Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2019/0898

 

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Э.Н.

         Хариуцагч: УБЕГД.

    Нэхэмжлэлийн шаардлага: “УБЕГД-ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалын Э.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, улсын бүртгэлийн байгууллагын Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэгчийн ТЗ-6 ангиллын албан тушаалаас дордуулахгүйгээр ажил албан тушаалд томилуулахыг хариуцагчид даалгах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгч Э.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Э овогтой Н миний бие 2011 оны 09-р сарын 21-ний өдөр УБЕГД-ын № *** тоот тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Иргэний баримтын архивын газар”-т Гэрээт ажилтан, 2013 оны 04-р сарын 17-ний өдөр УБЕГД-ынN2*** тоот тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн хэлтэст - Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч, 2015 оны 09-р сарын 14-ний өдөр УБЕГД-ын**** тоот тушаалаар НУБГ-н БГД-н бүртгэлийн хэлтэст 6-р хороо хариуцсан улсын бүртгэгчээр тус тус ажиллаж байгаад 2017 оны 04-р сараас жирэмсний амралтаа албан ёсоор авч 2017 оны 06-р сарын 27-ний өдөр амаржин улмаар хүүхэд асрах чөлөө авсан.

         Хүүхэд асрах чөлөөтэй байсан намайг УБЕГД 2018 оны 08 сарын 17-ны өдрийн **** дугаар тушаал гаргаж ажлаас чөлөөлснийг 2019 оны 05 сарын 22-ны өдөр жирэмсний тэтгэмжээ бичүүлэхээр харьяалах дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс орж “таны шимтгэл 2018 оны 09 сараас хойш төлөгдөөгүй тул та байгууллагынхаа нягтлантай холбогдоно уу” гэснээр олж мэдсэн. Ингээд өөрийгөө чөлөөлсөнтэй холбоотой асуудлаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандахад 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 742 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Уг хариу албан бичигт Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хууль зөрчиж Э.Ныг ажлаас нь чөлөөлсөн байна, хуульд заасан хугацаанд ажлаас чөлөөлсөн шийдвэрийг танилцуулаагүй зэрэг үндэслэлээр ажлын байраар хангаж хариугаа ТАЗ-д мэдэгдэх талаар дурдсан байсан. Энэхүү албан бичгийн дагуу би ажилдаа орно гэх ойлголттой байж байсан ч Улсын бүртгэлийн ерөнхий газраас намайг дуудаж ажилдаа орох талаар ярилцаагүй.

          Үүний дараа 2019 оны 07-р сарын 16-ны өдөр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар тодруулахаар өөрийн биеэр Төрийн албаны зөвлөл орсон бөгөөд хариуцсан мэргэжилтэн Н гэх хүн амарсан байсан тул ахлах мэргэжилтэн Зоригтбаатар гэж хүнтэй уулзсан. Тэрээр "хариуцсан хүн нь амарсан болохоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хариуг таны имэйл хаягаар чинь явуулъя” гээд 2019 оны 07-р сарын 17-ны өдөр УБЕГД-ын хариу тайлбарыг явуулсан. Миний имэйлээр ирсэн уг албан бичиг нь 2018 оны 08 сарын 17-ний өдрийн **** дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан, “Э.Н нь **** дугаар тушаалтай холбоотой санал гомдлыг 9 сарын хугацаанд гаргаагүй” гэх агуулга бүхий тайлбар байсан. УБЕГД-аас Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн хариуг эс зөвшөөрч маргаан үүсгүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлд дахин хандсан. Төрийн албаны зөвлөлөөс дээрх гомдлын хариуг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаар бүхий “гомдлын дагуу маргаан үүсгэж, хянан шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн.

        Э.Н миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллах ажилтнуудын ерөнхий шаардлагыг бүрэн хангаж нийтдээ 8 жил тухайн байгууллагад ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр бөгөөд 2012 оны 11 дүгээр сард төрийн албан хаагчийн шалгалтад тэнцэж, 2015 оны 11-р сарын 20-ний өдөр Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөн Төрийн жинхэнэ албан хаагч болсон байхад төрийн жинхэнэ албанд нэр дэвшин ажиллах хүсэлтийг минь шийдвэрлэлгүй, үндэслэлгүй шалтгаанаар “түр” гэсэн тодотголтой албан тушаалд байлгаж байсан. Улмаар УБЕГД 2018 оны **** дугаар тушаалыг гаргахдаа захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх уг ажиллагааг зохион байгуулах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. Энэ нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог бүрэн хангах захиргааны үйл ажиллагааны талаарх хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл болсон. Мөн хүүхэд асрах чөлөөтэй байсан надад мэдэгдэлгүйгээр тушаал гарган ажлаас чөлөөлсөнд туйлын их гомдолтой байна.

           Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын  даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, төрсний өмнөх болон төрсний дараах тэтгэмжийг нөхөн олгуулахыг даалгаж, шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

        Нэхэмжлэгч  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний бие 2011 оны 9 сард Улсын бүртгэлийн ерөнхий газарт гэрээт ажилтнаар орж байсан. 2012 оны 3,4 дүгээр сард үндсэн ажилтан болох хүсэлтээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын захиргаанд бичгээр гаргасан. Хариуд нь Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй учраас өөрийг чинь үндсэн ажилтан болгох ямар ч боломжгүй гэж хэлсэн. Ингээд 2012 оны 11 сард Нийслэлийн газрын албанаас зарласан Төрийн албан хаагчийн шалгалтад тэнцээд 2013 оны 2 сард дахин хүсэлтээ өгсөн. Сул орон тоо байхгүй тул жирэмсний амралтаа авсан хүний оронд ажиллана уу гэж хэлээд 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Гадаадад зорчих эрхийн улсын бүртгэгч *** оронд томилсон. 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний амралтаа авсан. 2015 оны 8 сард хүүхэд маань 2 нас хүрч, Улсын бүртгэлийн газарт хүсэлтээ өгсөн. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны улсын бүртгэгч нас барсан. Энд сул орон тоо байгаа тул энд ажиллах уу гэж асуусан. Би зөвшөөрсөн. 2015 оны  9 сард Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн ***** “Таны тушаал гарсан. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс рүү очоорой, тушаалыг тань араас тань факсдаад явуулъя” гэж хэлсэн.

         Би Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн дарга Хүрэлсүх гэдэг хүнтэй уулзахад “Таны тушаалыг харсан. Сая араас факсаар илгээсэн. Чиний нэр бүдэг харагдаж байна. Одоо ажилдаа орно уу” гэж хэлсэн. Ажиллаж байх хугацаанд ажлаа тасалж, ямар нэгэн байдлаар захиргааны зөрчил авч байгаагүй. Захиргааны удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлж ажиллаж байсан. Ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан. Би 2017 оны 2 сард жирэмсний амралтаа авч, албан ёсны чөлөөгөө авсан. 2019 оны 7 сард 5 сартай жирэмсэн мөн жирэмсний тэтгэмжээ авах гээд явж байхдаа өөрийгөө ажлаасаа халагдсаныг мэдсэн. Нийслэлийн улсын бүртгэлийн газрын ерөнхий бүртгэгч Эрдэнэчимэгийн утас руу залгаж, “Миний нийгмийн даатгал 1 жилийн хугацаанд төлөгдөөгүй байна. Ямар учиртай вэ” гэж асуухад 2018 онд бүтцийн өөрчлөлтөнд орж, төрийн албан хаагчдыг ажлаас түр чөлөөлсөн. Хүний нөөцийн мэргэжилтэн Сарангэрэл гэдэг хүнтэй уулзаарай” гэж хэлсэн. Маргааш нь Сарангэрэл гэдэг хүн дээр очоод “яагаад намайг ажлаас халсан бэ” гэхэд “та түр албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа халагдсан” гэсэн. Би “яагаад надад хэлээгүй вэ” гэхэд “чи утсаа аваагүй” гэж хэлсэн. Би ингэж хэлэхэд нь маш гомдож, уурлаад 2016 онд өгсөн төрийн албан хаагчийн хувийн хэрэгт надтай яаралтай үед холбоо барих 2-3 утасны дугаар байхад ядаж мессеж бичээд үлдээж болоогүй юу” гэхэд “мэдэхгүй явдаг газраараа яв” гэж хэлсэн.

        Би үүнийг үл зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл гомдлыг хэлэлцээд захиргааны байгууллагын гаргасан шийдвэр буруу байна. Э.Ныг тохирох албан тушаалд нь эгүүлэн томилно уу гэж албан бичиг ирүүлсэн боловч Улсын бүртгэлийн ерөнхий газар боломжгүй гэсэн хариу өгч шүүхэд хандсан юм. Яагаад 2013 оноос хойш жинхэнэ албан хаагч болох гэж удаа дараа хүсэлтээ өгч байхад энэ хүн нэг ч удаа хүсэлтээ өгч байгаагүй учраас жинхлээгүй гэж хариу өгчөөд одоо сүүлд 2015 оны 8 сард өгсөн хүсэлтийг өгч байсан байна гээд гаргаж ирсэн. Надаас хойш орсон хүмүүс аль хэдий нь жинхэнэ албан хаагч болсон. Надад танил тал байхгүй учраас ийм байдалд хүрсэн нь миний буруу байсан гэж бодогдлоо. Би маш ихээр гомдолтой байна гэв.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “УБЕГД-ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалын Э.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Төрийн албаны тухай хуулийн туршилтын хугацааг 12 сараас буюу Хөдөлмөрийн хуульд зааснаар энэ хугацааг хэтрүүлэхгүй гэж заасан. Уг хуулиудын зохицуулалт нь үндсэндээ хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зорилготой гэж ойлгож байна. Бодит байдал дээр Э.Н нь 8 жилийн хугацаанд томилогдож ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Э.Н нь 2012 онд Төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцээд 2015 онд Төрийн албан хаагчийн тангаргийг өргүүлсэн. Гэтэл түүний удаа дараа өгсөн Төрийн жинхэнэ албан хаагч болох хүсэлтийг хувийн хэрэгт нь хавсаргаагүй. Гэхдээ хариуцагчаас гаргасан тайлбар эдгээр нөхцөл байдалтай үгүйсгэгдээд Э.Н хүсэлтээ өгч байгаагүй хувийн хэрэгт авагдаагүй тайлбарыг өгсөн. Өмнөх шүүх хурал дээр маргаан бүхий нөхцөл байдал үүссэнээр 2015 онд гаргасан хүсэлтийг гаргаж өгсөн. Иймд хариуцагчийн гаргасан тайлбар нийцээгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

       Төрийн албаны зөвлөл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч хуульд заасан үндэслэлээр **** дугаар тушаалыг гаргасан гэж тайлбарладаг. Гэвч уг тушаалыг тайлбарлахдаа түр албан тушаалд байсан бөгөөд Уранзаяа гэдэг хүний оронд ажиллаж байсан. Уранзаяа жирэмсний амралт дуусч ажилдаа орох хугацаанд Э.Н ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Ийм учраас тухайн нэхэмжлэгчийг өөр албан тушаалд оруулах боломжгүй гэсэн тайлбар хэлдэг. Гэвч тухайн **** дугаар тушаал өөрөө төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хууль ёсны зохицуулалтыг үндэслэн гаргасан тушаал байдаг бөгөөд **** тушаал гарснаар төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, ажил албан тушаалыг өөрчилсөн зэрэг ажилтны өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэжлийн дагуу өөр албан тушаалд шилжих буюу 6 сарын хугацаагаар мэргэших зэрэг нэмэгдэл баталгаагаар хангагдах энэхүү эрхийг эдлэх тухайлж зохицуулсан зохицуулалтыг удирдлага болгон Э.Ныг ажлаас чөлөөлсөн байдаг.

      Хариуцагчийн шүүхэд гаргасан Э.Ныг ажлаас халсан үндэслэл нь өөрөө энэ тушаалтайгаа зөрчилдөөнтэй. Э.Ныг У-ийн орон түр ажиллаж байсан гэх шалтгаанаар ажлаас халсан гэдэг боловч Уранзаяа нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа эргэж ороод хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгосон. Э.Н нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Эдгээр тайлбарт тусгагдсан тушаалын огноо нь жилийн зөрүүтэй. Төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгаа хүний хөдөлмөрлөх эрх, үр хүүхэдтэй болох эрхэд нь халдаж, энэхүү тушаалаар Э.Ныг ажлаас чөлөөлсөн.

         Захиргааны байгууллага нь түр үйлчлэл бүхий захиргааны актыг гаргахдаа Э.Нд мэдэгдэх үүргийг хуульд зааснаар хүлээдэг. Зохих ёсоор хуульд зааснаар мэдэгдээд, нотлох үүрэгтэй байдаг. Гэвч Э.Нд зохих ёсоор мэдэгдээгүй. Хуульд заасны дагуу зохих ёсоор мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй.

       Улмаар тухайн тушаал гарснаас хойш энэхүү маргаан үүссэн. Э.Наас Төрийн албаны зөвлөлд хандан гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс УБЕГДд албан бичгийг хүргүүлэхэд “энэ хүн Төрийн жинхэнэ албан хаагч мөн, хууль заасан болзлыг хангаж, шалгалтандаа тэнцсэн, та нар хуульд заасны дагуу хүүхэд асрах чөлөөг олгочихоод ажлаас нь чөлөөлсөн байна. Ийм учраас энэ хүнийг зохих албан тушаалд нь томилох үүргийг өгсөн ч албан бичигт хариу тайлбар хүргүүлэх замаар үүргийг биелүүлээгүй.

         Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх, үр хүүхэдтэй байх эрхэд нь халдаж, төрийн захиргааны байгууллага Э.Нын эрх ашгийг хөндөж байгаа нь энэ байдлаар гарч байгаа гомдолтой байна. Ийм учраас 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалын Э.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн хэмжээнд ТЗ-6 ангиллын албан тушаалд дордуулахгүйгээр түүний эзэмшсэн мэргэжилд тохирох өөр ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Иргэн Э.Нын “УБЕГД-ын 2018 оны 08  дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалын /Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай/ Э.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, төрөхийн өмнөх болон дараах тэтгэмжийг гаргуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна:

        Нэхэмжлэгч ***** Э.Н нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллах хугацаандаа төрийн жинхэнэ албан тушаалын үндсэн орон тоонд томилогдож байгаагүй бөгөөд дараах ажлын байранд ажиллаж байсан болно. Үүнд:

        1. Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай” УБЕГД-ын 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаар тушаалаар Улсын бүртгэлийн төв архивын /хуучнаар/ Иргэний баримтын архивт цахимжуулалтын гэрээт ажилтнаар 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд;

       2. Гэрээг цуцалж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" УБЕГД-ын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө авсан Нийслэлийн Налайх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б-ийн Б /төрийн жинхэнэ албан хаагч/-ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түүний хүүхэд асрах чөлөө дуусах хүртэл хугацаагаар;

       3. “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” УБЕГД-ын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн **** дүгээр тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 6 дугаар хорооны улсын бүртгэгч Б.У /төрийн жинхэнэ албан хаагч/-ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түүний хүүхэд асрах чөлөө дуусах хүртэл хугацаагаар.

      Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 6 дугаар хорооны улсын бүртгэгч Б.У нь 2017 оны 8 дугаар' сард хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгавар болгож, үүрэгт ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тул түүнийг хүүхэд асрах чөлөө авахын өмнө ажиллаж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журам"-ыг үндэслэн Э.Ныг “Ажлаас чөлөөлөх тухай” УБЕГД-ын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

        Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Ныг Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-д заасан төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй байх хугацаа дууссан байхад нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байгаа тул тангараг өргөсөн үйлдэл нь хууль бус бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар Э.Ныг ажлын байраар хангах боломжгүй байна.

          Э.Н нь УБЕГД-ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалтай холбогдуулан тус газарт гомдол, санал гаргаж байгаагүй бөгөөд дээрх тушаал гарснаас хойш 9 сарын дараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна.

       Иймд “Ажлаас чөлөөлөх тухай” УБЕГД-ын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн учир Э.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Э.Н нь төрийн жинхэнэ албан хаагч байсан уу гэдэгт тайлбар хэлэхэд 2011 онд гэрээт албан хаагчаар ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш 2015 онд Монгол улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр гүйцэтгэх журам”-ын дагуу жирэмсний амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа У-ийн оронд түр томилогдон ажилласан. Удаа дараа жинхлэх хүсэлт өргөдлөө өгсөн гэдэгт бид нар тайлбар хэлээгүй. 2015 оны үргэлжлүүлэн ажиллуулах тухай хүсэлт хувийн хэрэгт нь байсан учраас энэ лавлагааг гаргаж өгсөн. Удаа дараа хүсэлт өгөөд жинхлээгүй гэдэг өнөөдрийн байдлаар тайлбарлах нотлох боломжгүй үйл баримтаар бид тайлбар хэлэх боломж алга. **** дугаар тушаал өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. **** дугаар тушаал нь Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 оны Монгол улсын Засгийн газрын *** дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Оюуны өмчийн улсын бүртгэлийн газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг шинээр байгуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулийн дагуу бүх албан хаагчийг албан ёсоор чөлөөлж, эгүүлэн ажилд нь томилох үүрэг хүлээсэн.

          Монгол улсын Засгийн газрын тогтоол, Улсын их хурлын тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын **** дүгээр тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн байгуулах тухай тогтоолуудын дагуу энэ бүтэц зохион байгуулалтын ажлыг хийсэн. Жирэмсний амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан тушаалтан ажилдаа эргэн орсон буюу нэг ажлын байран дээр хоёр албан хаагч ажиллаж байгаа мэтээр захиргааны зөрчилтэй байдал үүссэн. Үүний дагуу үндсэн албан хаагч буюу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны улсын бүртгэгч У ажиллаж байгаа, түр ажилласан Э.Н хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэж нэг ажлын байран дээр 2 хүн байгаа учраас тухайн ажлын байран дээр **** томилж, Э.Ныг ажлаас чөлөөлсөн.

        Иймд уг тушаалыг нөхцөл байдлыг зөвтгөж гаргасан, тухайн ажлын байран дээр үндсэн албан хаагчийг эргэж томилсон үр дагавар шалтгаан нь ийм байсан гэдгийг хэлмээр байна.

       Төрийн байгууллага дээд захиргааны байгууллагын өгсөн үүргийг биелүүлээгүй гэсэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 742 тоот албан бичгээр гомдол гаргасны дагуу бид эргэж энэ нөхцөл байдлыг тодруулж нотлох баримтыг 2019 оны 1/5113 тоот албан бичгээр хүргүүлсэн. Үүний хариу Төрийн албаны зөвлөлөөс Э.Ныг дахин ажилд нь томилох утга бүхий бичиг ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

       Албан ёсоор хуулийн дагуу үндсэн орон тоо гарсан тохидолдолд Төрийн албаны зөвлөлд 30 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд улсын бүртгэлийн байгууллагад өнөөдрийн байдлаар сул орон тооны захиалгын албан бичгийг хүргүүлсэн тухай нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн хариу тайлбарын дагуу улсын бүртгэлийн байгууллага өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд байгаа түр сул орон тоо буюу жирэмсний болон амаржсаны амралттай байгаа албан хаагчдын мэдээллийг нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн албан бичгийг Улсын бүртгэлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан тоотоор хүргүүлсэн. Нийслэлийн бүртгэлийн байгууллагад орон тоо байхгүй гээд үндсэн орон тоонд томилохгүй нөхцөл байдал байна. Хуулийн дагуу сул орон тоо гарсан тохиолдолд 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд үндсэн орон тоогоор мэдээлэл хүргүүлэх шаардлагатай байдаг.

        Бид нар мэдээллээ шүүхэд албан бичгээр хангалттай гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч Э.Н УБЕГД-ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалын Э.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, улсын бүртгэлийн байгууллагын Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэгчийн ТЗ-6 ангиллын албан тушаалаас дордуулахгүйгээр ажил албан тушаалд томилуулахыг хариуцагчид даалгах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч анх шүүхэд хандахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч Э.Н УБЕГД-ын 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаар  тушаалаар тус газрын Улсын төв архивын Иргэний бүртгэлийн баримтын архивт гэрээт ажилтан, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар  тушаалаар Налайх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн гадаадад зорчих эрхийн улсын бүртгэгч Б.Б-ийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, УБЕГД-ын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн **** дүгээр тушаалаар Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 6 дугаар хорооны улсын бүртгэгч Б.У-ийн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Оюуны өмч, УБЕГД-ын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн **** дүгээр тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай нийцүүлэн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 6 дугаар хорооны улсын бүртгэгч Б.У-ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шинэчлэн томилогдож тус тус   ажиллажээ.     

           Э.Н Улсын бүртгэлийн байгууллагад 2011 оны 09 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл нийт 07 жил орчим ажилласан, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ерөнхий шаардлагыг хангасан, төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад  бүртгэгдэх болзол хангасан, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа төрийн албан хаагч байна.                                                                                                                            Монгол Улсын Их хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 31 дүгээр тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ээр Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Оюуны өмч, улсын бүртгэлийн газар” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж өөрчилсөнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны **** дүгээр тушаал, УБЕГД-ын 2018 оны Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай ***дугаар тушаалыг үндэслэн тус газрын даргын “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” **** дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Ныг ажлаас чөлөөлсөн түүнд холбогдох хэсэг хууль бус гэж дүгнэв.

           Учир нь хариуцагч маргаан бүхий **** дугаар тушаалыг гаргахдаа Төрийн  албаны тухай хууль (2002 он)-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг үндэслэсэн байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн энэхүү зохицуулалтад хамаарч төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжгүй хэдий ч түүнийг жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд төрийн албанаас чөлөөлснийг зөвтгөх боломжгүй.

          Өөрөөр хэлбэл хариуцагчийн энэхүү шийдвэр Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална.”, 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;” гэсэн иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан суурь зарчимтай нийцээгүй.

          Тодруулбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дурдсан үйл баримтаас үзэхэд маргаан бүхий ажлын байранд тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан нь түүнийг төрийн захиргааны байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйн дээр тэрээр жирэмсэний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа төрийн захиргааны ажлын байранд албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах эрхтэй гэж үзнэ.

          Түүнчлэн хариуцагчийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй байх хугацаа дууссан байхад нь 2015 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, тангараг өргөсөн үйлдэл нь хууль бус бөгөөд Э.Ныг ажлын байраар хангах боломжгүй.” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

          УБЕГД-ын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1724 дүгээр тушаалаар[1] Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлсэн байх бөгөөд энэхүү тушаалын хавсралтаар баталсан тангараг өргөсөн албан хаагчдын жагсаалтын 13-д Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 6 дугаар хорооны улсын бүртгэгч Э-ын Н тангараг өргөсөн байна.

          Төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Э.Ныг төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид хамааруулсныг хууль бус гэж үзэх боломжгүйн дээр ийнхүү тангараг өргөсөн үйлдлийг хууль бус гэж үзэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

          Нөгөө талаар Нийслэлийн бүртгэлийн байгууллагад орон тоо байхгүй тул ажлын байраар хангах боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтаар тогтоогдлоо

          УБЕГД-ын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ***дугаар тушаалын гуравдугаар хавсралтын “4.Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс”, “4.2 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасаг;, Тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч 1, улсын бүртгэгч 9”[2] байхаар батлагдсан байх бөгөөд тус газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтын 4.2 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт нэр бүхий 8 улсын бүртгэгч[3] томилогдсон байна.

          Өөрөөр хэлбэл хариуцагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт 9 орон тоо батлагдаж үүнд нэр бүхий 8 улсын байцаагч томилогдсон,төрийн  албаны ТЗ-6 ангиллын албан тушаалын ажлын байрны сул орон тоо байхад хуульд заасан үндэслэлгүйгээр татгалзан нэхэмжлэгчийг ажлын байраар хангахгүй байгаа нь хууль бус бөгөөд Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа......албан хаагчдаас .....сонгон шалгаруулах замар уг орон тоог нөхнө.” гэж заасантай нийцүүлэн шийдвэрлэх боломжтой байсан гэж үзлээ.

          Нэхэмжлэгч Э.Н Улсын бүртгэлийн байгууллагад 2011 оноос ажиллаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэн, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д “ төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухай албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх” гэж заасныг хангасан байхад түүнийг төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллуулаагүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэх үндэслэл болно.

          Түүнчлэн хариуцагч Оюуны өмч, УБЕГД-ын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Нд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон атлаа энэ чөлөөний хугацаа дуусаагүй буюу ажил албан тушаал нь хэвээр хадгалагдах хууль зүйн баталгааг үл харгалзан түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

          Нөгөө талаар хүүхэд асрах чөлөөтэй байсан Э.Ныг ажлаас чөлөөлөх болсон тухайгаа түүнд хуульд заасны дагуу мэдэгдээгүй, энэ талаарх түүний оролцоог хангаагүй, хүсэлт тайлбар гаргах боломжоор хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт.....гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ.Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцана.” гэсэнтэй нийцээгүйн дээр захиргааны байгууллага хуулийн дээрх үүрэгжүүлсэн заалтыг хэрэгжүүлээгүй буруутай.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас захиргааны актыг мэдэгдэх үйл ажиллагааг Нийслэлийн бүртгэлийн байгууллага хариуцаж мэдэгдсэн гэж тайлбарлах боловч үүнийгээ хангалттай нотлоогүй байна. 

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, УБЕГД-ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалын Э.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Ныг Улсын бүртгэлийн байгууллагын Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэгчийн ТЗ-6 ангиллын албан тушаалаас дордуулахгүйгээр ажил албан тушаалд томилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг   хариуцагч УБЕГДд даалгасугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад давж заалдах гомдол гаргах эрхгүй..

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБЕГДас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.    

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.НАСАНДЭЛГЭР

 


[1] Хавтаст хэргийн 113 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 150 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас