Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1528

 

“Сэра-Интернэшл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01470 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сэра-Интернэшл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Санал болгох комиссын хурлын шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар, Л.Галбадар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр авагч “Сэра Интернэшнл ББСБ” нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 550 дугаар шийдвэрээр хариуцагч М.Содбаяраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 110 823 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 712 161 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч М.Содбаяр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр авагч “Сэра Интернэшнл ББСБ”-ын барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 56е байр, 35 тоот хаягт орших 75 м.кв, улсын бүртгэлийн Ү-2206031248 дугаар гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийг албадан худалдахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1, 2 дугаар удаагийн албадан дуудлага худалдааг зарлан явуулсан боловч худалдан борлогдоогүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр авагчид үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох хурлыг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагт зохион байгуулсан бөгөөд төлбөр авагчийн зүгээс тухайн эд хөрөнгийг төлбөртөө тооцон авах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Гэтэл уг саналын хурлаар төлбөр төлөгч М.Содбаярт 7 хоногийн хугацаа олгон уг хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэх, ийнхүү шилжүүлэхдээ төлбөр авагч “Сэра Интернэшнл ББСБ”-аас 7 244 839 төгрөгийг гаргуулан төлбөр төлөгч М.Содбаярт олгохоор шийдвэрлэсэн. Уг саналын хуралдаанд төлбөр төлөгч М.Содбаярт үүрэг гүйцэтгэх хугацаа олгох боломжтой эсэхийг тодруулан хэлэлцсэн бөгөөд төлбөр авагчийн зүгээс хугацаа олгох боломжгүй байгаагаа илэрхийлсэн. Улмаар комисс зөвлөлдөн шийдвэр гаргахдаа уг хурлаар огт хэлэлцээгүй дуудлага худалдаанд орсон үнийн дүнгээс төлбөр авагчийн төлбөрт авах үнийн дүнг хасан зөрүү мөнгийг төлбөр төлөгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хууль бус төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхий зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна.

1. Төлбөр төлөгч үнийн талаар санал гаргаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн санап болгох хуралдаанд төлбөр төлөгч М.Содбаяр нь төлбөрийг мөнгөн дүнгээр төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд 7 хоногийн хугацаа олгосон тохиолдолд төлбөрийг барагдуулах боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн зүгээс санал гаргаагүй байхад хуралдааны комисс дур мэдэн төлбөр авагчийг зөрүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа талын хууль бус үйлдлийг өөгшүүлсэн, нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Мөн төлбөр авагч нь зээлээр өгсөн мөнгөн хөрөнгөө эргүүлэн авч чадалгүй хугацаа алдан эдийн засгийн хувьд маш их алдагдал хүлээж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй хууль бусаар шийдвэр гаргасан болно.

2. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 550 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч М.Содбаяраас төлбөрийг гаргуулан төлбөр авагч “Сэра Интэрнэйшнл ББСБ”-д төлүүлэх шийдвэр гаргасан болохоос “Сэра Интернэшнл ББСБ”-ыг бусдад төлбөр төлөх үүрэг хүлээлгээгүй болно. Гэтэл хариуцагч байгууллага нь төлбөр авагчийн эрхийг илэрхий зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон үүнтэй холбоотой Улсын Дээд шүүхийн тогтоолд төлбөр төлөгчид зөрүү тооцон төлбөр авагчаас төлүүлэх талаар зохицуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаас үзэхэд худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө дүйцүүлэн авах буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал төлөхтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгөөс төлбөрийн зөрүү олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуулиар олгоогүй болно. Түүнчлэн хуулийн энэ заалтыг Улсын Дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолд ... 48.7-д заасан албадан дуудлага худалдаа гэдэгт анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль нь хамаарна. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцно гэж тайлбарласан. Энэхүү тайлбараас үзэхэд ч зөрүү төлбөр төлүүлэх агуулга байхгүй. Харин ч албадан дуудлага худалдаа гэдэгт 1, 2 дугаар дуудлага худапдаа апь аль нь хамаарах тухай дурдаад дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс буюу 2 дугаар дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс зардлыг хасаж тооцохоор зохицуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн чиг үүрэг нь шүүхийн шийдвэрийг биелүүлэн төлбөр төлөгч талыг хохиролгүй болгох байтал, эсрэгээрээ төлбөр авагчийг нэмэлт төлбөр төлүүлж, хохироож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгапзан үзэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх апбаны 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/2 дугаар санал болгох хурлаар албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагч “Сэра Интернэшнл ББСБ”-д санал болгохдоо барьцаа хөрөнгийн үнийн зөрүүд 7 244 839 төгрөгийг төлбөр төлөгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 550 дугаар шийдвэрээр М.Содбаяраас 111 535 161 төгрөгийг гаргуулж “Сэра интернэшнл ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч М.Содбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031248 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 56/Е байрны 35 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх 151/01 тоот тогтоолоор битүүмжлэн, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/01 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авахад 170 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 170 000 000 төгрөгийн 70 хувь буюу 119 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудпага худалдаанд 85 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр оруулахад мөн үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо Улсын дээд шүүхийн 2007 оны 11 сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдаа гэдэгт анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль нь хамаарна. Албадан дуудлага хадалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр төлөгчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцно гэж тайлбарласны дагуу анхны албадан дуулага худалдааны үнэ болох 119 000 000 төгрөгөөр төлбөртөө тооцон авахыг төлбөр авагч “Сэра интернэшнл ББСБ” ХХК-д санал болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Санал болгох комиссын хурлын шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Сэра-Интернэшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Сэра-Интернэшнл ББСБ” ХХК-аас 2017 оны 4 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийг дараах үндэслэлээр буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаас үзэхэд худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө дүйцүүлэн авах буюу зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал төлөхтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгөөс төлбөрийн зөрүү олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуулиар олгоогүй болно. Гэтэл анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “... албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгө нь үнийн хувьд төлбөрийн хэмжээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын нийт үнийн дүнгээс хэт өндөр биш, ойролцоо, дүйцэхуйц хэмжээнд байх нь заалтын агуулга” гэжээ. Улсын Дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолд “... 48.7-д заасан “албадан дуудлага худалдаа” гэдэгт анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль нь хамаарна. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцно.” гэж тайлбарласан. Энэхүү тайлбараас үзэхэд ч зөрүү төлбөр төлүүлэх агуулга байхгүй. Харин ч албадан дуудлага худалдаа гэдэгт 1, 2 дугаар дуудлага худалдаа аль аль нь хамаарах тухай дурдаад дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс буюу 2 дугаар дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс зардлыг хасаж тооцохоор зохицуулсанг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Нөгөөтэйгүүр 2 дугаар дуудлага худалдаагаар 50 хувийн үнийн дүн буюу 85 сая төгрөгөөр худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч нь 111 755 161 төгрөгийн төлбөрт тооцон авах хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, зөрүү төлбөр яригдах тохиолдолд анхаи шатны шүүх 1 дүгээр дуудлага худалдаа биш, 2 дугаар дуудлага худалдаанаас зөрүү тооцон өгөх эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчигдөхөд хүргэлээ.

Түүнчлэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гуйцэтгэх ажиллагааны үндсэн чиг үүрэг нь шүүхийн шийдвэрийг биелүүлэн төлбөр төлөгч талыг хохиролгүй болгох байтал, эсрэгээрээ төлбөр авагчийг хууль зүйн үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр төлүүлж, хохироож байгааг анхан шатны шүүх зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Сэра-Интернэшнл ББСБ” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан тус албаны 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийн зарим хэсэг буюу албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо барьцаа хөрөнгийн үнийн зөрүүд 7 244 839 төгрөгийг “Сэра-Интернэшнл ББСБ” ХХК-аас гаргуулан төлбөр төлөгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 550 дугаартай шийдвэрээр М.Содбаяраас 110 823 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 712 161 төгрөгийн хамт гаргуулж “Сэра-Интернэшнл ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 56е байр 35 тоот хаягт байрлах 75 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хураан авсан байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчөөс үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцны үнийн санал авахад тэрээр 170 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч “Сэра-Интернэшнл ББСБ” ХХК нь зөвшөөрсөн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2/5 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн 70 хувиар буюу 119 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Иймд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 3/29 дугаар тогтоолоор мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дахь хэсэгт зааснаар дагуу зах зээлийн үнийн 50 хувиар буюу 85 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, хоёр албадан дуудлага худалдаанд оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хариуцагч байгууллагын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Санал болгох комиссын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг баримтлан төлбөр авагчтай тохирсноор 7 хоногийн хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны үнээр шилжүүлэх, төлбөр авагч “Сера интернэшнл ББСБ” ХХК-иас анхны албадан дуудлага худалдааны үнэ болон төлбөрийн зөрүү 7 244 839 төгрөгийг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшууллын хамт төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүх, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдааны шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтуудын агуулга, зарчимд нийцсэн гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохоор заасан байхад хариуцагч байгууллага төлбөр авагчаас анхны албадан дуудлага худалдааны үнэ болон төлбөрийн зөрүү 7 244 839 төгрөгийг төлбөр төлөгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн этгээдийн эрх ашигт холбогдох хуулийн зохицуулалтад нийцэхгүй бөгөөд эд хөрөнгөөс төлбөр гаргуулахад хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчмыг тус тус тодорхойлсон хуулийн заалтуудыг хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцохоор зохицуулснаас бус тухайн эд хөрөнгийн үнийн зөрүүг төлбөр авагчаас гаргуулах талаар зохицуулаагүй байна.  

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох ажиллагааны 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/2 тоот тэмдэглэлийн “шийдвэрлэх нь” хэсгийн төлбөр төлөгч тал 7 244 839 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох ажиллагааны 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/2 тоот тэмдэглэлийн шийдвэрлэх хэсгийн төлбөр төлөгч тал гэсний дараах “7 244 839,” гэсэн хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.” гэж,

2 дахь заалтыг “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сэра-Интернэшл ББСБ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           С.ЭНХТӨР