Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

2022       03         04                                        2022/ШЦТ/79

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Г.Э

Хохирогч Д.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сд холбогдох эрүүгийн 2225000200058 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт 07-47 оро улсын дугаартай Киа-К5 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчиж явган зөрчигч 14 настай Д.Аийг мөргөж, биед нь зүүн хөлний шилбэний шаант ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:   

     -шүүгдэгч Д.Сгийн мэдүүлсэн: 12 дугаар сарын 17-ны өглөө ажилдаа

явах гэж гараад утсаа мартаад эргээд гэр рүүгээ явж байхад худгийн хажуугаас хүүхэд гарч ирж мөргүүлсэн. Тоормос гишгисэн боловч зам хальтиргаатай байсан. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид 700,000 төгрөг төлсөн. Шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө гэх мэдүүлэг,

    -насанд хүрээгүй хохирогч Д.Аийн мэдүүлсэн:Тэр өглөө гэрээсээ гараад явж байгаад мөргүүлсэн. Доороос машин ирж байгааг хараагүй. Цаашид хагалгаа хийж болзошгүй гэсэн гэх мэдүүлэг,

      -насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Ө.Сийн мэдүүлсэн: Хохирол 2,905,300 төгрөгөөс 700,000 төгрөг төлсөн тул үлдсэн төлбөрийг нэхэмжилнэ. Улаанбаатар хотод очиж буудалд байрлаж эмчлүүлсэн. 2 дахин явсан. Яваандаа хагалгаа хийж магадгүй гэсэн гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:   

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны “ Уг зам тээрийн осол гарсан гэх газар нь Булаг багийн 32-р гудамжны баруун талын авто зам дээр үйлдэгдсэн байх ба уг зорчих хэсгийн өргөн 7.14 м байв. Шулуун тэгш асфальтан хайш хашлагатай зам байна...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт  /хх-ийн 5-10-р хуудас/

 -Жолоочийн согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 11-р хуудас/

-тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 17-р хуудас/

-хохирогчийн нас тоолсон тухай ...Хавчин ургийн Даваадоржийн А гэсэн хүний ФД07242164 регистрийн дугаартай төрсний гэрчилгээ байна. Д.А нь 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн байх ба...гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14 нас 6 сар 07 хоногтой байсан байна...” гэх  тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/

-Хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 20-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 21-23-р хуудас/

-насанд хүрээгүй хохирогч Д.Аийн мэдүүлсэн... Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 06 цагийн үед сэрээд хичээлдээ явахдаа бэлтгэж, 07 цаг 20 минутанд гэрээсээ гараад Булаг багийн 32 дугаар гудамжны харалдаа байх засмал замаар хөндлөн гарахад ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд... тээврийн хэрэгсэл ...ирээд машины зүүн урд талаар миний зүүн талын хөл хэсэг рүү мөргөсөн. Би замын голд унасан ба намайг мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд намайг өргөж машиндаа суулгасан...Миний зүүн хөлийн шилбэний шаант яс далд хугарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Ө.Сийн мэдүүлсэн:.. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх “Хишиг арвин” ХХК-ны байрандаа байхад охин Д.Аптанцэцэг над руу 07 цаг 50 минутанд залгаад ...ээжээ би машинд мөргүүлчихлээ гээд уйлсан. Юу болсон талаар асуухад машинд мөргүүлчихлээ, толгой эргээд байна, нэг жолооч ах намайг эмнэлэг рүү хүргэж өгч байна гэж хэлсэн... Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдөгний зөөлөн эдийн дурангийн хагалгаанд орох ёстой гэсний дагуу очиж үзүүлэхэд 30 хоног физик эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Үүний дагуу охин бид хоёр Улаанбаатар хотод физик эмчилгээнд хамрагдаж байгаад цагдаагаас дуудахаар нь Орхон аймагт ирсэн. Одоогоор гарсан эмчилгээний зардлуудыг би өөрөө төлж байна. Эмчилгээний зардлуудыг нэгтгээгүй байгаа тул хэлэх боломжгүй байна. Мөргөсөн жолоочийн хувьд эмчилгээний зардалд 400,000 төгрөгийг өгсөн. Орхон аймагт намайг ирэхээс өмнөх эмчилгээ, үзлэг зэргийн төлбөрийг төлсөн байсан. Би охин Д.Аийн эмчилгээний зардалд жолооч залуугаас эхлээд 400,000 төгрөгийг төрсөн эгч Сайндаагийн Хаан банкны дансаар шилжүүлсэн байсныг авсан. Үүнээс хойш 300,000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны дансаар авсан. Нийт 700,000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан. Энэ хугацаанд Улаанбаатар хотруу явсан, ирсэн, эм тариа худалдаж авсан, эмчилгээ хийлгэхэд нийт 1,112,300 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын “Хүлэг” зочид буудалд 14 хоног байрласны төлбөр 1,400,000 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх үедээ эмнэлэг, буудал хоёрыи хооронд таксинд 393,000 төгрөгийг зарцуулсан байна. Одоогийн байдлаар нийт 2,905,300 төгрөгийг зарцуулсан. Үүнээс таксинд төлсөн гэх 393,000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны 5 296078139 дугаарын данснаас шилжүүлж байсан. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад эмчилгээ, замын, зочид буудлын зардал буюу нийт 2,512,300 төгрөгийн баримтыг гаргаж өгч байна. Нийт гарсан 2,905,300 төгрөгийн зардлаас 700,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 2,205,300 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 32, 34-р хуудас/

-гэрч Д.Бийн мэдүүлсэн...Уг тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгөөр худалдаж аваад гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Үүнээс хойш төрсөн дүү Д.С миний машиныг худалдаж авахаар болоод 2021 оны 10 дугаар сарын дундуур 10,000,000 төгрөгийг надад өгч машиныг маань авсан. Эгч дүү хоёр болохоор гэрчилгээг нь тэгж байгаад шилжүүлэхээр болсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаартай ... Д.Аийн биед зүүн хөлийн шилбэний шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний дотор хажуугийн холбоосын урагдал, дотор талын жийргэвч мөгөөрсийн урагдал, тойгны дотор талын холбоосын урагдал, өвдөгний эргэн тойрон зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба ослын улмаас үүссэн байхыг үгүйсгэхгүй. Зүүн хөлийн шилбэний шаант ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн өвдөгний дотор хажуугийн холбоосын урагдал, дотор талын жийргэвч мөгөөрсийн урагдал, тойгны дотор талын холбоосын урагдал, өвдөгний эргэн тойрон зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн өвдөгний дотор хажуугийн холбоосын урагдал, дотор талын жийргэвч мөгөөрсийн урагдал, тойгны дотор талын холбоосын урагдал, өвдөгний эргэн тойрон зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна....” гэх дүгнэлт /хх-н 44-45-р хуудас/

-2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай Мөрдөгч Б.Болд-Эрдэнийн гаргасан … Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг 07-47 ОРО улсын дугаартай “К1А.К5” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.С нь зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д зааснаар “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг явган зорчигч Д.А нь зөрчсөн байна... гэх магадлагаа /хх-ийн 48-49-р хуудас/

-“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын  Орхон аймгийн авто тээврийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай техникийн хяналтын үзлэг /хх-ийн 56-61-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Ө.Сийн гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 102-112-р хуудас/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 07 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай замаар өөрийн эзэмшлийн 07-47 ОРО улсын дугаартай К1А.К5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч 14 настай Д.Аийг мөргөж, биед нь зүүн хөлийн шилбэний шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний дотор хажуугийн холбоосын урагдал, дотор талын жийргэвч мөгөөрсийн урагдал, тойгны дотор талын холбоосын урагдал, өвдөгний эргэн тойрон зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Д.Сгийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ...Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Д.Аийн... гараад Булаг багийн 32 дугаар гудамжны харалдаа байх засмал замаар хөндлөн гарахад ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд... тээврийн хэрэгсэл ...ирээд машины зүүн урд талаар миний зүүн талын хөл хэсэг рүү мөргөсөн....гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ө.Сийн.... охин Д.Аптанцэцэг над руу 07 цаг 50 минутанд залгаад ...ээжээ би машинд мөргүүлчихлээ гээд уйлсан. Юу болсон талаар асуухад машинд мөргүүлчихлээ, толгой эргээд байна, нэг жолооч ах намайг эмнэлэг рүү хүргэж өгч байна гэж хэлсэн... Охин Аптанцэцэгийн зүүн хөлний шилбэний шаант яс далд хугарсан байна гэж хэлсэн......гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаартай... Д.Аийн биед зүүн хөлийн шилбэний шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний дотор хажуугийн холбоосын урагдал, дотор талын жийргэвч мөгөөрсийн урагдал, тойгны дотор талын холбоосын урагдал, өвдөгний эргэн тойрон зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсний улмаас хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутай эсэх талаар маргаагүй гэм буруугаа хүлээсэн байна.

Шүүгдэгчийн үйлдлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн, харин насанд хүрээгүй явган зорчигч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байна... гэх мөрдөгчийн магадлагаа үндэслэлтэй бөгөөд хэрэг гарахад хохирогчийн илт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

         Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                    

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 07-47 оро улсын дугаартай Киа-К5 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчиж явган зөрчигч 14 настай Д.Аийг мөргөж, биед нь зүүн хөлний шилбэний шаант ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлбөрөөс төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн эмчилгээ болон бусад зардал нийт 2,905,300 төгрөг гарснаас шүүгдэгч 700,000 төгрөг төлсөн тул үлдсэн төлбөрийг гаргуулна гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн. хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт гаргаж хавсаргасан баримтуудыг шалгаж үзвэл, эмчилгээний зардал төлбөрийн 999,300 төгрөг, Хүлэг зочид буудалд 20 хоносны төлбөр 1,400,000 төгрөг, хот хооронд явсан 2 удаагийн тээврийн зардал 113,000 төгрөг, эмнэлэг буудлын хооронд явсан такси үйлчилгээний 393,000 төгрөг нийт 2,905,300 төгрөгөөс шүүгдэгчийн төлснийг хасаж 2,205,300 төгрөг нэхэмжилжээ. Эдгээрээс  хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгийг үндэслэн буудалд 16 хоносон төлбөр 1,120,000 төгрөг, эмчилгээний  төлбөр, замын зардал 1,112,300 төгрөг нийт 2,232,300 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч хариуцах үндэслэлтэй гэж үзээд үүнээс төлснийг хасаад 1,532,300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаадлагаас баримтаар нотлогдоогүй 673,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болголоо.       

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болго

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М овогт Дн Сг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Сгээс 1,532,300 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ө.С/ Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 14-05 тоот, ФБ75112360/-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 673,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ