Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч У.Болдхүү, түүний өмгөөлөгч Ж.Яринпил

шүүгдэгч Ц.Соронзонболд, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар

шүүгдэгч Б.Дамдинбазар, түүний өмгөөлөгч Б.Тэнгис

хохирогч Ч.Баярсайхан, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь

иргэдийн төлөөлөгч Л.Дамдиндорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201301011592 дугаартай, 4 хавтас хэргийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3; эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байр, 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЖЯ94111438 дугаарын регистртэй, Тариачин овогт Уранчимэгийн Болдхүү

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2; эхийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 гудамж 165 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УХ95072211 дугаарын регистртэй, Олхонууд овогт Цэцэгмаагийн Соронзонболд

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 20-нд Говь-Сүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 16 байр, 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЕУ94102019 дугаарын регистртэй, Ухаатай овогт Бат- Эрдэний Дамдинбазар

 

Шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нар бүлэглэж, 2013 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны дэргэд байрлах сүүдрэвчний хажууд хохирогч Б.Батболдыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр зодож, түүний бие махбодид гавал, тархины битүү гэмтэл, духны ясны баруун дээд хэсгээс доош суурь ясны баруун талын их далавч хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн хэсгийн няцрал, духны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, тархи дарагдал бүхий гэмтэл учруулж санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч У.Болдхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад болон өмнөх шүүх хурлууд дээр тодорхой мэдүүлсэн учир дахин мэдүүлэхгүй.

Би талийгаачийг цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрнө өө. Харин миний хөлийн хумснууд шигдэж ургаад идээлсэн болохоор өшиглөж чадахгүй. Ийм хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж, бас талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж байна.

Найзуудынхаа өмнөөс бас уучлал хүсье. Бид нарт хүнийг санаатай алах, гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Хэн нэгэнтэй маргах асуудал хэнд ч тохиолддог. Гэтэл бид ийм хэрэг хийснээ маргааш нь мэдсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа зөвхөн над руу чиглэсэн, Болдхүү л буруутай гэсэн байдлаар хандаж, хэт нэг талыг барьсан. Шинжээчийн дүгнэлт юу гэж л гарна вэ, түүгээр нь надад хэрэг тохож байсан. Бидэнд хийсэн буруу зүйл байгаа. Намайг батлан даалтад гаргахдаа гэм буруугаа ухаарга гэж гаргасан гэж бодож байна. Би хохирогчийн гэрт очоод эзэнгүй хаалгыг мөргөсөн удаа байгаа. Би байнга очиж эргэдэг байсан. Миний гэм бурууг хэлтрүүлбэл эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн гэмшил харууслаа, өөрийнхөө хэлж буйгаа харуулах боломж бий. Миний урд далай шиг их амьдрал байна. Хохирогч танаас чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Найзууд маань мөн надтай адил гэмшиж байгаа байх гэв.

 

Шүүгдэгч Ц.Соронзонболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Энэ хэргийн гэрч Нямжав над руу залгаад бид гурвыг Sea баар руу хүрээд ир, энд хэдэн залуучууд дээрэлхээд байна, зодолдъё гэсэн. Бид гурвыг очтол нөгөө зодох гээд байсан гэх хүмүүс нь байхгүй, харин хоёр ихэр буюу Нямжав, Нямбаяр нар талийгаач Батболд ахын хамтаар 0.5 гр-н Экс архи, пиво ууцгааж байсан. Нөгөө хүмүүс нь явсан гээд бид гурав буцна гэхэд Болдхүүг хүргэж өгнө гэсээр эргээд бид нар 50 дугаар байрныхаа гадаа ирсэн. Тэгэхэд хоёр ихэр болон талийгаач Батболд цуг ирсэн юм. Байрны гадаа ирсний дараа та нарт архи байгаа юм уу гэж асуугаад бид нарт байсан Болор архийг бүгдээрээ ууж байтал талийгаач Батболд ах эхлээд Болдхүүг дагуулаад явсан. Дараа нь намайг дуудаж, дагуулаад 50 дугаар байрны доош уруудах явцдаа чи ямар хигжүүн пацаан бэ гээд намайг ёвроод байсан. Араас Болдхүү утсаа өгчих гэж хэлэхээр нь би араараа май гэтэл Болдхүү гүйж ирснээ талийгаач Ботболдын баруун шанаа руу 1 удаа цохьсон чинь Батболд ах намайг налаад намайг тэвэрсэн байдалтай хамт унасан. Босох хооронд талийгаачийг Болдхүүг 2-3 удаа нүүр рүү нь өшиглөсөн. Энэ асуудал маш түргэн хугацаанд болж өнгөрсөн. Намайг Нямжав залгаж авсан, талийгаачийг хэн залгаж авсныг мэдэхгүй.

Талийгаачийн ар гэрт ямар хэцүү байгаа гэдгийг ойлгож, уучлалт гуйж байна. Би ар гэрт цагаан идээ бариад очсон. Охинд нь цаашдаа аав нь биш гэхэд ах нь байж туслаж дэмжинэ. Болдхүү, Дамдинбазар бид нар сайн найзууд байсан бөгөөд ирээдүйд алдартай дизайнер, уул уурхайн инженер болно гээд олон сайхан зүйлс ярьдаг, зовлон жаргал бүх юмаа хуваалцдаг байсан. Надаас анхны мэдүүлэг авч байхад би 18 нас хүрээд дөнгөж 1 сар өнгөрч байсан. Тийм болохоор тухайн үедээ юу ч ойлгохгүй жаахан хүүхэд мөрдөн байцаагчийн амаар ярьсан гэв.

 

Шүүгдэгч Б.Дамдинбазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мөн мэдүүлэхгүй. Яагаад гэхлээр өмнө нь удаа дараа мэдүүлсэн. Ийм хэрэгт оролцсондоо харамсаж, гэмшиж байгаа. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж байна. Энэ хугацаанд олон зүйлийг ойлголоо. Бидэнд боломж өгөөч гэв.

 

Хохирогч Ч.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Талийгаач нь миний 4 дэх хүүхэд. Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын 2 дугаар дамжааны оюутан, бага түрүүч цолтой байсан. Хүү маань 2013 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 50 дугаар байрны гадна бусдад зодуулж амь хохирсон. Бид нарт маш их гарз тохиолоо. Нас барсан гэдгийг нь Гэмтлийн эмнэлэг дээр очиж мэдсэн. Үхлийн шалтгаан нь хэд хэдэн удаагийн цохилт, хүчний үйлчлэлээр үүссэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Хүү маань Нарансувд гэж эмэгтэйтэй хамтран амьдарч байсан юм. Нас барсных нь дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 8-нд охин нь төрсөн. Энэ хугацаанд би хүүгийнхээ охинд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд магадлал нь 99.9%-тай гарсан. Одоо ач охин маань 3 настай, эрүүл саруул бойжиж байгаа. Ааваараа овоглодог. Бидний зүгээс аль олдсон, аль байгаагаа охинд нь зориулж байна.

Өнгөрсөн хугацаанд шүүгдэгч нар талийгаачийн оршуулгын ажлын зардал болох 10.689.000 төгрөгийг 3 хувааж төлсөн. Талийгаачийн охин маань тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сард 126.000 төгрөг авдаг байсан. Одоо энэ мөнгөний хэмжээ 140.000 төгрөг болсон сураг байна лээ. Бид нар талийгаач хүүгийнхээ охиныг 2 нас хүртэл нь өсгөсөн. Тэтгэмжийн мөнгийг нь би уг нь дансанд хийдэг байсан юм. Ээж дээрээ очсоноос хойш бэлэн авч байгаа байх.

Хэрвээ хүү маань амьд байсан бол сургуулиа төгссөн, дэслэгч цолтой, сард 700.000 төгрөгийн цалинтай, эцэг, эх, үр хүүхдээ тэжээн тэтгээд явж байгаа. Бид бүхэл бүтэн хүнээрээ хохироод байна. Гэм хорын хохирол, ач охиныхоо ирээдүйн баталгаанд 100 сая төгрөг нэхэмжилдэг. Гэхдээ энэ бол үхсэн хүнээ үнэлсэн юм биш. Ач охиныхоо ирээдүйд сурч боловсроход нь гэж нэхэмжилсэн.

Болдхүү батлан даалтад байхдаа ээжтэйгээ 2-3 удаа манайд ирсэн. Нэг удаа 200.000 төгрөгтэй ирснийг охиноо 250.000 төгрөгийн төлбөртэй Хандивын цэцэрлэгт оруулсан. Соронзонболд мөн ирж хөгшин бид хоёроос дэмжиж туслах юу байна, өнчин охинд чинь туслая энээ тэрээ гэж байсныг нь бид хүлээн авсан. Болдхүү ухаарсан гэдгээ хэлж байсан. Болдхүү ... би байр савтай бол зараад өгмөөр л байна ... гэсэн юм ярьж байсан. Соронзонболд ирж уулзахдаа манай хөгшинтэй бас ярьсан байна лээ. Дамдинбазарын аав, ээж нь мөн ирээд охинд тоглоом, хүнсний зүйлс авчирч байсан. Эдгээрийн мөнгөн дүнг нь хэлж мэдэхгүй байна. Энэ гурав маань өөрсдөө юу гэж бодож байгаан, өөрсдөө шүүхэд хэлнэ биз дээ.

Би талийгаач хүүгээ айлын бага хүү гэдгээр нь хүний дайтай байлгах гэж машин унаа хүртэл авч өгсөн. Гэтэл цаг бусаар хүүгээ алдлаа. Миний болон манай гэр бүлийн зөрчигдсөн эрхийг хангаж өгч чадах юм бол би энэ гурвыг заавал шоронд хатааж, шонд дүүжилнэ гэхгүй. Үхэл хагацал тохиолдсон үед хүн надтай яаж харьцана, би тэгж л харьцана. Энэ гурав сүүлийн үед л уулзаж байгаа гэдгийг хэлье. Миний 100 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт ороогүй гэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой тэдгээрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас: У.Болдхүү /1-р хх-н 136/, Ц.Соронзонболд /1-р хх-н 170/, Б.Дамдинбазар /1-р хх-н 148/,

 

иргэний үнэмлэхийн лавлагаа: У.Болдхүү /1-р хх-н 135/,   Ц.Соронзонболд /1-р хх-н 169/, Б.Дамдинбазар /1-р хх-н 149/,

 

онц хүнд гэмт хэргийн холбогдогчийн сэтгэцийг шалгасан Шүүх сэтгэц гэм судлалын

... У.Болдхүү нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. У.Болдхүү нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чавартай байна. У.Болдхүү нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. У.Болдхүү нь хэрэг хариуцах чавартай гэсэн 726 тоот магадлагаа /1-р хх-н 97/,

 

... Ц.Соронзонболд нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Ц.Соронзонболд нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Соронзонболд нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Ц.Соронзонболд нь хэрэг хариуцах чадвартай гэсэн 739 тоот магадлагаа /1-р хх-н 95/,

 

... Б.Дамдинбазар нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Б.Дамдинбазар нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байна. Б.Дамдинбазар нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Б.Дамдинбазар нь хэрэг хариуцах чадвартай гэсэн 740 тоот магадлагаа /1-р хх-н 99/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр хохирогч Б.Батболдыг санаатай алсан гэж тэдгээрт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж 201301011592 тоот эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

2013 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны дэргэдэх сүүдрэвчний хажууд хохирогч Б.Батболд бусдад зодуулж, улмаар тухайн шөнөдөө нас барсан,

уг хэргийг шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нар үйлдсэн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл 2013 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хохирогч /талийгаач/ Б.Батболд шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Д.Дамдинбазар нарт зодуулж буюу гадны нөлөөтэйгээр нас барсан болох нь

гэрч Баяртөрийн Нямбаярын ... 2013 оны 8 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Нямжавын ажил дээр очиж хоол идчихээд ажлыг нь тарахаар хамт харих гээд хүлээж байгаад 22 цагийн үед ах Батболдтой утсаар ярьж дуудсан. Учир нь Батболд ах манай гэрийн хажууханд байдаг болохоор машинд нь дайгдаж хамт явахаар залгаж дуудсан юм. 23 цагийн үед байх Батболд ах ТБД-Андуудын автобусны буудал дээр машинтайгаа ирж Нямжав бид хоёрыг авсан. Ингээд Батболд ах Нямжав бид гурав замаараа Баянгол дүүрэгт байрлах Sea бааранд орсон. Тухайн үед Батболд ах, Нямжав хоёр 1 шил 500 граммын Экс архи, 2 шилтэй пиво захиалж уусан. Би архи, пиво уудаггүй болохоор тэр хоёртой хамт юм яриад л сууж байсан. 01 цагийн үед манай ангийн хүүхдүүд болох Нямжавын найз, ШУТИС-ийн лицейг төгссөн Дамдинбазар, Соронзонболд, Болдхүү нар хүрч ирээд манай ширээнд цуг сууж архинаас ууж, 30 орчим минут юм ярьж байгаад бид нар хамтдаа 01 цаг 30 минутын үед баарнаас гарсан. Энэ гурвыг Нямжав хүрээд ир гэж дуудсан. Бид нар баарнаас гарахад Батболд ах архи уусан байсан болохоор Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах Таац дэлгүүрийн гаднаас Хууль сахиулахын их сургуулийн доод курсийн дүү болох Ганпүрэвээр машинаа бариулж гэртээ хүргүүлэхээр очиж авсан. Ингээд Батболд ах, Нямжав, Ганпүрэв, Соронзонболд, Дамдинбазар бид нар Болдхүүг гэрт нь хүргэж өгөхөөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны гадаа очсон. Уг байрны гадаа очтол Соронзонболд, Болдхүү, Дамдинбазар гурав цүнхнээсээ 1 шил дундуур Болор архи гаргаж ирээд байрны урд байрлах сааданд сууж байгаад уусан. Архийг машин барьж байсан Ганпүрэв, бид хоёроос бусад нь хувааж уусан бөгөөд тэр шөнө архи ууж байхдаа Болдхүү, Дамдинбазар, Соронзонболд гурав Батболд ахыг үл тоож, үг хаяж хэрүүл, маргаан өдөж эхэлсэн. Энэ үед Батболд ах хамт бие засчихаад ирье гэж хэлээд Болдхүүг дагуулж саадны хойд талын байрны хойгуур орчихоод 5-10 минутын дараа буцаж ирсэн. Болдхүүг ирсний дараа Соронзонболд утсаараа андаа шаахуу гэсэн мессежийг 2 дугаар руу явуулаад байсан. Мөн тэгэхэд дуудлагаар 2 цагдаа бид нар дээр ирсэн. Учир нь бид нарыг байрны гадаа сааданд сууж байхад жижүүр гэх согтуу эмэгтэй хүрч ирээд хөөж тууж байгаад Батболд ахтай маргалдсан. Үүнээс болж нөгөө жижүүр эгч цагдаад дуудлага өгсөн байна лээ. Харин дуудлагын дагуу ирсэн цагдаа нар бид нарыг одоо явцгаа, битгий иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаач гэж хэлчихээд явсан. Үүний дараа Батболд ах Соронзонболдыг дагуулаад явсан бөгөөд явахдаа Ганпүрэв, Нямжав бид гурвыг машиндаа сууж бай гэж хэлээд цааш 50 дугаар байрны урд талын сааднаас урагш алхсан. Гэтэл Болдхүү надад хандаж танай ах чинь намайг түрүүлж цохьсон шүү гэж хэлээд Дамдинбазарын хамт гүйж очоод Батболд ахыг Соронзонболд, Дамдинбазар хоёртой бүлэглэж зодсон. Үүнийг Нямжав бид хоёр хараад тэр гурвыг болиулж ахаас холдуултал Соронзонболд, Болдхүү, Дамдинбазар гурав танай ах чинь ямар овоо юм бэ, яагаад түрүүлж цохисон юм бэ гэх зэргээр орилоод байсан. Тухайн үед Нямжав бид хоёрыг салгаж байхад Ганпүрэв машинд сууж байсан ба зодоон болсны дараа машинаас бууж ирээд Батболд ахыг машиндаа суулгасан. Батболд ахыг машинд суулгасны дараа Соронзонболд, Нямжавтай маргалдаж зодолдож байгаад салцгаасан. Тэгээд тэр нэгийг салчихаар нь би Батболд ах дээр очих гэтэл Ганпүрэв тэр хоёр машинтайгаа явсан байсан. Ингээд удалгүй Болдхүү, Дамдинбазар хоёр гэр рүүгээ явж, Нямжав бид хоёр замаас такси барьж Соронзонболдыг Хүүхдийн 100-д байрлах гэрт нь дөхүүлж өгсөн. Нямжав бид хоёр Соронзонболдыг гэрт нь дөхүүлж өгчихөөд харих гээд таксигаар явж байхдаа Ганпүрэвтэй утсаар ярьж Батболд ахын биеийн байдлыг асуусан. Тэгсэн чинь Ганпүрэв Батболд харих гээд машинд явж байх замдаа бөөлжиж байгаад унтчихлаа, та 2 хүрээд ир, уулзъя гэсэн. Ингээд л бид нар Багшийн дээд дээр 04 цагийн үед уулзаж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадаа очиж сэрэхийг нь хүлээж машин дотроо хэсэг суусан. Гэтэл Батболд ах машины урд жолоочийн хажуу талын суудал дээр хурхираад унтаад байсан. Тиймээс Ганпүрэв, Нямжав бид нар ахыг сэртэл нь хүлээе гэж шийдээд Гэмтлийн эмнэлгийн гадаа машин дотроо унтаж байгаад 09 цагийн үед Батболд ахыг дуудахад мөн л сэргэхгүй, хурхираад унтаад байсан. Энэ үед бид 3 гайхаж, сэрэхгүй байсан болохоор нь жижүүрийн эмчид хэлж Гэмтлийн эмнэлэгт оруулсан. Харин Батболд ах гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан. Тухайн шөнө буюу 2013.08.25-ны 03 цагийн үед дуудлагын цагдаа нарыг ирээд явсаны дараа Батболд ахыг Соронзонболд, Болдхүү, Дамдинбазар 3 дундаа хийж байгаад  хэдэн талаас нь өшиглөж, цохиж зодсон. Энэ үед Нямжав бид 2 ойрхон байсан болохоор гүйж очиж салгаж болиулсан. Тэр үед зодоон болж байхад гадаа харанхуй байсан болохоор хэн нь хэдэн удаа цохиж байгааг сайн харж чадаагүй юм. Ямар ч байсан Соронзонболд, Болдхүү, Дамдинбазар 3 бүлэглэн зодож байсан нь тод харагдсан. Батболд ахыг зодуулсны дараа харахад 2 шанаа нь хавдаж, баруун шанааны гол хэсэгт зулгарсан, хөмсөг нь язарч цус шүүрсэн, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Харин биеийн бусад хэсгийг нь сайн анзаарч хараагүй /1-р хх-н 40-41/ гэсэн,

гэрч Баяртөрийн Нямжавын ... Батболд ах орой 21 цаг болж байхад манай ихэр Нямбаяр манай ажил дээр хоол идэж байхад ихрийн утас болох 95218008 гэсэн дугаар руу 88991499 гэсэн дугаараар залгаад миний машин 21 цаг гээд гарах байх, ах нь ажил дээр чинь очоод уулзая гэсээр Андууд-ын буудал дээр 22 цаг 53 минутанд ирээд машинд нь суугаад цаг хараад Батболд ах гурвуулаа бүжиглэе гээд хорооллын Сии бааранд 23 цаг 20 минутанд ороод 2 шил пиво, 1 ундаа, 1 шил 0.5-н Экс архи захиалж аваад ширээнд суугаад пиво Батболд ах бид 2 нэг нэгээр нь уугаад архи тойруулаад манай ихэр нэг л татсан. Батболд ах бид хоёр архийг талд нь ортол уугаад баарнаас 00 цагийн үед тамхилах гэж гараад үүдэнд зогсож байгаад эргээд орох гэж байгаад би ихрийн 95218008 дугаараар лицейд хамт сурч байсан найз Соронзонболдын 99785862 гэсэн дугаар руу залгаад хаана байна гэсэн чинь гэрийнхээ гадаа байна гэхээр нь андаа хүрээд ирээч, энд хэдэн улсуудтай асуудалтай болчихлоо хүрээд ирэх үү гэсэн чинь за за, одоо очлоо гээд тэгээд 10 минутын дараа Соронзонболд, Дамдинбазар, Болдхүү гурав бид гурвыг бааранд ширээн дээр сууж байхад ирсэн. Бүгдээрээ 00 цаг 30 минутын үед баарнаас гараад Батболд ах хүнтэй утсаар яриад жолоочоо авна гээд байсан бөгөөд тэгээд баарны үүднээс өөрөө машинаа бариад бид нар бүгдээрээ суугаад хорооллын Таац дэлгүүрийн үүднээс манай доод курсын дүү шүү, та нараас ах шүү гээд 1 залуу орж ирээд суугаад машин бариад ард нь тавуулаа суугаад тэр гурвын нэг Болдхүүг Модны 2-т амьдардаг бөгөөд хүргэж өгнө гээд баруун талаар ороод Модны-2-ын 50-р байрны урд талын зам дээр машинаа тавиад байрны урд талын саравчинд сууя гээд машин дотор байхдаа манай гурван найз тал шил Болор архи байгаа, хэдүүлээ хуваагаад уучихая гэж ярьсан байсан ба ингээд саравчинд суугаад Дамдинбазар үүрч явсан цүнхнээсээ тал шил архи аягатай гаргаад Соронзонболд архиа тойруулаад манай ихэр, жолоочоос бусад нь архи уугаад гурван удаа архи тойроод дууссан ба дуусахын өмнө нь Болдхүү Батболд ахыг юм асуухаар хэг ёг гээд хариулахгүй хэгжүүрэхээд байсан ба архи дуусаад Батболд ах хоёулаа ийшээ яваад бие засаад ирэх үү гээд Болдхүүг хүзүүдээд аваад хойд талын подвалийн тийшээ явсан бөгөөд ирэхгүй байхаар нь саравчнаас гараад баруун тийшээ зам дээр гараад харсан чинь тэр 2 подвалаас юм яриад хүзүүдсэн гарч ирэхээр нь буцаад саравчиндаа суусан. Тэр 2 ч ирээд саравчинд суугаад Батболд тэр кепкатэй дүү гээд Соронзонболдыг хоёулаа тийшлээд уулзаадах уу гээд Соронзонболд босож ирэхгүй суугаад байсан ба Батболд ах араас нь тэврээд ийшлээд ирье дүү гээд байж байхад 2 явган цагдаа бид нарыг чиглээд ирээд дүү нар яагаад амар амгалан байдал алдагдуулаад байна, эртхэн тарж явцгаа гэхэд ах за за, уучлаарай, одоо явлаа гээд нөгөө 2 цагдаа буцаад яваад өгсөн. Ингээд бүгдээрээ саравчнаас гараад машин руу чиглээд явж байхад хамгийн урд талд Батболд ах Соронзонболдыг хүзүүдээд явж байхад Соронзонболд ард талдаа  гартаа гар утас барьсан байсан ба араас нь Дамдинбазар, Болдхүү, би, ихэр бид нар явж байсан ба жолооч түрүүлээд машин руугаа явсан байсан. Ингээд Соронзонболд гар утсаа өгөөдөх гээд гараараа ардаа дохиод байсан. Тэгтэл Болдхүү Соронзонболдод утсаа өгч байгаач, ганц ярья гээд гүйцэж очоод Батболдын ар нуруу руу Болдхүү өшиглөөд Соронзонболдтой Батболд ах хамт унаад Соронзонболд босож ирээд Болдхүү, Дамдинбазар нарын хамт Батболд ахыг газар хэвтэж байхад хөлөөрөө гурван талаас нь энд тэндээс өшиглөөд гараараа цохиод эхлэхээр нь би Соронзонболдыг татаж аваад улаан өнгийн машин налж зогсоод нөгөө 2-ыг хэн салгасныг мэдээгүй. Ихэр бас нэгийг нь салгаж л байсан байх. Тэгээд Соронзонболдыг бариад зогсож байхад цаанаас жолооч гүйж ирээд Батболд ахыг хагас босгож аваад машин руу явж байхыг харсан. Тэгээд ихэр бид 2 тэр гуравтай маргалдаад Болдхүү ах гэж ийм байдаг юм уу гээд баруун нүдээ харуулаад байсан ба бага зэрэг хавдсан байсан. Тэгсэн чинь Соронзонболд миний найзын нүд ийм болсон байна ш дээ гээд надтай зууралдаж газар унаад ганц цохилцоод тэгээд салаад хамтдаа 50-р байраа тавуулаа тойрч алхаад Дамдинбазар, Болдхүү 2 хойшоо явсан. Соронзонболд ихэр бид 3 эргээд байрны урд талын замаас такси бариад Хүүхдийн-100 яваад очоод байрны гадаа Соронзонболдтой юм ярьж байхад ах гэж ийм байдаггүй юм гээд бид нар хоорондоо маргалдаж яриад тэгээд Соронзонболд гэр рүүгээ ороод бид 2 такси бариад Багшийн дээд рүү явж байхдаа ихэр Мөнгөн завъяа дээрээс Батболд ахын машинд үлдээсэн өөрийнхөө 95218008 гэсэн дугаар руу залгахад доод курсийн залуу нь 17-ын тэнд байна гээд бид 2-ыг хаана байна гэхээр нь Багшийн дээд дээр байна гэж хэлэхэд бид хоёрыг ирж авна гээд хүлээж байтал удалгүй Батболд, нөгөө доод курсын бандитайгаа ирэхэд Батболд ах машины урд талд сандалаа хойшоо налуулсан хөлөө зүүн тийшээ нугалсан байдалтай хэвтэж байсан ба хурхираад, нүдээ хагас анисан байхаар нь нүдийг нь дээш нь нээгээд харахад хүүхэн хараа нь томорсон, эвгүй байрлалтай байхаар нь толгойг нь зүүн тал рүү  нь налуулаад цүнхнээсээ нойтон салфетка гаргаад ам хамарнаас нь гарсан цусыг арчаад гэмтлийн эмнэлэг рүү очьё гээд машиндаа суугаад гэмтлийн ард талын байран дунд зогсоод машин дотроо харж суугаад унтаж байгаад өглөө 08 цагийн үед сэрээд хөөе Батболд ахаа гээд сэрээх гэсэн чинь хурхираад унтаад байхаар нь Гэмтлийн эмнэлэг рүү машинаа авч ороод ихэр жолооч 2 эмч дуудаад тэрэг авч ирээд машинаас аваад орсон. Манай найз нар бааранд ирэхдээ халамцуу байсан. Болдхүү архи уугаагүй гэж байсан. Баарнаас гарахад Батболд, би халамцуу байсан. Саравчинд архи уугаад дуусахад Соронзонболд, Батболд, Дамдинбазар, Болдхүү бид нар бага зэрэг халамцуу байсан. Батболд ах юм асуугаад манай найз нар хэгжүүрхээд хариулахгүй дуугарч ядаад байхаар нь нэг нэгээр нь авч явах бодолтой байсан байх, нүүрэн дээрээ хоорондоо хэрэлдээгүй /1-р хх-н 53-55/ гэсэн,

гэрч Чулуунбаатарын Цэнгэлбаярын ... 8 дугаар сарын 24-ний өдөр а/ч Баярхүүгийн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 01 цаг 20 минутад Тайшир-10-аас Баянгол дүүргийн 18 дугаар хороо 50 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд яваад оч, жижүүртэй нь уулз, хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлага ирээд бид 2 хамтдаа дуудлага өгсөн газарт Баярхүүгийн машинаар 5-10 минут хиртэй яваад очсон. Очоод 3-р орцны жижүүр дээр ирэхэд цоожтой байсан. Харин байрны 4-р орцны өмнө саравчинд 6 залуу сууж байсан. Зүгээр л хоорондоо юм яриад сууж байсан. Тэгээд орцны жижүүрийг хайгаад 4-р орцонд ороход нэг согтуу жижүүр гээд эмэгтэй байсан. Тэр эдгээр залуучууд шаардлага тавихаар биелүүлэхгүй, хэл амаар доромжлоод байна гэсэн. Тэгэхээр нь бид 2 тэдгээр залуучууд дээр очоод та нар одоо ингээд тарцгаа гэсэн. Тэгэхэд тэр залуучууд за тэгье, бид нар одоо тарлаа гэсэн. Тэр залуучууд 3 нь хойшоо, 3 нь урагшаа явсан. Тэгээд Баярхүү бид 2 тэд нарыг орхиод машинаа зогсоолоос аваад явсан. Байрны урдуур өнгөрөх үед 3 залууд нь та нар тарцгаана шүү гэж хэлээд явсан. Тэгээд дараагийн ажилдаа явсан. Дахин тэнд ямар нэг дуудлага ирээгүй. Тэр залуучууд зүгээр эрүүл байсан. Согтсон архи уусан гэх зүйл ажиглагдаагүй. Тэд нар тамхи татаад л хоорондоо юм яриад сууж байсан. Тэд нараас бэртсэн гэмтсэн гэхээр хүн ажиглагдаагүй. Тэгж согтсон гэх хэл ам нь дальдирсан, гуйвсан найгасан хүн байгаагүй. Харин тэр жижүүр авгайгаас архи их үнэртэж байсан /1-р хх-н 59/ гэсэн,

гэрч Баярсайханы Баярмаагийн ... 8 дугаар сарын 24-ний өдөр байшингийнхаа дотор заслыг аав, ээж, дүү нарын хамт хийж байгаад орой 22 цаг өнгөрч байхад талийгаач дүү Батболд ах Ариуболдын ажлаас машинаа очиж авна гэхээр нь би өөрийн машинаараа талийгаач дүүг найз охиных нь хамт Дамбадаржаагийн Онцгой байдлын газарт хүргэж өгсөн. Талийгаачийг ахынхаа ажил дээр ганцаараа бууж үлдсэн. Тэгээд би найз охиных нь хамт буцаад гэр рүүгэээ явж байхад талийгаачийн найз Нарансувд талийгаачийг шууд гэртээ харихгүй гэсэн, хүнтэй уулзана гэсэн гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр гэртээ хариад унтаж амарсан. Маргааш өглөө нь Нарансувд 1 хүнтэй утсаар ярьчихаад талийгаачийг сэхээнд байна гэж хэллээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэн гэж хүн ярьсан юм бэ гэсэн чинь 95218008 гэсэн дугаараас залгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад тэр утас руу нь өөрийнхөө утсаар залгаад юу болсон гэнээ гэсэн чинь талийгаачийг сэхээнд байна, хурдан ир гэхээр нь би аав, ээж, Нарансувд нарын хамт ГССҮТ-д очсон чинь талийгаач нас барчихсан байсан /1-р хх-н 61-62/ гэсэн,

гэрч Цэрэндоржийн Ганпүрэвийн ... би гэртээ унтаж байтал шөнө 00 цаг өнгөрөөгөөд талийгаач Батболд ах над руу залгаад ахын дүү хувцсаа өмсөөд гараад ир, ах нь чамайг Таац дэлгүүрийн гадаа машинтайгаа хүлээж байя, чи ахынхаа машиныг унаад надтай хамт явж байгаа дүү нарыг Баянхошууны Жанцангийн тэнд хүргээд өгчих, ах нь чамд буцах таксины чинь мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны баруун талын зам дээр байдаг Таац дэлгүүр дээр явж очсон. Тэр үед шөнө ойролцоогоор 01 цаг болж байсан байх. Намайг Таац хүнсний дэлгүүрийн үүдэн дээр очиход талийгаач Батболд Тоёота Комби маркийн цагаан өнгийн машинтай, машинаа өөрөө барьчихсан дотор нь өөртөө нь нийлээд 6 хүн байсан. Тэгээд би талийгаач Батболдын машиныг бариад бид нар хамтдаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50-р байрны, ертөнцийн зүгээр баруун талын саадны гадаа очсон. Бид нар бүгдээрээ машинаасаа буугаад тэр сааданд орж суусан. Тэр үед талийгаач Батболд хамт явсан хүмүүсийнхээ хоёр хүүхдийг нь манай хамаатны дүү Нямбаяр, Нямжав гэж хэлээд, тэр хоёр дүүгээ ихэр гэж хэлж байсан. Харин хамт явж байгаа 3 хүүхдийг нь манай ихэр 2 дүүгийн найзууд нь байгаа юм гэж надад танилцуулсан. Тэд нар 1 шил 0,75 граммын Болор архи гаргаж ирсэн. Тэгээд тэр 6 гаргаж ирсэн Болор архиа ууж эхэлсэн. Тэр үед би машин барьж явсан учраас огт архи уугаагүй, харин талийгаач Батболд, 2 ихэр дүү болон түүний 3 найз тэд бүгдээрээ архинаас ууж байсан. Бид нар тэр сааданд хэсэг сууж тэд нар юм ярьж ууж байгаад талийгаач Батболд саадны хажуу талын 50 байрны булан руу явж шээсэн юм. Тэгсэн чинь тэр байрны орцны жижүүр бололтой 1 эмэгтэй хүүхэн гарч ирээд талийгаач Б.Батболдыг харчихаад хөөе чи яагаад наанаа шээгээд байгаа юм бэ, болиоч цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Тэгсэн талийгаач тэр орцны жижүүр эгчийн өөдөөс жаахан хэрэлдэж байгаад сүүлдээ уучлаарай гэж хэлээд хэрэлдэхээ больсон. Тэр үед жижүүр эгч өөрөө согтуу байсан. Тэгсэн талийгаач Батболд миний гэдэс жоохон өвдөөд байна, бид нарын байгаа газрыг сайн мэдэх хүн байна уу, ойрхон гараж байвал очиж бие засах хэрэгтэй байна гэж хэлтэл тэнд байсан 2 ихрийн найз болох 3 залуугийн өндөр саравчтай малгайтай, хар хөх өнгийн урдуураа цахилгаантай урт ханцуйтай босоо захтай цамцтай, хөх өнгийн жинсэн өмдтэй залуу нь би мэднэ гэж хэлээд талийгаачтай хамт явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа талийгаач Батболд тэр 2 хүрээд ирсэн. Тэгсэн талийгаач хамт явсан залуугаа энэ залуу чинь газар мэддэггүй юм байна гэж хэлээд цаана сууж байсан кэпкэн малгайтай залууг хамт гараж явъя гэж хэлээд байсан. Тэгээд тэр саадандаа Болор архинаасаа хувааж уугаад сууж байтал цаанаас 2 цагдаа алхаад ирж байсан. Тэр үед угаасаа архи нь бараг дуусч байсан юм. Тэгсэн талийгаач намайг чи машин дээрээ очоод машинаа асааж бай гэж хэлсэн. Тэгэхлээр нь би тэд нараас түрүүлж машин дээрээ очоод сууж байтал ойролцоогоор 5-10 минутын дараа хүмүүс хашгиралдаад зодоон болоод байх шиг болохоор нь би машинаасаа гараад яваад очтол талийгаач Батболд газар уначихсан, нөгөө 2 ихэр дүү нь хамт явж байсан 3 найзыгаа цаашаа гэж хэлээд түлхэж байсан. Тэгсэн тэр 3 найзынх нь 1 болох цагаан өнгийн кэпкэн малгайтай, хөх өнгийн жинсэн өмдтэй, тэр жинсэн өмднийхөн зүүн талын өвдгөн дээрээ урагдсан хувцастай залуу нь талийгаач Батболдод хэлээд байгаа бололтой чи намайг пизда гэдэг хэн бэ гэж хэлээд дайраад байсан. Тэгэхлээр нь би талийгаачийг өмөөрөөд тэр бандийг чи муу одоо хэн бэ, хоёулаа үзэх үү, ална шүү гэж хэлээд дайрах гэтэл талийгаач Батболд миний хувцаснаас зуурч аваад хоёулаа машиндаа сууя гэж хэлсэн. Тэгээд би талийгаач Батболдыг машиндаа суулгаад хаашаа явах юм гэж асуутал талийгаач ямар ч байсан хөдлөх хэрэгтэй байна, эндээс холдоё гэж хэлсэн. Тэр үед талийгаач Батболд урд талын суудал дээр суусан. Тэгээд би машинаа асаагаад талийгаачийг аваад явж байхдаа юу болсон бэ гэж асуутал талийгаач Батболд харин сая дүүгийн 3 найзтай нь зодолдоод, өөр ч онц юм болсонгүй зүгээр зүгээр гэж хэлсэн. Тэгээд би талийгаачаас хаашаа явах юм гэж асуутал талийгаач Батболд манай гэр рүү явъя, чи өнөөдөр манайд очоод хоночих, хоёулаа маргааш Баттулга ах дээр очъё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 25-р эмийн сангийн уулзвараар хойшоо чиглэлтэй 3, 4-р хороолол руу явж байтал, дөнгөж уулзвар гараад талийгаач Батболд зогсоорой гэж хэлсэн. Тэгэхлээр нь би машинаа зогсоотол талийгаач Батболд бөөлжөөд байсан. Тэгээд хэсэг бөөлжиж байгаад гайгүй болохоор нь би явах уу гэж асуутал тэгье, явъя гэж хэлсэн. Тэгээд би талийгаачаас гэр чинь хаана байдаг юм гэж асуутал Батболд ах манайх 7-н буудалд байдаг гэж хэлэхээр нь хорооллын замаар 7-н буудал руу явж  байтал 3, 4-р хорооллын Турбо баарны тэнд хөөе зогсоорой, бөөлжлөө гэж хэлсэн. Тэгээд тэндээ бас бөөлжсөн. Тэгээд цаашаа хөдлөөд 32-н тойрог өнгөрөөд явж байтал 17-н автобусны буудлын тэнд талийгаач Батболд ахиж зогсоорой гэж хэлсэн. Тэгээд тэнд бас бөөлжсөн. Тэгсэн тэнд байхад бид нартай хамт байсан 2 ихэр дүү нь залгасан. Тэгэхлээр нь би гар утсыг нь аваад та 2 хаана байна, яагаад ахыгаа найз нартаа зодуулж байгаа юм гэж хэлтэл харин тиймээ, тийм зүйл болчихлоо гэж хэлээд бид 2 харин Батболд ахтай уулзах гэсэн юм, та 2 хаана байгаа юм гэж асуухаар нь бид хоёр 17-н автобусны буудал дээр байна, Батболд ахын гэр нь хаана байдаг юм гэж би асуусан. Тэгсэн тэр 2 дүү нь бас мэдэхгүй байсан. Тэгээд тэр 2 дүү нь бид 2 дээр яваад очъё гэж хэлэхээр нь би тэг тэг та 2-ыг энд хүлээж байя гэж хэлсэн. Тэгсэн тэр хооронд талийгаач Б.Батболд ах сандлаа хойш нь болгоод унтаад өгсөн. Батболд ах унтаж байхдаа нилээн их хурхирч байсан. Тэгээд Батболд ах сэрэх шинжгүй болохоор нь хэсэг байж байгаад би тэр 2 дүү рүү нь залгатал бид 2 Багшийн дээдийн энд алхаад наад руу чинь явж байна гэж хэлэхээр нь би тэр 2 дүүг нь наанаа байж бай, бид 2 машинтай явж байгаа юм чинь яваад очъё гэж хэлсэн. Тэгээд Батболд ах бид 2 Багшийн дээд дээр очиж 2 ихэр дүүг нь авсан. Тэр үед талийгаач машин дотор хурхираад унтаад ерөөсөө сэрэхгүй байсан. Тэгээд талийгаачийг сэрээх гэж оролдсон боловч ерөөсөө сэрэхгүй байхлаар нь бид нар ямар ч байсан гэмтлийн эмнэлэгийн тийшээ дөхье, ухаан ороод сэрэхээр нь хаана нь өвдөж байгааг нь асууж байгаад үзүүлэх эсэхээ шийдье гээд шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэр үед гэмтэл рүү явахад ойролцоогоор 04-05 цаг болж байсан байх. Тэгээд бид 4 гэмтлийн эмнэлгийн гадаа байж байгаад машин дотроо унтаж амраад өглөө 08 цаг 50 минутын үед би талийгаач Б.Батболд ахыг сэрээх гээд хөөе, та босоорой гэж хэлтэл ерөөсөө босохгүй байсан. Тэгээд бид 3 за ямар ч байсан гэмтлийн эмнэлэг рүү оруулж үзүүлье гэж хэлээд орж үзүүлсэн. Тэгсэн гэмтлийн эмч нь бид 3-ыг дуудаад яаралтай том хүний памперс, гар нүүрийн алчуур, саван авчир гэж хэлсэн. Тэгээд би 1 дүүтэй нь гэмтлийн доод талаас тэр зүйлүүдийг нь аваад буцаад очтол тапийгаач Батболд нас барсан байсан. ... Тухайн үед намайг байхад яг хэрүүл маргаан болсон зүйл байгаагүй. Зүгээр л нэг нэгнийхээ дээр гарах гэж ярьж байсан. Би тэр талаар нь мэдэхгүй байна. Намайг машин дотор сууж байхад гадаа хүмүүс зодолдож хэрэлдэх чимээ гарсан. Тэгэхлээр нь би машинаасаа гүйж гараад очтол талийгаач Батболд газар уначихсан, 2 ихэр дүү нь хамт явж байсан 3 найзыгаа түлхэж талийгаачаас холдуулж боль гэж хэлж байсан. Ер нь бол намайг очиход зодоон болоод өнгөрчихсөн байсан. Батболдыг газраас босгож машиндаа суулгасны дараа харахад талийгаачийн толгойны баруун талын чамархайн хэсэг халцарсан, зүүн талын шанаа болон нүд нь бага зэрэг хавдсан, толгойны хойд хэсэгт бага зэрэг хавдсан байсан. Тухайн үед талийгаач Батболд өөрийгөө 2 ихэр дүүгийнх нь найз болох 3 найзад нь зодуулаад пойльдуулчихлаа гэж ярьж байсан. Түүнээс биш яг хэнд нь яаж цохиулсан талаараа яриагүй /1-р хх-н 63-65/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1/ Гавал, тархины битүү гэмтэл, духны ясны баруун дээд хэсгээс доош суурь ясны баруун талын их далавч хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн хэсгийн няцрал, духны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, 2/ тархи дарагдал, 3/ зүүн хөмсөг, баруун шанаа, чамархай, духны баруун хэсэг, нуруу, баруун мөр, шуу, баруун өвдөгний зулгаралт.

Дүгнэлт: Талийгаач Батболдын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл, духны ясны баруун дээд хэсгээс доош суурь ясны баруун талын их далавч хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн хэсгийн няцрал, духны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, тархи дарагдал, зүүн хөмсөг, баруун шанаа чамархай, духны баруун хэсэг, нуруу, баруун мөр, шуу, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоолдоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, духны ясны баруун дээд хэсгээс доош суурь ясны баруун талын их далавч хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн хэсгийн няцрал гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Цус, шээс, ходоодны шингэн, цусан хураанд спиртийн зүйл илрээгүй байна. АВО системээр АВ 4-р бүлгийн цустай байна. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчингүй байна. Талийгаачид гэмтэл авсан даруйд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байхыг үгүйсгэхгүй гэсэн 785 тоот дүгнэлт /1-р хх-н 82-84/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нарын гэм буруутай үйлдэл Хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь хэргийн үйл баримт /факт/, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээрээ үгүйсгэгдэж байх ба

энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчийн амь насыг бусниулсан зорилго, сэдэлтийг тогтоох нь чухал.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл байдаг. Гэхдээ хохирогчид ямар нэгэн гэмтэл учруулах агшин дахь зорилго, сэдэлт, санаа бодлын чиглэмж, хандлагыг илрүүлэх явдал юм. Үүнд; юуны өмнө амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгсэлийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх цаг үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг объектив, субъектив шинжүүд хамаардаг.

Эдгээр шинжүүд нь гэмт санааны хандлага, түүний төрлүүдийг үнэн зөв тодорхойлох, мөн хүнийг санаатай алах гэмт хэрэг болон хохирогчийг үхэлд хүргэсэн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, түүнчлэн алахаар завдахыг бие махбодид (эрүүл мэндэд) гэм хор учруулахаас болон хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргүүдээс ялгаж зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

 

Эрүүгийн эрх зүйн онолын дээрх тайлбарт тулгуурлан шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нарт холбогдох хэргийн үйл баримт /факт/, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлд шүүх дүгнэлт хийвэл;

 

хэргийн шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар, гэрч Б.Нямбаяр, гэрч Б.Нямжав нар найзууд бөгөөд ихэр Б.Нямбаяр, Б.Нямжав нар нь өөрийн үеэл ах Б.Батболдтой Sea гэх бааранд архидаж байхдаа ... бусадтай зодоон хийнэ, зодолдоно гэсэн шалтгаанаар өөрсдийн найзууд болох У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нарыг уг баар руу дууджээ.

Дуудсаных нь дагуу У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар очиж, ... тэндээсээ явцгааж, буцаж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны гадна ирээд хамтдаа архи ууж байх явцдаа хохирогч /талийгаач/ Б.Батболд нь эхлээд шүүгдэгч У.Болдхүүг дагуулж яваад түүнийг зодсон байна. Үүний дараагаар хохирогч /талийгаач/ Б.Батболд нь шүүгдэгч Ц.Соронзонболдыг мөн дагуулж явах үед араас нь шүүгдэгч У.Болдхүү, Б.Дамдинбазар очиж, хохирогч Б.Батболдыг эдгээр нэр бүхий 3 шүүгдэгч нийлж зодсон байна.

 

Хохирогч /талийгаач/ Б.Батболд нэр бүхий шүүгдэгч нарт зодуулсан буюу зодоон нь хурдан хугацаанд болж өнгөрсөн гэдгийг гэрчүүд мөн мэдүүлдэг бөгөөд хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлөөс харахад шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нарын гэм буруутай үйлдэл Хүнийг санаатай алах гэмт хэрэг гэхээс илүүтэйгээр Бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид нийцнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нарт тухайн үед хүнийг санаатай алъя гэсэн санаа зорилго байгаагүй, хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийгээгүй, уг зодооноос гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан хэлбэртэй байх тул

тэдгээрт холбогдох бүлэглэж, танхайн сэдэлтээр Хүнийг санаатай алсан гэх гэмт хэргийн зүйчлэлийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, Бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Түүнчлэн шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нарын үйлдэлд гэмт хэргийн танхайн сэдэлт огт байхгүй. Танхайн сэдэлт гэж нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосныг хэлдэг.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг журамлав.

 

Шүүхээс шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзсан болно.

 

Гэвч шүүгдэгч У.Болдхүү, Ц.Соронзонболд, Б.Дамдинбазар нарын үйлдсэн бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамаарах тул шүүхээс тэдгээрт оногдуулсан тус бүрийн хорих ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялууд Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтад хамаарч байгаа боловч тэдгээрийн ялтай байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар үргэлжилнэ.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Шүүгдэгч нар нь талийгаач Б.Батболдын оршуулгын ажлын зардал болох 10.689.000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу хохирогч Ч.Баярсайхан гэм хор хийгээд сэтгэл санааны хохиролд 100 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд энэ шаардлага хэвээрээ гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлав.

Эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг тухайлбал, бусдын эрүүл мэнд, амь насыг хохироосон тохиолдолд хохирлыг ингэж тооцоолно гэсэн аргачлал байхгүй. Иймд хохирогч Ч.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Гэвч хохирогч Ч.Баярсайхан нь Их мандуул ХХКомпанитай байгуулсан Орон сууц захиалгаар барьж Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 52.415.000 төгрөг нэхэмжилж байгааг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь, хохирогч Ч.Баярсайхан хийгээд түүний талийгаач хүүхэд болох Б.Батболдын хэн аль нь Онцгой байдлын албатай хамаарал бүхий иргэд байсан байх бөгөөд ахуй амьдралаа дээшлүүлэх, эцэг, эхээ асарч тэтгэх, үр хүүхдээ өсгөн бойжуулах үүргээс тэдгээр нь чөлөөлөгдөхгүй.

Харин хохирогч Ч.Баярсайхан нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжилвэл зохино.

 

Шүүгдэгч У.Болдхүү нийт 2 жил 1 сар 24 хоног, Ц.Соронзонболд нийт 1 жил 1 сар 1 хоног, Б.Дамдинбазар нийт 1 жил 5 хоног тус бүр цагдан хоригджээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан цаасан ууттай тамхины иш, хуурай сальфетка, бөөрөнхий шигтгээтэй зүүг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон