Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0091

 

С.П-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар шийдвэрт нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын дагуу С.П-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/381 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... нэхэмжлэгч нь Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын 10.12-т зааснаар хамтран эзэмшигчээр бүртгэгдээгүй тул С.М-аас гаргасан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/381 дугаар захирамжаар Х.Нямсамбууд газрын эзэмших эрхийг шилжүүлсэн. Хэн нэгний эрх ашгийг хөндсөн асуудлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...С.М нь өөрийн эзэмшлийн 742,2 м.кв газраа хэн нэгэнтэй хамтарч эзэмшсэн хүн байгаагүй. Улмаар газар эзэмших эрх шилжүүлэх асуудлаар газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хандахад аймгийн Засаг даргад ханд гэсэн. Энэ асуудал их хүлээгдсэн энэ хооронд шалгаж байсан байх гэж бодож байна.” гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг баримтлан иргэн С.П-ын "Увс аймгийн Засаг даргын 2014 оны 06 сарын 6-ны өдрийн А/381 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай" шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Улаангом сумын иргэн С.П миний бие 2013 оны 7-р сараас эхлэн Улаангом сумын иргэн С.М-тай хамтран гэрээ хийж Мөнхбатын эзэмшил газар болох 420м/кав газар дээр цэцэрлэгорон сууцны барилга барьжэхэлсэн. Би Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 32 дахь жилдээ ажиллаж байгаа. 2013 оны 1-р сард Улаангом сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас намын шугамаар чөлаөлөгдөж ажилгүй нэгжил байсан. Ажилгүй байх хугацаанд ах дүү, үр хүүхдүүд маань хувийн цэцэрлэг барьж өгөхөөр мөнгө хөрөнгө гаргасан. Харамсалтай нь С.М миний энэ байдлыг сонсоод надад барилга барих газар байна, энэ газар дээр хамтарч баръя. Та энэ газрын дээгүүр явж байгаа өндөр хүчдэлийг буулгачих танаас газрын мөнгө авахгүй,, мөн барилгын ажлыг 50% хүртэл барьчих, үлдсэн мөнгийг би гаргая, бас Увс аймагт ажиллаж байгаа банкны аль нэг салбараас зээл авъяа гэж тохиролцож гэрээ хийгээд би өндөр хүчдэлийг 7 сая төгрөгөөр буулгуулаад суурь тавьж барилгын ажлыг эхлүүлээд би түүнээс нэг төгрөг ч гаргахгүйгээр 2 давхар болтол нь 114 сая төгрөгөөр барьж, өөрийнх нь өр нэхсэн хүмүүсийн 10 сая төгрөгийг нь төлж өгсөн Би өөрийн зүгээс бүгд 151 сая төгрөг оруулаад байгаа . 2013 онд 114 сая төгрөг 2014 онд траншей 7 сая төгрөгөөр хийлгэсэн. Нийт барилгын тоосгоны үнэ 30 сая төгрөг төлж барагдуулсан. Ингээд нийт 151 саятөгрөгэнэ барилгад оруулсан. Мөнхбат 2013 ондэнэ барилгын 3 давхрын өрлөгөрүүлсэн. 2014 онд дээврийн банз хадуулсан. Дээрийн төмөрлөгөө хийлэсэн, 2,3 давхрын гадна шавар хийлгүүлсэн, бүгд 35ш цонх захиалгаар хийлгүүлсэн. Эдгээр ажлуудад нийт 50 сая орчим төгрөг зарцуулсан. Барилга барьж эхэлсний дараа Мөнхбат асар их өр зээлтэй нь мэдэгдэж эхэлсэн. Ингээд барилгын зээл бүтэхгүй болохоор би Мөнхбатад 2 давхраар нь барьж дуусгая, Би дахиад хэдэн төгрөг олъёо гэхэд Заавал 3 давхар болгоно дараа газарт орвол 3 давхрыг бол нураадаггүй, харин 2 давхар бол нураадаг хүультай . би өөр хүмүүстэй нийлж 3 давхэр болгоно гэсэн Би 4 иргэнээс 36 сая төгрөг байрны урьдчилгаа гэж авсан учраас тэр хүмүүсээ дагуулж очиж 2 давхраар нь дуусгах гээд чадаагүй. М-ын өөр хүнтэй нийлж барина гэдэг нь өрлөгчин Баярсайхан, Хосбаяр нар байсан. Тэр Баярсайхан нь 10 сая төгрөг Хосбаяр нь 10 сая төгрөгний үнэтэй 2 давхрын хавтан зээл авч өгье гэсэн байсан. Хос баяр Баярсайхан 2 той нийлж 3 давхроыг өрж эхэлсэн. Харамсалтай нь тэд дөнгөж 3 давхрын өрлөгөрөөд мөнгө ньдуусаад дотортасалгаануудчхийжчадалгуй ажил нь зогссон. Ингээд тэр барилга барих гэж хүний өөрийн ах дүүгийн олон төгрөг оруулсан намайг хохироосон.. Гэтэл тэр байшин өвөлжөөд 2014 оны зун барих гэж байтал иргэн Нямсамбуугаас мөнгө авч банкны зээлээ барагдуулж тэр мөнгө нь хүулэгдэж 55 сая төгрөгний өртэй болсон бэйсан. Дахин тэр хүнээс 25 сая төгрөг авч банкны зээлэнд хийгээд надтай гэрээ байгуулж барилга барьж байгаа газраа шилжүүлсэн байсан. Би түүнийг нь мэдээд засаг даргад , Аймгийн хот байгуулалтын газар 2014 оны 5-р сард өргөдөл өгсөн боловч засаг дарга түүнийг мэдсээр байж энэ газрыг шилжүүлэх гахирамж гаргасан Яагаад гэвэл Нямсамбуугийн эхнэр Баясгалан Аймгийн ардчилсан намд удирдах алба хашдаг, одоогоор хүүхэд төрүүлээд ажилгүй байгаа гэсэн. Брилга хот байгуулалтын газрын ажилтан миний өргөдлийг засаг даргад танилцуулсан. Тэгээд маргаантай бол битгий шилжүүл гэж хэлсэн гэсэн. Тэгж байснаа хэд хоногийн дараа өөрийнхөө өрөөнд дуудаад шууд шилжүүл гэж хэлсэн гэсэн. Би 8-р сард засаг даргатай уулзахад би таныг тэр хүнтэй хамтарч барилга барьж байна. гэж мэдээгүй та шуүхэд өг гэж хэлсэн Ийм том барилга барихад банкнаас зээл авахгүй барина гэдэг унэхээр хэцуү Мөнхбат газраа шилжуүлсэн учраас энэ жил бас зээл авч чадахгуй дахиад л 2 дахь жилдээ өнжиж байна Иргэн Нямсамбуу намайг хамтарч барилага барьж байгааг мэдэж байсан ч гэсэн Мөнхбаттай хуувилдаж энэ байшинг цаашид гүйцээж барьж хувааж авах аман хэлэцээр хийсэн байсан. Тус газар дээр Мөнхбатын хувийн зочид буудал нэг давхар 12x7 метрийн харьцаатай баайшин, бид 2 ын хамтарч барьсан 12x24 харьцаатай 3 давхар байшин байгаа Энэ газар барилга баригдчихсан байгаа учраас зарагдах газар байхгүй байсан. .Гэтал энэ газрыг 3 дахь ч этгээд орж ирээд та нарын байшин нураасан ч би чадна гээд захиалагч иргэд болон намайг дайрч доромжилж байна..

Ингэж иргэн Мөнхбат намайг хохироож байхад шүүгч Бадамсүрэн нарийн учрыг нь сайн түнгаахгүйгээр зөвхөн намайг өргөдөл өгч өөрийн эзэмшил болгоогүй байсан гэдэг шалтгаанаар ийм шийдвэр гаргаж байгаад үнэхээр хамрасалтай байна. Би Мөнхбатаас гэрээний дагуү газрыг хамтран зарцуулах эрх үүсгэх байсан боловч газрын бичиг Мөнхбатын зээлэнд ХААН банкинд байсан учраас зээлээ төлсний дараа барилгаа барьж дуусаад газрыг хамтран ашиглахаар төлөвлөж байсан.Цэцэрлэгийн бичцг баримт бүрдүүлж эхлэхээр газрын бичиг хэрэг болно гэж үзэж байсан. Мөн Мөнхбатыг удаа дараа намайг залилсан, үдаа дараа гэрээгээ зөрчсөн, мөнгө төгрөгөөр хохироосон талаар иргэний шүгамаар шүүхэд гомдол гаргаж байгаа. Бас түхайн барилгад хэнээс хэдэн төгрөг зарцуулсан, уг газар нь ямар үнэтэй байгаа талаар үнэлгээний газар хандаж тогтоолохоор өргөдлөе гаргаад байна. Иймд дараах үндэслэлээр энэхүу захмриамжийг хүчингүй болгож өгнө үү?

Миний Мөнхбаттай хамтран ажиллах болон өмчлөх гэрээг иргэд хоорондоо гэрээний чөлөөт байдлын зарчим баримталж  хийсэн хэлцлээс үүдэлтэй үүргээ зохих ёсоор биелүулээгүй маргаан гэж үзэж байгаа нь ямар учиртай юм бэ? Би газрын тухай хууль мөн үл хөдлөх хөрөнгийн тухай хүулиар бусдын эзэмшил газар дээр барилга барьж болно гэсэн заалтын дагуу гэрээ хийж натродоор батлуулан энэ ажлыг хийж эхэлсэн нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, хуулийн дагуу хийгдсэн эрх зүйн акт гэж үзэж байна.

Газрынтүхай хулиар бол бүсдын эзэмшил газар дээр барилга барихэрхолж авсан этгээд уг эрхээ баталгаажуулахаар гэрээ хэлцэл хийж нотродоор батлуулсан байна гэж заасны дагуу гэрээ хийж нотрадаар батлуулсан нь иргэн Нямсамбуугаас урд эрхээ олж авсан гэж үзэж байна.

Мөн би шүүх хүрал дээр энэ барилгад оруулсан мөнгө, төгрөний тооцоо надад байна шаардлагатай гэж үзвэл би өгөхөд бэлэн байна гэж байхад миний хүсэлтийг хүлээж авч энэ барилгад оруулсон тооцоо судалгаа хийгээгүй байж  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж байгаад гомдолтой байна. Энэ гэрээний дагуу   хамтран ашиглах талаар өргөдлөө гаргаагүй байсан нь аливаа нэг хуулийн хугацааг хожимдуулсан гэж узэх үндэслэл болохгүй. Яагаад гэвэл бидний гэрээний хугацаа дуусаагүй.

Иргэн Нямсамбуу энэ газрыг зөвхөн зээл авахын тулд шилжүүлж авсан гэж тайлбартаа бичсээр байтал шүүгч Засаг даргын талд илтээр ажиллаж хуулийг буруу тайлбарлаж байна гэж үзэж байна.

Иргэн Нямсамбуу Мөнхбатаас авах 80 сая төгрөгөндөө 100 м/кав бүхий 2 байрны ордер салгуулан авч одоогийн байдлаар Увс аймгийн Хас банкинд зээлийн барьцаанд тавьчихаад байгаа нь түхайн иргэн Нямсамбууд ямар ч хохиролгүй нь харагдаж байна. Миний хөрөнгөөр энэ барилга босчихоод байхад  энэ барилгын газрыг болон 2 байрны ордерийг 3 дахь ч этгээд банкинд барьцаалаад зээл авч бид өөрсдөө газаргүй учраас зээл авч барилгаа гүйцээж барьж чадахгүй байгаа нь дэндүү хууль дүрмээ уландаа гишгэсэн, төрийн албыг  хувийн эрх ашигтаа нийцүүлж байгаа эрх баригчидад шүүгч хүртэл боломж олгожбайгаа нь харагдаж байна.

Хэрэвээ иргэн Нямсамбуу хохирч байна гэж үзэж байвал Мөнхбатын эзэмшлийн 742,2 м/кав газраас 322,2 м/кав газрыг иргэн Нямсамбууд шилжүүлж надтай хамтарч байрилга барьсан 420 м/кав газрыг үлдээж болох л байсан.

Мөн засаг дарга нь Газрын түхай хуүлийн 38 ын 2 ийн Зд зааснаар эрх ишилжүүлэн авапч нь улсын тэмдэпгийн хураамж төлөөгүй байхад газар эзэмших эрх шилжүүлсэн нь эдгээр хүмүүсийн хуйдалдааныг шүүгч нууцлан даржбайна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөнхбат энэ газрыг шилжүүлэхээр засаг даргын захирамж гаргуулчихаад Хот байгуулалтын газар очиход Хот байгуулалтын газраас хуүчин Мөнхбатын нэр дээр байгаа гэрчилгээг аваад ир тэр үед нь нэрийг нь сольж бичиж өгье гэж хэлсэн байсан Гэ1эл Хүүчин Мөнхбатын нэр дээр байгаа бичиг ХААН банкинд 31 сая төгрөгний зээлэнд байгаа учраас иргэн Нямсамбуу өөрийн нэр дээр гаргуулж чадаагүй , зөвхөн засаг даргын захирамжийг Хас банкинд тавьчихсан байгаа. Ингэж эдгээр хүмүүс хуйвалдаж хүний хөрөнгө мөнгө нэр төрөөр тоголож байхад Шүүгч ийм шийдвэр гаргаж байгаад үнэхээр харамсалтай байна. Барилгад хөрөнгө оруулсөн миний биеээс гадна захиалагч олон иргэд хохирч байна. Надад захиалга өгсөн 4 хүн, Мөнхбатад захиалга өгсөн 5 иргэн байгаа. Би ирэх жил банкны зээл олдохгүй ч гэсэн энэ барилгыг ашиглалтанд оруулж өөрөө өрнөөс гарч эдгээр захиалагч иргэдийн хохирлыг барагдуулмаар байна Гэтэл байр ашиглалтанд орсны дараа бичиг баримт бүрдүүлэхэд газрыг бичиг байхгүгээр байраа улсын комисст хүлээлцэх, худалдаж борлуулах цэцэрлэгээ ажиллуулах олон эрх ашгууд зөрчигдөж байгаа тул засаг даргын 2014 оны 6-р сарын 6 ны өдрийн А/381 -р захирамжийг хүчингүй болгож өгнө үү? Надтай хамтарч барилга барьж байгаа 420 м/кв газрыг гэрээний дагуу хамтран эзэмших эрхтэйг нотолж өгнө үү?” гэжээ.

            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иргэн С.П нь “Увс аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/381 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Увс аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/162 дугаар захирамж,  2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 036984 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр иргэн С.М нь тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт “Нүд” хоршооны зүүн талд орон сууцны зориулалтаар 742 м.кв газрыг эзэмшиж байсан.

Харин иргэн С.М-ын эзэмшил газар болох Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоот хашаанд орон сууц, цэцэрлэгийн зориулалт бүхий барилгыг хамтран барьж цаашид хамтран ажиллахаар иргэн С.П, С.М нар нь тохиролцон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Хамтран ажиллах болон хамтран эзэмших, өмчлөх” гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээнд заасны дагуу С.М-ын эзэмшил газар дээр нэхэмжлэгч С.П нь хөрөнгө зарцуулан 85 хувийн гүйцэтгэлтэй нийтийн орон сууц барилга барьсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч С.М-ын мэдүүлэг, Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 63/1216 дугаар захирамж зэргээр нотлогдож байна.

Мөн Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоот, Нүд хоршооны дэргэд байх 864 м.кв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын хамтран өмчлөгчөөр С.Пыг нэмж оруулах хэлцлийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч С.П, С.М нар байгуулж, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоотод нийтийн орон сууцны зориулалттай 333 м.кв талбай бүхий дуусаагүй барилгыг С.Пд өмчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-1520003940 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000200495 дугаар гэрчилгээг олгосон байна.

Дээрхээс үзэхэд С.М, гуравдагч этгээд Х.Нямсамбуу нарын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн, С.М-ын эзэмших эрх бүхий Улаангом сумын 3 дугаар багийн нутагт Нүд хоршооны зүүн талд орон сууцны зориулалт бүхий 740.2 м.кв газрын эрхийг гуравдагч этгээд Х.Нямсамбууд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Увс аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А/381 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.3-д заасныг зөрчсөн,  нэхэмжлэгч С.П-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж шүүх үзлээ.

Учир нь С.М-ын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан үндэслэлийг шалгаагүй, уг газар дээр барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх, уг барилга байгууламж нь хэний өмчлөлийн барилга байгууламж болох, маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлснээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсч болох талаар тодруулах үйл ажиллагааг явуулаагүй захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл байна.

Нэхэмжлэгч С.П нь бусдын эзэмшил газрыг ашиглан барилга байгууламж барьж байгаа талаар болон газрын харилцаатай үүсэн нөхцөл байдлын талаар эрх бүхий төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх тэрхүү үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагаа байгаа боловч энэ хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг баримтлан С.П-ын нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/381 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД:

 

 ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР                                 ШҮҮГЧ                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР