Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

  2022       03        16                                       2022/ШЦТ/96

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хт холбогдох эрүүгийн 2225000290068 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салаан захирагч, ам бүл 5, эцэг, эх, ах дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 7-33 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт С Х,/регистрийн дугаар ДС95021213/

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч С.Х нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сити караоке баарны гадаа иргэн Т.Шыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч С.Хын мэдүүлсэн: 12 сарын 20-нд 2 найзын хамт караокед орж архи уусан. Их согтсон байсан. Зарим зүйлийг санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирогчид 400,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:       

-хохирогч Т.Шын ...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед найз нарынхаа хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сити” караокед сууж байгаад гадаа гарч тамхи татах гээд ганцаараа гарсан. ..явган хүний зам дээр ганцаараа зогсоод тамхи татаж байхад караокеноос дээгүүрээ улаан өнгийн куртиктэй, танихгүй залуу гарч ирээд шууд миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа их хүчтэй цохисон. Тухайн үед миний татаж байсан тамхины цог үсэрч байсан. Би тэр залууд цохиулаад доошоогоо явган суухад нөгөө залуу хамт гарч ирсэн хүрэн өнгийн куртиктэй залуу намайг цохисон залуугийн араас алхаад явахаар нь би араас нь очоод яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуухад намайг дахиад зодох гээд дайрч байсан. Би тэр хоёр залуугаас салаад шууд караоке рүү орох гэхэд араас гүйж ирээд дахиад маргалдсан, намайг зодох гэж дайрсан боловч тэнд байсан хүмүүс салгаж цагдаад дуудлага өгсөн ... ” гэх мэдүүлэг /хх-н 12-13-р тал/

-гэрч Д.Дын ... 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хамт ажилладаг Х, Билгүүн нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Сити” караокед орж дуулсан, 2 шил урхи уусан. Караокеноос орой 21-22 цагийн үед гарсан ба хамгийн түрүүнд Х, араас нь Билгүүн гарсан. Би тэр хоёрын араас ойролцоогоор 2-3 минутын дараа гарахад Х танихгүй нэг залуутай зууралцаад, Билгүүн тэр хоёрыг салгах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн  2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай ... Т.Шын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, нэг шүдний титмийн эмтрэлт бүхий гэмтэл тогтоогдлоо ... мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүдэгч С.Х нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт “Сити” караоке баарны гадаа үл таних Т.Шын хамар хэсэг рүү нь шалтгаангүйгээр гараараа цохиж биед нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, нэг шүдний титмийн эмтрэлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч С.Хын цохисон үйлдлийн улмаас Т.Шын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай ...Т.Шын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, нэг шүдний титмийн эмтрэлт бүхий гэмтэл тогтоогдлоо ... мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ...гэх дүгнэлт, хохирогч Т.Шын... Гадаа засмал замын хажуу талын явган хүний зам дээр ганцаараа зогсоод тамхи татаж байхад караокеноос дээгүүрээ улаан өнгийн куртиктэй, танихгүй залуу гарч ирээд шууд миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа их хүчтэй цохисон ... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч С.Хын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч С.Х нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт Сити караоке баарны гадаа иргэн Т.Шыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналтай гэж,

-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй,торгуулийг даруй төлөх болно гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.

Шүүгдэгч С.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл болж байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

        Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал,хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Т.Шт шүүгдэгч 400,000 төгрөг төлсөн, хохирогч ямар нэгэн санал гомдол байхгүй гэх баримт /хх-ийн 56-р тал/-д авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт С Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхийн 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ