Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0083

 

Я.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Я.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 535 дугаар шийдвэрт нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Я.Д-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжаар 0.018 га газарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт Хороо өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга барих зориулалтаар газар олгосон нь хууль, дүрэм журам зөрчиж олгогдсон байх тул илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Засаг даргын 567 дугаар захирамжийг үндэслэн хууль, дүрэм, журам зөрчиж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгогдсон 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 67/2013 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг илт хууль бусад тооцуулах, тухайн барилгыг буулгахыг хариуцагч нарт даалгуулах болгосон гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 567 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 дугаар байрны зүүн талд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгад зориулж 0.018 га газар олгосон захирамж гарсан. Энэ газарт баригдах барилга нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД30.01.04-ийн 2.11, 9.19-д нийцсэн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...тухайн орчны хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргах эрх Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт байдаг. 2010 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 87 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Анар номуун өрхийн эмнэлгийн балансанд байсан барилгыг буулгаад өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыг барихаар шийдвэр гарсан. Тухайн асуудалд иргэдийн саналыг авсан байдаг. Тухайн хороонд өөр газар байхгүй. Өмнө нь байсан барилгыг нураан барьж байгаа тул газар давхацсан гэсэн асуудал байхгүй. Тухайн барилгад нар шаардлагатай хэмжээгээр тусч байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...тус хорооны өрийн эмнэлгийн барилгыг нурааж, суурин дээр нь тус дүүргийн 3 дугаар хорооны өрхийн эмнэлэг, цагдаа, иргэний танхим, хүүхдийн интернэт номын сан бүхий цогцолбор барилгыг барьж байна. Одоогоор хороо нь өрөө түрээслэн ажиллаж байгаа нь иргэд, ажилчдад хүндрэлтэй байгаа. 10 дугаар байрны оршин суугчдаас ямар нэгэн өргөдөл гаргаагүй. Я.Д нь дүүргийн Засаг даргын тамгын газраа өөртөө ашигтай зүйлсийг шаардан нийтийн эрх ашгийг үл тоомсорлон, ажлыг удаашруулах байдал үүсгэж байна. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 535 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 16 дугаар зүйлийн 16.2, 16.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Д-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Иргэн Я.Д-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 535 дугаартай шийдвэр (Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний тогтоол)-ийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэрийн Үндэслэх нь хэсэгтээ: Нэг. Маргааны үйл баримтыг нотлох баримтаар тогтоосон дүгнэлт, Хоёр. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл, Гурав. Маргаан бүхий захиргааны актуудын улмаас иргэн Я.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар тус тус үнэлэлт дүгнэлт өгөхдөө хэтэрхий нэг талыг барьсан, түүнчлэн нотлох баримтын талаар илт үндэслэлгүй үнэлэлт дүгнэлт өгч, үүнийгээ үндэслэн хуулийг зөрчөөгүй нийцсэн гэж үндэслэлгүйгээр тайлбарласны зэрэгцээ нотлох баримтгүй, хариуцагч талаас зөвхөн амаар тайлбар гаргасныг ч нотлогдсон мэтээр үнэлэх зэргээр илэрхий алдаатай шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх хуульд заасан эрхийн хүрээндээ хэргийг бүхэлд нь хянан хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Үүнд:

Нэг. Маргааны үйл баримтыг нотлох баримтаар тогтоосон дүгнэлтдээ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоол(хх-136-160)-оор тус дүүргийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг баталж, Хавсралтын Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр гэсэн 2.1 дэх хэсгийн 20-т "Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Хорооны цогцолбор, орон сууц" гэж тусгажээ гэсэн байна.

Гэтэл шүүхийн ийнхүү нотлогдсон гэж үзэж байгаа нь баримт нь илт худал, өөрөөр хэлбэл, энэ нотлох баримт(хх-ийн 160-р хуудас)-ад дурьдсан байгаагаар тус 3 дугаар хороо нь Орон сууцны 15 дугаар байрны зүүн талд төлөвлөгдөж байсан, улмаар хорооны цогцолбор барих газрын асуудлыг нь Нийслэлийн засаг даргын 2010 оны 63 дугаар захирамжаар шийдвэрлэсэн гэсэн байх бөгөөд ингэснээрээ маргаан бүхий Нийслэлийн засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжтай зөрж байгаа, хорооны барилга нь 15-р байрны зүүн талд бус 10-р байр болон 9-р байрнуудын дунд байрлалтайгаар баригдаж байгаа зэргээс ийнхүү худал баримтыг хэрэгт шууд хамаарүулан тайлбарлаж, үнэлж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс 2010 оны 85-р захирамж(хх-ийн 245, 254-р хуудас)-аар "Анар номун" өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй барилгыг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн засаг даргад зөвшөөрчээ. Үүний дараа Чингэлтэй дүүргийн "Анар номун" өрхийн эмнэлэг байсан уг барилгыг нурааж энэ байршилд Хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор барихаар Нийслэлийн засаг дарга 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 397-р захирамж(хх-ийн 244-р хуудас) гарган шийдвэрлэжээ гэсэн байгаа болно. Энэхүү нотлох баримтыг шүүх үнэлсэн байдал нь мөн илт үндэслэлгүй байхын зэрэгцээ, утга агуулгын хувьд ч зөрчилтэй байгаа ба энэ нь Нийслэлийн засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 379 дугаар Захирамж (хх-ийн 244-р хуудас)-аар өрхийн эмнэлгийг нурааж Хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор барихаар шийдвэрлэсэн биш, харин Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч тухайн байршилд Хороо, өрхийн эмнэлгийн нэгдсэн цогцолбор барих асуудлыг шийдвэрлүүлэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт зөвшөөрсөн захирамж байх бөгөөд мөн түүнчлэн шүүхийн үнэлсэнээс үзвэл маргаан бүхий 567 дугаар захирамжаар биш энэхүү 379 дугаар захирамжаар газрын асуудлыг нь шийдвэрлэсэн гэж үзэхээр илт үндэслэлгүй үнэлэлт дүгнэлтийг өгсөн байгаа болно. Ийнхүү маргаан бүхий Нийслэлийн засаг даргын 567 дугаар захирамжаар газрын асуудлыг шийдвэрлэсэн бус шүүх, шүүгчийн ийнхүү үнэлсэн нотлох баримтууд (хх-ийн 160-р хуудас), (хх-ийн 244-р хуудас) дахь 63 дугаар захирамж, 379 дугаар захирамжуудаар Хорооны барилга барих газар олгож, шийдвэрлэж байсан гэж үзэхээр байна.

3. Цаашлаад маргаан бүхий газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа боловч тухайн газар дээр байсан барилгыг нураах, барилга барихтай холбоотойгоор авдаг зөвшөөрөл, техникийн нөхцлүүдийг авах, барилга барих компанийг сонгон шалгаруулах зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь хариуцагч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар(хх~ийн 267-268-р хуудас), барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл(хх-ийн 13-р хуудас), барилга барих ажлын гэрээ, барилгын ажлыг гүйцэтгэх график болон бусад баримт бичгүүд(хх~ийн 184-218, 222-241-р хуудас) зэргээс тогтоогдож байна гэсэн байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 15 дугаар тогтоолоор тайлбарласнаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан " ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж, мөн " ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга байгууламж зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м байхыг ойлгоно гэсэн байгаа бөгөөд хуулийг ийнхүү тайлбарласан байгаагаас илт эсрэгээр буюу газар олгосон Захирамж гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсний дараа барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авсан байгаа, мөн барилга барих гэрээ байгуулсан байгааг нотлох баримт болгож хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарласан зэргээр илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн болох нь улмаар газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй байхад бүрдүүлвэл зохих баримтыг бүрдүүлэхгүйгээр хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг үнэлэх замаар хэргийг шийдвэрлэсэн болно.

4. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 64/2013 Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө барилгын зураг төслийн эх хувийг хариуцагч талаас шүүх хуралдааны үеэр авчирч танилцуулсан гэсэн байна.

Шүүхээс нотлох баримт цулгуулахыг, ялангуяа энэхүү барилгын зураг төслийг гаргуулахыг удаа дараа нэхэмжлэгч шаардаж байсан, шүүх энэ дагуу шүүх албан бичгээр хариуцагчаас шаардаж байсан ч энэхүү нотлох баримтыг ирүүлээгүйгээр шүүх хурлыг хийсэн бөгөөд шүүх энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа ийнхүү илт худал үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн алдаа гэж үзэж байна.

Нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулсан байдлаар гаргуулан авах, энэ талаар баримтыг хэрэгт хавсаргаснаар шаардлага хангагдаж үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болно.

5. Гол нотлох баримт болох маргаан бүхий Нийслэлийн засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамж гарахтай холбоотой асуудлуудаар Мэргэжлийн комиссын хурал нь 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан байдаг ба энд хэлэлцэгдсэн энэхүү маргаантай "Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор" барих асуудлаар Хурлын дүгнэлт(хх-ийн35-р хуудас)-ийг гаргахад оролцсон гишүүд болох Нийслэлийн Газрын албаны дарга нь газар олгохыг зөвшөөрөөгүй байдаг, ингэхдээ "Бусдын эзэмшил газартай давхцал байгаа тул" гэсэн тайлбар бичиж түүний хажууд гарын үсгээ зурсан, мөн Нийслэлийн Онцгой Байдлын Газрын дарга хуралд оролцсон боловч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа бөгөөд энэ нь барилга хоорондын зай хэмжээ, Барилгын норм ба дүрэм зөрчигдсөн тул ийнхүү баталгаажуулаагүй гэж үзэхээр байгаа тул эдгээр нөхцөл байдлаас хамаарч нэхэмжлэгч тал энэхүү хурлын тэмдэглэл, хурлын шийдвэрийг бүрэн эхээр нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар гаргуулахаар удаа дараа шаардсан, энэ дагуу шүүх хариуцагчаас баримтыг шаардсан ч бүрэн уншигдахгүй буюу хуулийн шаардлага хангахгүй 4 хуудас хуулбар баримт(хх-ийн 257-259-р хуудас)-ыг ирүүлснийг үндэслэн шүүх нотлогдож байгаа гэж үнэлсэн байх бөгөөд энэхүү Мэргэжлийн комиссын хурал №06, Мэргэжлийн комиссын хурлын тэмдэглэл №06 гэсэн 2 баримт нь нэг өдөр нэг газар, нэг цаг минутад болсон үйл явдлыг илэрхийлж байгаа хэдий ч нэг нь хурал даргалагч Нийслэлийн засаг даргын Барилга, хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч бөгөөд Мэргэжлийн комиссын дарга Б.Мөнхбаатар даргалав гэсэн байхад нөгөө баримтад нь Мэргэжлийн комиссын орлогч дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат даргалав гэсэн зөрөөтэй байгаа зэргээс нотлох баримтын хувьд алдаатай шаардлага хангахааргүй баримтыг үнэлсэн нь хууль бус алдаатай гэж үзэж байна.

6. Барилга хоорондын зай хэмжээ, нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн эсэхийг тогтоосон мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийн талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч нь барилга орон сууцны 9 дүгээр байрнаас 9.0 м-т төлөвлөж барьсан нь Барилгын тухай хуулийн 9.1.1, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм/БНбД 30.01.04/-ийн 2.11 дэх заалтуудыг хангахгүй байна гэж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн ба үзлэгээр хоорондын зай 9.20 м байсан гэсэн байх бөгөөд уг үзлэгээр зарим хэсгээрээ 5 м орчим, зарим хэсгээрээ 2 м гаруй байсан талаарх тэмдэглэлд тусгагдсан асуудлыг бүрэн оруулаагүй нь мөн нэг талыг барьсан болохыг харуулж байна.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоолгохоор шүүхээс тавьсан асуултын дагуу хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, учир нь нарны шууд тусгалын хэмжээ, норм дүрэм зөрчсөн эсэхийг мэргэжлийн хувьд дүгнэлт гаргах тохиолдолд программ хангамжаар гаргах ёстой атал зүгээр л мэргэжлийн бус үйлдэл хийж өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн оршин суух орон сууцны дотор орж дотроос цонхууд руу нь чиглүүлэн зургийн аппаратаар зураг авах, гаднаас нь зураг авах замаар нар тусч байна гэж дүгнэсэн нь нотлох барилгын буюу шинжээчийн дүгнэлтийн шаардлага хангахгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн гомдол хүсэлтийг үл харгалзан өглөөний 08.30 цагаас оройн 17:36 цагийн хооронд хэмжилт хийн зураг авалт хийж үзэхэд 3 цаг нарны шууд тусгал тусч байна гэснийг шүүх үнэлж дүгнэн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхүйц байдал бий болсон гэж үзэж байгаа нь тогтоогдохгүй байна гэсэн байна.

Цаашлаад ... барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай нь 6 м байна гэсэн нормын зай хэмжээг хангаж байна гэжээ. Үүнээс үзэхэд галын аюулаас хамгаалах норматив шаардлагыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл шүүхийн үзлэгээр хоорондын зай хэмжээ нь зарим хэсгээр 9 м, зарим хэсгээр 5 м, зарим хэсгээр 2 м байхад ийнхүү дүгнэсэн нь илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв бодитойгоор үнэлж дүгнээгүй болно.

Хоёр. Маргаан бүхий захиргааны актын хуульзүйн үндэслэлийг үнэлж дүгнэхдээ: 1. Нийслэлийн засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар газар эзэмшүүлэх бүрэн эрхтэй байна, харин энэхүү хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон процесс, журмыг зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд ингэснээр хууль дээдлэх зарчимд нийцэх юм, энэ дагуу Нийслэлийн засаг даргын Тамгын газар буюу төсөвт байгууллагад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлэх эрхийг олгосон нь хуульд нийцсэн байна гэжээ.

Гэтэл шүүхийн нотлох баримт үнэлсэн талаарх хэрэгт авагдсан дурьдагдсан баримтуудаас үзэхэд тухайн баримтуудаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан болох талаар баримт байхгүй, улмаар дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж тайлбарласан хэдий ч бодит байдалд тухайн газарт газар олгох талаар бус огт өөр байршилд буюу Орон сууцны 15-р байрны зүүн талд байршуулан газар олгохоор төлөвлөгдсөн байсан болох нь, улмаар энэ олгох газрыг нь Нийслэлийн засаг даргын 63 дугаар захирамжаар шийдвэрлэсэн гэж бичигдсэн байгаа нотлох баримтыг илт гуйвуулж ийнхүү үнэлж дүгнэсэн нь хуульзүйн үндэслэл бүхий биш болох нь илт байна.

2. Цаашлаад маргаан бүхий газар дээр байсан барилгыг нураах, барилга барихтай холбоотойгоор авдаг зөвшөөрөл, техникийн нөхцлүүдийг авах, барилга барих компанийг сонгон шалгаруулах зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь тогтоогдсон учир хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнэсэн байна.

Гэтэл Монгол Улсын Дээд Шүүх 2008 онд 15 дугаар тогтоол гарган Газрын тухай хуулийн дээрх заалтыг тайлбарласан байгаа бөгөөд хууль тайлбарласантай шүүхийн үнэлэлт дүгнэлт нийцэхгүй эсрэгээр байх тул илт хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна.

3. Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн гэдэг нь нотлогдоогүй учир энэ талаарх Барилгын тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт болон 16.2 дахь заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

Гэтэл барилгын ажлын зураг төсөл хэрэгт авагдаагүй, иймээс хэрэгт авахуулах, уг нотлох баримтыг аваагүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй талаар нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангуулахгүйгээр шүүх хурлыг явуулсан, улмаар хэрэгт авагдаагүй уг баримтыг эх хувиар шүүх хуралд авчирч танилцуулсан гэж нотлох баримт үнэлэх хэсэгтээ дурьдаж илэрхий алдаа гаргасан, хэргийн материалд нэгэнт байхгүй баримтыг ийнхүү дурьдсан нь хуульд нийцэхгүй тул хууль зөрчиж хэргийг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Гурав. Маргаан бүхий захиргааны актуудын улмаас иргэн Я.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар шүүх дүгнэхдээ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилга хоорондын зайн улмаас нарны шууд тусах байгалийн гэрэл, гэрлийн шууд тусгал, түүнчлэн галын аюулгүй байдлын буюу гал тусгаарлах хамгаалалтын хоорондын зай холбогдох норматив, дүрэм журамд нийцсэн гэдэг нь тогтоогдсон учир эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөгүй байна гэжээ. Гэтэл уг дурьдсан норм, норматив дүрэм журам бүгд зөрчигдсөн байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв бодитойгоор үнэлж дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар нэг талыг барьж илэрхий худал, хуулийг зөрчиж үнэлэлт дүгнэлт өгсөн болохыг илэрхийлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгийн эрх зөрчигдөхдөө шууд илрэх хэлбэрээр нотлогдохгүй буюу эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл оюунд хохирол одоо шууд учраагүй байгаа ч хуульчлан заасан норм, норматив зөрчигдсөн байгаагаар магадгүй гал гарах тохиолдолд галын машин явах боломжгүй болох зэргээр, түүнчлэн эрүүл мэндийн хувьд тодорхой цаг хугацааны дараа илрэх байдлаар гэх зэргээр илрэх, хор уршигтай байхад ийнхүү үндэслэлгүйгээр үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь хууль бус болсон болно.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн илэрхий алдаатай хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Я.Д нь, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжаар Хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барих зориулалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 0.018 га газар эзэмшүүлсэн болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 67/2013 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, уг захиргааны актын дагуу баригдсан барилгыг буулгахыг буруутай этгээдэд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг баталсан тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 397 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан Мэргэжлийн комиссын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар дүгнэлт зэргийг үндэслэн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн Нийслэлийн хот байгуулалт, газрын бодлогыг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалт, барилгажилт, дэд бүтцийн хангамж, орчны эрүүл ахуйн талаар техникийн шийдлийн тухай Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан Мэргэжлийн комиссын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар дүгнэлт, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ЧД 23/10 архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатарын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр мэдэгдэл, бусад мэргэжлийн байгууллагын техникийн дүгнэлт зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Их дэлгүүрийн баруун хойд талд 18.0х10.0 м.кв хэмжээтэй, зоорьтой, 5 давхар, Хүүхдийн номын сан бүхий хороо, өрхийн эрүүл мэндийн цогцолборын барилга барихыг зөвшөөрч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 64/2013 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 16 дугаар зүйлийн 16.2, 16.6-д заасныг зөрчөөгүй байна.

Үүнээс үзэхэд Газрын тухай хууль зөрчиж, Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад олгосон, газар эзэмшигч нь 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, барилга хоорондын зайн барилгын норм дүрмийг зөрчсөн, галын машин орох боломжгүй байхад хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан маргаан бүхий захиргааны актуудыг гаргаж, барилга бариулж байгаа нь илт хууль бус бөгөөд уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн орон сууцны цонхыг хааж барилга баригдсанаар түүний гэр бүл болон өөрийнх нь эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материал хөрөнгийн асар их хохирол учруулсан гэж нэхэмжлэгч Я.Д маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Барилга хөгжлийн төвийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр маргаан бүхий захиргааны акт болон Хүүхдийн номын сан бүхий хороо, өрхийн эрүүл мэндийн цогцолборын барилга барьж байгаа үйлдэл нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэг, Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.10/-ын 5.26-д, мөн /БНбД 30-01-04/-ийн 1-ийн 1-р хүснэгтэд заасныг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагчийн үйлдэл, үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн шинээр буюу өмнө нь хэн нэгний эзэмшилд байгаагүй газрыг эзэмшүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн дагуу хотын төлөвлөгөөнд тусгасан байх зохицуулалт үйлчлэх бөгөөд харин энэ тохиолдолд өмнө нь уг газрыг өрхийн эмнэлгийн барилгын газрыг цогцолбор байгуулах зориулалтаар эзэмшүүлсэн тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх дээрх маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч Я.Д-ийн субъектив буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчигдөөгүй талаар үндэслэлтэй дүгнэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР