Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

 

    2022          03            11                               2022/ШЦТ/89

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Тад холбогдох эрүүгийн 2225000000090 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Панда” зочид буудалд Ж.Бтай маргалдан, нүүрэн тус газар нь цохиж уруулын дотор салстад шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Ө.Тын мэдүүлсэн: Манай эхнэр тэр буудалд ажилладаг. Тэр өдөр Б нь согтсон байсан. Буудлаас гарахдаа эхнэрийг маань “буудлын янхан” гэх мэтээр доромжилсон уур хүрч нэг удаа цохиж зууралдаж ноцолдсон гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:  

-хохирогч Ж.Бын ...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найз Бат-Эрдэнэ Улаанбаатар хотоос ирээд Согоот багт байрлах “Панда” зочид буудалд орсон...Архиа хувааж уучихаад буудлаас гарах гэхэд хаалга нь цоожтой байсан. Буудлын эмэгтэйг дуудаад хаалга онгойлгож өгөөч, танайх яагаад үүдэндээ суудаггүй юм бэ гээд уурлаад хэдэн үг хэлсэн.Буудлын эмэгтэй хаалга онгойлгож өгөх хооронд хоорондоо маргалдсан. Энэ үед тэр эмэгтэйгийн нөхөр гэх эрэгтэй 2 давхараас бууж ирээд надтай маргалдаад хувцаснаас зуурсан, уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Миний үүдэн 2 шүд уначихсан... Би Ө.Т гэх хүнээс эмчилгээний зардал гэж 1,000,000 төгрөгийг авсан. Надад одоо өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалтай холбоотой баримт гэж гаргаж өгөх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-15-р хуудас/

-гэрч Д.Оийн ... шөнийн 03 цагийн үед Бат-Эрдэнэ гэх үйлчлүүлэгч дээр ирсэн эрэгтэй хүн архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн, буудлаас гарна, хаалгаа онгойлго гэсний дагуу би ганцаараа өрөөнөөс гарч буудлын хаалга онгойлгож өгөх хооронд тэр залуутай маргалдсан. Манай нөхөр Т бууж ирээд намайг өмөөрч тэр залуутай маргалдсан. Цагдаа дуудаж өгнө гээд тэр залууг буудлаас гаргахгүйн тулд ноцолдож байхдаа нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон. Нөгөө залуу буудлаас гараад явсан. Үүнээс хойш 10-20 минутын дараа цагдаа нар ирээд нөхөр Тыг аваад явсан. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/

-гэрч Б.Бн: “...шөнө цагдаагийн газрын жижүүрээс над руу залгаад “Панда” зочид буудлын зодуулсан хүн цагдаагийн газарт ирлээ. “Панда” зочид буудалд очоод зодсон хүнийг нь аваад ир гэсний дагуу хохирогч залуутай уулзаад “Панда” буудалд орж, зодсон гэх хүнийг нь аваад хохирогчийн хамт жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Хохирогч гэх хүн архи, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байсан. Энэ хүн намайг зодсон, шүд хугалсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай... Ж.Бын биед дээд уруулын дотор салстад шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал, дээд зүүн хоёрдугаар шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх уруулын дотор салстад шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заансаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд  зүүн хоёрдугаар шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээд уруулын дотор салстад шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хх-н 26-27-р талд/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Ө.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Панда” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлчлүүлэгч Ж.Бтай маргалдан, нүүрэн тус газар нь цохиж, дээд уруулын дотор салстад шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал, дээд зүүн хоёрдугаар шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ө.Тын үйлдлийн улмаас Ж.Бын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ж.Бын ..Энэ үед тэр эмэгтэйгийн нөхөр гэх эрэгтэй 2 давхараас бууж ирээд надтай маргалдаад хувцаснаас зуурсан, уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Миний үүдэн 2 шүд уначихсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Одонтуяагийн... Манай нөхөр Т бууж ирээд намайг өмөөрч тэр залуутай маргалдсан. Цагдаа дуудаж өгнө гээд тэр залууг буудлаас гаргахгүйн тулд ноцолдож байхдаа нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай... Ж.Бын биед дээд уруулын дотор салстад шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал, дээд зүүн хоёрдугаар шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо...  гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Ө.Тын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэлд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Ж.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийн шалтгаан нөхцөл хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.      

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ж.Бын эмчилгээний төлбөрт шүүгдэгч 1,000,000 төгрөг төлсөн, дахин нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэх баримт хх-ийн 52-р хуудаст авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овгийн Өын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тыг 450/ дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ө.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ