Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

  2022         03          16                                       2022/ШЦТ/95

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн 2225000620105 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк цахим орчинд Bayrmunh Munkhtsetseg гэх нэртэй фейсбүүк хаягийг ашиглан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Хуучин хороо  тоотод оршин суух Ч.Нд зээл олгоно гэж хуурч урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг Хаан банкны  тоот данс ашиглан авч залилсан,

       - 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Бадмаараг” нэртэй фейсбүүк хаягаар Н.Хд зээл олгоно гэж хуурч, урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг Хаан банкны 5302360125 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

      -шүүгдэгч Э.Эын мэдүүлсэн: 2021 оны 12 дугаар сарын 16-наас 20-нд фейс хаяг нээж “зээл авна” гэсэн зар тавьж 2 хүнээс 850,000 төгрөг авсан буруугаа хүлээж байна. Хохирлыг төлсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:       

-Цахим мөрийтэй тоглоомын сайтад үзлэг хийсэн тухай “...megamon.quest гэх мөрийтэй тоглоомын сайтад үзлэг хийв...GG-play гэх нэртэй онлайн мөрийтэй тоглоомын сайт байна...хаан банк 5302425947 дугаартай Өнөржаргал гэх эзэмшигчтэй дансыг холбосон байгааг зургаар харуулав...гэх тэмдэглэл /хх-ийн 7-8-р тал/

-хохирогч Ч.Нгийн...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яаралтай мөнгөний хэрэг гараад фейсбүүк цахим орчинд байх Bayrmunh Munkhtsetseg гэх нэртэй фейсбүүк хаягтай зээл авах зорилгоор харьцаж зээлийн урьдчилгаа болох 350.000 төгрөгийг Хаан банкны 5302425947 тоот данснаас geree 5 гэх утгаар шилжүүлэн залилуулсан. Яаралтай мөнгөний хэрэг гарсан болохоор итгээд шилжүүлчихсэн юм. 350,000 төгрөгийн хохирлыг барагдуулж авмаар байна... ” гэх мэдүүлэг /хх-н 11-р тал/

Хохирогч Ч.Нгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 17-р тал/

-Ч.Нгийн Хаан банкны дансны хуулга /хх-н 18-р тал/

-Bayrmunh Munhtsetseg гэх фэйсбүүк хаягтай харилцсан талаархи  харилцан яриаг хэвлэж буулгаж бэхжүүлсэн байдал  /хх-ийн 19-24-р тал/

-Хаан банкны Н.Ө гэх эзэмшигчтэй 5302425947 дугаартай дансны хуулга /хх-ийн 27-60-р тал/

-Э.Э эзэмшигчтэй 5302575233 дугаарын дансны хуулга, Голомт банкны Э.Э эзэмшигчтэй 2815102497 дугаарын дансны хуулга /хх-н 58, 63, 57-р тал/

-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-88-р тал/

- Хохирогч Ч.Нд учирсан хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 99-р тал/

-Хохирогч Н.Хд учирсан хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 100-р тал/

-Цахим орчинд үзлэг хийсэн тухай ...megamon.quest гэх мөрийтэй тоглоомын сайтад үзлэг хийв...GG-play гэх нэртэй онлайн мөрийтэй тоглоомын сайт байна...хаан банк 5302514474 дугаартай Ариунаа,5302705832 дугаартай Ганзориг, 5302707169 дугаартай Үржинчимэг гэх эзэмшигчтэй данснуудыг холбосон байгааг зургаар харуулав...гэх тэмдэглэл тэмдэглэл /хх-ийн 107-108-р тал/

-хохирогч Н.Хын ... 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед гэртээ байхдаа фейсбүүк үзэж байгаад “зээл чөлөөлнө, олгоно” гэсэн зарын дагуу Бадмаараг Чулуунцэцэг гэсэн хаягаас чаталж, 8.000.000 төгрөг зээлэхээр тохиролцож, урьдчилгаа 500.000 төгрөгийг 5302360125 тоот данс руу гэрээ12 гэсэн утгатай хийсэн. Чаталж байгаа хаяг руу над руу явуулсан иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг таарч байхаар нь итгэчихсэн. Тэгээд 8.000.000 төгрөг 10 минутын дараа орно гээд орохгүй байсан. Нөгөө хаяг руу чат бичихэд миний хаягийг блоклосон байсан ... гэх мэдүүлэг /хх-н 112-р тал/

-2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор хэрэгт тусгасан Бадмаараг гэх нэртэй фейсбүүк хаягаас Н.Хтай чаталсан гэх харилцан яриаг хэвлэж буулгаж бэхжүүлсэн байдал /хх-н 120-125-р тал/

-Н.Хын Хаан банкны 5270303566 тоот данснаас 5302360125 тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-н 119-р тал/

Шүүгдэгч Э.Эын яллагдагчаар мэдүүлсэн: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэг 13 дугаар хороо Өргөө кино театрын хажууд явж байгаад гар утсаараа өөрийн шинэ нээсэн Bayrmunh Munkhtsetseg нэртэй фэйсбүүк хаягаас Эрдэнэт фэйсбүүк зарын групп дээр зээл олгоно гэсэн зар байршуулсан. Үүний дагуу Ч.Н гэх хүнтэй фэйсбүүк чатаар харьцаж улмаар би түүнд 5.000.000 төгрөг зээлнэ гэж худлаа хэлж зээлийн урьдчилгаа 350.000 төгрөгөө дансанд байршуулбал зээл олгоно гэж хэлсэн. Тэгтэл Ч.Н надад итгэж 350.000 төгрөг шилжүүлсэн. 350.000 төгрөгийг би цахим покерын данс болох Хаан банкны Өнөрцэцэг гэх эзэмшигчийн 5302425947 тоот дансруу “Geree 6” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлүүлээд эргээд цахим покерын Хаан банкны 5302401540 5302425969 тоот данснаас өөрийнхөө Хаан банкны 5302575233 тоот данс руу татан авалт хийсэн. Ямар нэгэн санаа байгаагүй фэйсбүүк дээр зар оруулаад хүмүүс мөнгөө өгөх болов уу гэж бодоод оролдоод үзтэл болчихсон. Энэ хэрэгт надтай хамтран оролцсон хүн байхгүй. Ч.Нгаас авсан 350,000 төгрөгөө Хаан банкны данснаасаа Голомт банкны данс руу шилжүүлээд тамхи, идэж уух юм аваад мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Опе Хbet цахим тоглоомын цэнэглэлт хийгээд үрээд дуусгасан.  Мөн өөрийн шинэ нээсэн “Бадмаараг” гэх нэртэй фэйсбүүк хаягаас Эрдэнэт зар фэйсбүүк зарын групп дээр зээл олгоно гэсэн зар байршуулсан. Үүний дагуу “Н.Х” гэх фэйсбүүк хаягтай хүнтэй фэйсбүүк чатаар харьцаж улмаар түүнд 8.000.000 төгрөг зээлнэ гэж худлаа хэлж зээлийн урьдчилгаа 500,000 төгрөгөө дансанд байршуулбал 10 минутын дотор зээл олгоно гэж хэлсэн. Тэгээд Н.Х надад итгэж 500.000 төгрөг шилжүүлсэн.  500.000 төгрөгийг би цахим покерын данс болох Хаан банкны Ганзориг гэх эзэмшигчийн 5302360125 тоот данс руу “Сегее12 гэсэн гүйлгээний утгаар Н.Хаар шилжүүлүүлсэн. Үүнээс хойш би 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны 53027747534 тоот данс руу 500.000 төгрөгийг эргүүлэн татан авалт хийсэн. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 94, 177-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүдэгч Э.Э нь 2 удаагийн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 16,20-ны өдрүүдэд фейсбүүк цахим орчинд Bayrmunh Munkhtsetseg, “Бадмаараг” гэх нэртэй хаягууд нээж “Эрдэнэт зар” гэх фэйсбүүк хаягт “зээл олгоно” гэж хуурамч зар байршуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Хуучин хороо 7-25б тоотод оршин суух Ч.Нтай холбогдож “зээл олгоно урьдчилгаа хийх шаардлагатай” гэж итгүүлэн 350.000 төгрөгийг Хаан банкны 5302425947 тоот дансаар шилжүүлэн авсан, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Бадмаараг” нэртэй фейсбүүк хаягаар Н.Хтай холбогдож “зээл олгоно,  урьдчилгаа хийх шаардлагатай” гэж итгүүлэн 500.000 төгрөгийг Хаан банкны 5302360125 тоот дансаар шилжүүлэн авч бусдад нийт 850,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нар, яллагдагчийн мэдүүлэг, дансны хуулгууд,цахим орчинд үзлэг хйисэн тухай тэмдэглэл,харилцан яриаг бэхжүүлсэн баримт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Э.Эын үйлдлийн улмаас Ч.Нд 350.000 төгрөг, Н.Хд 500.000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулгууд болон харилцан яриаг хэвлэж буулгаж бэхжүүлсэн баримт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Э.Эын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч,цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж шунахай сэдлээр бусдын өмчлөх эрхэнд халдаж хохирол учруулжээ.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк цахим орчинд байх Bayrmunh Munkhtsetseg гэх нэртэй фейсбүүк хаягийг ашиглан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Хуучин хороо 7-25б тоотод оршин суух Ч.Нд зээл олгоно гэж цахим хэрэгсэл ашиглаж зохиомол, байдлыг зориудаар бий болгож, хуурч урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг Хаан банкны 5302425947 тоот данс ашиглан авч залилсан, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Бадмаараг” нэртэй фейсбүүк хаягаар Н.Хд зээл олгоно гэж хуурч, урьдчилгаа 500.000 төгрөгийг Хаан банкны 5302360125 тоот дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан залилсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон ялыг оногдууллаа.      

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ч.Нд учирсан хохирол 350,000 төгрөг, Н.Хд учирсан хохирол 500,000 төгрөг тус тус нөхөн төлөгдсөн баримт /хх-ийн 99-100-р хуудаст авсагдсан/ хохирогч нар цаашид гаргах гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц ургийн овогт Э Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч,цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ