Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1042

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ц.Тодгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 741 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б, Б.А нарт холбогдох 1808020070701 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Онолт овгийн Б-н Б, 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...............  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,

2. Уранхай Гомбо овгийн Б-н А, 1995 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../,

1. Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 106 дугаар сургуулийн орчимд Э.Нийн гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, гар утсыг нь дээрэмдэж бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Б, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 96-2а тоот хашаанд бариастай байсан хохирогч Х.Бгийн эзэмшлийн 2.100.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Олонт овогт Батсуурийн Бат-Эрдэнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн, “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд, Уранхай гомбо овогт Б-н Аийг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус бүр тооцож,

шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг нэг жил зургаан сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...иргэн Э.Нийн гар утсыг дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь мөрдөн байцаагч Занабазар намайг зодож миний биед гэмтэл учруулан, дарамталж хийгээгүй хэрэг хүлээлгэж улмаар хохирогч Э.Нд 200.000 төгрөг төлүүлсэн. Цагдаа нар намайг зодож миний биед гэмтэл учруулсан талаар би эхнэртээ хэлсэн ба мөрдөн байцаагч мэдэж байгаа. Одоо миний биеийн байдал хүнд, өвчүүний орчмын яс товойж амьсгал авах үед зовиуртай, хүндрэлтэй байна. Би иргэн Э.Нийг дээрэмдээгүй, зодуураас айсандаа хийгээгүй хэргээ хүлээсэн. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ тухай огт яриагүй. Харин үйлдсэн дээрмийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогч Нямгэрэлд хохирлын 200.000 төгрөгийг нөхөн төлсөн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Б.Б, Б.А нарт оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байна. Ялтан Б.Бд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэх асуудалд нь үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн 1 жилийн хорих ял оногдуулсан. Б.Б, Б.А нарын үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдож тогтоогдсон бөгөөд нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ц.Тодгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед өөрийг нь зодсон гэх байцаагч нь хэргээ шүүх хуралдаанд хүлээчих, өмгөөлөгч чинь чамайг аваад гарчихна гэсэн ойлголт өгсөн учраас Б.Б нь хэргээ хүлээсэн. Нямгэрэлийн утсыг авсан гэх асуудал нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй байгаа. Мөн Б.Б нь бие муутай сонин хүн байсан бөгөөд ямар нэгэн хэлж байгаа зүйлийг ойлгодоггүй, нэг ярьсан зүйлээ дараа нь өөр байдлаар яриад байдаг, амьдралын хувьд ч хүнд хүн байсан. Хавтас хэргийн 144 дүгээр хуудсанд авагдсан баримтаар анхан шатны шүүхэд шүүгч хэлэлцүүлэгт оруулаагүй, нотлох баримтуудыг өгөөгүй, гэрчүүдийг тодорхой асуугаагүй гэх мэтчилэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байсан. Мөн энэ хэрэгт хэрэглэх ёстой зүйлчлэлийг хэрэглэх боломжоор хангасан боловч нотлогдоогүй асуудалд зодож гэмтээсэн үйлдэл цагдаагийн албан хаагч нар гаргасныг шүүгдэгч хэлэх чадвараа бүрэн дүүрэн илэрхийлээгүй. Энэ асуудлаар эгчид нь “би урьд нь энэ хэрэгт оролцоогүй тул шууд оролцох боломжгүй байна. Та нар зодсон гэх цагдаагийн албан хаагчдаа гомдол гарга” гэж хэлж гомдол гаргуулсан. Би үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Гэхдээ аавыгаа бодож, хэлж чадаагүй байдлаа ойлгож ийм зүйл бичсэн гэж ойлгож байна. Мөн хулгайн үйлдэл нь хэрэг үйлдэх явцдаа баригдаж 200.000 төгрөгийг төлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хохирогч Э.Н “...Саравчтай хар малгайтай, хар өнгөтэй куртик, энгэр хэсэгтээ цагаан бичигтэй хар цамц, хар жинсэн өмдтэй, хуузан сахалтай, улаан өнгийн пүүзтэй, 170 орчим өндөртэй, 30 орчим насны махлаг эрэгтэй байсан...” гэж,

“...баруун гараараа миний ... хэсгээр боож зүүн гараараа миний зүүн гарт байсан гар утсыг булааж аваад яваад өгсөн... 30 орчим насны эрэгтэй, хууз сахалтай, махлаг биетэй хүн байсан...одоо харвал сайн танина” гэж хоёр удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад  өөрөөр хохирогч Э.Нийн эд хөрөнгийг авсан этгээд нь шүүгдэгч Б.Б мөн гэдгийг нотлох ажиллагаа хийгээгүй байна.

Энэ ч үндэслэлээр шүүгдэгч Б.Б “...Би иргэн Э.Нийг дээрэмдээгүй, зодуураас айсандаа хийгээгүй хэргээ хүлээсэн. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж давж заалдах гомдолдоо дурдсан нь хэргийн үйл баримтыг бүрэн нотлоогүй гэж үзэхэд хүргэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэт тогтоох, шүүгдэгч Б.Б-н үйлдэл холбогдол, гэм буруугийн байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв.

Үүнээс гадна шүүгдэгч Б.Бд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн хэрэглсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгод нийцээгүй,  Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарч байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” ойлголт нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг буюу хохирол, тухайн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэр хэмжээг хүлээн зөвшөөрөх агуулгыг бүхэлд нь хамааруулан ойлгохоор хуульчилсан.

Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг зөвхөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэлээр явцууруулан хэрэглэж шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь учир дутагдалтай юм.

Шүүгдэгч Б.Б нь хэдийгээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн боловч өөрийн гэм буруугийн асуудалд маргаж “Хохирогч надад гар утсаа өгчихөөд айсан царайтай яваад өгсөн, би хүчирхийлсэн үйлдэл хийгээгүй” гэх зэргээр мэдүүлж байсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй буюу шүүгдэгч нь хохирогч Э.Нийн гар утсыг дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн асуудалд маргаж байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хойлшлуулж тодорхой үндэслэлгүйгээр 36 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, шүүх хуралдааныг хойшлуулсан тэмдэглэл, шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримтуудад гараар засвар оруулж өөрчилсөн зэрэг зөрчил гаргасан нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн хэт хайнга, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой бөгөөд цаашид анхаарч ажиллахыг анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 741 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 741 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                Ц.ОЧ