Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2357

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, *******-д оршин байрлах ******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцож гаргуулах, үндэслэлгүйгээр цалингаас суутгасан 620,000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* ХХК-д няраваар ажилд орж “Хөдөлмөрийн гэрээ”-г урт хугацаагаар байгуулж MD-108 салбарт ажилласан. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр MD-108 салбараас ажлаа хүлээлгэн өгч 1000 төгрөгийн өртэйгээр MD-118 салбар руу шилжиж ажилласан. Хамт ажиллах хугацаанд намайг элдвээр хэл амаар доромжилж, ажил гүйцэтгэлийг маань бууруулж байсан. Ингээд 3 cap ажилаад байж байтал дэлгүүрт өмнө нь дутагдаж байсан барааны өрийг миний нэр дээр өр болгон тавьсан байсан. Тэрхүү өрийн хэмжээ 620,000 төгрөг гарсан байсан ба надад огт танилцуулж гарын үсэг зуруулаагүй байж өр болгон надаас үндэслэлгүйгээр суутгасан.

2016 оны 07 дугаар сард MD-108 салбарт өрөө төлөн ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сард намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, ажлаас халагдсан тушаалыг өгөөгүй. миний бие ажлаас халсан тушаалыг надад өгөх байх гэж өдий болтол хүлээсэн боловч одоогхүртэл өгөөгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч надад хөдөлмөрийн гэрээний нэг хувийг огт өгөөгүй.

Иймд намайг ажпаас үндэслэлгүйгээр халсан тул няравын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон  гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг минь нөхнө бичилт хийж, цалин хөлснөөс үндэслэлгүйгээр өр болгон суутгасан 620,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн нь анх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Миний сүлжээ дэлгүүрийн зайсанд байрлах 108 дугаар салбар дэлгүүрт няравын ажилд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр МД-118 дугаар салбар руу өөрийн хүсэлтээр /гэр ойрхон салбар гэж шилжсэн/ няравын ажилд томилогдон очсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүрэгт ажилдаа хайнга хандаж хатуу сануулах тушаал авч байсан. /Энэ сануулах тушаал нь барааны буцаалт болон хугацаа дуусах дөхсөн барааны хугацааг харалгүй хайнга хандаж хүлээн авсан/ 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр МД-108 салбарт буцаад няравын ажилд очин ажиллах байх хугацаандаа үүрэгт ажилдаа удаа дараа буюу cap бүрийн няравуудын ажлыг дүгнэх шалгалтанд байнга муу үзүүлэлт үзүүлэн дандаа хамгийн сүүлийн байранд орж тэнцээгүй гэх шалтгааныг д танилцуулж 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр МД-108 дэлгүүрийн кассын албан тушаал санал болгоход тухайн өдрөөс өөрөө хүлээн зөвшөөрч тушаалаа гаргуулчаад үүрэгт ажлаа хаяж явсан асуудал гаргасан байна. Иймд энэ хүн ажилдаа тэнцээгүй бөгөөд ажлын байрыг сайн дураараа бүхэл бүтэн нэг сарын хугацаанд хаяж явсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажилаас нь 2016 оны 11 дугээр сарын 22-ны өдрөөс эхлэн нэг талын буюу ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь хуулийн дагуу авагдсан арга хэмжээ юм. Үндэслэлгүйгээр суутгасан гэх 649,520 мянган төгрөгийн хувьд ажилтан МД-118 дугаар салбар дэлгүүр дээр ажиллаж байх хугацаандаа няравын үүрэгт ажилдаа хариуцлаггүй хандаж хяналтын тооллогын нягтлан бодогч н.Мянганжадамба, ерөнхий нягтлан бодогч , МД-118 дугаар салбарын нягтлан бодогч нар цалин бодохтой холбогдуулан дэлгүүрийн бараа тооцоо, тооллого, шахаа хийхэд нярав гэх албан тушаалтай хүний буруутай үйл ажиллагаанаас болж тухайн дэлгүүрийн сарын нийт өрний 649,520 төгрөгийн бараа хүлээж авахдаа барааны дуусах хугацааг хянаагүй, хугацаанд нь буцаалтаа хийгээгүй учир журмын дагуу өр тавьсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл бичсэн байдаг. Мөн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөлдөө энэ өр төлбөрөө хүлээн зөвшөөрч МД-108 салбар руу шилжүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, шилжүүлсэн. Одоо манай байгууллагад 269,392 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2017 оны 11 дүгээр сарын үед нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бөглүүлж, аваад явсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцож гаргуулах, үндэслэлгүйгээр цалингаас суутгасан 620,000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч ажил хаяж явсан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хариуцагчаас 620,000 төгрөг гаргуулах шаардлагаа 250,000 төгрөгөөр багасгаж 370,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулсан.

 

Нэхэмжлэлийн шаардплагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч ******* ХХК 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч той хөдөлмөрийн гэрээ байгуулж, няравын ажил, албан тушаалд томилж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар нэхэмжлэгч ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халжээ.

 

Хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халсан байх боловч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу ажлаас халсан тушаалыг өгөөгүй, тушаалыг халагдсан ажилтанд гардуулах ажиллагаа хийгээгүйн зэрэгцээ ажилтан ажлаас халсан тушаалыг авахаас татгалзсан, аваагүй талаархи баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн хариуцагч ажлаас халсан тушаалыг өгөөгүй гэх тайлбарыг баримтаар няцаагаагүй нь хариуцагч ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгчид өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Хариуцагч ******* ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4905 тоот “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч ыг нярвын ажлаас чөлөөлж, кассын ажилд шилжүүлэн томилсон байх бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад үндэслэлгүйгээр албан тушаал бууруулан томилсон гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч, ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэхдээ хуульд заасан хэлбэрийг баримтлах үүрэгтэй. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч няравуудын ажлыг дүгнэх шалгалтад байнга муу үзүүлэлт үзүүлэн тэнцээгүй гэх үндэслэлээр нярвын ажлаас чөлөөлж, кассын ажилд тушаал бууруулан томилсон нь хуульд заагаагүй үндэслэлээр ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байх тул нэхэмжлэгч ыг няравын ажлаас халсан гэж үзнэ. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл болох шинээр томилсон кассын ажилд ажиллаагүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил хаяж явсан гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ыг ******* ХХК-ийн МД 108 дугаар салбарын няравын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоож байгаа тул түүний ажилгүй байсан хугацаа цалин хөлстэй тэнцэх олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаагаар тооцох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нэг сарын 500,000 төгрөгийн үндсэн цалинтай болох нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3, 10 дугаар зүйлд ажилтны цалингийн хэмжээг тодорхойлсноор тогтоогдож байх тул ажилгүй байсан 7 сар 10 хоногийн хугацааны цалин /500,000х7=3,500,000/ 3,500,000 төгрөг, 500,000/22=22,727. 22,727х10=227,272. Нийт 3,500,000+227,272=3,727,272 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч, нэхэмжлэгчээс 370,000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгаж авсныг буцаан гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хариуцагч, нэхэмжлэгчийг няраваар ажиллаж байх хугацаанд нь 620,000 төгрөгийн өр ногдуулснаас 370,000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаархи баримтаа шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

              ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ыг ******* ХХК-ийн МД 108 дугаар салбарын няравын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хариуцагч сонгинохангай ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,727,272 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 370,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ******* ХХК-иас 74,586 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЭНЭБИШ