Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

 

 2022          03            09                                   2022/ШЦТ/81

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дд холбогдох эрүүгийн 2225000650065 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ан Д нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт Д.Зийг үсдэж унаган цохих, маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч А.Дгийн мэдүүлсэн: ... Г гэрээ орхиж гараад 1 жил гаруй болж байгаа. Тэр өдөр охин хараад надад хэлсэн.Тэр хүүхэнтэйгээ явж байсан. Охин аав дээрээ очсон. Гэтэл п...минь чамтай уулзахгүй гэх мэтээр маш муухай харьцсан. Би биеэ барьж дийлээгүй тэр хүүхний үснээс шүүрч авсан. Хайс давж унасан, үснээс нь зулгааж маажсан минь үнэн. Ган-Эрдэнэ ирж миний гарнаас барьж авсан. Аав нь орхиж явснаас охин маань сэтгэл санааны асуудалтай болсон. Амиа хорлох оролдлого хийж байсан, гэрээсээ алга болдог. Энэ байдал нь надад маш их хэцүү байдаг тул би бухимдаж ийм зүйл хийсэн гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:  

-хохирогч Д.Зийн ... Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орой 20 цагийн орчим нөхөр Ган-Эрдэний хамт гэрээс гарсан ... Ган-Эрдэний урд нь сууж байсан эхнэрээс нь гарсан охин хажууд нь ирчихсэн юм яриад зогсож байсан. Энэ үед миний араас хэн нэгэн хүн ирээд миний нүүрийг маажиж самардаад миний үснээс зулгаагаад миний толгой руу, баруун талын хөл, нуруу руу цохиод байсан. Тэр үед хажууд байсан хүмүүс намайг салсан. Тэгэхээр нь зугтаагаад орц руугаа орсон. ...Энэ хэргийн улмаас миний нүүрэнд учирч үлдэх соривыг арилгахад нийт 4,760,000 төгрөгийн зардал гарах юм ..” гэх мэдүүлэг /хх-н 9-10, 14-р тал/

-гэрч Б.Гн ...гэрээс гараад байрны гадаа авто зогсоол дээр байсан машиндаа суусан. Намайг машиндаа сууж байхад эхнэр З машиндаа суух гээд машины хаалга онгойлгоод цүнхнээсээ юм авах гээд ухаж байхад нь миний сууж байсан талаас миний урьд нь сууж байсан эхнэрээс  гарсан охин Г.Лхагвасүрэн гэнэт гараад ирсэн. Тэгэхээр нь би охиноо хараад миний охин юу хийж яваа юм бэ гэсэн чинь юу ч хийгээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний охин хэнтэй явж байгаа юм бэ гээд хажуу эргээд эхнэр рүүгээ харсан чинь тэр үед миний өмнө нь сууж байсан эхнэр А.Д эхнэр Д.Зийн нүүрийг маажиж, самардаад үснээс нь зулгаасан. Тэгэхээр нь би тэнд байсан хүмүүсийн хамт А.Д, Д.З хоёрыг салгасан. .гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-гэрч Т.Эн...Гн гэрээс гараад машинд суух гэж байхад гэнэт цэнхэр өнгийн куртиктэй махлаг эмэгтэй гарч ирээд Д.Зийн араас нь үснээс нь зулгаагаад газарт дарж унагаад, дээрээс нь цохиод, маажаад байсан. Энэ үед Ган-Эрдэнэ машинаасаа бууж ирээд тухайн эмэгтэйг салгасан.Тэгсэн тэр эмэгтэй Ган-Эрдэнэтэй гэр бүл болон амьдарч байсан юм байна лээ.   ....гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаартай... Д.Зийн биед тархи доргилт, нуруу, баруун гуя, өвдөг, шилбэний хэсэгт цус хуралт, дух, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Тархи доргилт, нуруу, баруун гуя, өвдөг, шилбэний хэсэгт цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун дух, хацар, зүүн шанаанд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоорх журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ...” гэсэн дүгнэлт /хх-н 25-27-р хуудас/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч А.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт хүүхдийн эцэг Ган-Эрдэний хамтран амьдрагч Д.Зийг  үсдэж унаган цохих, маажих зэргээр зодож биед нь тархи доргилт, нуруу, баруун гуя, өвдөг, шилбэний хэсэгт цус хуралт, дух, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч А.Дгийн үйлдлийн улмаас Д.Зийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Зийн мэдүүлсэн...Энэ үед миний араас хэн нэгэн хүн ирээд миний нүүрийг маажиж самардаад миний үснээс зулгаагаад миний толгой руу, баруун талын хөл, нуруу руу цохиод байсан. Тэр үед хажууд байсан хүмүүс намайг салгасан. ..гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаартай... Д.Зийн биед тархи доргилт, нуруу, баруун гуя, өвдөг, шилбэний хэсэгт цус хуралт, дух, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Тархи доргилт, нуруу, баруун гуя, өвдөг, шилбэний хэсэгт цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана....  гэх дүгнэлт, гэрч Б.Ган-Эрдэнийн мэдүүлсэн...Тэгэхээр нь би миний охин хэнтэй явж байгаа юм бэ гээд хажуу эргээд эхнэр рүүгээ харсан чинь тэр үед миний өмнө нь сууж байсан эхнэр А.Д эхнэр Д.Зийн нүүрийг маажиж, самардаад үснээс нь зулгаасан... гэх мэдүүлэг, гэрч Т.Энхболдын... Ган-Эрдэнийн гэрээс гараад машинд суух гэж байхад гэнэт цэнхэр өнгийн куртиктэй махлаг эмэгтэй гарч ирээд Зийн араас нь үснээс нь зулгаагаад газарт дарж унагаад, дээрээс нь цохиод, маажаад байсан.... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч А.Дгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Д.Зийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч А.Д нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан  шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал,хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.З эмчилгээний төлбөрт 4,760,000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн үндэслэл баримтаар нотлогдоогүй, ямар нэг нотлох баримт гаргаагүй байх тул хэлэлцэхгүй орхилоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болго

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч овогт Ан Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг 450/ дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ