Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч Ш.Дорждэрэм, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хорхон овгийн Шаравын Дорждэрэмд холбогдох 2126001860280 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн “НИК” ХХК-д ахлах нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат  багийн 6 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хорхон овгийн Шаравын Дорждэрэм /регистрийн дугаар ПИ66082376/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Дорждэрэм нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хот хоорондын хатуу хучилттай  замд 61-14 ХОА улсын дугаартай “Тоёота Ланд Крузер 80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д “Жолооч нүд гялбан зорчих хэсгийн баримжаа алдсан үед ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас замын зорчих хэсэгт мотоциклийнхоо дэргэд сууж байсан хохирогч Б.Лхагвыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Дорждэрэм шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Миний хувьд анхаарал болгоомжгүйгээсээ болж зам тээврийн осол гаргаж хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүндээ гэмшиж  байна. Хохиролд 4230663 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Б.Лхагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед ажлаа тараад буцаад амардаг газар луугаа очих гээд явж байсан чинь миний мотоциклийн гал хамгаалагч шатаад мотоцикль гэрэлгүй болчихсон юм. Тэгээд би мотоциклиосоо буугаад гэрлээ холбож асаагаад хөдлөх гэж байсан чинь л нэг мэдсэн эмнэлэгт ирчихсэн байсан. Би тухайн үед урд талын гэрлээ асуугаад мотоцикль дээрээ мордоод хөдлөх гэж байсан. Тэгээд юу  болсныг нь санахгүй байна. Би ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй. Би тэнд гэрлээ янзлаад удаагүй. Би асфальтан замын гол хэсэгт нь зогсоогүй, хажуу ирмэг хэсэгт нь зогсож байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Тухайн үед миний унаж явсан тээврийн хэрэгсэл сэлбэгээр босгосон миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Миний унаж явсан “Зукида” маркийн тээврийн хэрэгсэлд улсын дугаар, бичиг баримт байхгүй. Би тухайн үед хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би 2021 оны 06 дугаар сараас хойш зам ангид ажиллаж байсан. Би бүрэн эмчлүүлж эдгэмээр байна. Машины ослоос болсон эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Сая хагалгаанд ороход 2 сая төгрөг өгч эм тариа авч өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/,

 

Гэрч Б.Нямдашийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах ёстой байдаг. Автомашины жолооч Ш.Дорждэрэмийн хувьд мотоциклтой хүн замын зорчих хэсэг дээр байсныг харсан даруйдаа тээврийн хэрэгслийг зүүн гар тийш нь дараад мотоциклийн ар талын ачааны хэсгийн зүүн буланг мөргөөд авто машины баруун гар талын урд талын гупер дохио зэрэг хагарч зурагдсан байдлаас харахад Ш.Дорждэрэм нь аюул осол тохиолдсон үед тээврийн хэрэгслийг зүүн гар тал руу дарж аюул ослыг зайлуулах арга хэмжээ авсан гэж харахаар байна. Хэрэв автомашины жолооч урд тулгарсан аюул ослыг харахгүйгээр чигээрээ явсан тохиолдолд мотоциклийн жолоочийн дээгүүр дайрч амь насыг хохироох эрсдэлтэй байсан дүр зураг хэргийн газар дээр харагдаж байсан. Автомашины тээврийн хэрэгслийн тоормозны мөр байхгүй байсан учир хурдыг тодорхойлох боломжгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 хуудас/,

 

Шүүгдэгч Ш.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 14 цаг 30 минутын үед Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд эхнэр Мөнхтүвшин зээ хүү Энэрэлт нарын хамт гарсан юм. Тэгээд явж байгаад 21 цагийн үед Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт буюу шинэ цагаан хаалганаас зүүн тийш 1,3 км-ийн зайд аймгийн төв рүү гэсэн чиглэлтэй явж байсан чинь эсрэг урсгалаас машин өөдөөс зөрөөд гэрэл гялбасан. Тэгэхэд нь би машиныхаа гэрлийг ойр дээр нь шилжүүлсэн. Тэгээд тухайн машинтай зөрж байх явцад миний урд талд мотоциклийн дэргэд хүн сууж байсан. Би зүүн тал руу эсрэг урсгал руу дарж хөдөлгөөнөө үргэлжлүүлээд баруун гар тал руугаа зам чөлөөлж зогсоод буугаад ирсэн чинь замын голд хүн уначихсан байсан. Тэгэхлээр нь би тухайн хүний толгойг өндийлгөөд түшиж суугаад замаар өнгөрч байгаа машиныг гараа өргөж зогсоогоод цагдаа эмнэлэг рүү яаралтай залгаж тус болооч гэж хэлсэн. Тухайн үед өөдөөс эсрэг урсгалаас ирж байгаа машины гэрэл гялбасан. Би тэр хүнийг мөргөчихгүй юмсан гээд үрүүлээ эсрэг урсгал руу дараад буцаад баруун гар тал руугаа замаа чөлөөлөөд  зогссон. Тухайн үед цаг агаар хэвийн гадаа харанхуй байсан эсрэг урсгалаас тод гэрэлтэй машин ирж байсан учир замын үзэгдэх орчин тааруу байсан. Би тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангилалтай. Би 2000 онд жолооч болсон тэр цагаас хойш тээврийн хэрэгсэл жолоодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 399 дугаартай “... 1.Үзүүлэгч Б.Лхагвын биед тархины дагзны хэсгийн цусархаг няцрал, духны баруун хэсэг хатуу хальсан дээрхи цус хуралт, баруун хацар яс цөмөрсөн хугарал, гайморын хөндийн урд болон ар хана цөмөрсөн хугарал, духны яс баруун талдаа зулайн заадас хүртэл босоо хугарал, баруун хацар ясны сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн эгэм дотор шугамаар ил хугаралтай, доод эрүүнд 41 дүгээр шүд бүрэн мултарсан, толгойн орой, зулайн хэсгийн зулгаралт, духны хамрын нуруу, дээд уруул, зүүн хацрын төвгөр, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, зүүн чихний омог, баруун хацрын төвгөр, баруун гарын сарвуу, зүүн, баруун өвдөгт зулгаралт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-61 хуудас/,

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаартай техникийн шинжээчийн “...1. Энэ хэрэг зам тээврийн осол мөн. 3амын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль 3.1.6 “зам тээврийн осол”гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг/

 

2. 61-14 ХОА улсын дугаартай “Ланд крузер-80” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ш.Дорждэрэм нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. 1.Монгол Улсын ЗХД-ийн 9.3 Д-д “Жолооч нүд гялбан зорчих хэсгийн баримжаа алдсан үед ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. 2.Монгол Улсын ЗХД-ийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

 

3. “Зукида” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Лхагва нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. 1.Монгол Улсын ЗХД-ийн 14.1-д Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талын хөвөөн дээр зогсоно. 2. Монгол Улсын ЗХД-ийн 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс суурин газрын гаднах замд З0м-ээс тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна. 3. Монгол Улсын ЗХД-ийн 27.2в-д Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4-р хавсралтанд заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй, эсхүл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй ...  тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.

 

4. Тоормосны мөр байхгүй учир хурдыг тогтоох боломжгүй байна.

 

5. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл.1. Жолооч Б.Лхагва нь Монгол Улсын ЗХД-ийн 14.1-р заалтыг зөрчин зорчих хэсэг дээр удаан зогсолт хийсэн.  2. Жолооч Б.Лхагва нь Монгол улсын ЗХД-ын 9.5-р заалтыг зөрчин зайлшгүй зогсолт хийхдээ ослын дохио ослын зогсолтын тэмдэг хэрэглээгүй. Шинжээч Ц.Болдбаатар” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/,

 

2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-18 хуудас/,

 

Хохирогч Б.Лхагвын Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн 7645 дугаартай өвчний түүх /хх-ийн 124-149 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн

2126001860280 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай”, 2021 оны 12

дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолууд /хх-ийн 89, 159 хуудас/,

 

Шүүгдэгч Ш.Дорждэрэмийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат  багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаартай албан бичиг, “НИК” ХХК-ийн Ховд Нефть хангамжийн салбарын даргын тодорхойлолт, Монгол Улсын Их сургуулийн Завхан дахь Эдийн засгийн сургуулийн №D200616247 дугаартай Бакалаврын диплом, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-102, 107-109, 122 хуудас/,

 

Хохирогч Б.Лхагвад хохиролд 4230663 төгрөгийн хохирол  төлсөн Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 156 хуудас/,

 

Хохирогч Б.Лхагвын шүүхэд ирүүлсэн “Б.Лхагва миний бие эмчилгээ дуусаагүй дахин хагалгаанд орох тул цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэхийг хүсч байна.” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Ш.Дорждэрэмд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Ш.Дорждэрэм  нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг орохоор 61-14 ХОА улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-80” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хот хоорондын хатуу хучилттай замд  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3д-д “Жолооч нүд гялбан зорчих хэсгийн баримжаа алдсан үед ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус замын зорчих хэсэгт мотоциклийнхээ  дэргэд сууж байсан хохирогч Б.Лхагвыг мөргөж,  түүний эрүүл мэндэд “тархины дагзны хэсгийн цусархаг няцрал, духны баруун хэсэг хатуу хальсан дээрхи цус хуралт, баруун хацар яс цөмөрсөн хугарал, гайморын хөндийн урд болон ар хана цөмөрсөн хугарал, духны яс баруун талдаа зулайн заадас хүртэл босоо хугарал, баруун хацар ясны сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн эгэм дотор шугамаар ил хугаралтай, доод эрүүнд 41 дүгээр шүд бүрэн мултарсан, толгойн орой, зулайн хэсгийн зулгаралт, духны хамрын нуруу, дээд уруул, зүүн хацрын төвгөр, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, зүүн чихний омог, баруун хацрын төвгөр, баруун гарын сарвуу, зүүн, баруун өвдөгт зулгаралт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт хүнд хохирол учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Ш.Дорждэрэм нь тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.3д-д “Жолооч нүд гялбан зорчих хэсгийн баримжаа алдсан үед ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Лхагвын  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

 

Хохирогч Б.Лхагвын “...Би 2021 оны 09 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед ажлаа тараад буцаад амардаг газар луугаа очих гээд явж байсан чинь миний мотоциклийн гал хамгаалагч шатаад мотоцикль гэрэлгүй болчихсон юм. ...Тэгээд юу  болсныг нь санахгүй байна. Би ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй. ...Би асфалтан замын гол хэсэгт нь зогсоогүй, хажуу ирмэг хэсэгт нь зогсож байсан. ...Сая хагалгаанд ороход 2 сая төгрөг өгч эм тариа авч өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/,

 

Гэрч Б.Нямдашийн “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах ёстой байдаг. Автомашины жолооч Ш.Дорждэрэмийн хувьд мотоциклтой хүн замын зорчих хэсэг дээр байсныг харсан даруйдаа тээврийн хэрэгслийг зүүн гар тийш нь дараад мотоциклын ар талын ачааны хэсгийн зүүн буланг мөргөөд автомашины баруун гар талын урд талын гупер дохио зэрэг хагарч зурагдсан байдалтайгаас харахад Ш.Дорждэрэм нь аюул осол тохиолдсон үед тээврийн хэрэгслийг зүүн гар тал руу дарж аюул ослыг зайлуулах арга хэмжээ авсан гэж харахаар байна. Хэрэв автомашины жолооч урд тулгарсан аюул ослыг харахгүйгээр чигээрээ явсан тохиолдолд мотоциклийн жолоочийн дээгүүр дайрч амь насыг хохироох эрсдэлтэй байсан дүр зураг хэргийн газар дээр харагдаж байсан. Автомашины тээврийн хэрэгслийн тоормозны мөр байхгүй байсан учир хурдыг тодорхойлох боломжгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 хуудас/,

 

Шүүгдэгч Ш.Дорждэрэмийн “...2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 14 цаг 30 минутын үед Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд эхнэр Мөнхтүвшин, зээ хүү Энэрэлт нарын хамт гарсан юм. Тэгээд явж байгаад 21 цагийн үед Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт буюу шинэ цагаан хаалганаас зүүн тийш 1,3 км-ийн зайд аймгийн төв рүүгээ чиглэлтэй явж байсан чинь эсрэг урсгалаас машин өөдөөс зөрөөд гэрэл гялбахаар нь би машиныхаа гэрлийг ойр дээр нь шилжүүлсэн. Тухайн машинтай зөрж байх явцад миний урд талд мотоциклийн дэргэд хүн сууж байсан. Тэгээд би зүүн тал руу эсрэг урсгал руу дарж хөдөлгөөнөө үргэлжлүүлээд баруун гар тал руугаа чөлөөлж зогсоод буугаад ирсэн чинь замын голд хүн уначихсан байсан. Тухайн үед зам дээр байсан хүн ойрхон тулаад ирсэн тул тоормоз гишгэсэн ч дээгүүр нь даваад гарчихаар байсан. Тэгэхлээр нь би тухайн хүнийг толгойг өндийлгөөд түшиж суугаад замаар өнгөрч байгаа машиныг гар өргөж зогсоогоод цагдаа эмнэлэг рүү яаралтай залгаж тус болооч гэж хэлсэн. Би тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 хуудас/,

 

            Шүүгдэгч Ш.Дорждэрэмийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лхагвын эрүүл мэндэд “тархины дагзны хэсгийн цусархаг няцрал, духны баруун хэсэг хатуу хальсан дээрхи цус хуралт, баруун хацар яс цөмөрсөн хугарал, гайморын хөндийн урд болон ар хана цөмөрсөн хугарал, духны яс баруун талдаа зулайн заадас хүртэл босоо хугарал, баруун хацар ясны сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн эгэм дотор шугамаар ил хугаралтай, доод эрүүнд 41 дүгээр шүд бүрэн мултарсан, толгойн орой, зулайн хэсгийн зулгаралт, духны хамрын нуруу, дээд уруул, зүүн хацрын төвгөр, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, зүүн чихний омог, баруун хацрын төвгөр, баруун гарын сарвуу, зүүн, баруун өвдөгт зулгаралт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий” хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 399 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-61 хуудас/,

 

           Шүүгдэгч Ш.Дорждэрэм нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3д-д “Жолооч нүд гялбан зорчих хэсгийн баримжаа алдсан үед ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнийг  тогтоосон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/,

 

2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-18 хуудас/,

 

Хохирогч Б.Лхагвын 7645 дугаартай өвчний түүх /хх-ийн 124-149 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Ш.Дорждэрэмд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Дорждэрэм нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй гэрч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Шүүгдэгч  Ш.Дорждэрэм нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Лхагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талын хөвөөн дээр зогсоно.”, 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд З0м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна.” 27.2 В-д “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4-р хавсралтанд заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй, эсхүл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй ... тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасныг зөрчсөн байна гэж  тогтоосон бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч Ш.Дорждэрэм нь хохирогч Б.Лхагвад хохиролд 4230663 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүр төлөхөө илэрхийлсэн, “НИК” ХХК-ийн Ховд Нефть хангамжийн салбарт нягтлан бодогчоор ажилладаг, тогтмол орлоготой, мөн урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1000000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч Б.Лхагвад 3230663 төгрөг төлсөн тухай баримт, хохирогч Б.Лхагвын шүүхэд ирүүлсэн “цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгч Ш.Дорждэрэмийн прокурорт гаргасан “Миний бие хохирогч Б.Лхагвын ирээдүйд цаашид гарах эмчилгээний төлбөрийг бүрэн хариуцаж барагдуулахаа илэрхийлж байна” гэсэн хүсэлт, НИК” ХХК-ийн Ховд Нефть хангамжийн салбарын даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-101, 156-158/ зэргээр тогтоогдож байх тул хохирогч Б.Лхагвын цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Ш.Дорждэрэмд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Ш.Дорждэрэм нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат  багийн 6 дугаар гудамжны 3 тоотод оршин суудаг болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат  багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул тэнссэн хугацаанд, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс  тоолж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Дорждэрэмд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хорхон овгийн Шаравын Дорждэрэмийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Хорхон овгийн Шаравын Дорждэрэмийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.Дорждэрэмд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Ш.Дорждэрэмд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дорждэрэмд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ш.Дорждэрэмд тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ш.Дорждэрэм нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Лхагвад хохиролд 4230663 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Лхагва нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Дорждэрэмд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Дорждэрэмд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ