Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2020/0068

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: “С” ХХК.

            Хариуцагч: ЭХЯ.

           Хариуцагч: ЭХЯ-наас зарласан ЭХАХБ-2019/01  дугаартай Тендерийн үнэлгээний хороо.

            Гуравдагч этгээд: “Т” ХХК.

      Нэхэмжлэлийн шаардлага: “ЭХЯны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээгээр Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сангийн яамны 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэн, уг тендерт “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгох, ЭХЯ-ны “Т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч СХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Манай байгууллага нь ЭХЯнаас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зарласан түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Чойбалсангййн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл ашиглалтад хүлээлгэн өгөх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтах ажиллагаа зарласан бөгөөд тухайн сонгон шалгаруулах ажиллагаанд гадаадын хуулийн этгээд оролцох эрхтэйг дурдсан байсан тул манай байгууллага нь БНХАУ-ын хуулийн этгээдийн хувьд дээрх сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаж байна гэж үзсэний үндсэн дээр тухайн сонгон шалгаруулах ажиллагаанд оролцсон бөгөөд тус яамны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн В/2079 дугаартай албан бичгээр тус тендерт “хамгийн сайн” 7 гэж үнэлэгдэн тус сонгон шалгаруулалтанд шалгаран гэрээ байгуулах хэлцэлд уригдсан билээ.

       Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 19-ний В/2478 албан бичгээр тендерээс татгалзсан. Ийнхүү татгалзах болсон үндэслэл нь Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3778 тоот албан бичгээр тендерт дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу дахин үнэлгээ хийж манай байгууллагаас өндөр үнэ санал болгосон, тендерт ирүүлсэн материалын болон бусад шаардлагыг хангаагүй компанийг сонгон шалгаруулсан нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

        Манай байгууллагыг сонгон шалгаруулсан тендерийн үйл ажиллагаа ыь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн  27, 28, 29 дүгээр зүйлүүд заасан журмыг зөрчөөгүй. хууль зүйн хүрээнд хянагдсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т "зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасныг “тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх” гэж хуулийн зүйл заалтад тусгагдаагүй үндэслэлээр Монгол улсын
     Сангийн яам шийдвэрээ гаргасан мөн ямар шалтгааны улмаас дээрх нөхцөл байдал бий болсон талаар гаргасан шийдвэртээ хууль зүйн үндэслэлдээ заагаагүй зэргээр бидний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Захиалагчийн зүгээс Сангийн яамны тус хууль бус шийдвэрийг үндэслэн дахин үнэлгээ явуулсан ба "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил. үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27, 28, 29 дүгээр зүйлүүд заасан журмыг зөрчин ЭХЯнаас ЭХЯны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаартай шийдвэрээр урьд нь хамгийн сайнаар үнэлсэн тендерээ ямар шалтгааны улмаас үнэлээгүй нь тодорхой бус байдлаар манай байгууллагыг тендерээс татгалзаж байгаа нь мөн бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Манай байгууллага нь уг сонгон шалгаруулалтад шалгарснаар тус дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл ашиглалтад хүлээлгэн өгөх төсөл арга хэмжээний гүйцэтгэгч болж тус ажлыг хэрэгжүүлэх эрхтэй болсон боловч Сангийн яам болон ЭХЯны тендерийн хорооны хууль бус үйлдлээс болж манай байгууллага нь тус ажлыг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Учир нь уг сонгон шалгаруулалтад хамгийн сайнаар үнэлэгдэн шалгаруулсан атлаа хэсэг хугацааны дараа сангийн яамнаас шаардлага хангахгүй гэх утга бүхий дүгнэлтийг ЭХЯанд хүргүүлсний үндсэн дээр манай байгууллагыг сонгон шалгаруулалтаас хассан үйлдэл нь манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхдээ захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох эрх бүхий этгээдүүдийг мэдээллээр бүрэн хангасан байхыг шаарддаг бөгөөд манай байгууллагад ямар учир шалтгааны улмаас манайд хүргүүлсэн алба бичиг хүчингүй болсон зэрэг талаар мэдээлэл өгөөгүй нь манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн, шинээр сонгон шалгаруулалтад сонгогдсон байгууллага нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэх хардлагыг төрүүлж байгаа болно.  Манай зүгээс ЭХЯны “Т” ХХК-г сонгон шалгаруулалтад шалгаруулсан захиргааны акт нь илт хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бөгөөд дээрх актын улмаас манай байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцох эрх хөндөгдөж байна гэж үзэж байгаа болно.

        Иймд ЭХЯны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

        2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа  Монгол Улсын ЭХЯны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох гэснийг “Түлхүүр гардуулах гэрээгээр Ч*******гийн дулааны цахилгаан станцын  суурилагдсан  хүчин чадлын 50 Мвт-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн, уг тендерт “Т” ХХК-ийг “хамгийн сайн” гэж үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” ЭХЯны “Т” гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж байгаа болно.

        Ингэснээр нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах боломжтой болох бөгөөд тус тендерийн хорооны  2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн СХХК-ийн тендерийн материалыг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрийг хүчин төгөлдөр болох юм” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үшүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь ЭХЯнаас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зарласан түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 мвт-аар өргөтгөх төслийн ажлын зураг төслийг ашиглалтад хүлээлгэн өгөх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад манай байгууллага оролцсон. Тус яамны 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн В/2079 дугаартай ЭХЯны албан бичгээр тус тендерт "хамгийн сайн'’ гэж үнэлэгдэн тус сонгон шалгаруулалтад шалгаран гэрээ байгуулах хэлцэлд уригдах саналыг хүлээж авсан.

         Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 19-ний В/2478 албан бичгээр тендерээс татгалзсан хариу манай байгууллагад ирүүлсэн. Ийнхүү татгалзах болсон үндэслэл нь Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3778 тоот албан бичгээр тендерт дахин үнэлгээ хийхээр шийдвэр гарсан,  дахин үнэлгээ хийж манай байгууллагаас ирүүлсэн тендерт ирүүлсэн материалыг  хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж дүгнэсэн манай байгууллагын эрх ашгийг зөрчсөн үйлдэл байгаа.

         Манай байгууллагыг сонгон шалгаруулсан тендерийн үйл ажиллагаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил. үйлчилгээ худалдан авах тухай хууль"- ийн 27.28.29 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй. хууль зүйн хүрээнд явагдсан мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т ‘*зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасныг "тендер шалгаруулалтын Үнэлгээг дахин хийх” гэж хуулийн зүйл заалтад тусгагдаагүй үндэслэлээр Монгол улсын Сангийн яам шийдвэрээ гаргасан буруу байна.   Тус хууль бус шийдвэрийг үндэслэн дахин үнэлгээ явуулсан ба “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27.28,29 дүгээр зүйлүүдэд  заасан журмыг зөрчсөн ЭХЯнаас ЭХЯны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаартай шийдвэрээр урьд нь хамгийн сайнаар үнэлсэн тендерээ ямар шалтгааны улмаас үнэлээгүй нь тодорхой бус байгаа. Сүүлд өгч байсан тайлбараас харахад Сангийн яамнаас ирүүлсэн ажил цаг уурын нөхцөл байдалд урьд нь ажил гүйцэтгээгүй гэх шалтгааныг дурдаж манай байгууллагыг хассан нь үндэслэлгүй байна. Ийм учир В/2478 дугаартай шийдвэр мөн ЭХЯны үнэлгээний хорооны 07 дугаартай хурлын тэмдэглэл, гэрээ байгуулсан эрх бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь худалдах, худалдан авах ажиллагааны тухай хуулийн 47-р зүйлийн 47.6-д заасны дагуу үнэлгээний хороодын гишүүд худалдах, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна гэсэн байгаа. Энэ мэргэшсэн байдлыг яаж зохицуулах вэ? гэхээр “ үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагааны урамшуулалт, үнэлгээний хорооны гишүүнтэйгээ зурагтай холбоотой асуудлыг цагийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална гэсэн байгаа.Үүнийг 3 жилийн хугацаатайгаар олгохдоо холбоотой асуудал яригдаж байна. Мэргэшсэн талаар авч үзвэл тухайн асуудал дээр мэргэшсэн худалдах, худалдан ажиллагааны талаар мэргэшсэн гэдгээ техникийн үнэлгээнд оролцогчдын өөрсдийн нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнтэй холбоотой Е******* гэдэг хүний хугацаа дууссан байгаа. Б*******, О******* гэдэг хүний мэргэшсэн чиглэлийг нотолсон ямар нэгэн нотлох баримт байхгүй талаар ярьж байгаа. Тэгэхээр бидний зүгээс 7 дугаартай үнэлгээний хорооны шийдвэртэй маргаж байгаа 2019 оны 06-р сарын 14-ны өдрийн 7 дугаартай шийдвэрт 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Энэ хуралдаанд байхгүй байгаа О*******, Б******* хуралдаанд оролцоогүй, 76 хувийн ирцтэйгээр оролцсон тэгэхээр энэ Е******* гэдэг хүн тухайн үнэлгээний хорооны шийдвэрт оролцсон. Өөр үгээр хэлбэл худалдах, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх шаардлагыг хангаагүй байх этгээд оролцсон нь саналын эрхгүй этгээд гэж үзнэ. Саналын эрхгүй этгээдийг хасаад үзэхээр энэ хуралдаан 69 хувийн ирцтэй оролцсон. Сангийн яамны 2014 оны 09-р сарын 20-ны 214 дүгээр тушаалын 4-р зүйлийн 4.2-д “үнэлгээний хуралдааны дарга, мөн нарийн бичгийн дарга бусад гишүүдийн дийлэнх олонх нь 75 хувиас дээш ирцтэйгээр оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр тооцогдоно” гэж заасан байгаа. Тэгэхээр 7 дугаартай хуралдаан нь “TBEA” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр нь өөрөө хүчин төгөлдөрт тооцогдох нь эргэлзээтэй байгаа. Үнэлгээний хороо анхнаасаа чадваргүй байсан гэдэг нь шүүх хуралдааны мэтгэлцээний үед тодорхой болсон. Яагаад гэвэл үйл ажиллагааны туршлагагүй байсан. Үнэлгээний хорооны гишүүдийг сондгой тоотойгоор байгуулах байсан боловч 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. 14 хүний тоотой байгуулаад 02-р сарын 06-ны өдөр нэг хүнээ хасан асуудал байгаа. Тэгэхээр үнэлгээний хороо 1 гишүүнийг  хасахаас өмнөх шийдвэр хүчин төгөлдөр байсан гэдэг асуудал нь одоо яригдаж байна. 2019 оны 02-р сарын 06-аас өмнө ямар үйл явдал болсон бэ? гэхээр 1 дүгээр хуралдаанаар тендерийн санхүүжилт болон бусад асуудлыг ярилцсан байгаа. 2 дугаар хуралдаанаар тендерийн баримт бичгийн боловсруулалтыг баталсан асуудлыг ярилцаж, бэлтгэх ажлыг эхлүүлэхээр тогтсон асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Тэгэхээр хууль бус бүрэлдэхүүнтэй энэ асуудлыг шийдвэрлээд явсан байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

       Үнэлгээний хороо ажиллахдаа тендерийн нээлтийг хийхээсээ эхлээд ашиг сонирхлын зөрчилтэй ажиллагаанууд хийгдсэн байгаа. Үнэлгээний хороо ямар асуудлаар тендерийн нээлт эхэлсэндээ ямар асуудлаар дүгнэлт хийх эрхтэй гэхээр худалдах, худалдан авах ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.6-д “ Тендер нээх үед энэ хуулийн 26-р зүйлийн 3,5-д зааснаар бусад үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг хориглоно” гэж заасан байгаа. Тэгэхээр энэ заалтыг зөрчсөн, тендерийн хуралдааны тэмдэглэлд орчуулга байхгүй, тендерийн баримтад хавсарагдсан байна гэдэг асуудлыг дүгнэлт хэлбэрээр болон бичгийн хэлбэрээр тэмдэглэл үйлдэж дүгнэсэн асуудал байгаа. Тендер нээсэн даруй анхны үнэлгээг өгөх ёстой. Гэтэл тендер нээснээс хойш 10 хоногийн дотор энэ үнэлгээг хийсэн асуудлууд байгаа. Тендерийн мэргэшсэн байх холбоотой асуудлууд тухайн орны шийдвэрүүд хүчин төгөлдөр байна уу? гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Тухайн хорооноос гарч байгаа энэ тендерийн баримт бичиг түүнтэй холбоотой шийдвэрүүд нь хүчин төгөлдөр ямар үед хүчин төгөлдөр вэ гэхээр эрх бүхий этгээд буюу тендерийн хорооны гишүүд мэргэшсэн, хуульд заасны дагуу байгуулагдсан шаардлагатай. Тэгэхээр үүний дагуу тендерийн хороо нь байгуулагдаагүй учир энэ баримт бичиг хүчин төгөлдөр мөн үү? биш үү? гэдэг нь эргэлзээтэй асуудал байна.

         Худалдах, худалдан авах ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.4-д “ тухайн төсөвт өртгийн  1-2 хувь заасан тендерийн баталгааг ирүүлнэ” гэж заасан байгаа. Төсөвт өртөг гэдэг нь тухайн жилийн төсвөөр батлагдсан байхыг шаардаж байгаа. Төсвийн тухай хуульд тендер нь яаж батлагдахын төсөвлөгдөхийн гэхээр Худалдах, худалдан авах ажиллагааны тухай хуулийн 48-р зүйлд тодорхой тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр тендерийн баталгаа гэдэг нь батлагдсан төсвийн хөрөнгө гэж байгаа. Тендерийн баримт бичгийн хүрээнд Санхүүгийн эс үүсвэр дээр Засгийн газрын санамж бичиг гэдэг талаар тэмдэглэсэн. Засгийн газрын санамж бичиг гэдэг бол төсөвлөгдсөн төсөв өөрөө биш. Засгийн газрын санамж бичиг хэрэгжихгүй ч байж болно. Хэрэгжиж байж болно. Засгийн газрын санамж бичгийн хүрээнд Дорнодын цахилгаан станцтай холбоотой асуудал байна уу? гэхээр байхгүй. Нэг ч хүсэлт байхгүй үүнтэй холбоотой зээлтэй холбоотой асуудал байгаа. Тэгэхээр үүнийг төсөвт өртөг гэж үзэх үү? гэдэг дээр маргаан байгаа.  Тэгэхээр тендерийн баталгаа нь өөрөө хүчингүй төсөвт өртгийн 1-2 хувь тооцсон яаж тэр төсөвлөсөн төсвийг, санамж бичгийн төсөв гэж үзэхгүй юм бол яаж тэр үнийн дүнг төсөвт өртөг гэж гаргасан юм бэ?

          Тендерийг яаж хянах вэ гэхээр худалдах, худалдан авах ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд заасан “ Ерөнхий нөхцөлийг батална гэж заасан байгаа. Ямар нөхцөлд тендер нь хүчингүй болох юм бэ? тэгэхээр цаг уурын нөхцөлтэй холбоотой асуудал бол тендерийн худалдах, худалдан авах ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д заасан асуудал биш Төрийн байгууллага өөрийнхөө татгалзаж байгаа үндэслэлээр хуулийн дагуу явуулах ёстой. Тэгэхээр манай байгууллага худалдан авах ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д заасан ажиллагааг хангасан учир цаг уурын нөхцөлтэй холбоотой асуудал дээр дүгнэлт хийх ёсгүй. Яагаад энэ цаг уурын нөхцөлтэй холбоотой асуудал нь өөрөө хоёр утгаар ойлгогдох ч юм уу? үүгээр үнэлж унагаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэдэгт эргэлзээтэй байгаа. Цаг уурын асуудал гэдэг тендер үнэлгээний хороо болохоор ёс зүйн орчны шинжээч биш яг цаг уурын нөхцөл гэж юуг үзэж байгаа юм бэ? хэдээс хэдэн температурын хооронд хамаарах юм бэ? тэгэхээр энэ талаар тендерийн үнэлгээний хороо дүгнэлт хийх эрхгүй, хууль зөрчсөн ийм шаардлага гарч ирсэн байгаа. Үүгээр тендерийн баримт бичиг шаардлагад нийцээгүй гэж манай тендерийг шалгаруулаагүй асуудал нь хуульд заасан татгалзал биш.

        Төсөв өртөг, татвартай холбоотой асуудлаар манай байгууллагыг зөрчсөн гэж үзэж байгаа. Тендертэй холбоотой асуудал нь хуулийн дагуу явна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулинд худалдан авах ажиллагааны тухай юу гэж заасан юм бэ? гэхээр тендерийн үнэд бүгд багтсан гэж үзнэ гэсэн байгаа. Үүнийг оруулаагүй асуудал  ““c*******” ХХК -н тухайн эрсдэлээ хүлээж байгаа. Би татвараа өөрөө хүлээнэ, би ажлын өртгөө өөрөө хүлээнэ, энэ ажлыг хийж чадаагүй бол өөрөө хариуцлагаа хүлээх тухай асуудал юм. Тендерийн баримтад энэ асуудлыг тусгасан учир заавал оруулах талаар ярьж байгаа. Тендерийн баримт бичиг заавал оруулах ёстой юм бол оруулаагүй тохиолдолд яах вэ? гэдэг зүйлийг асуудлын тухай ярьж байна. Энэ орон зайг яаж зохицуулах вэ гэхээр худалдах, худалдан авах тухай хуулийн 28-р зүйлийн 28.7-д зааж өгсөн байгаа. Тендерийн үнэд архиметик алдаа болон бүрдүүлсэн зөрүү байх юм бол харьцуулсан үнийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл “c*******” ХХК-н татварын үнэ болон техникийн  нөхцөлийн үнийг оруулаагүй байна. Оруулаагүй учир бид харьцуулсан үнийг тодорхойлох ёстой тендерийн хорооны  үүрэг байгаа харьцуулсан үнийг тодорхойлох, Харьцуулсан үнэ нь тендерийн хамгийн бага байна уу их байна уу гэдгийг тодорхойлох ёстой байгаа. Тэгэхээр тендерийн үнэлгээний хороо үүргээ биелүүлээгүй байж, тухайн асуудал дээр танайх тодорхой хэмжээний хуульд заасан үүргээ биелүүлээгүй байж, танайх ийм байдлаар шаардлагаа биелүүлээгүй байна гэж татгалзсан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Тэгэхээр Сангийн яамны албан бичгийг зөвшөөрсөн шийдвэр үндэслэлгүй, үнэлгээний хорооны 7 дугаартай шийдвэр нь гишүүдийн ирц дутуу болон бусад асуудлаар буруу шийдсэн байна. Цаг уурын болон төсөвт өртөгтэй асуудал нь хуулийн дагуу зохицуулагдах ёстой. Хууль тогтоомжийн дагуу манай байгууллага шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн ийм асуудал байгаа. Тэгэхээр тендерийн хороо, үнэлгээний хороо анхнаасаа хариуцлагагүй ажилласан нь нотлогдож байгаа. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа С ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

     Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 345 тоот тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо “Дорнод бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөх төсөл”~ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг, төслийн ажлын даалгаврыг боловсруулан
2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус тендерийг зарласан.

       2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тендерийг нээсэн бөгөөд 9 компани тендерийн материал ирүүлсэн.Үнэлгээний хороо 9 компаниас шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн 3 компани, шаардлага хангаагүй 6 компани байна гэж үзсэн. Шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн 3 оролцогчоос хамгийн бага үнийн санал өгсөн С  ХХК-д гэрээний хэлцэл хийх албан бичиг, бусад компаниудад мэдэгдлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн.

         Гэвч Сангийн яамнаас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тендерт оролцогч компаниас гомдол гарсан тул тендер шалгаруулалтын хугацааг түр түдгэлзүүлж, холбогдох баримт бичгүүдийг ирүүлэх тухай 6-1/3490 тоот албан бичиг ирсэн. Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3378 тоот гомдлын хариу албан бичигт гомдол гаргасан компаниудын талаар гаргасан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Харин СХХК-ийг шалгаруулсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээг хийж 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар Сангийн яамны шийдвэрийг үндэслэлтэй гэж хүлээн зөвшөөрч, “Т” компанид гэрээний хэлцэл хийх албан бичиг хүргүүлсэн.

         С  ХХК дээрхи захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дахин гомдол гаргасан. Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/4706 албан тоотоор “Т” компанийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн./Албан бичиг дээр тодорхой байгаа./

        Үнэлгээний хороо хуулийн дагуу тендер шалгаруулалтын үйл ажиллагааг  үргэлжлүүлэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр СХХК-д в/2769 тоот гомдол хянан үзсэн тухай албан бичиг, “Т” компанид гэрээний хэлцэлд урих тухай в/2803 тоот албан бичиг тус тус хүргүүлсэн. /Албан бичиг дээр тодорхой байгаа./

       2019 оны 0/ дугаар сарын 22-ны өдөр “Т” компанитай гэрээ байгуулан  ажил эхлээд байна. Мөн тендерийн хүчинтэй хугацаа дуусах дөхөж байсан тул Сангийн яаманд хандаж тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах тухай албан бичиг явуулж 30 хоногоор сунгуулсан.

     Иймд бүх үйл ажиллагаа Монгол Улсын хуулийн дагуу явагдсан тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ЭХЯнаас 2018 оны 12-р сарын 10-ны өдөр зохион байгуулсан тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2019 оны 03-р сарын 13-ны өдөр тендер зарлагдаад 04-р сарын 13-ны өдөр тендер нээгдээд 9 компани тус тендерт оролцсон байгаа. Тухайн компанийг шалгаруулж үзэхэд техник тоног төхөөрөмжөөрөө тэнцсэн 3 компани байсан. Энэ 3 компани дотроос үнийн саналаар “С” ХХК-н хамгийн бага үнийн саналтай орж ирсэн. Түүнээс би өөрөө тендерийн үнэлгээний хороо, ЭХЯны хуулийн хэлтсийн даргаар орж чиглэл зөвлөгөө өгч ажиллаж байхад 1 асуудал байсан тэр асуудал нь татварын асуудал байсан нь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. “С” ХХК-н шууд шалгаруулсан асуудал биш энэ бол гэрээний хэлцэлд урьж байгаа асуудал юм. Гэрээний хэлэлцэлд урьж байгаа нь мөн шууд гэрээ хийх асуудал биш, гэрээний хэлэлцэлд урьж байгаа нь тухайн зааж өгсөн нөхцөл байдлыг хангавал цаашаа явж байгаа. Үүн дээр мөн татварын асуудлыг давхар ярих байсан. Оролцогч нэг компани Сангийн яам дээр гомдол гаргасан байсан. Сангийн яамд 2019 оны 05-р сарын 24-нд гомдол гараад тодорхой хугацаагаар тендерийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн байгаа. Гол агуулга нь хамгийн сайн гэрээний хэлцэл ирүүлсэн “c” ХХК-н, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27-р зүйлийг 27.4-д заасныг зөрчсөн байна. Ийм учир дахиж үнэлгээ хий гэсэн. Тендерийн үнэлгээний хороо  Сангийн яамнаас чиглэл зөвлөмж авах үүрэгтэй байдаг. Түүний хүрээнд дахин үнэлгээ хийгдсэн бичиг баримтын бүрдүүлэлт мөн татвар ороогүй үнийн дүнтэй учраас энэ бүрдлийн хувьд шаардлага хангахгүй байсан учир дараагийн компани болох Т ХХК-г шалгаруулах нь зүйтэй, тендерийн бичиг баримтын бүрдэл нь  хангалттай байна гэж үзээд гэрээний хэлцэл хийх бичгийг явуулсан. Үүний дараа “С” ХХК-н  гомдол гаргаад Сангийн яамнаас, ЭХЯд албан бичиг ирсэн. Энэ албан бичгийн гол агуулга нь “ Захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна.”  “С” ХХК-н гаргасан  гомдол үндэслэлгүй байна тийм учир тендерийг цааш үргэлжлүүлэхийг зөвшөөрч байна гэсэн албан бичиг ирээд цааш ажил үргэлжлээд явахад 07-р сарын 09-ний өдөр, хоёр албан бичиг явуулсан байгаа. В/2719 тоот албан бичгээр, гомдлыг хянан үзээд "С"  ХХК-н дэлгэрэнгүй тайлбарыг энэ албан бичгээр явуулсан байгаа. Тухайн байгууллагын тэнцэхгүй байгаа үндэслэлийг тайлбарлаж өгсөн. Харин В/2803 албан бичгээр “T” ХХК-г гэрээний хэлцэлд урьсан албан бичиг байгаа. 2019 оны 07-р сарын 22-ны өдөр  “T” ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ гэрээ одоо хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ ажлыг хууль журмын дэс дарааллын дагуу явагдсан ямар нэг хууль дүрэм зөрчсөн асуудал байхгүй мөн сангийн яамнаас байнгын зөвлөгөө чиглэл авч энэ ажил явагдсан учир энэ асуудал дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тухайн зарлагдсан тендерт, манай компани бичиг баримтаа хууль дүрмийн дагуу өгөөд техник тоног төхөөрөмжөөр, 3 компанийг шалгараад түүний нэг нь манай компани шалгарсан үнийн дүнгийн хувьд “С” ХХК-аас зөрүүтэй байсан. Хамгийн бага үнийн санал ирүүлсэн “С” ХХК-н техникийн шаардлага хангахгүй хоёр удаагийн сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын хэмжээний тусгай, худалдан авалтыг хариуцдаг эрх бүхий хүмүүсийн дүгнэлтээр баталгаажиж манай компани шалгараад гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулагдаад зураг төслийн ажиллагаа хийгдээд үндсэн ажилдаа орох ажиллагаа хийгдээд явж байна. Тус станцын хүчин чадал нь 23 мегабайт одоо 50 мегабайт өргөтгөх гэж байгаа нэртэй боловч энэ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж байгаа. Зүүн гурван аймгийг эрчим хүчний дутагдалд орсныг хангах цаашид өсөн нэмэгдэх, хэрэглээг тодорхой хугацаанд хангахаар төлөвлөж ажиллаж байгаа. Шүүхээс яаралтай шийдвэр гаргаж биднийг эргэлзээгүй энэ ажлыг хийж дуусгах нөхцөл бололцоог хангаж өгнө үү” гэв.

         Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талд  мэдэгдлийг ЭХЯ гаргасан байгаа. Сангийн яамнаас танай тендерийг хүчингүй болгож дахин тендерийн шалгаруулалтыг явуул гэсэн учир танай байгууллагыг хүчингүй болгосон гэдгийг мэдэгдье гэсэн ийм мэдэгдлийг гаргасан.

        Сангийн яамны хувьд ямар эрх мэдэлтэй ямар эрх хэмжээтэй гэдгийг харахаар, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52-р зүйлд заасан нь байгаа. Энэ бүрэн эрхийн хүрээнд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өөрөө төсвөө захиран зарцуулж гаргадгийн хувьд ямар ямар эрх эдлэхийг тодорхой заасан байгаа. Тэгэхээр энэ тендерт Сангийн яам ямар ч байсан оролцохоор заасан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдаж авах хуулийн 52-р зүйлд “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх” гэсэн байгаа энэ хуулийн 52.1.1-д “худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах” гэж заасан. Худалдан авах ажиллагаатай холбоотой нөхцөл арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах үүрэгтэй. Тендерийн хороо буюу захиалагч тал болох ЭХЯ, яагаад энэ мэдэгдлийг гаргах болсон гэхээр Сангийн яам тендерийн үнэлгээг хянаад  “С” ХХК-н тендерт шалгаруулах нөхцөлийг хангаагүй гэсэн дүгнэлтийг гаргадаг юм. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шаардлага болох 2019 оны 06-р сарын 19-ний өдрийн В-2478 гэсэн актыг хүчингүй болгуулахаар 2019 оны 09-р сарын 05-ны өдөр шүүхэд хандсан. Шүүхэд хандахаасаа өмнө 2019 оны 06-р сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт хандаад тухайн байгууллагаас 2019 оны 06-р сарын 15-ны өдөр 11114 гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн. Энэ хариу маш тодорхой заасан. Тухайн хуулийг судалж үзлээ энэ хуулиар танай байгууллага энэ ажиллагааг явуулах ёстой гэж заасан байгаа. Энд юу гэж заасан гэхээр тус газар нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55-р зүйлийн 55.1-д хэсэгт тендерт оролцогчид энэ хуулийн 11-р зүйлийн 11.2-д заасныг зөрчсөн болон. Тендерийн баримт бичиг бэлдэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан. Ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсвэл гэрээ байгуулах эрх олгосон гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 хоногийн дотор гаргана гэж заасны дагуу зөвхөн тендерийг нээлт хийхээс өмнө гаргасан гомдлыг хянадаг болно. Харин уг тендер шалгаруулалт нь 2019 оны 04-р сарын 29-ний 12 цагт 00 минутад нээлтээ хийсэн байна. Иймд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55-р зүйлийн 55.1-д заасны дагуу Сангийн яамд гомдлоо гаргана уу? гэсэн байгаа. Тухайн байгууллага Сангийн яамд гомдлоо гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хүлээж авч хянаад мөн ЭХЯны “С” ХХК-д хариуг 2019 оны 07-р сарын 05-ны өдөр өгсөн. Энэ хугацаанд “С” ХХК-н хэзээ ч үнэлгээний хорооны үйл ажиллагаанд буюу  үнэлгээний хорооны дүгнэлтэд гомдол гаргасан асуудал байхгүй байгаа. Зөвхөн захиалагчид гомдол гаргаад явсан байгаа. Мөн түрүүчийн хурлыг хүртэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны 06-р сарын 19-ний өдрийн В2478 гэсэн энэ актыг хүчингүй болгуулах гэсэн хүсэлт явж байсан. Нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа үнэлгээний хорооны 2019 оны 06-р сарын 14-ний 7 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Өнөөдөр дахиад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар “T” ХХК-г шалгаруулсныг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тал нь Сангийн яам, Төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллага болох Сангийн яам,  Шударга өрсөлдөөний газарт хуульд зааснаар гомдол гаргаад явж байсан. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн дотор гаргах ёстой гэсэн ийм заалт байгаа. 07 дугаартай шийдвэр нь 2019 оны 06-р сарын 11-ний өдрийн шийдвэр, гэтэл 2019 оны 09-р сарын 05-н хүртэл хэчнээн сар явж байгаа юм бэ? 2 сар гаран хугацаа өнгөрсөн гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Түүнчлэн нэхэмжлэгч талын анхны шүүхэд 2019 оны 09-р сарын 05-ны өдөр хандсан энэ 2019 оны 06-р сарын 19-ний өдрийн В2478 гэсэн энэ мэдэгдэл буюу энэ захиргааны актыг хүчингүй болгуулах тухай анхны нэхэмжлэлийн шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. Тэгэхээр нэгэнт хуульд заасан хугацааг хэтрүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч “С”  (“Ч”) ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү ЭХЯ-ны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээгээр Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сангийн яамны 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэн, уг тендерт “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгох, ЭХЯ-ны “Т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох гэж өөрчилжээ.

       Шүүх нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн Түлхүүр гардуулах гэрээгээр Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сангийн яамны 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэн, уг тендерт “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгох, ЭХЯ-ны “Т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, ЭХЯны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч “С”  (“Ч”) ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн уг тендерт “Т” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үнэлсэн шийдвэрийг, “Т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана;”, 54.1.8-д “Энэ хуулийн 14.1-14-4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн:”, 14 дүгээр зүйлийн 14.3-д “шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж заасныг зөрчсөн байх тул энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад,...тогтоогдвол шүүгч..хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч ЭХЯнаас 2019 оны 03 дугаар сард зарласан тендер сонгон шалгаруулах ажиллагаанд оролцож захиалагчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тендерээс татгалзах тухай В/2478 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахаар 08 дугаар сарын 29-ний өдөр анх нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 09 дүгээр сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд үүнээс 3 сарын дараа буюу 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 06 дугаар сарын 14-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэр, мөн захиалагчийн 06 дугаар сарын 19-ний өдрийн “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсныг хүлээн зөвшөөрч гэрээний хэлцэлд урьсан мэдэгдлийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн нь  хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

     Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тодорхойлсон Үнэлгээний хорооны шийдвэр, энэ хэргийн гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хуулийн хугацаанд гаргах боломжтой байсан гэж үзнэ.

      Захиалагч ЭХЯ Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 17.1-д “Тендерийн нийт үнэ нь гүйцэтгэгчийн хийх тендерийн баримт бичгийн тусгасан зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт болон туслан гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх, тээвэрлэн хүргэх, барилга угсралтын, суурилуулах, ажлыг дуусган хүлээлгэж өгөх зэрэг бүх ажил үүргийн үнэлгээний нийлбэр байна.”, мөн зааварчилгааны 17.5-д заасан үнийн хуваариудад тендерт оролцогч үнийн задаргааг дэлгэрэнгүй байдлаар ирүүлэх шаардлагыг хангаагүй гэж үзэж татгалзсаныг маргаан бүхий В/2478 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгджээ.

      Энэхүү тендер шалгаруулалтын анхны Үнэлгээний хорооны шийдвэрт тендерт оролцогчдоос Сангийн яаманд гомдол гаргасны дагуу  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хянан үзэж хуулийн тодорхой заалтууд зөрчигдсөн, тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангаагүй үндэслэлээр хууль журамд нийцүүлэн тендер шалгаруулалтыг дахин хийхийг мэдэгдсэний дагуу Үнэлгээний хороо хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд дахин тендер шалгаруулалтыг үнэлж тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн захиалагчийн В/2478 дугаар мэдэгдэл хууль зөрчөөгүй байна.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 17.1, 17.5-д заасан шаардлагуудыг хангаагүй талаар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамны тендерт оролцогчоос гаргасан гомдлыг хянаад тендер шалгаруулалтыг дахин явуулах мэдэгдэл өгснийг Үнэлгээний хороо хэрэгжүүлж ажиллажээ.

       Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 52.1.2-т “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах;” гэсэн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичигт ирүүлсэн баримтууд тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны зарим заалтын шаардлага хангаагүй тухай мэдэгдсэний дагуу Үнэлгээний хороо дахин хэлэлцэж шийдвэрлэснийг буруутгахааргүй байна.

       Тодруулбал маргаан бүхий В/2478 дугаар мэдэгдэл нь Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийн үр дүнгээс шалтгаалж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил , үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар татгалзсан тухай мэдэгдсэн байх бөгөөд Тендерийн хууль, тендерийн баримт бичигт заасан нэхэмжлэгч ижил төрлийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн, тендерийн ажлын нийт үнийн дүнгээс гадна татварын дүнг тусгайлан ирүүлээгүй, техникийн хяналтын зардлыг тусгайлан тооцож ирүүлээгүй талаар дүгнэж татгалзсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэв.

       Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон өмгөөлөгчийн гаргасан Тендерийн үнэлгээний хороо хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан, Тендерийн баримт бичиг ойлгомжгүй, тодорхойгүй байсан, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байхад тендер шалгаруулалт явуулсан нь хууль бус гэх тайлбарууд үндэслэл муутай байна.

        Түүнчлэн уг тендер шалгаруулалтын үр дүнд захиалагч “Т” ХХК-тай 2019 оны 07 дугаар сард гэрээ байгуулж төслийн ажлын 26 орчим хувь нь хийгдсэн, техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх ажил эхэлсэн тухай гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарлажээ.

      Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэн маргаан бүхий В/2478 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

        1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар Түлхүүр гардуулах гэрээгээр Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сангийн яамны 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн, уг тендерт “Т” ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгох, ЭХЯ-ны “Т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

       2.Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар ЭХЯны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР