо санахгүй байна.  Б.Даваасүрэн миний төрсөн ах бид нар эцэг эхээс тавуулаа Б.Даваасүрэн ах Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэцэрлэг, сургуульд суралцаж 2013 онд Халх журам дээд сургуулийг суралцаж төгссөн. Одоогоор Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажилладаг. Арвайхээр хотод эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 Гэрч П.Бум-Аюушийн “...Бат-Оршихын Даваасүрэнг танина ямар ч байсан Өвөрхангай аймгийн Захиргаанд ажилладаг. Б.Даваасүрэнгийн ээж нь манай эхнэрийн ээжийн төрсөн дүү нь байгаа юм өөрөөр хэлбэл хопын хамаатан би эднийнхний хүргэн хүн гом. “Богдын буян” компанийн захирал Т.Чинзориг гэх хүнийг танихгүй. Би яг ямар данснаас мөнгө орж ирснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 3.320.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгө нь Б.Даваасүрэн надаас хашаа байшин худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл мөнгө байгаа юм. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р багийн 10-р гудамжинд байрлах хашаа байшинг 30 сая төгрөгөөр 2018, 2019 оны үед байх Б.Даваасүрэнд зарсан юм. Уг хашаа байшинг би өөрийн охиндоо зориулж барьсан боловч манай охин Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас уг хашаа байшингаа зарсан. Манай охин Бум-Аюушийн Цэрэнжаргалын нэр дээр тус хашаа байшингийн гэрчилгээ гарсан байсан бөгөөд Даваасүрэн шилжүүлж авсан байх. Энэ хашаа байшинг зараад мөнгийг нь би цувуулаад бэлнээр болон дансаар авсан санагдаж байна. Энэ 3.320.000 төгрөг бол энэ хашаа байшингийн мөнгөний үлдэгдэл төлбөр байгаа юм. Б.Ганчөдөр нь Б.Даваасүрэнгийн төрсөн дүү нь байгаа юм. Би Б.Даваасүрэнтэй хашаа байшингаас өөр наймааны асуудал байхгүй, бидний хооронд өр авлагын асуудал байхгүй. Үхэр, мал зарсан асуудал байхгүй. 2021 оны 12 сарын 03-ны өдөр 16 цаг 26 минутаас хойш Б.Даваасүрэн над руу залгаж “намайг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм шиг байна, танд юу гэж ярьж байна гэхээр нь би ярьж болохгүй гэсэн шүү дээ, та нарын ажлыг мэдэхгүй би хашаа байшин зарсан 30 сая төгрөгөө авсан гэж тэрийгээ хэлсэн” гэж хэлсэн. Над руу залгаад амар заяа үзүүлэхгүй эхнэрийн талын мэддэг хүн болохоор нь ярьчихсан юм. Намайг Б.Даваасүрэн нь ингэж хэлээрэй, тэгж хэлээрэй гэж хэлсэн зүйл байхгүй, би тийм юм хүлээж авахгүй, үнэн зөвөө л хэлж байна. Б.Даваасүрэн нь орой унтах гэж байхад залгаж байсан. Мөн Б.Ганчөдөр над руу оройхон залгаж байсан ахыг Авлигатай тэмцэх газраас шалгаад байгаа юм шиг байна та юу гэж хэлсэн бэ гэж асуухаар нь би хамаагүй ярьж болохгүй гэсэн гээд салгасан. Миний мэдүүлсэн зүйлүүд үнэн зөв. Манайх суурин Жи мобайлын утастай бөгөөд тэр утсаар над руу ярьсан. Жи мобайл дугаар маань 98882215 дугаартай. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 196 дугаар хуудас/,

 Тендерийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 39 дүгээр хуудас/, Тендерийн нээлтийн тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 170-171 дүгээр хуудас/, 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/64 дугаартай “Жагсаалт батлах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 41 дүгээр хуудас/,

 Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаартай “Зардал хуваарилах тухай” захирамжийн хавсралт /1хх-ийн 42- 43 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/46 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 44 дүгээр хуудас,  Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар хуудас/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газраас Б.Даваасүрэнд олгосон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтанд амжилттай оролцсон тул гэрчилгээ олгов” гэсэн агуулгатай гэрчилгээний хуулбар /1хх-ийн 51 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас боловсруулсан “Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” /1хх-ийн 59-113 дугаар хуудас/, Тендерийн урилгын хуулбар /1хх-ийн 114 дүгээр хуудас/, Тендерийн урилгыг Теndег.mn” сайтад байршуулсан талаарх баримт /1хх-ийн 115-119 дугаар хуудас/, Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /Тендерийн нээлт дээр зарлагдсан дүнгээр/ ... Арвайхээр сумын Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмж ... “Богдын буян” ХХК 49,500,000 төгрөг ... Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмж ... “Богдын буян”ХХК 21,000,000 төгрөг... /1хх-ийн 120-125 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 34 дугаартай Аймгийн засаг дарга Ц.Ганболдод хүргүүлсэн “Үнэлгээний дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх тухай” зөвлөмжийн хуулбар /1хх-ийн 162-163 дугаар хуудас/, Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар /1хх-ийн 164-167 дугаар хуудас/,  Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/114 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 168 дугаар хуудас/, Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ /гүйцэтгэгч: Богдын буян ХХК/, Арвайхээр сумын “Мэргэд” цогцолбор сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ /гүйцэтгэгч: Богдын буян ХХК/ зэргийн хуулбар /1хх-ийн 142-161 дугаар хуудас/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 178 дугаар хуудас/, Хаан банкин дахь иргэн Д.Долгорсүрэнгийн 5564049482, “Богдын буян”ХХК-ийн 5540302001, Т.Чинзоригийн 5034372837, Т.Ганчөдөрийн 5028231204 дугаартай, П.Бум-Аюушийн харилцах данснуудын  хуулгууд/, Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /2хх-ийн 47 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар /2хх-ийн 48-53 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын “Богдын буян” ХХК-д хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаартай албан бичгийн хуулбар /2хх-ийн 60 дугаар хуудас/, “Богдын буян”ХХК-иас Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт гаргаж өгсөн үнийн санал, мэдэгдэл, Дөлгөөн хайрхан уул ХХК-ийн аудитын тайлан, татвар, нийгмийн даатгалын өргүй талаарх баримт, шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн өргүй талаарх лавлагаа, арилжааны банкнууд дахь зээлгүй талаарх баримтууд /2хх-ийн 84-122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Даваасүрэн нь шүүх хуралдаанд “...М.Долгорсүрэн эгч банз байгаа. Тэрийгээ зарна гэсэн зүйл ярьж байсан учраас манай эгчид банз байгаа тэрийг сонирхож үзэх юм уу? гээд утсаар холбогдуулсан. Тэгээд авахаар болж энэ хоёр тохиролцсон гэсэн. Надтай Т.Чинзориг банзны мөнгөө шилжүүлмээр байна гэж ярихаар нь би эгч рүү залгатал аймагт байдаг Догоо эгчийнхээ дансыг өгчих гэж хэлсэн. Би дансыг нь өгсөн. Тэгээд энэ хэд мөнгөө шилжүүлж авцгаасан юм билээ. Би энэ хэрэгт гүтгэгдэж холбогдсон. Ерөнхийдөө дунд нь зуучилж өгч дансыг нь өгсөн” гэж,

            Шүүгдэгч Т.Чинзориг “...Цагдаагийн албан хаагч Үл-Олдох гэж залуу надаас дарамталж, хөтөлж мэдүүлэг авсан. Танай компанийн хувь заяа миний гарт байна. Эхнэрийг чинь яллагдагчаар татна. Чи хэрэг хийсэн учраас шууд шоронд орно, хэргээ хүлээгээд аятайхан сал гэх мэт хүнд үгсээр айлгаж, дарамталж мэдүүлэг авч хөтөлж гарын үсэг зуруулсан. Энэ яригдаж байгаа асуудал миний банз авсан л асуудал байсан. Энэ хэргийг өөртөө хүлээх ёстой юм байна гэж бодоод гарын үсэг зурсан. ...Тухайн үед зудтай маш хүнд үе байсан. Тэр үед аймгийн хэмжээнд банз олдохгүй байсан. Би нэлээд хэдэн хүнээс банз асууж явж байсан. Тэгээд захиргаан дээр ажилтай явж байгаад олон хүн дотор байдаг учраас мэдэж магадгүй гэж бодоод Б.Даваасүрэнгээс банз зарах хүн байна уу? гэж асуутал нэг хүнтэй холбож өгсөн. Би банзны мөнгө гэж 1.000.000, дараа нь 2.000.000 төгрөг шилжүүлсэн” гэж тус тус мэдүүлсэн,

             Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч Р.Шүрхүү: “...Хавтаст хэрэгт цугласан материал болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээс харахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. ...Шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад мөнгө өгсөн асуудал байгаа. Гэхдээ энэ нь миний эгч Долгорсүрэнтэй банзны наймаа хийсэн. М.Долгорсүрэнг гэрчээр асуух ёстой. Дээд байгууллагаар гаднаас хэн нэгэн нөлөөлсөн, хууль журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт заавал гаргуулах шаардлагатай гэсэн, 

            Шүүгдэгч Т.Чинзоригийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, Б.Батсайхан нар нь нь дүгнэлтээ нэгтгэж дүгнэлтийг Т.Оюунчимэг өмгөөлөгч гаргахдаа: “...хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй. Т.Чинзоригийн хувьд тодорхой хэмжээгээр дарамталж мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэрчээр 2 удаа мэдүүлэг өгөхдөө Үл-Олдох байцаагч айлгаж, дарамталж мэдүүлэг авсан. ... Сангийн яамны худалдан авах ажиллагаа зохион байгуулах шинжээч нараар дүгнэлт гаргуулаад М.Долгорсүрэнг гэрчээр асуулгаж үнэхээр банзны наймаатай холбоотой асуудал байна уу? үгүй юу? гэдгийг шалгуулсны шийдвэрлэх боломжтой” гэсэн санал, хүсэлт тус тус гаргасан боловч энэ хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь

 

Шүүгдэгч Т.Чинзориг нь Б.Даваасүрэнгээс банз асууж Б.Даваасүрэн нь өөрийн эгч М.Долгорсүрэнд банз байгаа тухай хэлж Т.Чинзоригоос банзны үнэнд 3.000.000 төгрөг шилжүүлсэн гэх асуудал яригдаж байх боловч Т.Чинзориг нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн 100 хувь хувь эзэмшдэг “Богдын буян” ХХК-ийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол. соёл. спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон албан тушаалтан Б.Даваасүрэнд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор аливаа хэлбэрээр эд зүйл, мөнгө өгсөн  нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах тендэрт оролцсон тухай хавтаст хэрэгт авагдсан баримтууд,  гэрч Б.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хаан банкны 5564049482 дугаартай данс эзэмшдэг. Т.Чинзориг, Г.Наранбат, Э.Басхүү, Ц.Ганхуяг гэх хүмүүсийг танихгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 8 дугаар хуудас/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 178 дугаар хуудас/, Хаан банкин дахь иргэн Д.Долгорсүрэнгийн 5564049482, “Богдын буян”ХХК-ийн 5540302001, Т.Чинзоригийн 5034372837, Т.Ганчөдөрийн 5028231204 дугаартай, П.Бум-Аюушийн харилцах данснуудын хуулгууд зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх баримтуудаас үзэхэд Б.Даваасүрэнд авлига өгөх санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.        

 

Шүүгдэгч Б.Даваасүрэн нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах тендэрт оролцож байгаа “Богдын буян” ХХК-ний захирал Т.Чинзоригоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Долгорсүрэнгийн ХААН банкин дахь харилцах 5564049482 дугаарын дансаар шилжүүлэн авсан болох нь  “Богдын буян” ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах тендэрт оролцсон тухай хавтаст хэрэгт авагдсан баримтууд,  гэрч Б.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хаан банкны 5564049482 дугаартай данс эзэмшдэг. Т.Чинзориг, Г.Наранбат, Э.Басхүү, Ц.Ганхуяг гэх хүмүүсийг танихгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 8 дугаар хуудас/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 178 дугаар хуудас/, Хаан банкин дахь иргэн Д.Долгорсүрэнгийн 5564049482, “Богдын буян”ХХК-ийн 5540302001, Т.Чинзоригийн 5034372837, Т.Ганчөдөрийн 5028231204 дугаартай, П.Бум-Аюушийн харилцах данснуудын хуулгууд зэргээр тогтоогдож байна. Энэ нь шүүгдэгч Б.Даваасүрэн  нь өөрийн албан тушаал, ажил үүрэгтэйгээ холбоотойгоор сонгон шалгаруулалтад оролцож байгаа этгээдээс аливаа хэлбэрээр эд зүйл, мөнгө авсан нь хахууль авах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

 

Энэхүү гэмт хэргийн субъект нь болох нийтийн албан тушаалтан хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.

 

Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.Даваасүрэн нь Т.Чинзоригоос өөрийн төрсөн эгч Долгорсүрэнгийн ХААН банкны дансаар дамжуулан 3.000.000 төгрөгийг хахуульд авахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд 3.000.000 төгрөгийг хахуульд авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт нь хуульд заасан журмын дагуу явагдсан ба үнэлгээний хорооны гишүүд “Богдын буян” ХХК-иас ирүүлсэн материалыг шаардлагад нийцсэн гэж үнэлэн шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд үнэлгээний хорооны үйл ажиллагаа болон шийдвэрт Б.Даваасүрэнгийн зүгээс хууль бусаар нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан. Эрүүгийн хуульд хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийг “мөнгөн хөрөнгө, эд зүйл өгсөн, авсан” үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгсдөг болохыг тодорхой зохицуулсан байх тул шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн Монгол улсын сангийн яамны худалдан авах ажиллагаа хариуцсан нэгжид хандан шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт үндэслэлгүй байна. 

 

Шүүгдэгч Т.Чинзориг нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “ өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” этгээд байх тул гэрчээр, хууль сануулж авсан мэдүүлгийг шүүгдэгч Т.Чинзоригийн  гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Даваасүрэн  нь албан тушаалын байдлаа ашиглан  хялбар аргаар мөнгө олж авах, шүүгдэгч Т.Чинзориг  нь өөртөө бусдаас давуу байдал олж авах гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл  болсон гэж дүгнэлээ.

 

            Улсын яллагчийн шүүгдэгч Б.Даваасүрэнг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Т.Чинзоригийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

            Иймд Шүүгдэгч Боржигон овогт Бат-Оршихын Даваасүрэнг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Маньдаа овогт Түмэнжаргалын Чинзоригийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

 Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:   “...Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг хэлэхдээ тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, хувийн байдал, мөн шүүгдэгч нар нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Т.Чинзоригийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийн 2 жилийн хугацаагаар хасч, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах  саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Даваасүрэнд оногдуулахаар гаргасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн хахуульд авсан 3.000.000 төгрөгийг Т.Чинзоригт буцааж өгсөн нөхцөл байдал тогтоогдсон учир шүүгдэгч Т.Чинзоригоос гэмт хэрэг үйлдэх замаар бий болгосон 3.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгч Б.Даваасүрэнд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглүүлэх саналтай байна. Шүүгдэгч Т.Чинзоригийн хувьд хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэлсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарыг шүүхээс гэм буруутай тооцсон тул эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргах шаардлагатай болж байна. Эрүүгийн хариуцлага нь хүнийг залхаан цээрлүүлэхдээ биш тэр хүнийг хүмүүжүүлж төлөвшүүлэх зорилго, агуулгатай байдаг. Б.Даваасүрэнгийн нас, ажилласан байдал, гэр бүлийн байдлыг харгалзаж заавал түүнийг хорих байгууллагад залхаан цээрлүүлэх боломжгүй гэж үзэж байна. Хэдийгээр энэ хэрэгт хохирлыг тооцдоггүй ч хохирлын хэмжээ үнэхээр бага буюу 3.000.000 төгрөгийн асуудал байгаа. Мөн тохиолдлын шинжтэйгээр энэ хэрэгт холбогдсон. Иймд Б.Даваасүрэнгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн хамгийн доод хэмжээгээр оногдуулж, нийтийн албанд томилох эрхийг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн төлөх торгуулийг 3 жилийн хугацаанд хувааж төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Т.Чинзоригийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс Т.Чинзоригийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гарч байна. Гэмт хэргээс учирсан хохирол, хор уршиг байхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын саналыг шүүхэд гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Т.Чинзоригийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч Т.Чинзоригийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан. Т.Чинзоригийн хувьд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэгт хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Т.Чинзориг энэ асуудалд холбогдсоноос хойш өөртөө дүгнэлт хийсэн. Энэ талаар мөн шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан. Тендер гэх үгийг сонсохоор сэтгэл санаа үймэрч, тавгүй болж байгаа гэдэг нь өөрөө энэ гэмт хэрэгт гэмшсэн байдал нь байгаа гэж харагдаж байна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэгдсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэх хууль бусаар хахуульд өгсөн мөнгө гэж ойлгож байна. Т.Чинзоригийн хувьд хорихоос өөр төрлийн хариуцлага хүлээлгэхээр санал гаргасан учраас гэмт хэргийн улмаас олсон орлого гэх асуудал яригдахгүй гэж ойлгож байна. Иймд 3.000.000 төгрөгийг гаргуулах улсын яллагчийн саналыг хүлээж авахгүй байх үндэслэлтэй байна гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг  тус тус гаргав.

 

            Шүүгдэгч Б.Даваасүрэн, шүүгдэгч Т.Чинзориг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бат-Оршихын Даваасүрэнг  нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000  /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч Маньдаа овогт Түмэнжаргалын  Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж  гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.0000.000  /гурван сая/ төгрөгөөр  торгох ял  шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэнд оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Т.Чинзоригт  оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,   

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Т.Чинзоригт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.

 

Шүүгдэгч Б.Даваасүрэн, шүүгдэгч Т.Чинзориг нарын үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбогдуулан, шүүгдэгч Т.Чинзориг хахууль авах гэмт хэргийн улмаас олсон орлогыг шүүгдэгч Б.Даваасүрэнгээс буцаан авсан гэх байдлыг үндэслэн Т.Чинзоригийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос 3.000.000 төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

             

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Т.Чинзоригийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, 

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Оршихын Даваасүрэнг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Маньдаа овогт Түмэнжаргалын Чинзоригийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бат-Оршихын Даваасүрэнг  нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000  /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Маньдаа овогт Түмэнжаргалын  Чинзоригийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж  гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.0000.000  /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэнд оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар, шүүгдэгч Т.Чинзоригт оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.  

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Т.Чинзоригт  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус ял оногдуулсан үеэс  тоолж эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Т.Чинзоригийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР