Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

 

   2022        02          28                                      2022/ШЦТ/71

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Ц.Б

Хохирогчийн өмгөөлөгч З.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сд холбогдох эрүүгийн 2125003790003 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Сг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Хүлэг” хүнсний захын урд талд Ц.Бгийн зүүн гарын долоовор хурууг мушгиж газарт унагаан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

        -шүүгдэгч Д.Сн мэдүүлсэн: 10 дугаар сарын 31-ний орой Хүлэг захын гадаа О согтуу байсан, эд нар архи уусан байсан. О нь намайг янхан банзал гэж доромжилсон. Б нь ирээд намайг доромжилсон. Тэгэхээр нь би гарын хурууг нь хойш нь дарчихаад яваад өгсөн. Б нь намайг заамдангуут би гарын хурууг нь доош нь дарсан. Би мөнгө төлж чадахгүй, хүүхдүүдтэйгээ амьдардаг гэх мэдүүлэг,

-хохирогч Ц.Бгийн мэдүүлсэн: Намайг 6 цаг гээд ажлаасаа тараад байж байхад О намайг 2-3 хүн зодоод байна гэхээр нь очиход Д.Со, түүний найзууд байсан. Би олон үгээр Д.Сог доромжлоогүй. Гэтэл намайг олон шээс гаргасан гэж яахаараа доромжилдог юм гэж заамдсан. Хурууг маань мушгисан. Тухайн үед эмнэлгээр явж зургаа авахуулсан. Зургаа авхуулахад хуруу маань гэмтсэн гээд 2 сарын хугацаанд листтэй байсан. Цалингийн зөрүү 301,614 төгрөг нэхэмжилнэ. 1 сарын 4-нд ажилдаа орсон гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:   

- хохирогч Ц.Бд учирсан гэмтлийн талаархи гэрэл зураг /хх-ийн 7-р хуудас/

-хохирогч Ц.Бгийн мэдүүлсэн...2021 оны 10 сарын 31-ний өдөр Хүлэг захын урд талд манай охин Оийг том биетэй шар үстэй нэг эмэгтэй үсдээд чирээд байхаар нь би салгаад байж байтал О зугтаад яваад өгсөн. Би араас нь Хүлэг худалдааны төвийн урд хороолол руу явдаг таксины зогсоолын ойролцоо явж байхад араас Со гэх эмэгтэй ирээд намайг заамдаад зүүн гарын долоовор хуруунаас бариад мушгиж газарт унагаасан. Тэр үед миний зүүн гар өвдөөд байсан.... Миний зүүн гар нэлээн хавдаад байхаар нь би охиноо өөрийнхөө оронд 2 өдөр ажиллуулсан. Тэгээд би эмнэлэгт үзүүлтэл миний зүүн гарын долоовор хурууг хугарсан байна гэсэн. Би бодохдоо зүгээр л хавдаж байгаад гайгүй  болчих байх юм болов уу гэсэн чинь хугарсан байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм. Гомдолтой байна. Манай гэрт ажил хийдэг хүн нь ганцхан би, сар бүр цалингийн зээлэнд 321,000 төгрөг  төлдөг. Би сард цалин гэж 669000 төгрөг авдаг. Нийгмийн даатгалын шимтгэлд 107,000 төгрөгийг төлдөг. Би акттай байх хугацааныхаа цалин болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр тал/

-гэрч Ц.Оийн мэдүүлсэн...би 2021 оны 10 сарын 31-ний өдөр “Хүлэг” захын хажууд уусан. Тэгээд “Хүлэг” зах дээр очиход Со ирсэн байсан. Намайг Жигүүрийг уруу татаж пиво уулаа гээд заамдаж авсан. Би Сод тайлбарлаж хэлээд зогсож байхад Согийн дүү гэх эмэгтэй ирээд “чи миний хүүхдийг эцэггүй болгосон” гээд намайг үсдээд авахаар нь би аймгийн захиргаа орж цагдаа дуудна гэсэн чинь С намайг явуулахгүй байсан. Би ногооны зах руу ороод ээж Б руу залгаад дуудсан. Манай ээж Б ирээд ...ээж Бг С заамдаад гарыг нь барьчихсан “Хүлэг” захын таксины зогсоол дээр зогсож байсан. Би Тэдди зах руу ороод хэсэг байж байгаад гараад ирэхэд ээж Б харагдахгүй байсан. Ээж ХААН банкны хажууд байсан ба би яваад очиход ээж зүүн гараа бариад гэмтчих шиг боллоо гэсэн. Ээжийн гар нь аймар хавдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 670 дугаартай ...Ц.Бгийн биед зүүн гарын 2-р хурууны шивнүүр ясны далд хугарал, зүүн шанаа, баруун өвдөгт 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шивнүүр ясны далд хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/

-Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр 10-ны өдрийн 01 дугаартай ...Д.С нь сэтгэцийн хувьд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол, зан төрхийн өөрчлөлттэй.Энэ өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар алдсан, сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг.Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Д.С нь болсон үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй ...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26 дугаар тал/

-шүүгдэгч Д.Сн эмнэлэгийн картын хуулбар /хх-ийн 52-66-р тал/

-шүүгдэгч Д.Сн яллагдагчаар мэдүүлсэн... Б намайг хараад янхан, банзал, гичий, биеэ үнэлэгч эцэггүй 3 хүүхэд гаргасан гэж намайг хэл амаар 2-3 удаа доромжилсон...  Тэгээд би Б дээр өөрөө явж очоод би үнэхээр янхан банзалдаж явсан юм бол хяналтын камер шалгая гэтэл үгүй гэж Б хариулаад намайг заамдаад авахаар нь би нэг хурууг нь бариад хойшоо дарж доошлуултал Б газар өөрөө унасан. Би тэгээд яваад өгсөн. Би хохирогчоос гаргах нэхэмжлэлийг төлж барагдуулж чадахгүй. Би 3 хүүхдээ тэжээдэг.Эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Группын мөнгө гэж 188,000 төгрөг, 3 хүүхдийн мөнгө 300,000 төгрөг нийт 488,000 төгрөгийн орлоготой. Энэ мөнгийг нь би гэр ахуйн хэрэгцээ, үр хүүхдийнхээ өмсөх хувцас, түлээ нүүрс зэргийг авдаг /хх-ийн 34-35-р тал/гэх мэдүүлэг зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Д.С нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Хүлэг” хүнсний захын ойролцоо Ц.Бг хэл амаар доромжиллоо гэж маргалдан зүүн гарын долоовор хурууг мушгиж газарт унаган зүүн гарын 2-р хурууны шивнүүр ясны далд хугарал, зүүн шанаа, баруун өвдөгт 2 тооны зулгаралт бүхий гэмтэл учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Д.Сн үйлдлийн улмаас Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ц.Бгийн... Би араас нь Хүлэг худалдааны төвийн урд хороолол руу явдаг таксины зогсоолын ойролцоо явж байхад араас Со гэх эмэгтэй ирээд намайг заамдаад зүүн гарын долоовор хуруунаас бариад мушгиж газарт унагаасан. Тэр үед миний зүүн гар өвдөөд байсан. Тэгээд Сог ойр явж байсан залуу надаас салгаад аваад явсан...гэх мэдүүлэг, гэрч Ц.Оийн.... Тэгэхээр нь цаашаа зугтаад явж байтал ээж Бг С заамдаад гарыг нь барьчихсан “Хүлэг” захын таксины зогсоол дээр зогсож байсан... Ээж ХААН банкны хажууд байсан ба би яваад очиход ээж зүүн гараа бариад гэмтчих шиг боллоо гэсэн. Ээжийн гар нь аймар хавдсан байсан.....гэх мэдүүлэг,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 670 дугаартай ...Ц.Бгийн биед зүүн гарын 2-р хурууны шивнүүр ясны далд хугарал, зүүн шанаа, баруун өвдөгт 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шивнүүр ясны далд хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна… гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Д.Солонгын яллагдагчаар мэдүүлсэн... Б намайг хараад янхан, банзал, гичий, биеэ үнэлэгч эцэггүй 3 хүүхэд гаргасан гэж намайг хэл амаар 2-3 удаа доромжилсон...  Тэгээд би Б дээр өөрөө явж очоод би үнэхээр янхан банзалдаж явсан юм бол хяналтын камер шалгая гэтэл үгүй гэж Б хариулаад намайг заамдаад авахаар нь би нэг хурууг нь бариад хойшоо дарж доошлуултал Б газар өөрөө унасан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй боловч гэм буруугаа хүлээгээгүй.

Шүүгдэгч Д.С нь хохирогч Ц.Бгийн биед санаатай халдаж гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.С 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Хүлэг” хүнсний захын урд Ц.Бтай маргалдаж улмаар зүүн гарын долоовор хурууг мушгиж газарт унагаан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б: Хохирогч нь Д.Сг үг хэлээр доромжилсон тул заамдаж хурууг нь хойш нь дарсан гэдгээ өөрөө хэлсэн байдаг. Гэм буруутай гэж өөрөө үзэхгүй байгаа, өмгөөлөгчид энэ талаар хэлэх зүйлгүй гэж,

-хохирогчийн өмгөөлөгч З.Б: Шүүгдэгч нь хохирогч Ц.Бгийн хурууг үенийх нь эсрэг арагш нь дарсан тул доош сууж унасан байдаг. Үүний улмаас хүндэвтэр хохирол гэмтэл учирсан гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн эсэх, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн эсэх, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал,гарахад нөлөөлсөн шалтгаан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд хэрэг хариуцах чадвартай боловч  төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол, зан төрхийн өөрчлөлттэй болох нь Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр 10-ны өдрийн 01 дугаартай ...Д.С нь сэтгэцийн хувьд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол, зан төрхийн өөрчлөлттэй. Энэ өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар алдсан, сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Д.С нь болсон үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...гэх дүгнэлтээр тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзлээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ц.Б гэмтлийн улмаас ажиллаагүй хугацааны цалингийн зөрүү 301,614 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Ц.Б нь Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажилладаг бөгөөд сард 863,907 төгрөгийн цалинтай, 2021 оны 11, 12 сард 1,430,846 төгрөгийн цалин авахаас листээр 1,129,232 төгрөг авсан ба зөрүү 301,614 төгрөг болох нь Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албаны тодорхойлолт, санхүүгийн баримтаар тогтоогдсон байна. Иймд гэм буруутай шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй боловч хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн буюу Д.Солонгыг зохисгүй үг хэлээр олон нийтийн газарт доромжилж маргасан нь хэрэг гарахад нөлөөлсөн байх тул хохирогчийн цалингийн зөрүү 301,614 төгрөгийн 3/2 буюу 201,076 шүүгдэгчээс гаргуулж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц овгийн Дн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Солонгыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд шүүхээс оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       4. Шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сос 201,076 төгрөг гаргуулж  хохирогч Ц.Б /Орхон Баян-Өндөр сум Их залуу Шанд баг 23-18 тоот ДС70120209/-д  олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 100,538 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.АРИУНЦЭЦЭГ