Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 17

 

Х.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

 

Прокурор Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

Иргэний нэхэмжлэгч Л.С

Шүүгдэгч Х.Б

            Нарийн бичгийн дарга Б. Даваасүх нарыг оролцуулан хийж,         

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Х.Б-д холбогдох эрүүгийн 1822001300045 дугаартай  хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эх, дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг ................ тоотод оршин суух хаягтай,

-Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Мөн шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-   Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,  Боржигон овгийн Хаш-Эрдэнийн Баттулга /РД:ЗЮ92120833/.

 

Шүүгдэгч Х.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихын 8-11 тоотод байх байшинд хууль бусаар нэвтэрч монгол гэр хулгайлан  бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: 

 

         Шүүгдэгч Боржигон овгийн Х. Б-ыг агуулах саванд нэвтэрч   бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  2 жил /хоёр/ 1 сар /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 2 жил 1 сарын жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлж, 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Отгонбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг  тус тус дурдаж, 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бас 100.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Л.Сумъяад олгож, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г Х.Бд холбогдох  эрүүгийн 1822001300045 дугаартай хэргийн  хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Би 2018 оны 04 дүгээр сарын 12-нд ......... тоотод байх гэртээ байж байхад Т.Гочооцэрэн,С.Отгонбаатарын хамт манай гэрт ирж зарах юм байна уу гэж асуугаад зарах юм байвал зараад өгье гэж хэлсэн.  Тэгэхээр нь би надад гэр байгаа гэж хэлсэн  чинь үзээд энийг чинь зараад өгье гэж хэлээд гарч яваад захаас машин авчирч ачиж яваад зах оруулж зараад надад 100.000 төгрөг өгсөн. Иймд Х.Б би хамт хэрэг үйлдсэн Т.Г-нг хам хэрэгтнээр татаж байна. Иймд миний энэ  хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дахин  шийдвэрлэж өгнө үү гэв.

Хяналтын прокурор Т.Т давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Б нь хамт байсан хүмүүст болон зарах гэж зах дээгүүр явахдаа хүмүүст өөрийн гэр гэж итгүүлж  байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч О-ын гэр хураалттай байсан байшинд шүүгдэгчийнх ч юмаа хийдэг, хохирогчийнх ч юмаа хийдэг байсан. Шүүгдэгч цоож цуургыг эвдэж хулгай хийгээгүй. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

          Иргэний нэхэмжлэгч Л.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний худалдаж авсан гэрийг буцаагаад авсан тул 200.000 төгрөгнөөс төлөгдөөгүй байгаа 100.000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 8-11тоот хашаанд байх байшинд хууль бусаар нэвтэрч иргэн Д.Отгонбаатарын  гэрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний гэм буруу, тухайн гэмт хэргийн хор аюул, шинж чанарт тохирсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

      

     Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Х.Б-ын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал: 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын ........... тоотод Х.Б, Ч.Г , А.О, С.Б нар архи уусан бөгөөд Х.Б нь  уг хашаанд байшинд байсан иргэн Д.О-ын гэрийг  хулгайлж иргэн С.О-т 200.000 төгрөгөөр худалдсан байна. Х.Б нь уг гэрийг миний гэр гэж бусдад ойлгуулсан болох нь хохирогч Д.О-ын “Байшинд хураалттай байсан монгол гэрээ хулгайд алдсан” /хх-16/,   гэрч Б.О-ын “ 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө сэрэхэд Баагийгийн дүү нь Баагийг хойд байшингаас хураалттай гэр аваад явсан гэж хэлж байсан”  /хх-29/, гэрч С.Болормаагийн “Машин дуугараад байшингаас юм ачаад байгаа дуу гараад байхаар нь гартал Баагий гэрийн мод, унь, эд зүйлийг зөөж байсан. Наадах чинь ямар учиртай юм ачаад байгаа юм бэ гэхэд Баагий “Миний гэр байгаа юм.Танд хамаагүй” гэж хэлсэн /хх-3/, гэрч А.Г “Баагий гэр авах хүн байна уу. Миний гэр байгаа гэж хэлсэн “ хх-гэсэн гэрч нарын мэдүүлгүүд болон эд зүйлд үнэлгээ хийсэн акт зэрэг хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

     Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх саналыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

     Шүүгдэгч Х.Б нь Ч.Г-г надтай хамт хулгай хийсэн. Бид 2 бүлэглэж хулгайлсан  гэсэн гомдол гаргасан байна. Шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоосон байгаа бөгөөд Ч.Гочооцэрэн нь  гэрийг зарахад Х.Бтай хамт явж байсан боловч Х.Б нь өөрийн гэрийг  зарах гэж байгаа талаар бусдад  хэлж, ярьж байсан  байдаг бөгөөд Ч.Гочооцэрэнд ч миний гэр гэж ойлгуулсан байдаг. Энэхүү байдал нь дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагддаг  тул шүүгдэгч Х.Баттулгын давж заалдах гомдлыг хэргсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,шүүгдэгч Х.Б-гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийг дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                           Т.БЯМБАЖАВ