| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0056/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/56 |
| Огноо | 2022-04-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/56
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,
Шүүгдэгч Х.Т- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Х-ы Т-д холбогдох эрүүгийн 2213000000059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багт оршин оршин суудаг, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, С овогт Х-ы Т-, регистрийн дугаар БК...............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баян- Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Ж.Т-ын хоёр тооны сарлаг үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 1.880.000 /нэг сая найман зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1.1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
1.2. Шүүгдэгч Х.Т- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ж.Т-ын одоо надаас нэхэмжилж байгаа 1 сая төгрөгийг сайн дураараа төлж барагдуулах болно, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, зарим хохирлыг төлсөн, одоо үлдэгдэл 1 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэв.
1.4. Хохирогч Ж.Т- мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Х.Т- нь 1200.000 төгрөг төлж өгсөн, одоо үлдэгдэл 1000.000 төгрөгийг төлж өгвөл боллоо” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000000059 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
2.1. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хавтаст хэргийн107-108 дахь тал/,
2.2. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн04-07 дахь тал/,
2.3. Хохирогч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн19-20 дахь тал/,
2.4. Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн27-28 дахь тал/,
2.5. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн30-31 дэх тал/,
2.6. Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн35-36 дахь тал/,
2.7. Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн38-39 дэх тал/,
2.8. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-22-066 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн57-60 дахь тал/,
2.9. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-22- 065 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн48-51 дэх тал/,
2.10. Шүүгдэгч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн78-79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс:
3.1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн14 дэх тал/,
3.2. Шүүгдэгч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн78-79 дэх тал/,
3.3. ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн106 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Харин хохирогч Ж.Т- болон шүүгдэгч Х.Т- нараас зөрчлийн хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Т-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Х.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баян- Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Ж.Т-ын хоёр тооны сарлаг үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 1.880.000 /нэг сая найман зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хавтаст хэргийн107-108 дахь тал/,
3.1.2. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн04-07 дахь тал/,
3.1.3. Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Энэ онд Хүрэн уул, Хүзүү өвс ургамал сайн ургасан уулархаг газарт 20 тооны сарлаг үхрийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бэлчээрт гаргасан байсан юм. Үхрийг бэлчээрт гаргасан үед хэд хоног үзэж харж чадаагүй байсан юм. Учир нь миний ах нас барж буяны ажил гээд хэд хоног байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын эхээр үхрийг үзэхээр хүү Жардембек явж 20 үхрээс 3 үхэр алга болсон байна гэж ирсэн юм. Алга болсон үхрийн нэг нь хөх алаг бяруу, эвэргүй хар зүсмийн 4 настай дөнө шар /эр/, эвэргүй хар зүсмийн дөнж /эм/ байсан. Хүү маань дахиж эрж хайж байгаад хөх алаг бярууг олсон байсан ба үлдсэн хоёр үхэр олдоогүй байгаа юм. Урд өмнө тэр чиглэлд ууланд байдаг байсан. ...Манайх үхрийн зөв талын хамар дээд эрүүний дунд хэсэгт битүү дугуй тамга дардаг ба зөв талын чихэнд хөнгөн цагаан утас зүүсэн, хоёр чихний араас хөндлөн /хэрчим/ имтэй юм. Алга болсон үхэрт дээрх им тамга байгаа юм. ...Манай үхэр ойролцоогоор 2021 оны 12 дугаар сарын дундаас 2022 оны 01 дүгээр сарын эхээр алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн19-20 дахь тал/,
3.1.4. Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид нар явсаар байгаад 21 цагийн үед байх Улаанхус сумын 3 дугаар баг “Улаан гэдэс” гэх газар байгаа багийн төвийн ойролцоо замаар явж байхад Х.Х- ах үхэр авч ирэхээр болсон Ала гэдэг залуу байгаа юм, чи утас руу нь залга гэж хэлсэн. Тэгээд С.А- Ала гэх залуугийн утас руу залгаж тодруулахад бидний явж байсан газрын ойролцоо байсан талаар хэлж машиныг зогсохыг хэлсэн юм. Тэгээд машин зогссон газраас нэг холгүй газраас хоёр хүн хоёр үхрийг аргамжаар уяж тууж ирсэн юм. Уг хоёр залуугийн нэг нь Ала гэх манай хамаатан залуу байсан. ...Тэдний тууж ирсэн хоёр тооны сарлаг, хар зүсмийн үхрийг машинд шууд ачсан. Үхрийн зүс нь хар, дөнөн насны үхэр байсан. Им, тамгыг нь үзэх боломжгүй харанхуй байсан. Уг үхрийг Ала гэгч залуу өөрийн үхэр гэж С.А-д бичиг бичиж өгч байсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн27-28 дахь тал/,
3.1.5. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанхус сумын нутгаас хоёр үхэр худалдаж авсан. Үхэр худалдаж авсан өдрөөс хэд хоногийн өмнө Х.Х- над руу утсаар залгаж Улаанхус сумын нутгаас 3-4 сарлаг үхэр зарах хүн байна, та авах уу гэсэн юм. Миний бие үхэр худалдаж авна гэж хэлсэн. Надад дахиж залгаж хэзээ ирэх гэж байгаа вэ гэж асуусан. Миний бие үхэр ачих бага оврын машин олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд нэг удаагүй Х.Х- дахиж залгаж миний хамаатан дүү портер машинтай гэж хэлж надад утасны дугаарыг өгсөн. ...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нөгөө портерын жолооч манайд ирсэн юм. ...Тэгээд зам дагуу хоёр залуу хоёр үхрийг аргамжаар уясан байдалтай тууж ирсэн. Хоёр залуу байсан ба нэг нь морьтой байсан нэгийг нь анзаараагүй. Уг хоёр үхрийн гаднах биеийн хэмжээ гунан үхрийн хэмжээтэй адилхан жижиг биетэй байсан. Надад утсаар нас бие гүйцсэн үхэр гэж хэлсэн байсан. Нэгэнт машин хөлсөлж ирсэн учраас үхрийг авахаас өөр замгүй болсон юм. Тэгээд уг хоёр үхрийг нийлүүлж 800000 төгрөгт авахаар тохирч 500000 төгрөгийг нөгөө үхрийн эзэн гэх залууд бэлэн өгч үлдсэн мөнгөнд тэдний захисан эд зүйлийг авч өгч тооцоо дууссан юм. ...Миний худалдаж авсан хоёр сарлаг үхэр байсан, хар зүсмийн, тамга зэргийг үзээгүй. Тухайн үед үхрийг зарсан залуу гарал үүслийн гэрчилгээ аваагүй байсан тул өөрөөр нь үхрийн зүс, им тамгыг нь мөн худалдсан талаар бичиг хийлгэж авсан байсан. Уг бичгийг тэмдэглэлийн дэвтэр дотор хадгалсан байсан гэвч олоогүй, гээгдүүлсэн байна. Үхэр худалдаж авсан өдөр болох 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 99425054, 88955054 утасны дугаарын жагсаалт хэрэгтэй болов уу гэж авч ирсэн. ...Маргааш нь үдээс хойш С.Х- манайд ирж уг хоёр сарлаг үхрийг нядалсан. Үхрийн махыг тусдаа зарж толгой болон гэдэс зэргийг худалдсан юм. Арьсыг нь өөр хүнд худалдсан. Үхрийн зүсмээс бусад им, тамгыг хараагүй үзээгүй. Харин С.Х- үзсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн30-31 дэх тал/,
3.1.6. Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Надад Х.Т- хэлэхдээ хоёр тооны сарлаг үхрээ зарах гэсэн юм, худалдаж авах хүн ирж байгаа машины замд ойртуулахад туслаач гэсэн. ...Үхэр худалдаж авахаар ирсэн залуу Х.Т-тэй уулзаж байсан. Үхрийн үнийг тохирсон болов уу гэж бодсон юм. Тэгээд үхрийг машинд ачсан. Х.Т- үхэр худалдаж авсан залууд бичиг хийж өгч байсан юм. Дараа нь хэлэхдээ өөрийн үхэр гэж бичиж өглөө гэж байсан. ...Х.Т- надад хэлэхдээ 1200000 төгрөгт тохирч худалдсан гэж байсан. Тухайн үед Х.Т- 500000 төгрөг бэлэн авсан үлдсэн мөнгийг дансаар шилжүүлэхээр болсон гэж байсан. Х.Т-ий худалдсан хоёр тооны сарлаг үхрийн биеийн хэмжээнээс харахад нэг нь гунжин эм, нөгөө нэг нь гунан эр, хар зүсмийн, эвэргүй, зөв талын нүүр хэсэгт битүү дугуй тамгатай байсан, имийг нь үзээгүй юм. Үхрийг өөрийн үхэр гэж байсан юм. 10 гаруй хоногийн дараа Х.Т-ий худалдсан хоёр үхэртэй ижил нас, хүйс, зүсмийн, дугуй тамгатай үхэр хайж байна гэж тус сумын 4 дүгээр багийн иргэн Ж.Т-ын хүү нь явж байсан үед Х.Т-ий худалдсан үхэр хулгайлсан үхэр байж болзошгүй гэж сэжиглэсэн юм. Гэхдээ хэн нэгэнд хэлээгүй орхисон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн35-36 дахь тал/,
3.1.7. Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний 95946572 дугаартай утас руу 88421817 дугаараас Ала хочтой хамаатан залуу залгаж надад хэлэхдээ өөрийн 2 тооны үхрийг зарах гэсэн юм. Та малын ченж таних уу, ярьж өгнө үү гэсэн. ...миний бие аймгийн төвд оршин суудаг малын ченж болох таньдаг залуу С.А-д утсаар үхэр худалдаж авах уу гэж хэлсэн. С.А- үхэр худалдаж авна, өнөөдөр завгүй байна, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд Алад С.А- 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр очихоор болсон, үхрээ бэлэн байлгаарай гэж хэлсэн. ...Орой 18 цагийн үед миний бие Хуанганы гэрт байхад машин ирсэн байсан. Уг машины жолооч дүү болох А.Т- түүнтэй хамт С.А-, С.Х- нар ирсэн байсан. ...Миний бие тэд нарын машинаар хамт явж Х.Т-ий гэрийг олж өгөхөөр болсон. ...Х.Т-ий худалдсан сарлаг хар зүсмийн, эвэргүй, ойролцоогоор 4 орчим настай дөнөн үхэр байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн38-39 дэх тал/,
3.1.8. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “...4 настай 1 тооны дөнөн шар /эр/ сарлаг үхрийн үнэ 880.000 төгрөг, 4 настай 1 тооны дөнж /эм/ сарлаг үхрийн үнэ 1.000.000 төгрөг, нийтдээ 1.880.000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтой болохыг тодорхойлов” гэх /хавтаст хэргийн57-60 дахь тал/,
3.1.9. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-22- 065 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн48-51 дэх тал/,
3.1.10. Шүүгдэгч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хамаатны ах болох Х.Х-д 2 тооны үхэр худалдахаар тохиролцсон тухайн үхэр нь миний үхэр биш байсан бөгөөд би өөрөө хулгайлсан бусдын 2 тооны үхэр байсан. Уг үхрийг А.С-ийн хамтаар тухайн өдрийн орой 21-22 цагийн Х.Х-ын үхэр худалдаж авна гэсэн танихгүй дагуулж ирсэн хүнд уг 2 тооны үхрийг 800,000 төгрөгөөр тохиролцож бэлэн 500,000 төгрөгийг авсан. Үүнээс Х.Х-д өгөх байсан 280,000 төгрөгийг тухайн хүнээс авсан тэгээд миний захисан нэг блок тамхи 1 ширхгийг тус тус авсан. Тэгээд уг үхрийг зарсны дараа 20 гаруй хоногийн дараа Ж.Т-ын хүүхдүүд миний хулгайлж зарсан хар зүсмийн, зөв талын нүүрэнд дугуй тамгатай үхэр сураглаж ирэх үед би тэдний үхрийг хулгайлж зарсан байна гэдгийг мэдсэн тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн78-79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
4.2. Шүүгдэгч Х.Т- нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна.
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр анхнаасаа мал хулгайлах зорилгоор очиж уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.
4.4. Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгодог юм.
Шүүгдэгч нь 2 бод мал хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж үзнэ.
4.5. Шүүгдэгч Х.Т-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, хохирогчийн малаа хариулгагүй үлдээсэн байдал нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.
5.2. Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.Т-т 2200.000 төгрөгийн бодит хохирол учруулсан байна.
5.3. Шүүгдэгч Х.Т- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Т-т 1200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн106 дахь тал/-аар тогтоогдож байна.
Мөн үлдэгдэл бодит хохирол 680.000 төгрөг, малаа эрж хайхад гарсан зардал гэж 485.750 төгрөг, нийт 1.165.750 төгрөг нэхэмжилсэн ба хохирогч Ж.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Дээрх хохирлоос 1000.000 төгрөг төлж өгвөл, бусдыг нь нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 1000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Т-ээс 1000.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Т-т олгохоор шийдвэрлэлээ.
5.4. Шүүгдэгч Х.Т-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэх” дүгнэлтийг,
2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс “шүүгдэгч Х.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул улсын яллагчийн санал болгосон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,
2.3. Шүүгдэгч Х.Т-ээс “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэж мэтгэлцсэн болно.
2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.Т-ий үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.
2.5. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
2.6. Шүүхээс шүүгдэгч Х.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
2.8. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
2.9. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Х.Т- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хамааруулаагүй болно.
2.10. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулж хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Т-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
2.11. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс “шүүгдэгч Х.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан ба дээрх хуулийн зохицуулалтаас харахад шүүгдэгч нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул уг хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй.
Мөн шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урд тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байсныг анхаарах шаардлагатай байна.
2.12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.13. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Т- нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдаж байна.
2.14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Х.Т-ий эзэмшлийн хээр зүсмийн, соёолон насны, зөв гуяндаа “п” үсэг хэлбэрийн тамгатай, имгүй 1 тооны морийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ий гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1350.000 төгрөгийн үнэтэй, хээр зүсмийн, соёолон насны, зөв гуяндаа “п” үсэг хэлбэрийн тамгатай, имгүй 1 тооны морийг, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 500.000 төгрөгийг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Учир нь, шүүгдэгч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Уг үхрийг А.С-ийн хамтаар тухайн өдрийн орой 21-22 цагийн Х.Хайырымын үхэр худалдаж авна гэсэн танихгүй дагуулж ирсэн хүнд уг 2 тооны үхрийг 800,000 төгрөгөөр тохиролцож бэлэн 500,000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг, гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд уг хоёр үхрийг нийлүүлж 800000 төгрөгт авахаар тохирч 500000 төгрөгийг нөгөө үхрийн эзэн гэх залууд бэлэн өгч үлдсэн мөнгөнд тэдний захисан эд зүйлийг авч өгч тооцоо дууссан юм.” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Х.Т- нь уг гэмт хэргийн улмаас 500.000 төгрөгийн ашиг олсон байна.
Мөн энэ гэмт хэргийг анх үйлдэхэд шүүгдэгч Х.Т- нь хээр зүсмийн, соёолон насны, зөв гуяндаа “п” үсэг хэлбэрийн тамгатай, имгүй морьтой явж байсан нь түүний өөрийнх нь өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
2.16. Шүүгдэгч Х.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сүйиндик овогт Хиватханы Тилекбергенийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Т-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ий гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1350.000 төгрөгийн үнэтэй, хээр зүсмийн, соёолон насны, зөв гуяндаа “п” үсэг хэлбэрийн тамгатай, имгүй 1 тооны морийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлого болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Х.Т-ий эзэмшлийн хээр зүсмийн, соёолон насны, зөв гуяндаа “п” үсэг хэлбэрийн тамгатай, имгүй 1 тооны морийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ээс нь 1000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч Ж.Т-т олгосугай.
7. Шүүгдэгч Х.Т- нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Х.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК