| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2022/0043/э |
| Дугаар | 2022/ШЦТ/50 |
| Огноо | 2022-05-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Э-ын А-т холбогдох эрүүгийн 2235000000028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Э-ын А, 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 18 настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Улаангом сумын цогцолбор хоёрдугаар сургуулийн 12в ангид суралцдаг, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын дөрөвдүгээр багийн 5-15 тоотод оршин суух хаягтай, одоогоор Улаангом сумын цогцолбор хоёрдугаар сургуулийн дотуур байранд оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг, Итгэлт барааны зах дотор байрлах Ц.Б-гийн эзэмшлийн ногооны дэлгүүр, С.Г-ын эзэмшлийн гар утасны засварын газар, Ц.Б-ын эзэмшлийн барилгын материалын дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цоожийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эвдлэн нэвтэрч, гар утас засварын газраас хохирогч Ж.У-гийн эзэмшлийн Самсунг А8 (Samsung A8) загварын гар утсыг хулгайлж, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2235000000028 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
- Хүнсний ногооны дэлгүүрт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас),
- Гар утас засварын газарт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),
- Барилгын материалын дэлгүүрт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас),
- Барилгын материалын дэлгүүр рүү харсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
- Гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
- Арматурын төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 27, 29 дүгээр хуудас),
- Ж.У-г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
- Ж.У-аас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
- Ц.Б-ыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
- Ц.Б-оос хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
- Ц.Б-г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
- Ц.Б-гээс хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
- С.Г-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),
- Насанд хүрээгүй Б.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),
- Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 21 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 05 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас),
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас),
- Яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас),
- Э.А-аас яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 160 дугаар хуудас),
Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Б.Д-гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
- П.Н-гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
- Т.Г-оос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),
- Б.Э-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),
- Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 05 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас),
- Э.А-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас),
- Э.А-ын өмгөөлөгч авах тухай хүсэлтийг (хавтаст хэргийн 120 дугаар хуудас),
- Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас),
- Шинжээч томилуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг (хавтаст хэргийн 128 дугаар хуудас),
- Увс аймгийн хоёрдугаар цогцолбор сургуулийн тодорхойлолтыг (хавтаст хэргийн 136 дугаар хуудас),
- Э.А-ын хувийн хэргийн хуулбарыг (хавтаст хэргийн 140-142 дугаар хуудас),
- С.Г-ын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 143 дугаар хуудас),
- Ц.Б-гийн тодорхойлолтыг (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас),
- Ж.У-гийн тодорхойлолтыг (хавтаст хэргийн 145 дугаар хуудас),
- Ц.Б-ын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 146 дугаар хуудас),
- Э.А-т олгосон дурсамж, өргөмжлөл, диплом, талархал, батламжийн хуулбар зэргийг тус тус шинжлэн судалсан.
Шүүгдэгч Э.А нотлох баримт шинжлэн судлаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт “Би 9 дүгээр сараас хойш найзаас бага багаар мөнгө зээлж авсаар 30’000 төгрөгийн өрөнд орсон байсан. Би хулгай хийхээс хоёр хоногийн өмнө манай найз “би бас хүүхдээс мөнгө зээлсэн, тэр мөнгөө боломжтой бол хурдан өгөөч” гэж асуухаар нь боломжгүй гэж хэлсэн. Би ээж рүү залгаж мөнгө асуухад “цалин буух болоогүй, аймаг ороод удаагүй байж чи мөнгөөр яадаг юм” гэсэн. Тэгэхээр нь дахиж хүн амьтнаас мөнгө асуугаагүй. Хэрэг гардаг орой найзтайгаа байж байгаад гэнэт дотор бачуурахаар нь гарч алхсан. Би явж байгаад зах руу харахад гэрэлтэй байхаар нь бэлэн мөнгө олдвол өгчихье гэж бодож очсон. Тэнд очиход арматурын төмөр газарт байсан, тэр төмрөөр хаалгануудыг гөнжиж үзээд дийлэхээ онгойлгоод, дийлэхгүйгээ хаячхаад цаагуур нь арай бүдүүн төмөр хайгаад явж байсан чинь төмрийн хөрөөний хугархай ир байсан. Тэрийг авч цүүгийн хөрөөдөж онгойлгосон. Орсон газруудаасаа бэлэн мөнгө л авъя гэж бодож байснаас өөр юм авъя гэж бодоогүй. Утас засвар руу орсон чинь лангуун доор нь хэд хэдэн утас байхаар нь нэгийн асааж үзээд халаасандаа хийгээд гарсан. Тэр оройн очоод сандраад унтаж чадалгүй маргааш нь давтлагадаа явчхаад оройн ирээд “ер нь би энэ утсаар яах юм, хоёрын хооронд ашиглаж болохгүй юм чинь гээд аваачиж тавих гээд авсан газар луугаа буцаж очоод үүдэн дээр нь зогстол цагдаа нар ирээд барьсан” гэх мэдүүлэг өгчээ.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Ц.Б-ээс 95558045 дугаарын утсаар ...Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Итгэлт барааны зах дотор байх дэлгүүрүүдийн цоожийг эвдэлж хулгайч орсон байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Хүнсний ногооны дэлгүүрт буюу хэргийн газарт үзлэг хийсэн “...уг хаалганы цүүг 1 см хэмжээтэй хөрөөдсөн байдалтай байв. ...эзэмшигч Ц.Б манай цоож тэр байна гэж ширээний баруун хойд буланд байгаа цоож руу зааж энэ төмрийн хөрөө хамт байсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас),
Гар утас засварын газарт буюу хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг барилга нь бор өнгийн төмөр хаалгатай цуургын зүүн талд 9 см хэмжээтэй будаг нь хууларч зурагдсан байв. Хаалганы баруун доод хэсэгт цоож байх ба ...уг цоожийг гөнжиж онгойлгосон байдалтай газар хэвтэж байсныг эд мөрийн баримтаар хурааж авахаар тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),
Барилгын материалын дэлгүүрт буюу хэргийн газарт үзлэг хийсэн “...Итгэлт барааны зах дотор байх барилгын материалын дэлгүүрийн цоожийг эвдэлсэн... Уг цоожийг гөнжиж онгойлгосон байдалтай цоожны гогцоо тахийсан газар хэвтэж байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас),
Ц.Б-оос хохирогчоор мэдүүлэг авсан “...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед эхнэр С.Солийн хамтаар ирэхэд барилгын материал жижиглэнгээр зардаг дэлгүүрийн хаалга бүрэн бүтэн, харин бараа хадгалдаг агуулахын цоож газарт уначихсан хаалга нь цоожгүй хаалттай байсан. ...Манай дэлгүүрийн дотор талд байрлах хоёр ширхэг камер болон агуулахын үүд хэсэг рүү чиглэсэн нэг камер ажиллаж байсан. Уг камеруудын бичлэгийг шүүж үзэхэд бараа хадгалдаг агуулахын үүдэн хэсэгт байрлах камерын бичлэгт шөнийн 02 цагаас 03 цаг 50 минутын хооронд /яг нарийн сайн цаг минутыг санахгүй байна/ агуулах руу цоож эвдэж орсон, царай нь танигдахгүй хүн бичигдсэн байсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
Ц.Б-гээс хохирогчоор мэдүүлэг авсан “Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн үед тус сумын 12 дугаар багийн нутагт байрлах хүнсний ногооны дэлгүүртээ ирэхэд манай дэлгүүрийн цоожны цүүг хөрөөдөж, цоожийг нь мултлаад газарт хаячихсан, дэлгүүрийн хаалга бага зэрэг онгорхой байхаар нь хулгай орсон байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
С.Г-аас гэрчээр мэдүүлэг авсан “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 10 цаг 30 минутын үед ажил дээр ирэхэд хамт ажилладаг хүмүүс ирчихсэн, ажлын байрны цоожийг эвдэлсэн байсан. Алга болсон эд зүйл байгаа эсэхийг шалгахад программ уншуулаад лангууны доор тавьсан байсан Самсунг А8 (Samsung A8) загварын гар утас алга байсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Итгэлт барааны захын дотор байх хохирогч Ц.Б-ын барилгын материалын дэлгүүрийн цоожийг гөнжиж, хохирогч Ц.Б-гийн хүнсний дэлгүүрийн хаалганы цүүг төмрийн хөрөөгөөр хөрөөдөж, гэрч С.Г-ын гар утас засварын газрын цоожийг гөнжиж тус тус хууль бусаар нэвтэрсэн, мөн гар утас засварын газраас Самсунг А8 (Samsung A8) загварын гар утас хулгайлагдсан гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.А-ын холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, талуудын шинжлэн судалсан нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.
Эд зүйл хураан авсан “...Э-ын А /РД: .........../-аас ...Samsung гэх бичигтэй хар дэлгэцтэй, шар өнгийн гар утас нэг ширхгийг хураан авч уг ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 04 цаг 46 минутад дуусгаж, тэмдэглэлийг оролцогчдод уншуулж танилцуулан, гарын үсэг зуруулав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), тухайн ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Уг зах дээр байрлах дэлгүүрүүдийн хажууд очоод “амархан эвдэрчихээр цоожтой дэлгүүр юу байна” гээд хэсэг тойрч явахад хоёр дэлгүүрийнх цоож нь эвдэж болохоор муу цоож байхаар нь тухайн зах дотроос уг цоожийг эвдэж, гөнжөөд онгойлгочихоор төмөр хайж яваад нэг төмрийн хөрөөний ир, урт нарийн төмөр олсон. Нэрийг нь сайн мэдэхгүй дэлгүүрийн цоожийг төмрийн хөрөөний ирээр хөрөөдөж ороход хүнсний ногоо зардаг дэлгүүр байсан боловч уг хүнсний дэлгүүрт авчихаар бэлэн мөнгө байхгүй байсан тул уг дэлгүүрээс гараад гар утас засварын газар руу орох гээд өөрт байсан төмрөөрөө онгойлгох гэж оролдсон боловч онгойлгож чадаагүй. Өөрт байсан төмрөөсөө бүдүүн төмөр олох гээд тэр орчмоор хайхад олдоогүй тул нөгөө төмрөөрөө гар утас засварын цоожийг гөнжиж мултлаад орсон. Ороход урт лангуу байсан ба шургуулгыг нь татаж үзэхэд олон тооны гар утас байсан. Тухайн гар утаснуудаас асааж үзэж байгаад нэг гар утас авсан, өөр бэлэн мөнгө байгаагүй учраас гараад явсан. Тухайн зах дотор амархан онгойлгочихоор өөр дэлгүүр хайж яваад Номин худалдааны төвийн эсрэг талын дэлгүүрийн цоож эвдэж болохоор харагдсан тул цоожийг төмрөөр гөнжөөд онгойлгож ороход барилгын материалын дэлгүүр байсан. Уг дэлгүүр дотроос бэлэн мөнгө хайгаад олоогүй учир ямар нэгэн зүйл авалгүйгээр гараад шууд гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас), Увс аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Энх-Одын “...Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Итгэлт барааны зах дотор хулгай орсон гэх гомдол, мэдээлэлд холбогдох этгээдийг эрэн сурвалжилж 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус сумын 12 дугаар багийн нутагт Эрдэнэбаярын А /РД: ос03311710/-ыг олж тогтоон, илрүүлж ажиллав” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 83 дугаар хуудас) зэргээр хохирогч Ц.Б-гийн хүнсний ногооны дэлгүүр, хохирогч Ц.Бын барилгын материалын дэлгүүр, гэрч С.Гын гар утас засварын газар руу хууль бусаар нэвтэрч, гар утас засварын газраас хохирогч Ж.У-гийн Самсунг А8 (Samsung A8) загварын гар утсыг шүүгдэгч Э.А авсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” гэж, мөн хэсгийн 2.4-д “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг тус тус заажээ.
Хохирогч Ц.Б-гийн хүнсний ногооны дэлгүүрийг, хохирогч Ц.Б-ын барилгын материалын дэлгүүрийг, гэрч С.Г-ын гар утас засварын газрыг тус тус үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзнэ. Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор тухайн объектуудад хууль бусаар нэвтэрч, гар утас засварын газраас гар утас хулгайлж авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.А хохирогч Ц.Б-гийн хүнсний ногооны дэлгүүр рүү хууль бусаар нэвтрэх зорилгоор төмрийн хөрөөний хугархайг хайж олоод, уг төмрийн хөрөөний хугархайгаар хаалганы цүүг хөрөөдөж орсон. Мөн хохирогч Ц.Б-ын барилгын материалын дэлгүүр, гэрч С.Г-ын гар утас засварын газар руу хууль бусаар нэвтэрч орохын тулд арматурын төмөр хайж олоод, тухайн төмрөөрөө цоожийг эвдэлж орсон үйл баримт тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Тусгайлан бэлтгэсэн гэдэг нь тухайн эд зүйлийг гэмт үйлдэлдээ ашиглахын тулд урьдаас бэлтгэсэн, хайж олсон, зориулалтыг нь өөрчилж, засаж тохируулсан байхыг ойлгоно.
Тодруулбал шүүгдэгч нь учрах саадыг арилгах зорилгоор буюу цоожийг эвдэх зорилгоор төмрийн хөрөөний ир болон арматурын төмрийг хайж олоод цоожийг эвдэлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ж.У-д 250’000 төгрөгийн, хохирогч Ц.Б-д 2’000 төгрөгийн, хохирогч Ц.Б-д 2’000 төгрөгийн, гэрч С.Г-д 2’000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн 21 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 65 дугаар хуудас) тогтоогджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага хэмжээний хохирол учирсан байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Дээр дурдсан үйл баримтуудаар шүүгдэгч Э.А нь өрөө төлөх бэлэн мөнгө хулгайлах зорилгоор хохирогч Ц.Бгийн хүнсний ногооны дэлгүүр, хохирогч Ц.Бын барилгын материалын дэлгүүр руу хууль бусаар нэвтэрсэн боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу тухайн газруудад бэлэн мөнгө байгаагүй тул гэмт үйлдлээ туйлд нь хүргэж чадаагүй байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгчийн дээрх хоёр үйлдлийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
Харин гэрч С.Г-ын гар утас засварын газрын цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч Ж.Ууганзаяагийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан үйлдэл нь төгссөн гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч нэг цаг хугацаа, орон зайд, нэг сэдэлт зорилгоор тухайн гурван үйлдлийг хийсэн тул үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 256’000 төгрөгийн хохирол учирчээ. Хохирогч Ж.У 250’000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А8 (Samsung A8) загварын гар утсаа буцаан авсан нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дугаар хуудас), хохирогч Ж.У-гийн “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), “...миний А8 загварын гар утас бүрэн бүтэн байгаа учир Э.Ат ямар нэгэн гомдолгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 145 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.
Мөн хохирогч Ц.Б-ын “...Надад ямар нэгэн гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) болон “...Хулгай хийхээр орсон Э.А нь миний бараанаас аваагүй болно” гэх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 146 дугаар хуудас), хохирогч Ц.Б-гийн “...Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) болон “...бараанаас алга болсон зүйл байхгүй учраас би гомдолгүй” гэх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас), гэрч С.Г-ын “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд хохирсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас) болон “...Утас авч явсан этгээд цагдаад баригдаж авсан эд зүйлийг буцаан өгөхөөр болсон тул миний бие Э.Ат санал гомдол байхгүй болно” гэх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 143 дугаар хуудас) тус тус үндэслэн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч “...Шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасныг хэрэглэж, мөн хуулийн 8.7 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Д-гийн “...Э.А нь 2019 оны 9 дүгээр сард Цогцолбор 2 дугаар сургуульд суралцах болсон. Суралцах хугацаандаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд сурлага сайн, аливаа олимпиад, уралдаан тэмцээнд оролцдог сургуулийн тэргүүний сурагчдын нэг юм. Э.А нь зан аашийн хувьд хүнтэй зөв боловсон харилцдаг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, ер нь бол даруу зантай, хүнээс үг зөрөөд байдаггүй, ...дуу цөөнтэй, тусархаг, хорт муу зуршилгүй, ангийнхнаа манлайлдаг, нийтэч, нийгмийн ажилд идэвхтэй, харилцааны соёлтой сурагч юм. Э.А-ын сайн тал хими, биологийн хичээлдээ сайн, аймгийн уралдаан тэмцээнд тогтмол сургуулийг төлөөлж оролцдог...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), гэрч Т.Г-гийн “...Э.А нь суралцах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Э.А нь дуу цөөнтэй, хичээлдээ идэвхтэй хүүхэд юм. Э.А одоогоор сэтгэл зүйн хувьд хямарсан, гутранги байдалтай, хийсэн гэмээ ухаарсан, хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй сэтгэлээр унасан байдалтай байна. ...Ангийн шавь Э.А маань ар гэрийн зөв хүмүүжилтэй, нийгмийн харилцаанд оролцоход сайн бэлтгэгдэж, ангийн хамт олондоо зөв үлгэр, дуурайлал үзүүлдэг тэргүүний сурагчдын нэг бөгөөд өөрийн болчимгүй, болгоомжгүй үйлдлээс болоод энэхүү хэрэгт холбогджээ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), шүүгдэгч Э.А-ын яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би дахиж ямар нэгэн гэмт хэрэг болон зөрчил дутагдал гаргахгүй бөгөөд эд зүйл, орон байранд халдаж, хулгай хийхгүй. Мөн боломж олдвол суралцаж хууль, эрх зүйн мэдлэг болон боловсрол, хүмүүжлээ дээшлүүлж сайн хүн болох болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас), Увс аймгийн хоёрдугаар цогцолбор сургуулийн “Увс аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Э-ын А /ос03311710/ нь Цагаанхайрхан суманд суурь боловсрол эзэмшээд тус цогцолбор сургуульд 10 дугаар ангидаа шилжиж ирсэн. Сурлагын “А” үнэлгээтэй суралцаж байгаа бөгөөд улсын хэмжээнд зохион байгуулагдсан химийн хичээлийн “Цахим олимпиад”-д багаараа амжилттай оролцож, хоёрдугаар шатанд оролцох эрхээ аваад бэлтгэж байна. Төлөв даруу зантай, тусархаг, найрсаг, хамт олныхоо дунд нэр хүндтэй, сурлага сайтай, хичээл сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй сайн оролцдог. Суралцаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ангийн тэргүүний сурагчдын нэг юм” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 136 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 117 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А нь ээж, дүүгийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын дөрөвдүгээр багийн 5-15 тоотод оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй гэрч Б.Батсайханы хамт Улаангом сумын гуравдугаар багт байр түрээсэлж амьдардаг байсан, одоогоор Увс аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн дотуур байранд амьдардаг, уг сургуулийн 12в ангид суралцдаг, суурь боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдож байна.
Хохирогч Ж.У-ийн “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), “...миний А8 загварын гар утас бүрэн бүтэн байгаа учир Э.Ат ямар нэгэн гомдолгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 145 дугаар хуудас) зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Самсунг А8 (Samsung A8) загварын гар утсыг буцаан өгсөн байна. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж шүүхэд эрх олгосон хэм хэмжээг хуульчилжээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 1 сар 23 хоногтой байсан (хавтаст хэргийн 110 дугаар хуудас), мөн Увс аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн 12в ангид суралцдаг, бие даан нийгмийн харилцаанд оролцдоггүй, эдийн засгийн болон зан суртахууны хувьд эхээсээ хараат, сурлага сайтай, хичээл сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй сайн оролцдог болон дээр дурдсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан үндэслэл, журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг баримтлан шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ял оногдуулахыг тэнсэж, шүүгдэгчийг нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхийг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт даалгах үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж шүүхэд үүрэг болгосон буюу заавал хэрэгжүүлэх хэм хэмжээг хуульчилсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Ат хянан хүмүүжүүлэх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хяналтын камерын бичлэгийг агуулсан “ди ви ди” диск нь хэргийн ул мөрийг бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй. Харин шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц дахин ашиглах боломжгүй болсон дөрвөн ширхэг цоожийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нэг ширхэг төмрийн хөрөөний хугархай, арматурын төмрийг тус тус устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б ургийн овогт Э-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг баримтлан шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ял оногдуулахыг тэнсэж, шүүгдэгчийг нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхийг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.А-т хянан хүмүүжүүлэх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэхүү хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч Э.А-аар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “ди ви ди” дискийг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цоож дөрвөн ширхгийг, төмрийн хөрөөний хугархай нэг ширхгийг, арматурын төмөр нэг ширхгийг тус тус устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА