Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 365

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэлийг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ж.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн ******* хорооны иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1964 онд төрсөн. Би 1988 оны 09 сарын 25-наас Завхан аймгийн Яруу сумын 10-н жилийн сургуульд пионерийн ахлах удирдагчаар ажиллаж эхэлсэн. 1990 оны 11 сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймээс 1988 оны 09 сарын 25-наас 1990 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Яруу сумын 10-н жилийн сургуульд пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие нь ******* хотод ажиллаж амьдардаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байхгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1988 оны 09-р сарын 25-ны өдрөөс 1990 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаандЗавхан аймгийн Яруу сумын дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Мөн Ж. ******* нь ******* хотод ажиллаж амьдардаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй гээд өөрийгөөбайлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн А/679 тоот лавлагаанд Ж.******* нь 1988 онд Яруу сумын 10 жилийн сургуульд пионерийн ахлах удирдагчаар томилогдож, 1990 онд дээрх ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын 1988 оны тогтоол болон 1990 оны 04.17-ны өдрийн №18-р тогтоолоос хойшхи тогтоолууд баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.*******ийн ажиллаж байсан байдал архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1988 оны 06-р сарын 22-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Яруу сумын бүрэн бус дунд сургуулийн захирлын 1989 оны 05-р сарын 04-ний өдрийн 12 тоот тушаал зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Түүний 1988 оны 06-р сарын 22-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 05-рт 1988.09.25-ны өдрөөс Завхан аймгийн Яруу сумын 10 жилийн сургуульд пионерийн ахлах удирдагчаар ажиллуулав гэсэн,

06-рт 1990.11.01-нээс Завхан аймгийн Яруу сумын 10 жилийн сургуулийн ПАУ-ийн ажлаас чөлөөлж АБХ-ийн мэлэд шилжүүлэв гэсэн бичилтүүд хийгдэж тус бүрт Завхан аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэл гэсэн тамга дарагдсан байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь Ж.*******ийг анги дэвших сургууль төгсөх шалгалтын комисст томилж байсан Завхан аймгийн Яруу сумын бүрэн бус дунд сургуулийн захирлын 1989 оны 05-р сарын 04-ний өдрийн 12 тоот тушаалаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хүсэлт гаргагч Ж.*******ийг 1988 оны 09-р сарын 25-ны өдрөөс 1990 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Яруу сумын дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байснаар тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ийг 1988 оны 09-р сарын 25-ны өдрөөс 1990 оны 11-р сарын 01-ний өдөрхүртэлх хугацаанд Завхан аймгийн Яруу сумын дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ