Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1596

 

Г.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/00932 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Энхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейд холбогдох

 

Үлэг гүрвэлийн төв музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, дотоод хяналт шалгалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэлэнгэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Энхжаргал Үлэг гүрвэлийн төв музейн няравын албан тушаалд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилласан ба 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс дотоод хяналт, шалгалтын ажилтнаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан билээ. Үүний үндэслэл нь 2016 оны Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор заавал дотоод хяналт, шалгалтын ажилтантай байна гэдгийг үндэслэсэн. Гэтэл Үлэг гүрвэлийн төв музейн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүтэц, орон тоо батлах тухай 01 тоот тушаалаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн орон тоо хасагдаж, ажилтны тоог цөөрүүлж байгаа тул үүрэгт ажлаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлөх болсныг мэдэгдсэн тухай мэдэгдэл өгсөн ба мөн өдрөө ажлын байраа орхихыг шаардан ажлын байрнаас гаргасан. Үлэг гүрвэлийн төв музейн захирал дээрх байдлаар надтай байгуулсан ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа ажлаас чөлөөлж буй хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүйн зэрэгцээ хууль зүйн дараах шаардлагыг хангалгүй, тодорхой бус байдлаар шийдвэр гаргасан. Мэдэгдлээс үзэхэд Үлэг гүрвэлийн төв музейн захирал тус музейн бүтэц, орон тоо өөрчлөн батлах тушаал гаргасан өдрөө тус тушаалаа бидэнд огт танилцуулалгүйгээр мэдэгдэл өгч, мэдэгдэл өгсөн өдрөө буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шууд ажлын байрнаас гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 40.1.1 дэх хэсгийн заалтыг үндэслэсэн гэх боловч мөн хуулийн дурдсан заалтаар тогтоосон “салбар, нэгж татан буугдсан”, “орон тоо хасагдсан”, “ажлын байрны тоо цөөрсөн” гэх үндэслэлийн алийг нь үндэслэж буйгаа тушаалд дурдаагүй нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Үлэг гүрвэлийн төв музейн бүтэц, орон тоо батлах тухай 01 тоот тушаалыг үндэслэсэн гэх боловч тэрээр Музейн стандарт, дүрэм болон үүсгэн байгуулах баримт бичгээр тогтоосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн байх бөгөөд тус тушаалаар аль орон тоо хасагдсан, аль ажлын байрны тоог цөөрүүлсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 02, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажилтанд мэдэгдэл өгсөн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь энэ тухай 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэнэ гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Энхжаргалыг Үлэг гүрвэлийн төв музейн дотоод хяналт, шалгалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 185 856 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Үлэг гүрвэлийн төв музейд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхжаргал нь байгууллагатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэсэн бүрэн эрхийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн а/4098 тоот албан бичгээр ирүүлсэн 2017 оны байгууллагын батлагдсан төсвийн цалингийн санд багтаан орон тоог баталсан бөгөөд цалин сан хүрэлцэхгүй тул орон тоог цөөрүүлсэн. Дээрх нөхцөл байдлын улмаас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтантай тохиролцсоны дагуу хүссэн хугацаанд нь ажлаас чөлөөлсөн. Мөн бүх ажилчидтай хурал хийж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон ажилчдыг ажлаас чөлөөлөх талаар албан ёсоор мэдэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөх болсон тухай ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдэгдлийг 30 хоногийн өмнө өгсөн. Бид ажлаас чөлөөлсөн ажилчиддаа тэтгэмжийг нь төсөв байхгүйгээс шалтгаалан одоог хүртэл өгч чадахгүй байгаа тул Г.Энхжаргалыг ажилд авах боломжгүй. Байгууллагын захирал Үлэг гүрвэлийн төв музейн дүрмийн 3.7-д зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн. Иймд Г.Энхжаргалын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Энхжаргалыг Үлэг гүрвэлийн төв музейн дотоод хяналт, шалгалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 117 551 төгрөгийг гаргуулж, Г.Энхжаргалд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Энхжаргалын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 189 230 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/00932 тоот шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх нь зөвхөн нэг талыг баримтлан, нотлох баримтыг буруу үнэлэн шийдвэр гаргасан. Манай байгууллага нь улсын төсөвт үйлдвэрийн газар бөгөөд дээд шатны байгууллага болох БСШУСЯ-аас баталсан 28 ажиллагсадын орон тоонд багтаан төсөв захиран зарцуулах үүрэг оногдсон. Энэхүү орон тоо төсвийг хэтрүүлэх эрх байгууллагын захиралд олгогдоогүй болно. Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1a/4098 тоот албан бичгээр нотлогдоно.

2. Г.Энхжаргалтай тохиролцсоны дагуу ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүлээлгэн өгөөд, харилцан тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс мөн оны 02 дугаар сарын 01 хүртэлх цалинг ажиллаагүй байхад нь бүтнээр олгосон. Энэхүү тохиролцоог Г.Энхжаргал зөвшөөрч “ажлаа хийхгүйгээр цалингаа бүтнээр авья, 1 сарын тэтгэмж авья” гэж харилцан тохиролцсоноор ажлаас чөлөөлөх тушаалыг 30 хоногийн хугацаанаас өмнө гаргах үндэс болсон. Үүнийг шүүх анхаарч үзсэнгүй.

3. Нэхэмжлэгч Г.Энхжаргалын шаардсанаар захирал Н.Жавзмаагийн хөдөлмөрийн гэрээг шүүхээс нотлох баримтаар авсан. Энэхүү хөдөлмөрийн гэрээнд захирал Н.Жавзмаагийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох байсан, энэ ч утгаараа Г.Энхжаргалтай хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан болно. Г.Энхжаргал нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой маргаагүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасанд нийцнэ. Үүгээрээ Г.Энхжаргалын ажил хүлээлцсэн акт болон холбогдох баримтуудаар нотлогдоно. Хэрэв Г.Энхжаргалтай тохиролцоогүй бол 1 сарын цалинг бүтнээр нь авах эрх түүнд үүсэхгүй, ажил хүлээлцэх, тойрох хуудас зуруулах шаардлага үүсэхгүй байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Энхжаргал нь хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейд холбогдуулан тус музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, дотоод хяналт, шалгалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн дотоод хяналт, шалгалтын ажилтан Г.Энхжаргалыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “батлагдсан төсвийн цалингийн санд багтаан орон тоог цөөрүүлсэн, Г.Энхжаргалыг ажиллуулах цалингийн сан байхгүй гэж үзэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн захирлын бүтэц орон тоо батлах тухай тушаал гарч түүнд мэдэгдэх хуудсаар мэдэгдэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгчийг ажилд авахаас өмнө Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Дүрэм, орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/42 тоот тушаал болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Үлэг гүрвэлийн төв музейн бүтэц, орон тоо батлах тухай А/01 тоот тушаалуудад талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд заагдсан нэхэмжлэгчийн ажиллаж байсан дотоод хяналт, шалгалтын ажилтан гэх орон тоо тус тус батлагдаагүй байх тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй байна.

/хэргийн 41-51, 77 дугаар тал/

 

Хариуцагч байгуулага нь дотоод хяналт, шалгалтын ажлын байрыг бий болгож, нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан талаар маргаагүй бөгөөд уг орон тоог 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хассан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгчийг ажилд авч талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэхээс өмнө дотоод хяналт, шалгалтын ажилтан гэсэн орон тоо байгаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачлагаар ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлж чадаагүй байна.

Мөн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр дүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмын дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/00932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                             ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                            С.ЭНХТӨР