Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                           Хэргийн индекс:166/2021/0119/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Г.Уянга,

Шүүгдэгч Э.Э.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.И-д холбогдох эрүүгийн 2108004530107 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, дүү нарын хамт оршин суух Э.И-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э.И- нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр В.В.Ц-гийн мэдээллийн сүлжээ болох “ ******* Уу****” гэх фейсбүүк хаягт хууль бусаар халдаж, системд нэвтрэн улмаар Ц.Ц.Б-ы Хаан банк интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг В.В.Ц-гийн ашигладаг “******* Уу****" гэх фейсбүүк хаягаас мэдэж аваад Ц.Ц.Б-ы Хаан банкны интернэт банканд нэвтэрч В.В.Ц-гийн эзэмшлийн мөнгөнөөс 3.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим төхөөрөмж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Э.Э.И- нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр В.В.Ц-гийн мэдээллийн сүлжээнд буюу “******* Уу****” гэх фейсбүүк хаягт хууль бусаар халдаж, цахим системд нэвтэрсэн, улмаар хохирогч Ц.Ц.Б-ы Хаан банкны 5400318*** дугаарын дансанд нэвтрэх нэр, нууц үг зэргийг хууль бусаар олж авсан,  Хаан банкны 5400318*** дугаарын дансанд нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтрэн орж В.В.Ц-гийн эзэмшлийн мөнгөнөөс 3.500.000 төгрөгийг шунахай сэдэлтэйгээр хулгайлсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Э.И- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “В.В.Ц- эгч фейсбүүкийн кодоо надаар янзлуулсан юм. Би найзаасаа мөнгөө авах ёстой байсан боловч манай найз намайг блоколсон тул В.В.Ц- эгчийн фейсээр орж найзтайгаа чаатлах гэж байхдаа В.В.Ц- эгчийн Ц.Ц.Б-тай чааталсан байсныг хараад, банкны нууц үгийг олж авсан.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...- Ц.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр миний Хаан банкны 5400318*** данснаас 3500000 төгрөг гарсан байна гэх гомдол мэдээллийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 хүлээн авсан.  /хх 10/,

 

            3. Хохирогч Ц.Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр миний Хаан банкны 5400318*** дугаарын данснаас 3.500.000 төгрөгийн зарлага Үүлэнсолонго гэх хүний 5434195*** дугаарын данс руу “Сайнуу123” гэсэн утгатай гарсан. Миний Хаан банкны интернэт банкны нэвтэр нэр, нууц үгийг манай ээжийн дүү В.В.Ц- мэддэг юм. Бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. В.В.Ц- эгч миний дансанд ажил хийгээд хадгалж байя гэж асуухаар нь би нууц үг, нэвтрэх нэрээ фейсбүүк чатаар явуулж байсан юм. Тэгээд миний данснаас гэнэт мөнгө гарахаар нь В.В.Ц- эгчийг миний нууц үг, нэвтрэх нэрийг мэддэг болохоор мөнгөний хэрэгцээ гараад авч байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл удалгүй В.В.Ц- эгч над руу залгаад чи данснаасаа мөнгө авсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би аваагүй гэхэд яаралтай Хаан банк руу залгаад дансаа хаалга гэж хэлсэн. Би шууд Хаан банк руу залгаад миний данснаас мөнгө алдагдчихлаа гэхэд таны дансыг хаах уу? аль эсвэл та мэйл хаяг, интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгээ солих уу? гэж асуухаар нь би нууц үгээ сольё гээд дансаа хаалгаагүй. Тэгээд Хаан банкны ажилтан та яаралтай цагдаагийн байгууллагад хандаарай, Таны интернэт банканд “Э.И-9999” гэсэн төхөөрөмжөөс орон байна. Та Э.И- гэдэг хүн таних уу? гэж асуухаар нь Э.И- гэдэг хүний овгийг хараад өгөөч гэхэд Энхболд овогтой Э.И- гэж хэлсэн. Манай ээжийн төрсөн дүү В.Ц- том охины Э.И- гэдэг юм. Тэгээд би Хаан банкны ажилтантай ярьсны дараа В.В.Ц- эгч рүү залгаж миний интернэт банк руу Э.И- орсон байна гэнээ гэж хэлсэн. В.Ц- эгч цагаан сарын өмнө фейсбүүктээ орж болохгүй болохоор нь Э.И- руу залгаж фейсбүүк кодоо солиулсан юм байна лээ. Би интернэт банкныхаа кодыг В.Ц- эгч рүү фейсбүүкээр явуулж байсан.” гэх мэдүүлэг /хх 42-43/,

            4. Хохирогч В.В.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний төрсөн ах П- нь 2020 онд БНХАУ-д нас барсан тул цогцос хадгалсан мөнгө гэж цаанаас нэхэмжилсний дагуу дүүгийнхээ дансанд өөрийнхөө цалингаасаа хадгалж байсан юм. Дүүгийнхээ дансанд хадгалах болсон учир нь би энэ талын мэдлэг муу учир дүү рүүгээ шилжүүлээд хадгалж байхаар болсон. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр миний бие дүү Ц.Б- интернэт банк руу гүйлгээ хийхээр нэвтэрч ороход хадгаламжийн данснаас 1 удаагийн гүйлгээгээр 3.500.000 төгрөгийг “Sainuu123” гэх утгаар гарсан байхаар нь дүү рүү залгаж асуухад мэдэхгүй гэж хэлэхэд нь би цагдаад ханд гэж хэлсэн. Би Ц.Б-ы интернэт банкны нууц үгийг 2020 онд анх фейсбүүкээр авч байсан. Тэгээд өөрийн гар утаснаас ордог байсан. Тэгээд сүүлд “******* Уу****” гэх фейсбүүк маань гэнэт орохоо больчихоор нь манай төрсөн эгч Цацралмаагийн охин Э.И-гаар өөрийн фейсбүүкээ сэргээлгэж авч байсан.” гэх мэдүүлэг /хх 46/,

            5. CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “..2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14:32 цагт алдагдсан 3500000 төгрөгийн гүйлгээг mn.slide.khanbank build:107 iOS 14.4.0 нэртэй төхөөрөмжөөс 160FFB44-DFAD-47BE-AD51-B227CA9C0EB4 дугаарын ID-аар хандсан эзэмшигчийн мэдээлэл болон тус төхөөрөмжөөс Хаан банкны интернэт банкинд хандсан иргэдийн талаарх мэдээлэл байх ба 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03:32:09 секунд хүртэл хугацаанд Энхболд овогтой Э.И- нь тогтмол ашиглаж байсан байна...” /хх 32-35/

            6. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 50/6908 дугаартай Хаан банкны хариу албан тоот: “5434195*** тоот дансыг регистрийн дугаартай Б.Ү- эзэмшдэг ба уг дансны 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш хугацааны дэлгэрэнгүй хуулга мөн 5400318*** тоот  дансны 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хугацааны дэлгэрэнгүй хуулгыг тус тус хавсралтаар хүргүүлэв.

            -Хандсан IP хаяг: 66.181.161.31

            2/22/2021 13:24 цагаас гүйлгээ гарсан 2/22/2021 2:30:29 PM цагийн хооронд дараах 2 төхөөрөмжөөс хандсан байна.

            KhanbankNew/3.3.0 (mn.slide.khanbank; build:107; iOS 14.4.0) Alamofire/4.8.2-гүйлгээ хийсэн төхөөрөмж.

            Mozilla/5.0 (Windows NT 6.3; Win64; x64) AppleWebKit/537.36 (KHTML, like Gecko) Chrome/88.0.4324.182 Safari/537.36.

            Тус төхөөрөмжүүдээр харилцагчийн интернэт банкинд өмнө нь хандаж байгаагүй. Гүйлгээ хийсэн төхөөрөмжийг Э.И- тогтмол ашиглаж байна.” /хх 85/,

            7. Бурмаагийн Үүлэнсолонгын 5434195*** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 86-96/,

            8. Шүүгдэгч Э.Э.И-гийн Хаан банкны 5068282*** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /59-62, 72-74/, 5068335*** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 75-83/, 5400318***, 5068335*** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 100-140/,

Шүүгдэгч Э.Э.И-гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 156/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 164/, гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хх 168/, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт /169-173/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан “цахим төхөөрөмж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Э.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогч Ц.Ц.Б-, В.В.Ц- нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Э.Э.И-  гэм буруугийн талаар маргаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Э.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Э.И-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Э.И- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ц.Ц.Б-, В.В.Ц- нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөртэй холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Э.Э.И-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан “цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн”, мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Э.Э.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.И-д шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Э.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ