Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 101/2018/05008/И |
Дугаар | 001/ХТ2020/00054 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2020/00054
Л.Уын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00327 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 571 дүгээр магадлалтай,
Л.Уын нэхэмжлэлтэй,
“Д” ХХК-д холбогдох,
“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсны зөрүү төлбөр 46 940 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.У би 2015 оны 06 сарын 11-ний өдөр “Д” ХХК-ийн автомашины ломбарданд Тоёота Ланд Круйзер-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай машиныг барьцаанд тавьж 27 200 000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 06 сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэл хүү, алданги, зогсоолын мөнгийг төлж байсан. Улмаар дараа сарын хүү төлөх өдөр 2015 оны 10 сарын 24-ний өдөр байсан бөгөөд тус ломбард нь өөрийн ажилтан болох Б.Үсэгбаяр гэдэг хүнд 10 000 000 төгрөгөөр зарж борлуулан нэр дээр нь шилжүүлсэн байсныг сүүлд мэдсэн. Миний бие тухайн үед хөдөө ажиллаж байсан ба 9 сарын сүүлээр очиж тооцоо нийлэхэд 33 060 000 төгрөгийн зээлтэй үлдсэн байсан. Ингээд дараа саруудад автоломбарднаас надтай болон миний дүү Л.Баасанчимэгтэй холбогдож хүү, алдангийн талаар ярихад хийж байгаа ажлын хөлсөө аваад төлбөр тооцоогоо барагдуулна гэдгээ хэлж байсан билээ. Нэгдүгээр сарын дундуур надад мэдэгдэлгүйгээр өөр хүнд зах зээлийн үнээс доогуур зарсныг мэдсэн. Ингэж зарж борлуулчихаад машинд байсан миний бичиг баримтуудыг ч огт өгөөгүй, мөн гэрээнд заасан журмыг зөрчиж хугацаанаас өмнө автомашиныг өөр этгээдийн эзэмшилд шилжүүлсэн хэр нь надаас хүү, алданги нэхэж байсан. 2015 оны 06 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлд зээлдэгч авсан зээлээ, түүний хүүг буцаан төлөөгүй, зээлдүүлэгчтэй өөрийн биеэр ирж уулзан, тодорхой хугацаагаар зээлийн хугацааг бичгээр сунгаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал барьцаанд буй хөрөнгийг зээлийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа зарж борлуулан зээл, хүү, алданги, хадгалалт хамгаалалтын бүх тохирлоо гаргаж авна, мөн 9 дүгээр зүйлийн Зээлдэгч Л.У би гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцааны эд хөрөнгийг зээлийн хугацаа дууссаны дараа зээлдүүлэгч тал үл маргах журмаар эзэмшилдээ авах, зарж борлуулах, ашиглах, захиран зарцуулах бүх хэлбэрээр хохирлоо гаргаж авахыг бүрэн зөвшөөрч байгаа ба элдэв зөрүү, хариу төлбөр нэхэхгүй болно гэсэн заалт нь Монгол Улсын Иргэний хууль тогтоомжийг зөрчиж хийсэн гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэсэн заалтыг зөрчиж хийгдсэн гэрээ байна. 2015 оны 10 сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дуусахаар харилцан тохиролцсон. Гэтэл гэрээний хугацаа дуусахаас өмнө Б.Үсэгбаяр гэх хүний нэр дээр автомашины гэрчилгээг шилжүүлсэн. Хариуцагч тал бид хуулийн дагуу үнэлгээ хийлгээд худалдсан гэх боловч үнэлгээг худалдсанаас хойш буюу Б.Үсэгбаярын нэр лүү шилжсэний дараа хийсэн байдаг. Эдгээр нь цаг хугацааны хувьд хууль зөрчсөн ажиллагаа юм. Өөр хүний нэр лүү шилжсэн машинд хүүнд 18 000 000 төгрөг, алданги 1 632 000 төгрөг, зогсоолын төлбөр 590 000 төгрөг, нийтдээ 22 771 000 төгрөгийн хүү, алданги тооцсон байгаад гомдолтой байна. Таны машиныг 63 000 000 төгрөгөөр зарсан, зөрүү мөнгө 4 000 000 төгрөгөө авбал ав гэсэн. Тухайн үед би машинаа зах зээлийн ханш 80 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд надад мэдэгдэлгүйгээр машиныг зарсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний төлөх ёстой 33 060 000 төгрөгийг хасч 46 940 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Л.У нь “Д” ХХК-тай 2015 оны 06 сарын 11-ний өдөр 2695 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр Л.У нь 20 000 000 төгрөгийг, мөн тухайн өдрөө 7 200 000 төгрөгийг, нийт 27 200 000 төгрөгийг 2015 оны 06 сарын 11-ний өдрөөс 2015 оны 07 сарын 11-ний өдөр хүртэл буюу 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр “Доог Алт” ХХК-иас зээлж, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдуулан Л.У нь өөрийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай автомашиныг барьцаалсан болно. Л.У нь “Д” ХХК-тай харилцан тохиролцож Зээлийн гэрээг сунгаж 2015 оны 08 сарын 27-ны өдөр 1 360 000 төгрөгийг, 2015 оны 09 сарын 24-нд 4 500 000 төгрөгийг тус тус нэмж зээлсэн бөгөөд нийт 33 060 000 төгрөгийг зээлж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2015 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан. Дээрх зээлийн гэрээний хугацаанд Л.У нь 2015 оны 07 сарын 23-ны өдөр 1 360 000 төгрөгийг хүү болон 952 000 төгрөгийн алдангийг, мөн 2015 оны 08 сарын 27-ны өдөр 1 360 000 төгрөгийн хүүг тус тус төлж, нийт 3 672 000 төгрөгийг “Д” ХХК-д төлсөн. Гэтэл Л.У нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул “Д” ХХК нь барьцаа хөрөнгийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу худалдан борлуулсан. Л.У нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэлийн дагуу автомашин борлуулсны зөрүү мөнгө 46 940 000 төгрөгийг “Д” ХХК-иас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Учир нь талуудын хооронд 2695 дугаартай зээлийн гэрээгээр Л.У нь 2015 оны 10 сарын 24-ний өдөр үндсэн төлбөр, хүү болон зогсоолын төлбөрийг төлөөгүй бөгөөд “Д” ХХК нь 2015 оны 10 сарын 27-ны өдөр төлбөрөө төлөхийг мэдэгдэж, 2015 оны 10 сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 сарын 08-ны өдөр хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг 104 хоног хүлээж, эцэст нь барьцаа хөрөнгийг 2016 оны 02 сарын 08-ны өдөр гуравдагч этгээдэд зах зээлийн ханшаар буюу 63 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Талуудын хооронд байгуулсан 2695 дугаартай зээлийн гэрээгээр үндсэн төлбөр, хүү, алданги, зогсоолын төлбөр болон бусад зардлыг багтаагаад нийт 58 877 208 төгрөг болсон.
Иймд Л.У нь автомашин худалдан борлуулсны зөрүү төлбөр 46 940 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Үндсэн төлбөрт 33 060 000 төгрөг, хүү 9 559 208 төгрөг, алданги 15 578 000 төгрөг, зогсоолын төлбөр 480 000 төгрөг, автомашины үнэлгээ хийлгэхэд 200 000 төгрөг болсон, төлсөн хүүг хасч тооцоод нийт 58 777 208 төгрөг болсон. Автомашин худалдан борлуулсны зөрүү төлбөр 4 122 792 төгрөгийг “Д” ХХК буцаан өгөх боломжтой талаар удаа дараа мэдэгдэж, зөрүү төлбөрийг авах талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл аваагүй болно.
Үүрэг зөрчигдсөн тохиолдолд итгэмжлэлийн дагуу үндсэн гэрээний 9 дүгээрт зааснаар тээврийн хэрэгслийг худалдан борлуулах үүргийг Б.Үсэгбаяр хэрэгжүүлсэн. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан хугацаанд буюу 2015 оны 10 сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийг худалдах тухай мэдэгдлийг Л.Ут хүргүүлсэн, энэ нь хууль зөрчөөгүй юм. Үнэлгээг 2015 оны 11 сарын 03-ны өдөр хийлгэсэн, үнэлгээ 63 000 000 төгрөг гэж гарсан. Энэ бол зах зээлийн бодит үнэлгээ юм. 2016 оны 02 сарын 02-ны өдөр машиныг зарахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зар тавьсан. Зарын дагуу Д.Баясгаланд 61 000 000 төгрөгийг бэлнээр, 2 000 000 төгрөгийг бартераар, нийт 63 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Анх 80 000,000 төгрөгөөр авсан гэх нотлох баримт алга. Түүнээс хойш элэгдэл хорогдол зэргийг тодорхойлуулаагүй. Гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд итгэмжлэлийн дагуу дараагийн процессууд явагдахаар харилцан тохиролцсон, эдгээр процессууд хуулийн дагуу явагдсан. Машиныг зарсны дараа зөрүү мөнгийг ав гэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00327 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-т заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 10 218 492 /арван сая хоёр зуун арван найман мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36 721 508 /гучин зургаан сая долоон зуун хорин нэгэн мянган таван зуун найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 178 446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ут олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 571 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 27 218 492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 721 508 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...178 446 төгрөг...” гэснийг “294 042 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар нэхэмжлэгч Л.Уаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 571 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Хэрэгт авагдсан үйл баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:
1. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 571 дугаар магадлалын хянавал хэсэгт: “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заажээ, “Дээрх журмын дагуу Комиссын буюу дуудлага худалдаа явагдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна” гэжээ.
Иргэний хуульд заасан журмын дагуу “Д” ХХК нь Б.Үсэгбаяртай 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 04 дугаартай “Комиссын гэрээ”-г байгуулсан. Үүний дагуу 2015.10.19-ний өдөр Тоёота Ланд Круйзер-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай автомашины гэрчилгээг Б.Үсэгбаярын нэр дээр шилжүүлсэн. 2015 оны 10 сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлснийг Л.У хүлээн авсан, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Үүнээс хойш автомашиныг худалдан борлуулах хүртэл буюу 2016 оны 02 сарын 08-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Л.У нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, иймд хариуцагчийн зүгээс хууль бус үйл ажиллагаа явуулсан зүйл огт байхгүйг тогтоосон баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад Шүүх дээрх үйл баримтыг дүгнэж үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай болохыг нотлох юм.
2. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 571 дугаар магадлалын хянавал хэсэгт: “Хариуцагч Д ХХК нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар барьцааны зүйл болох автомашины үнэлгээг 63 000 000 төгрөгөөр хийлгэж бусдад худалдан борлуулсан. Гэвч автомашин үнэлсэн тухай тайлангийн мэдээлэл гэх хэсэгт Тоёота Ланд Круйзер-200 маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн суудлын автомашин “Мөнгөн гүүр” ХХК, “Дизель хөдөлгүүр” ХХК, “Да хүрээ трейд” ХХК-ийн машины захад 80 000 000-90 000 000 төгрөгийн үнэ ханштай байна гэж тусгасан атлаа ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн автомашины үнийг 63 000 000 төгрөг болгон бууруулсан нь тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэгч Л.Уын Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашиныг 80 000 000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбарыг үнэлэх боломжтой байна” гэжээ.
2015 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь барьцааны зүйл болох Тоёота Ланд Круйзер-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай автомашины зах зээлийн үнэ цэнэ 63 000 000 /жаран гурван сая/ төгрөг болохыг тодорхойлсон.
Уг автомашин үнэлсэн тухай тайлангийн мэдээлэл гэх хэсэгт “Шинж байдал, Автомашины байдалтай танилцахад сэвтэй, ашиглалтын байдал дунд зэрэг, явах эд ангид засвар үйлчилгээ хийх шаардлагатай, ашиглалтын хугацаа, явсан гүйлт биет элэгдэл” зэргийг үндэслэн 63 000 000 төгрөгөөр үнэлсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасны дагуу Шүүх хэргийг анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрийг гаргах нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл Л.У нь Тоёота Ланд Круйзер-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай автомашиныг 80 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1,107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байхад, шүүх 2015 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар Тоёота Ланд Круйзер-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай автомашины зах зээлийн үнэ цэнэ 63 000 000 төгрөг болохыг тодорхойлсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 486 дугаартай үнэлгээний нотлох баримтыг бүрэн дүүрэн тал бүрээс нь үнэлэлгүй, уг автомашиныг зах зээлийн үнэ цэнийг 80 000 000 төгрөг гэж ямар ч нотлох баримтгүйгээр хийсвэр байдлаар дүгнэлт хийж нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэл муутай шийдвэр гаргасан.
Тоёота Ланд Круйзер-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай автомашиныг 80 000 000 /наян сая/ төгрөгөөр үнэлж хэргийг шийдвэрлэхдээ Шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр дүгнэсэн дүгнэлт хэсэг нь нотолгооны онолын хувьд бодит байдалд дүн шинжилгээ хийсэн гэж үзэх бөгөөд үнэлэх явцад зах зээлийн дундаж ханшийг тодорхойлсон тодорхойлолт нь дангаараа нотлох баримт болохгүй.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 571 дугаар магадлалын бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Л.У 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Д” ХХК-тай “Зээлийн гэрээ” №2695 байгуулж, тус компанийн барьцаалан зээлдүүлэх газраас 27 200 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн 66-60 УНЧ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн автомашиныг барьцаалжээ.
Талууд харилцан тохиролцож, зээлдэгч 2015.08.27-ны өдөр 1 360 000 төгрөг, 2015.09.24-нд 4 500 000 төгрөгийг нэмж зээлсэн, гэрээний хугацааг 2015.10.24-ний өдрийг хүртэл сунгасан, гэрээний хугацаанд зээлдэгч нь нийт 3 672 000 төгрөгийг төлсөн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1., 156 дугаар зүйлийн 156.1.-д заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ, барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий болжээ.
Гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдүүлэгч барьцааны хөрөнгийг бусдад худалдсан үндэслэлээр зээлдэгч автомашиныг анх худалдан авсан 80 000 000 төгрөгөөс зээлийн үүргийг хасч үлдэгдэл 46 940 000 төгрөгийг нэхэмжилсэн бол хариуцагч гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, барьцааны автомашиныг эрх бүхий байгууллагын дүгнэлтээр 63 000 000 төгрөгөөр үнэлсэн тул зөрүү төлбөрийг 63 000 000 төгрөгөөс тооцно гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар “Д” ХХК зээлдэгч Л.Уын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Ланд Круйзер 200 маркийн автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлж, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Үсэгбаярын өмчлөлд шилжүүлсэн, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгч Л.Ут зээлийн гэрээний үүргийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор дуусгавар болгохыг мэдэгдсэн, мэдэгдэл хүргүүлснийг зээлдэгч 10 дугаар сарын 29-нд хүлээн авсан, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр “Зар мэдээ сурталчилгаа” ХМХ-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 10 218 492 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 27 218 492 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлоогүйгээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргаантай эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хугацаа 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусах байтал гэрээний хугацаа болоогүй 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлдүүлэгч барьцааны хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т заасан “зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна...” гэсэн заалтыг зөрчжээ.
Иймд зээлдүүлэгчээс барьцааны хөрөнгийг бусдад шилжүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр зээлдэгчийн төлбөл зохих төлбөрийг тооцож, зөрүү үнийг шаардсан Л.Уын нэхэмжлэл Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан “...зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэсэн заалтад нийцсэн байна.
Зохигч барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар маргаж байх бөгөөд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрсөн тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй тул барьцаалагдсан Ланд Круйзер 200 маркийн автомашиныг 63 000 000 төгрөгөөр үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар алданги нь хугацаа хэтрүүлсэн талын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5%-иас хэтрэхгүй хэмжээгээр хоног тутам тооцох хариуцлага.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т зээлдэгч зээлсэн мөнгө болон хүүгээ хугацаанд нь төлөөгүй бол зээлдүүлэгч барьцааны хөрөнгийг худалдан борлуулахаар зээлдэгчид мэдэгдээд, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохицуулсан тул барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаанд хугацаа хэтэрсэн алдангийг үүргээ гүйцэтгэхийг мэдэгдсэн үеэс тоолж эхлэх бөгөөд барьцааны хөрөнгийг худалдах 10 хоногийн хугацаанд алданги тооцох нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцнэ.
Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч “Д” ХХК нь зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацаа болоогүй байхад барьцааны хөрөнгийг бусдад шилжүүлсэн байх тул зээлдэгчийн төлбөл зохих төлбөрт алданги тооцогдохгүй.
Хоёр шатны шүүх зээлийн төлбөрт алданги тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Хариуцагч нь зээлдэгчийн зээл төлөх хугацаа болоогүй байхад барьцааны хөрөнгийг сайн дураар үнэлүүлсэн тул үнэлгээний төлбөрийг зээлдэгчийн төлбөл зохих төлбөрт тооцож, автомашины үнээс хасах боломжгүй.
Иймд зээлдэгчийн төлбөл зохих зээлийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгож, гэрээгээр тохирсон зогсоолын үнийг нэмж, нийт үнийг автомашины үнээс хасч, үлдэх мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй гэж үзлээ.
Үүнд: Зээлдэгчийн төлөх ёстой төлбөрийг үндсэн зээл 33 060 000 төгрөг, хүү 6 114 833 төгрөг, нийт 39 174 833 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд төлсөн 3 672 000 төгрөгийг хасахад 35 502 833 төгрөг, үүн дээр зогсоолын үнэ 480 000 төгрөгийг нэмэхэд зээлдэгчийн төлөх ёстой төлбөр 35 982 833 төгрөг байгааг автомашины үнэ 63 000 000 төгрөгөөс хасаад /63 000 000-35 982 833/ зөрүү 27 017 167 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэр, магадлал өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлоос зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 571 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00327 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т зааснаар “Д” ХХК-иас 27 017 167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 922 833 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын “...178 446 төгрөгийг” гэснийг “...293 036 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаярын гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294 043 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД