Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

 2022       03         25                                        2022/ШЦТ/110

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Г.Э

Хохирогч Э.Б

Хохирогчийн өмгөөлөгч Б.С /цахим/

Шүүгдэгч Р.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Нд холбогдох эрүүгийн 2225000710076 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Н нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Нутгийн удирдлагын ордоны урд төв замаар өөрийн эзэмшлийн  улсын дугаартай Тоёота ланд круизер 120 прадо загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигч Э.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:   

-шүүгдэгч Р.Нгийн мэдүүлсэн: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө галт тэрэг тосоод ирж явахдаа зээ хүү төв талбайн ёлк сонирхож ярилцаж яваад анхаарал сарниснаас явган хүний гарц дээр хүн мөргөсөн. Тэгээд эмнэлэг дуудсан, цагдаа нар ч ирсэн. БОЭТ-д Бийг хэвтүүлж зураг авахуулсан. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 3,150,000 төгрөг төлөөд байгаа. Цаашид шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө гэх мэдүүлэг,

-хохирогч Э.Бийн мэдүүлсэн: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 8 цагийн орчим зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. Эмнэлэгт хэвтэж оношлуулсан боловч гэмтлийг бүрэн тодорхойлж чадаагүй ГСҮТ явсан.Тэнд шанааны яс хугаралттай гэж оношлогдож хагалгаа хийлгэсэн. Одоо ч хацар шанаа 2 өөр хэлбэртэй, байнга шингэн хоол идэж зажлах рефлекс муу байгаа. 3 дугаар сарын 11-нд ажилдаа орсон.Би дөнгөж 22 настай,нүүрэндээ том гэмтэл авлаа. Цаашид эмчлүүлэх шаардлагатай, сэтгэл санаагаар их хохирлоо. 18 сая төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Цалин болон цаашид гаргах зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны “... хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэр аймгийн Удирдлагын ордны урд талын төв замын явган хүний гарцтай хэсэг байлаа...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт  /хх-ийн 4-8-р тал/

-Эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,бүдүүвч зураг /хх-ийн 9-р тал/

-Жолоочийн согтуурлыг шалгасан тухай 0,00% гэсэн баримт /хх-ийн 10-р тал/

-Хүний биеэс согтууралтай эсэхийг тогтоох шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 11-12-р тал/

-Орхон аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай...08 цаг 18 минут 40 секундэд Уурхайчин спортын ордон талаас бараан өнгийн хувцастай хүн явган хүний гарцтай хэсгээр орж байгаа байдал харагдаж байх ба гарцаар алхаж төв талбай руу гарах үед бараан өнгийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд мөргөж газарт унагаагаад...гэх тэмдэглэл /13-14-р тал/

-“Ордон осол” гэж тэмдэглэсэн 1ш дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р тал/

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад Л.О 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай....Жолооч Рэнцэн овогтой Н // Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна. Харин явган зорчигч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 16-17-р тал/

-Мөрдөгчийн тэмдэглэл, Иргэний нэхэмжлэл түүнд хавсаргасан баримтууд  /хх-ийн 18-36-р тал/

-Мөрдөгчийн тэмдэглэл, Р.Нгийн хохирол төлсөн тухай баримтууд /38-43-р тал/

-хохирогч Э.Бийн мэдүүлсэн... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би барагцаагаар өглөөний 08 цаг өнгөрч байхад гэрээсээ ажил руугаа явган явж байсан юм. Тэгээд би Хангарьд спортын ордны хойд талаас зам хөндлөн хойшоогоо явган хүний гарцаар алхаж явсан юм. Замынхаа хойд хэсэг рүү алхаад явж байтал миний баруун талаас машин ирээд намайг мөргөчихсөн. Энэ үед би хэсэг шоконд орсон бөгөөд нэг мэдэхэд би зам дээр сууж байсан бөгөөд миний хамарнаас цус гарч байсан. Миний хажууд замын цагдаа ирчихсэн байсан. Нэг зүс үл таних ах “ахыгаа уучлаарай зүгээр үү” гээд байсан. Тэгээд түргэний машин ирж би эмнэлэг явсан. Зүүн талдаа чихэвчээр юм сонсож явсан. Харин баруун чих маань чихэвчгүй байсан. Мөн би даараад байсан учир куртикнийхээ малгайгаа өмсчихсөн явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р тал/

-гэрч Д.Рн мэдүүлсэн.. Тэгээд Урт цагааны урдуур яваад талбайн урд ирэхэд манай ач зээ нар талбай дээрх гацуурыг хараад “гоё гацуур мод байна, өндөр гоё цонхтой хаалгатай юм байна” гэж хэлэхэд би хажуунаас нь тайлбарлаад явж байх үед гэнэт сонин чимээ гарсан. Машин траншейны тагны дээгүүр гарахад дуугардаг шиг дуу гарсан. Нөхөр машинаа зогсоогоод буугаад хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд “хүн мөргөчихсөн байна шүү дээ, та нар анхаарал сарниулж байгаад ингэчихлээ” гэж хэлээд буцаад буусан. Тухайн үед нөхөр Н цагдаа эмнэлэг дуудсан. Би машинаас буугаад харахад нүүрээ дараад цүнхээ барьчихсан эмэгтэй зам дээр сууж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 56-57-р тал/

-гэрч Ж.А мэдүүлсэн...Би тухайн замын урд хэсгийг хариуцаад ...байтал түс хийх чимээ гарсан. Тэгээд хажуугаар явж байсан хүмүүс гарцан дээр хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би явган хүний гарцны зүүн урд талаас гарц руу очтол ахлагч Ц.Намнанбат ирчихсэн байсан бөгөөд гарцны баруун талд замынхаа хойд хэсэгт тодорхой зайнд замын 1-р эгнээнд нэг хар өнгийн жийп машин байсан бөгөөд харин гарцан дээр нэг эмэгтэй хүн доошоо хараад сууж байсан. Тухайн машины жолооч гээд нэг настай ах байсан бөгөөд тэр яасан юу болчихвоо” гэж асуутал тэр жолооч ах хэлэхдээ “харин гарц дээр мөргөчихлөө, хүүхдүүдэд гацуур мод харуулж явтал харахгүй мөргөчихлөө” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/

-гэрч Ц.Н мэдүүлсэн...Тэгээд би хөдөлгөөн зохицуулаад явган хүний гарцны зүүн талд явж байтал юм мөргөх шиг чимээ гарсан. Тэгэхээр нь эргээд хартал нэг хүн мөргүүлээд гарцны баруун талд суучихсан байсан. Харин Прадо-120 маркийн бараан өнгийн машин замынхаа нэгдүгээр эгнээнд зогссон. Тэгээд жолооч нь бууж ирсэн бөгөөд нэг настай ах байсан юм. Түүнээс юу болсон талаар асуухад “юм ярьж явж байгаад анзаарагүй мөргөчихлөө, миний буруу” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 81 дугаартай ... Э.Бийн биед дээд эрүүний ясны зүүн талын хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрний зүүн хэсэг, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, нүүрний зүүн хэсэг, зүүн чихний дэлбээ, зүүн гарын ядам хуруу, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зүүн хацар, хамрын зүүн хэсэг, зүүн гарын ядам, дунд, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээд эрүүний ясны зүүн талын хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хамрын таславчийн муруйлт, нүүрний зүүн хэсэг, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, нүүрний зүүн хэсэг, зүүн чихний дэлбээ, зүүн гарын ядам хуруу, зүүн хөлийн шилбэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн хацар, хамрын зүүн хэсэг, зүүн гарын ядам, дунд, чигчий хуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.....” гэх дүгнэлт /хх-н 78-80-р тал/

-“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/14 дугаартай техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 85-94-р тал/

-тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 112-р хуудас/зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Р.Н нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 8 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Нутгийн удирдлагын ордоны урд төв замаар өөрийн эзэмшлийн  улсын дугаартай Тоёота ландкруизер120 прадо загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Бийг мөргөж, биед нь дээд эрүүний ясны зүүн талын хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрний зүүн хэсэг, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, нүүрний зүүн хэсэг, зүүн чихний дэлбээ, зүүн гарын ядам хуруу, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зүүн хацар, хамрын зүүн хэсэг, зүүн гарын ядам, дунд, чигчий хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Р.Нгийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Э.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Орхон аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай...08 цаг 18 минут 40 секундэд Уурхайчин спортын ордон талаас бараан өнгийн хувцастай хүн явган хүний гарцтай хэсгээр орж байгаа байдал харагдаж байх ба гарцаар алхаж төв талбай руу гарах үед бараан өнгийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд мөргөж газарт унагаагаад...гэх тэмдэглэл, хохирогч Э.Бийн ... Тэгээд би замынхаа хойд хэсэг рүү алхаад явж байтал миний баруун талаас машин ирээд намайг мөргөчихсөн юм. Энэ үед би хэсэг шоконд орсон бөгөөд нэг мэдэхэд би зам дээр сууж байсан бөгөөд миний хамарнаас цус гарч байсан....гэх мэдүүлэг, гэрч Д.Ринагийн ... Нөхөр машинаа зогсоогоод буугаад хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд “хүн мөргөчихсөн байна шүү дээ, та нар анхаарал сарниулж байгаад ингэчихлээ” гэж хэлээд буцаад буусан.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Амгаланбаярын ... Тэгэхээр нь би явган хүний гарцны зүүн урд талаас гарц руу очтол ахлагч Ц.Намнанбат ирчихсэн байсан бөгөөд гарцны баруун талд замынхаа хойд хэсэгт тодорхой зайнд замын 1-р эгнээнд нэг хар өнгийн жийп машин байсан бөгөөд харин гарцан дээр нэг эмэгтэй хүн доошоо хараад сууж байсан. Тухайн машины жолооч гээд нэг настай ах байсан бөгөөд тэр яасан юу болчихвоо” гэж асуутал тэр жолооч ах хэлэхдээ “харин гарц дээр мөргөчихлөө, хүүхдүүдэд гацуур мод харуулж явтал харахгүй мөргөчихлөө” гэж хэлсэн.....гэх мэдүүлэг,гэрч Ц.Намнанбатын... Тэгэхээр нь эргээд хартал нэг хүн мөргүүлээд гарцны баруун талд суучихсан байсан. Харин Прадо-120 маркийн бараан өнгийн машин замынхаа нэгдүгээр эгнээнд зогссон. Тэгээд жолооч нь бууж ирсэн бөгөөд нэг настай ах байсан юм. Түүнээс юу болсон талаар асуухад “юм ярьж явж байгаад анзаарагүй мөргөчихлөө, миний буруу” гэж байсан.... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 81 дугаартай ... Э.Бийн биед дээд эрүүний ясны зүүн талын хугарал... гэмтэл тогтоогдлоо...Дээд эрүүний ясны зүүн талын хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.....гэх дүгнэлт,...Жолооч Рэнцэн овогтой Н /ФМ56010271/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна. Харин явган зорчигч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна” гэх мөрдөгчийн магадлагаа,гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ. Шүүгдэгч Р.Н Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаатай шүүгдэгч танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Р.Нгийн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хохиролын хоорондхи шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба   шүүгдэгч Р.Н Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл болгоомжгүй хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.              

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Р.Н нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Нутгийн удирдлагын ордоны урд асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 64-43 ОРА улсын дугаартай Тоёота ланд круизер 120 прадо загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 16.1-т заасан заалтыг зөрчсөний улмаас гарцан дээр зам хөндлөн гарч явсан зорчигч Э.Бийг мөргөж, биед нь дээд эрүүний ясны зүүн талын хугарал, хамрын таславчийн муруйлт зэрэг хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах, баримтаар нотлогдсон хохирол төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж,

-хохирогчийн өмгөөлөгч Б.Содболд: шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэх зүйлгүй. Хохирогчийн эмчилгээний зардал баримтаар 2,109,307 төгрөг, 12, 1, 2, 3 сарын цалин 2,700,000 төгрөг, нийт 4,509,307 төгрөгийн зардал гарснаас шүүгдэгч 3,150,000 төгрөг төлсөн тул зөрүү 1,359,307 төгрөг одоо нэхэмжилж байгаа. Мөн хохирогч цаашид гарах эмчилгээний зардал 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 нэхэмжилсэн гэж тус тус дүгнэлт дүгнэлт гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон, гэм буруугийн талаар маргахгүй, шүүхээс тогтоосон төлбөрийг төлөх болно гэжээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирол төлбөрөөс төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” ял оногдуулах санал гаргасан байна.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч хохирогчийн эмчилгээнд 3,150,000 төгрөг төлсөн байна. Хохирогч эмчилгээний зардалд нийт 2,109,307 төгрөг 12, 1, 2, 3 сарын цалин 2,700,000 төгрөг, нийт 4,509,307 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг гэж тооцож холбогдох баримтуудыг шүүхэд хавсарган ирүүлсэн ба эмчилгээний зардал, цалингаас шүүгдэгчийн төлсөн 3,150,000 төгрөгийг хасаж 1,359,307 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүх хохирлын баримтуудыг шалгаж үзвэл, хохирогч гэмтлийн улмаас 2021 оны 12 дугаар сарын 28-наас 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 54 өдөр ажлаас чөлөөлөгдсөн байх ба сарын үндсэн цалин 760,000 төгрөг гэсэн Номин Тав трейд ХХК-ний тодорхойлолтыг үндэслэн тооцвол нэг өдрийн ажлын хөлс дунджаар 36,190 төгрөг байх тул 54 хоногоор тооцож 1,954,260 төгрөг,үүнээс ажил олгогчоос эмнэлгийн хуудсаар олгосон 169,572 төгрөгийг хасаж 1,784,688 төгрөгийг, мөн эмчилгээ, эм хэрэгсэлийн бусад зардал 2,109,307 төгрөг нийт 3,893,995 төгрөгийг шүүгдэгч хариуцан төлөх үндэслэлтэй гэж тооцоод, үүнээс төлсөн 3,150,000 төгрөгийг хасаж 743,995 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч хуралдаанаас завсарлага авч бүрэн төлсөн байна.

Харин үндэслэх баримтгүй 950,000 төгрөг, Улаанбаатарт такси гэсэн баримтгүй 150,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд, илүү нэхэмжилсэн цалин 765,740 төгрөг, нийт 1,865,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, баримтаар нотлогдоогүй 15,000,000 төгрөгний хэсгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Р.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Р.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий нэг ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас  1,865,740 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, 15,000,000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ