Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0087

 

2016 оны 1 сарын 28 өдөр

Дугаар 87

Улаанбаатар хот

 

М.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15/А шийдвэртэй, М.М-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний бие “Э” ХХК-ны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Домбот хотхоны 2-р ээлжийн 48 айлын орон сууцны гадна, өргөх подъёмны ромек төмөр тасарч толгой дээр унасны улмаас тархиндаа маш хүнд гэмтэл авсан. “Э” ХХК-ны үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комисс уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцон, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт гаргасан. Осол гарах үед би “Э” ХХК-ны цахилгаанчнаар ажиллаж байсан бөгөөд миний ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан тул Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шалгаж үзээд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх акт тогтоосон юм. Уг актыг би болон “Э” ХХК хүлээн зөвшөөрч миний нийгмийн даатгалын шимтгэл /2014 оны 7, 8, 9 сар/-ийг нөхөн төлсөн юм. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс “Э” ХХК-ны 2013, 2014 оны санхүүгийн баримтад нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, тайлан тооцооны хуудсанд М.М надтай холбоотой баримт байхгүй байна гэх үндэслэлээр нийгмийн даатгалын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэтгэвэр тогтоож олгох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.

Миний бие үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 70-с дээш хувиар алдаж, тахир дутуу болсон тул тэтгэвэр авч чадахгүй хохирч байна. Нийгмийн даатгалын байгууллагаас надад тэтгэврийн хувийн хэрэг нээчихсэн явж байгаад сүүлд цуцалсанд гомдолтой байна. Иймд Ховд аймгийн надад нийгмийн даатгалын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэтгэвэр олгохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.М, Н.М нар надад Нийгмийн даатгалын Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангаас олгох тэтгэвэр тэтгэмж авах эрхгүй гэсэн дүгнэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргасан боловч миний гомдол хариу өгөхгүй байна. Дээрх дүгнэлт нь миний эрх ашгийг хохироосон, холбогдох журмыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай 5 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч М.М нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тархиндаа гэмтэл авахаасаа өмнө нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байгаагүй байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчдын сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-с дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь хэмжээгээр тогтоодог. Нэхэмжлэгч М.М нь урьдчилан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, түүний цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын хэмжээг тодорхойлох боломжгүй, нотлох баримтгүй болно. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчдаас нэхэмжлэгч М.М-д нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж олгох эрх үүсэхгүй талаар 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Н.Мө нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй гэжээ. Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тархиндаа хүнд гэмтэл авч эрсдэлд орохоос өмнө нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байгаагүй байдаг. Энэ нь ямар нэгэн баримтаар нотлогддоггүй учир хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн. Үүнээс үзэхэд бидний гаргасан 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт нь үндэслэлтэй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн гэж заасан байдаг. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр авахад нийгмийн даатгалын шимтгэлийг заавал хугацаа зааж төлсөн байхыг шаарддаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн л бол авах эрхтэй.

Гэхдээ М.М-н тухайд энэхүү нийгмийн даатгалын санд урьдчилж ямар нэгэн шимтгэл төлж байгаагүй, нөхөн төлсөн гэж ярьдаг юм. Үйлдвэрийн осол болохоос өмнө буюу 2014 оны 7,8,9 сард нийгмийн даатгалын шимтгэл төлөх үндсэн баримт болох цалингийн цэс, цагийн бүртгэл гэх мэт баримтууд байдаггүй юм. М.Мийг ажилд авсан тушаалыг нөхөж гаргасан гэж холбогдох хүмүүс нь тайлбарладаг. Бидний гаргасан дүгнэлтийн тухайд гэвэл М.М Нийгмийн даатгалын Ерөнхий газарт өргөдөл гаргасны дагуу М.М-той холбоотой ямар нэгэн баримт байгаа эсэхийг шалгаад тэтгэвэр тогтоо гэсэн бичиг ирсэн юм. Үүний дагуу “Э” ХХК-ны санхүүгийн баримтыг шалгаж үзэхэд М.М-той холбоотой санхүүгийн баримт байдаггүй юм.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтад Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. гэж заасан байдаг. М.М нь ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй улмаас учирсан хохирлыг холбогдох байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргавал хуульд илүү нийцэх байх. Шимтгэл төлөөгүй учраас манай байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.М нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Э” ХХК-нд цахилгаанчнаар ажиллаж байхад “Э” ХХК-ны Домбот хотхоны 2-р ээлжийн 48 айлын орон сууцны гадна, өргөх подъёмны ролёк төмөр тасарч, түүний толгой дээр унасны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан. “Э” ХХК-ны үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комисс уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцон, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт гаргасан. Уг актыг Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч баталгаажуулснаар үйлдвэрлэлийн осол гэдэг нь тогтоогдсон. Улмаар М.М-н “Э” ХХК-нд цахилгаанчнаар ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан учраас Мэргэжлийн хяналтын газарт хандаж, акт гаргуулан нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

Мөн М.Мийг “Э” ХХК-нд цахилгаанчнаар ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан байдаг. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтсээс М.Мид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчтөний тэтгэврийг олгохгүй байгаа юм. Иймд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэтгэвэр олгохыг даалгасан шийдвэр гаргуулах, Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Э” ХХК-ны 2013-2014 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15/А дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-ын 3, 5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Мөнхгэрэл, Х.Мөнхтуул нарын 2015 оны 04 сарын 06-ны өдрийн Э ХХК-ийн 2013-2014 оны санхүүгийн баримтад хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг хүчингүй болгож, М.М-д Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын сан нь нэгэнт урьдчилан хуримтлагдсан хөрөнгийг даатгуулагчийн эрсдэлийг хаах зорилгоор тэтгэвэр, тэтгэмж хэлбэрээр даатгуулагчид өгөх явдал байдаг.

Уг сангаас олгож байгаа тэтгэврийн нэг төрөл нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчид олгох тэтгэвэр юм. Үйлдвэрлэлийн ослын улмаас тахир дутуу болсон даатгуулагчид тэтгэвэр олгох нөхцөл, журмыг хуульд заасан байдаг.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай 5 дугаар зүйлийн 1-т Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэжээ.

Үүнээс үзэхэд даатгуулагч байх хамгийн чухал шинж бол аливаа эрсдэл үүсэхээс өмнө нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан байх шаардлага болно. Энэ нь ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг хаах зорилгоор урьдчилан шимтгэл төлж, төлөгдсөн хуримтлалын сангаас эрсдэлийг хаах тухай даатгалын үндсэн ойлголтоос үүдэлтэй.

Энэ талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж тодорхой заажээ.

Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн энэхүү маргааны тухайд авч үзвэл нэхэмжлэгч М.М нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тархиндаа гэмтэл авч, эрсдэлд орохоос өмнө нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байдаг.

Харин тодорхой эрсдэл үүссэний дараагаар Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн даатгалын хяналт шалгалтын улсын байцаагчийн актын дагуу нэхэмжлэгч М.М нь тодорхой шимтгэл төлөгдсөн нь үүнээс өмнө учирсан эрсдэлийг хаах, үйлдвэрлэлийн ослын улмаас нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин шимтгэл төлснөөс хойш нэхэмжлэгч М.М-д тодорхой эрсдэл үүссэн тохиолдолд түүний хуримтлалаар тэтгэвэр олгогдох эсэх асуудал тавигдана.

Үүнээс дүгнэхэд анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

... Нийгмийн харилцааг зохицуулан хууль тогтоомжийг тухайлан зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэхгүй байх тухай эрх зүйн зарчим байдаг. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг шимтгэл төлж даатгуулахаас өмнө үүссэн харилцаанд буцаан хэрэглэх талаарх зохицуулалт хуульчлагдаагүй байна. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгч М.М нь даатгуулагч болохоос өмнө учирсан эрсдэлд тэтгэвэр олгуулахаар зааж, Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч М.М-н Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэтгэвэр олгохыг хариуцагчид даалгах, Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Э” ХХК-ийн 2013-2014 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М.М нь “Э” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, сарын 600.000 төгрөгийн цалинтай, туслах цахилгаанчнаар ажиллаж байхдаа 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажлаас тарах үед орон сууцны барилгын гадна өргөх подъёмны дэргэд үйлдвэрлэлийн осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болох нь тогтоогдсон байх ба хариуцагчаас энэ талаар маргаагүй, харин нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх ослын дараа нөхөн төлсөн тул тэтгэвэр тогтоолгон авах боломжгүй хэмээн эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар аж ахуйн нэгж байгууллагад ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагч болон ажил олгогч хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, мөн зүйлийн 4 дэх хэсэгт даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлөхөөр байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч М.М-н ажиллаж байсан “Э” ХХК нь даатгуулагч буюу ажилтныхаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй, тодруулбал М.М-н 2014 оны 7-9 дүгээр сарын цалингийн 1800 000 төгрөгөөс даатгалын шимтгэл төлөөгүй байна.

Уг зөрчилд нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлийг алдангийн хамт нөхөн төлүүлэхээр акт тавьсан байх ба “Э” ХХК актын төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ.

Тодорхой эрсдэл үүссэний дараа Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн даатгалын хяналт шалгалтын улсын байцаагчийн актын дагуу шимтгэл төлсөн нь үүнээс өмнө учирсан эрсдэлийг хаах, үйлдвэрлэлийн ослын улмаас нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсэх үндэслэлгүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа хэдий ч Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн осолд орсны улмаас хөдөлмөрийн чадваргүй болж, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрх нь ажил олгогчийн буруутай байдлаас шалтгаалж эдлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүй нь түүний буруугаас биш ажил олгогч хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай болох нь тогтоогдсон, ажил олгогчоос дээрх байдлыг хүлээн зөвшөөрч нийгмийн даатгалын шимтгэл болон алдангийг бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгч М.М-д тэтгэвэр тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 6/604 дүгээр албан бичгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэргийг үндэслэн тэтгэвэр тогтоож олгох нь зүйтэй, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 5/736 дугаар албан бичгээр холбогдох баримтуудаа бүрдүүлэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах нь зүйтэй гэсэн нэхэмжлэгч М.М болон Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад тус тус хариу хүргүүлсэн эрх бүхий дээд шатны байгууллагуудын албан бичгүүд нь энэ тохиолдолд тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн агуулгагүй байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухайд: Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Мө, Х.М нар нь хяналт шалгалт хийх журмыг зөрчиж, шалгалтын удирдамжийг урьдчилан батлуулалгүйгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 6/604 дүгээр албан бичгийг удирдлага болгон “Э” ХХК-ийн 2013-2014 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, “... иргэн М.М-той холбоотой баримт байхгүй тул иргэн М.М-д нийгмийн даатгалын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрх үүсэхгүй” гэж дүгнэлт гаргасан нь Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүйгээс гадна дүгнэлтэд байхгүй гэх нэхэмжлэгч М.М-г 600.000 төгрөгөөр цалинжуулж ажилд томилсон тушаал болон ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нь хэрэгт авагдсан байх тул дүгнэлтийг хүчингүй болгосон нь буруу биш байна.

            Эдгээр болон бусад үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15/А дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                               

                                  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           ...........

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ