Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.А, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Н-ийн А, Б ургийн овогт Н-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2235000000049 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Н-ийн А, 1990 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй (уншиж, бичиж чаддаг), мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын гуравдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..........

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Н-ийн Б, 2000 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын гуравдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А, Н.Б нар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын гуравдугаар багийн нутаг Хөндлөн гэх газарт хохирогч Н.Аг “Н.Н-ийг зодсон” гэх шалтгаанаар бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000049 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас),

-Н.А-г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

- Н.А-гаас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

- Н.Н-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

- Д.Ц-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 76 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэг өгөөгүй. Шүүгдэгч Н.А нь “...Хохирогч Н.А худал мэдүүлэг өгсөн байна. Энэ хэрэг гарахын урьд өдөр Н.А эхнэртэйгээ мотоциклтой сумын төв орж эхнэрээ үзүүлээд манайд цагаан сар хийж ирээд явсан. Харих замдаа хамт явсан хүмүүстэйгээ архи ууж гэртээ очоод шөнөжин эхнэрээ зодоод хээр хонуулсан байсан.” гэх мэдүүлэг өгчээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

- Хохирогч Н.А-гийн “...Н.А машинаас бууж ирээд миний баруун талын нүд рүү үгийн зөрүүгүй баруун гараараа нэг цохиод авсан. Н.Б машинаас мөн адил бууж ирээд миний араас тэвэрч аваад намайг өргөж газар унагааж тэр хоёр миний дээрээс толгой, хүзүү хэсэгт хөлөөрөө дэвсээд байсан. ...Н.Б миний хоёр хөл дээр сууж, хоёр гарыг татаж байгаад хажуунаас Н.А миний толгой, нүүр хэсэгт хөлөөрөө дэвсэж, Н.Б мөн адил миний дээрээс хөлөөрөө толгой хэсэгт дэвсэж, гараараа толгой руу цохиод байсан. Тэгсэн чинь миний уруул, хамар хэсгээс цус гарсан. Миний эхнэр Н.Н машинаас бууж ирээд “хүн аллаа” гээд миний толгойг хамгаалж газарт хэвтсэн чинь Н.А Н.Н-д хандаж “чамд хамаагүй чи холд машиндаа сууж бай” гээд бүснээс нь татаж аваад машинд суулгачхаад тэр хоёр нийлж аваад намайг дахиад газарт унагааж миний өрч буюу цээж хэсэгт хөлөөрөө цохиод байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

- Гэрч Н.Н-ийн “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Н.А шөнө архи ууж миний толгой руу цохиж, бид нарыг унтуулаагүй. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 6 цагийн үед хоёр хүүхдээ хувцаслаж гэрээс гарч утсаар бэргэн эгч Д.Ц-тай утсаар яриад “манай нөхөр Н.А архи уучхаад өчигдөр орой унтуулсангүй миний толгой, гэдэс рүү цохичихсон чинь миний гэдэс базлаад байна, хоёр хүүхэдтэйгээ гадаа даараад зогсож байна, та манай гэрт ирээд бид гурвыг аваад яваач” гэсэн юм. Миний ах Н.А, дүү Н.Б хоёр автомашинтай ирээд юу болсон талаар асуухаар нь “өчигдөр Н.А гэрт архи ууж шөнөжин унтуулсангүй, гэдэс рүү өшиглөж, толгой руу цохисон талаар хэлэхэд намайг автомашиндаа суулгаад манай гэрт очиход Н.А малаа хариулаад мотоцикл дээрээ сууж байсан юм. Н.А ах машинаас бууж очоод нөхөр Н.Агийн хамар луу нь хоёр удаа баруун гараараа цохисон чинь хамраас нь цус гараад эхэлсэн. Тэгээд дүү Н.Б машинаас бууж, Н.А-г газар унагааж Н.А ах гурваас дөрвөн удаа хөл, гар луу нь дэвсэж дээш харуулж байгаад толгой, нүүр, нүд хэсэгт гараараа олон удаа цохиж, хажуунаас нь Н.Б хөл, гар хэсэг рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

- Гэрч Д.Ц-ын “...Өглөө эрт над руу хадам дүү болох Н.Н утсаар ярьж “өчигдөр шөнө миний нөхөр Н.А архи ууж намайг унтуулалгүй зодож шөнөжин хээр хонолоо. Хоёр хүүхэдтэйгээ даарч байна. Миний гэдэс өвдөж байна. Хурдан хөдөө ирээд намайг аваач” гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 76 дугаартай “Үзүүлэгч Н.А-ийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын зүүн хэсэгт зулгаралт, баруун, зүүн нүдний дотно булан дээд, доод зовхинд баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацар, зүүн чамархайн хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн доод ирмэг хэсгээр 2 дугаар зэргийн хөлдөлт, зүүн чамархайн хөхлөг сэртэнд, хүзүүний баруун хэсэгт зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Хамар ясны шинэ хугарал, хамрын зүүн хэсэгт зулгаралт, баруун, зүүн нүдний дотно булан, дээд, доод зовхинд, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасныг дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас) зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын гуравдугаар багийн нутагт хохирогч Н.А-г “архи, согтууруулах ундаа хэрэглэж эхнэр Н.Н-ийг зодож, хээр хонуулсан” гэх шалтгаанаар шүүгдэгч Н.А, Н.Б нар бүлэглэн хохирогчийн нүүр, толгой, гар, хөл хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, дэвсэх зэргээр халджээ.

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Н.А-гийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын зүүн хэсэгт зулгаралт, баруун, зүүн нүдний дотно булан, дээд, доод зовхинд, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд учирчээ. Эдгээр гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасныг дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 76 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Тодруулбал хохирогч Н.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Н.А 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө гэрч Н.Н-ийн биед халдаж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх зөрчил үйлдсэн болох нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ЗШ/89 дугаартай шүүгчийн шийтгэврээр (хавтаст хэргийн 113-115 дугаар хуудас) тогтоогдож байна.

Хохирогч Н.А-гийн эхнэр буюу гэрч Н.Н нь шүүгдэгч Н.А-гийн дүү, шүүгдэгч Н.Б-ийн эгч болох нь хохирогч болон тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Тодруулбал хохирогч Н.А нь гэрч Н.Н-ийн биед халдаж зодсон буюу түүний хууль бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч нар хохирогчийн биед халдсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өс хонзонгийн сэдэлтээр хохирогчийн биед халдаж зоджээ.

Шүүгдэгч Н.А, Н.Б нар хохирогчийг өс хонзонгийн сэдэлтээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.А нь хохирогчийг түрүүлж цохиход шүүгдэгч Н.Б хохирогчийг газарт унагааж эсэргүүцэл үзүүлэх, халдлагаас зайлсхийх боломжгүй болоход шүүгдэгч нар гараараа цохих, өшиглөх, дэвсэх зэргээр халдсан үйл баримт хохирогч, гэрч Н.Н нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон. Мөн шүүгдэгч нар өс хонзонгийн сэдэлтээр нэг цаг хугацаа, орон зайд хохирогч руу зэрэг дайрсан байна. Энэхүү үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч нар үйлдлээрээ хамтран хохирогчийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.А, Н.Б нар хохирогч Н.А-гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б “Б.А урьд нь гэмтэж байсан. Тэр гэмтлүүд нь сэдэрсэн байх. Бид хоёр гэмтэхээр цохиогүй” гэж гэм буруугийн талаар маргасан боловч хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 76 дугаартай дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрч Н.Н-ийн мэдүүлгийн дээр дурдсан агуулгаар няцаан үгүйсгэгдэж байна.

Хохирогч Н.А мөрдөн байцаалтын шатанд “...Миний хамар хугарсан, толгойны цус хуралт, хавантай, чих хугарсан, эрүү цууралттай, хоёр нүд хөхөрсөн, гар хөхрөлтэй байна. Би Наранбулаг сумаас Улаангом сум явах замын унаанд сууж орж ирээд эмнэлгээр явж шинжилгээ өгсөн. Эмчилгээний зардал 170’000 төгрөг болсон. Унааны зардал 10’000 төгрөг болсон. Цаашид эмчилгээ хийлгэх тул би гомдолтой байна.” (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас) гэж мэдүүлсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг зорилт нь зөрчигдсөн эрхийг сэргээх тул энэхүү зорилтыг хангах үүднээс хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлж авах нөхцөл боломжоор хангах нь зүйтэй.

Тодруулбал хохирогчид хохирлын нотлох баримтаа гаргаж өгөх, хохирлын баримтыг цуглуулах, нотлох баримтад үндэслэн хохирлын тооцоог гаргах зэрэг ажиллагааг шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хохирогч Н.Агийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.А, Н.Б нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Н.Б нарт тус бүр 700 нэгж буюу 700’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, шүүгдэгч Н.А “...Миний ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” санал тус тус гаргасан шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг: гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар харгалзан тогтоолоо.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Н.А-гийн хувийн байдлын талаар гэрч Б.Т-ийн “...Н.А нь багаасаа аав, ээжийнхээ гар дээр өссөн. Сургуульд сурч байгаагүй. Гэрээрээ бичиг үсэг сурсан залуу юм. Урьд өмнө нарийн гэдэсний хагалгаанд ороод одоо гэрээрээ гам бариад явдаг юм. Зан аашийн хувьд даруухан төлөв зантай, ажилд нягт нямбай, цэвэрхэн хийдэг, ажилсаг залуу юм. Хүн чанар, хүмүүжил сайтай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), гэрч О.Р-ын “...Н.А нь зан ааш сайтай, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), шүүгдэгч Н.А-гийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...уурандаа цохисон юм. Би одоо дахин ийм явдал гаргахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь эхнэр, гурван хүүхдийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Д.П-ын “...Н.Б нь даруу төлөв, харьцаа сайтай, архи согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй, тайван залуу юм. ...Н.Б нь одоо ээжийн хамт хөдөө малтай, хувьдаа блокны үйлдвэртэй боломжийн амьдралтай залуу юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), гэрч Ч.Б-ын “...Н.Б нь багаасаа малд нүдтэй малчин залуу байгаа юм....Зан байдал хүмүүжлийн хувьд архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй, даруу төлөв, зан ааштай, дуу цөөнтэй залуу юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 108 дугаар хуудас), Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 110 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь эх, дүүгийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Б яллагдагчаар “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас) боловч шүүхийн хэлэлцүүлэгт “Б.А урьд нь гэмтэж байсан. Тэр гэмтлүүд нь сэдэрсэн байх. Бид хоёр гэмтэхээр цохиогүй... Энэ хэрэгт Н.Н хохирогчоор тогтоогдох ёстой байсан. Хохирогчоор Б.Аг тогтоосонд гомдолтой байна. Б.А ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа” гэж мэдүүлсэн байх тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, ойлгон ухамсарлаагүй гэж үзнэ.

Хохирогч Н.А шүүгдэгч нарын “садангийн хүн[1]”-ийг буюу гэрч Н.Н-ийг зодож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан зөрчил үйлдсэний улмаас шалтгаалан уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 76 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Н.А-гийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын зүүн хэсэгт зулгаралт, баруун, зүүн нүдний дотно булан дээд, доод зовхинд баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацар, зүүн чамархайн хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн доод ирмэг хэсгээр 2 дугаар зэргийн хөлдөлт, зүүн чамархайн хөхлөг сэртэнд, хүзүүний баруун хэсэгт зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд учирсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар хохирогчид олон тооны гэмтэл учруулж, зовуурь шаналал үүсгэсэн нөхцөл байдлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хамааруулна.

Шүүгдэгч Н.Б-т урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А, Н.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Н-ийн А, Б ургийн овогт Нийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Б-т 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.А, Н.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.А, Н.Б нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Хохирогч Н.А-гийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчид өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1] Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга нагац, тэдгээрийн хүүхдийг” ойлгоно гэж заасан.