Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

 

   2022       03        17                                       2022/ШЦТ/98

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан шүүхийн танхимд хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бт холбогдох эрүүгийн 2225000000025 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр Чулуутын ам гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авсан, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 76-84 ОРХ улсын дугаартай “Киа Бонго” загварын тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч П.Бын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Түлшгүй болоод мод авах гэж очсон. Хууль мэдэхгүйгээс ийм юм боллоо гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл,гэрэл зураг /хх-н 3-4-р тал/

-иргэний нэхэмжлэгч Ш.Аийн мэдүүлсэн “...Би Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь Сум дундын Ойн ангийн инженер ажилтай. Аймаг, хот хооронд мод модон материал тээвэрлэж байгаа тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ авч мод бэлтгэх эрхийн бичгийн хамт тээвэрлэнэ. П.Б гэж хүн гарал үүслийн гэрчилгээ аваагүй байна. П.Б нь Булган аймгийн Хангал сумын нутгаас гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн учир түүний тээвэрлэж явсан модыг улсын орлого болгох саналтай байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/

-гэрч Б.Аийн мэдүүлсэн... 2021 оны 12 дугаар сарын 11-ний өглөө гэртээ байхад Б над руу утсаар яриад Чулуут амралт руу юм буулгаад ирье хамт явъя гэхээр нь за гэхэд “зам дээр гараад байж бай” гэсэн...Бид хоёр Чулуут амралт дээр хашаан дотороос бэлтгэсэн модыг ачаад хогийн жалгаар Эрдэнэт орж ирээд үйлдвэрийн уулзвар дээр цагдаа шалгаж зогсоосон юм. Бид хоёр мод бэлтгээгүй. Бэлтгэсэн байсан мод ачиж ирсэн. Надад юу ч хэлээгүй бэлэн мод байгаа ачаад ирнэ гэхээр нь явсан. Би гоожин, гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь тухайн үед мэдээгүй. Цагдаад баригдахад л мэдсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

-гэрч Б.Бийн мэдүүлсэн....Өвөл болсоноос хойш түлэх түлээгүй болчихлоо мод өгчихөөч гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь одоогоос 7-8 хоногийн өмнө байх өөрийн хэрэгцээний модноос амралтын газрын түлээнээс портерын тэвшээр нэг мод өгсөн. Тэр модыг тээвэрлэж яваад цагдаад баригдаад шалгагдаж байгаа гээд над дээр ирсэн... Б ахыг гуйхаар нь Дагваа дээр очиж мод авч өгсөн. Дагваа тал машин модоо 200.000 төгрөг гээд байхаар нь гуйгаад түүнээс 150.000 төгрөгөөр авч Д.Б ахад авч өгсөн... /хх-ийн 19, 20-22-р тал/

-гэрч Ц.Дгийн ...зүс таних Б гэж ах 2021 оны 12 дугаар сарын дундуур ирээд зарах түлээний мод байна уу гэж асуусан. Тухайн үед манай эхнэрийн бие өвдөөд эм тарианы мөнгө хэрэгтэй учир гадаа байгаа модноосоо зарж болох юм гэж хэлсэн...Тэгэхээр нь гэрийнхээ гадаа буулгасан байсан нэг машин модны талыг 150.000 төгрөгөөр зарсан...Модны мөнгийг бэлнээр авсан. Б нь манай гаднаас мод ачиж явсан. Би П.Бт зарсан модоо гэрийнхээ ойролцоох уулнаас бэлтгэсэн. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан.Эрхийн бичгийг өөрийнхөө нэрээр авсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 26-28-р тал/

-Орхон аймгийн Сум дундын ойн ангийн шинжээч Х.Эрдэнэбатын гаргасан 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 05 дугаартай “...ММ5 5413:2011 стандартад нийцсэн 1.5 метрийн дундаж урттай 43 ширхэг шинэс модны эзлэхүүнийг тогтоохдоо МNS 2379:2010 стандартын 0.5-9.5 м-ын урттай хэвийн шувтантай бөөрөнхий модон материалын эзлэхүүний хүрдийг ашиглав...2,437 мкуб хэмжээтэй модны үнэлгээ 411,012 төгрөгөөр тогтов гэсэн дүгнэлт...” /хх-ийн 30-33-р хуудас/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39-р хуудас/

-“Бэйкэр Тилли Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний 02/02-06 дугаартай ...Киа Бонго-3 маркийн автомашины үнэлгээ 2022 оны 01-р сарын 14-ний өдрийн байдлаар 17,012,500 төгрөг... гэх дүгнэлт/хх-ийн 40-47-р тал/

-Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 74-76-р тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 78-81-р тал/

-гэрч П.Эрдэнэбатаас гаргаж өгсөн “мод бэлтгэх эрхийн бичгийн тооцоо” гэх баримт /хх-ийн 82-90-р тал/

-Эд хөрөнгө / Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл/ битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 92-94-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Үйл баримт: Шүүгдэгч П.Б нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр Чулуутын ам гэх газраас Ц.Дгийн бэлтгэж хураасан байсан модноос 2,437 мкуб хэмжээтэй шинэс мод худалдан авч Орхон аймаг Баян-Өндөр сум руу өөрийн өмчлөлийн 76-84 ОРХ улсын дугаартай “Киа Бонго” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг,иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол,мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр Чулуутын ам гэх газраас Ц.Дгийн бэлтгэж хураасан байсан модноос 2,437 мкуб хэмжээтэй шинэс мод худалдан авч Орхон аймаг Баян-Өндөр сум руу өөрийн өмчлөлийн 76-84 ОРХ улсын дугаартай “Киа Бонго” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Б гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авсан, тээвэрлэсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр Чулуутын ам гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авсан, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 76-84 ОРХ улсын дугаартай “Киа Бонго” загварын тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тээвэрлэсэн мод болон гэмт үйлдэлдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох саналтай гэж,

-шүүгдэгч П.Б:Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, машиныг маань үлдээнэ үү. Би уг машинаараа л амьдралаа залгуулдаг юм гэж тус тус санал дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар     

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: шүүгдэгчийн худалдаж авч тээвэрлэсэн 43 ширхэг шинэс мод буюу 2,437 мкуб хэмжээтэй модны үнэлгээг 411,012 төгрөгөөр тогтоосон байх боловч “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.13-д “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч гэж байгалийн баялагийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, тогтоосон хэм хэмжээг алдагдуулсан ...бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн аливаа үйлдэл эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан ба П.Б нь шууд үйлдлээрээ мод огтолж бэлтгээгүй байх тул хохирол нөхөн төлөгч этгээдэд хамаарахгүй гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгчээс гаргуулах төлөх төлбөргүй бөгөөд уг модыг бэлтгэсэн  гэх Ц.Д нь хэргийн нутаг дэвсгэрийн харьяалалын дагуу шалгагдаж байгаа гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн сум дундын Ойн ангийн хашаанд хадгалагдаж буй 2,437 мкуб хэмжээтэй 43 ширхэг шинэс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор зааж, харин 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн 76-84 ОРХ улсын дугаартай “Киа Бонго” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор ...албадан гаргуулна “гэж заасан боловч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл...эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараахь албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:...1.3.хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ” гэсэн тул шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйлдлийн шинж, хувийн байдал, байгаль орчинд өөрийн үйлдлээр шууд учруулсан хохирол байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөрөнгө хураах/ тээврийн хэрэгсэл/ албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О овгийн П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн Сум дундын ойн ангийн хашаанд хадгалагдаж буй 2,437 мкуб хэмжээтэй 43 ширхэг шинэс модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн 76-84 ОРХ улсын дугаартай “Киа Бонго” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ