Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, хохирогч Н.Г, шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ургийн овогт Д-гийн Ж-д холбогдох эрүүгийн 2235000230040 дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А ургийн овогт Д-гийн Ж, 1975 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Увс аймгийн Завхан сумын ерөнхий боловсролын сургуульд слесарь ажилтай, ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Завхан сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь Увс аймгийн Завхан сумын нутгаас мал худалдаж авч өгнө хохирогч Н.Г-аас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 23 удаагийн үйлдлээр нийт 42’100’000 төгрөгийг хуурч авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000230040 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Н.Г-ын Увс аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гаргасан гомдлыг (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),

- Н.Г-ыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

- Н.Г-аас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 8-10, 12-16 дугаар хуудас),

- Д.М-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

- Ө.Л-гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

- Я.Э-гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

- Д.Н-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

- Д.Ж-гийн Хаан банк дахь 5804127280 дугаарын дансны хуулгыг (хавтаст хэргийн 100-103 дугаар хуудас),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Ө.Л-гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

- Д.М-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

- Д.Ж-гаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас),

- Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 136 дугаар хуудас),

- Увс аймгийн Завхан сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолтыг (хавтаст хэргийн 160 дугаар хуудас),

- Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн Засаг даргын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 161 дүгээр хуудас),

- Ө.Д, Ж.Ж нарын төрсний гэрчилгээний хуулбарыг (хавтаст хэргийн 163 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан. Шүүгдэгч Д.Ж, хохирогч Н.Г нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж “миний буруу хийсэн зүйл, түүндээ гэмшиж, өөр хэлэх зүйл алга” гэж мэдүүлсэн, хохирогч Н.Г “Анх над руу Д.Ж 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мал зарна гэж ярьсан. Би хэдэн мал зарах вэ? гэхэд ахад нь 800’000 төгрөг хэрэгтэй байна. Тэр мөнгөндөө мал өгнө гэж ярьсан. Маргааш нь манай найз мал зарах гэж байна. Малаа ачиж авч ирж өгнө гэсэн гэж ярьсан. Тэр хүн малаа авч ирж өгөхгүй бол яах вэ? гэхэд ах нь өөрийн малаасаа өгнө найдвартай гэж хэлсэн. Д.Ж над руу манай ах, дүү, садны хүмүүс мал зарна гэж байна. Би Цагаан түнгэ, Дааган дэлийн тэнд тарган мал авч өгч чадна гэж ярьсан. Хэрвээ надад таалагдах мал авч ирж өгвөл танд тодорхой хэмжээний хөлс өгнө гэж ярьсан. Д.Ж өөрийн данс руу надаас мөнгө авсан. Энэ хүнд та хаана байна вэ? гэхэд Цагаан түнгэ, Дааган дэлд явж байна гэдэг байсан. Удаа дараагийн гүйлгээгээр 42’100’000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хүнээс яагаад итгэх болсон бэ? гэвэл миний таньдаг ахынд мал нь байсан. Тэр хүнээс Д.Жгийн мал байгаа юу? гэхэд мал байгаа гэж хэлсэн. Тэгээд энэ хүнийг үнэн хэлсэн гэж бодсон. Манай эгчийн хүүхдийн сүй тавьж байгаа гэж ярьсан. Эгчийн хүүхэд нь хадаг сүй тавьсан байсан. Ингээд итгэж байсан. Намайг хуурахааргүй хүн гэж бодсон. Би мөнгө хэрэгтэй хүнд мөнгийг нь өгөөд 11 дүгээр сар гараад малаа цуглуулаад авчихдаг. Гэтэл Д.Ж намайг залилсан. Дүү нь тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж байнга хэлдэг байсан. Ах нь малаа цуглуулаад явж байна гэдэг байсан. Хэдэн мал авсан бэ? гэхэд эр, эм нийлсэн 400 гаруй мал авсан. Мал нь сайн уу? гэхэд сайн, манай дүүгийнд найдвартай байгаа гэдэг. Би очоод тосоод авъя гэж ярьсан. Би жоохон ажилтай байна гэсэн. Би үдээс хойш гэрт нь очсон. Ах нь чамд хэлэх зүйл байна. Ах нь чамаас авсан мөнгөөрөө мал аваагүй, дэлхийн санхүүжилтийн зээл гэх юманд мөнгийг чинь өгчихсөн гэсэн.” гэж мэдүүлсэн байна.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

- Хохирогч Н.Г-ын “...2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Завхан сумын Д.Ж надад ямаа худалдан гэсэн. Би ямаагаа намар хүйтрэхээр авахаар тохиролцож өөрийнхөө Хаан банкны 5804054843 дугаарын данснаас 800’000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр манай найз ямаа өгнө гэнэ чи 600’000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр намайг 1’000’000 төгрөг шилжүүлчих манай ах дүү нарын хүмүүс ямаа өгнө гэж байна гэхээр нь би мөнгийг нь өөрийнх нь данс руу шилжүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би Д.Жтай уулзаад “та найдвартай ямаа авч өгөхөөр бол хоёулаа хамтарч ямаа авъя, би тань руу мөнгө шилжүүлье” гэж тохиролцоод би Хяргас нуурын арын айлуудаар мөнгө тараасан. Харин Д.Ж Хяргас нуурын урд талын айлуудаар явж мөнгө тарааж ямаа худалдан авахаар болсон. Ингээд би Д.Ж-гийн Хаан банк дахь данс руу ...нийт 23 удаагийн гүйлгээгээр 42’100’000 (дөчин хоёр сая нэг зуун мянга) төгрөг шилжүүлсэн. Намайг “хаана яваа юм бэ? хэдэн мал авч байгаа” талаар асуухад “би Цагаан түнгэд малаа авч байна. Малын мөнгө тарааж байгаад сумын төв рүү ороод ирчихсэн байна” гэх мэтээр ярьдаг байсан. Мөнгө тараалгасан айлуудаас малаа авъя гээд очсон чинь “би авсан малаа хүргэнийхээ гэрт хадгалж байгаа, удахгүй туугаад ирье” гэхээр нь “хоёулаа хамт очоод тосож авъя” гэсэн. Би малаа авахаар очиход “завгүй байна” гэсээр байгаад сумын төвд намайг гурав хонуулсан. Надад нэг л биш юм шиг санагдахаар нь юу болсон талаар сайтар нягталж асуусан чинь “би чамаас мал авна гэж авсан мөнгөө дэлхийн банкны санхүүжилтээс зээл авахаар бага багаар хийсээр байгаад залилуулсан” гэж хэлсэн. Мөн “одоо хүртэл зээлээ авч чадаагүй, шилжүүлсэн мөнгөөр чинь ямар нэгэн мал аваагүй” гэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

- Гэрч Д.М-ын “...Д.Ж нь 2021 оны зун гэртээ байсан ба хүнээс мал авахаар явсан зүйл байхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

- Гэрч Я.Э-гийн “...би Н.Гд 2018 оноос хойш мөнгө зээлүүлж Увс аймгийн Завхан сумын нутгаас мал мах худалдан авхуулдаг байсан. Н.Г нь надад зээлсэн мөнгөнийхөө хэмжээнд тааруулан тогтмол мал, мах авч ирж өгдөг байсан. 2021 онд намар надаас нийт ерэн сая төгрөг зээлж дөчин найман сая төгрөгийн мал, мах авч ирж өгсөн ба надаас зээлсэн мөнгөнөөс дөчин хоёр сая төгрөгийг дутаасан. Завхан сумын нэг хүнд мал худалдан авахаар тухайн дөчин хоёр сая төгрөгийг шилжүүлж, залилуулсан гэж надад 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

- Шүүгдэгч Д.Ж-гийн Хаан банк дахь 5804127280 дугаарын дансны “хохирогч Н.Г-ын 5804054843 дугаарын данснаас шүүгдэгч Д.Ж-гийн 5804127280 дугаарын дансанд 2021.08.26-ны өдөр 800’000 төгрөгийг, 2021.08.27-ны өдөр 600’000 төгрөгийг, 2021.09.01-ний өдөр 1’000’000 төгрөгийг, 2021.09.03-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021.09.04-ний өдөр 2’000’000 төгрөгийг, 2021.09.05-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021.09.07-ны өдөр 1’000’000 төгрөгийг, 2021.09.10-ны өдөр 2’400’000 төгрөгийг, 2021.09.16-ны өдөр 2’200’000 төгрөгийг, 2021.09.17-ны өдөр 3’000’000 төгрөгийг, 2021.09.18-ны өдөр 500’000 төгрөгийг, 2021.09.19-ний өдөр 2’000’000 төгрөгийг, 2021.09.22-ны өдөр 1’800’000 төгрөгийг, 2021.09.24-ний өдөр 3’000’000 төгрөгийг, 2021.09.25-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021.09.28-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021.09.28-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021.10.03-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021.10.04-ний өдөр 1’500’000 төгрөгийг, 2021.10.08-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021.10.09-ний өдөр 2’500’000 төгрөгийг, 2021.10.10-ны өдөр 3’000’000 төгрөгийг, 2021.10.11-ний өдөр 800’000 төгрөгийг тус тус шилжүүлсэн” гэх хуулга (хавтаст хэргийн 100-103 дугаар хуудас),

- Шүүгдэгч Д.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сард фейсбүүкээр барьцаагүй 2 хувийн хүүтэй мөнгө зээлэн гэх зарын дагуу фейсбүүк чатаар хоёр хүнтэй холбогдож мөнгө зээлэх гэтэл надаас янз бүрийн татвар торгууль, гуйвуулгын мөнгө гэх мэтээр мөнгө нэхсээр байгаад хорь гаруй сая төгрөгийг авсан. Дахин надаас мөнгө нэхсэн ба тухайн хүмүүс рүү шилжүүлсэн хорин сая төгрөгөө буцаан авахын тулд надад мөнгөний хэрэг гарсан тул би манай нутагт махны ченж хийдэг зүс таних хүн болох Н.Г гэх залуу руу 95546411 дугаарын утсаар холбогдож “би чамд мал өгнө, чи надад мөнгө зээлэх боломж байна уу?” гэж ярьсан. Тэгтэл Н.Г гэх залуу надад мөнгө шилжүүлсэн. Би дахин дахин Н.Г руу ярьж мөнгө зээлсээр байгаад 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 42’100’000 төгрөг авсан. ...Би Н.Г-аас зээлсэн мөнгөөрөө мал худалдан авсан зүйл огт байхгүй. Би тухайн мөнгийг бүгдийг нь мөнгө зээлүүлэн гэсэн хүн рүү шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас) зэрэг болно.

Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь агуулгын зөрүүгүй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтаар тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч Д.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдсон хэргээ хүлээн  зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт уг мэдүүлгийг няцаан үгүйсгээгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж нь Увс аймгийн Завхан сумаас хохирогч Н.Г-тай 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр утсаар ярьж ямаа зарна гэж 800’000 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 27-ний өдөр манай найз ямаа зарна гэж 600’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай ах дүү нар ямаа зарна гэж 1’000’000 төгрөгийг, мөн бусдаас мал худалдаж авч өгнө гэж 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2’000’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1’000’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2’400’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2’200’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3’000’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 500’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2’000’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1’800’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 3’000’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1’500’000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2’500’000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3’000’000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 800’000 төгрөгийг буюу нийт 23 удаагийн үйлдлээр 42’100’000 (дөчин хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5804127280 дугаарын дансаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ж нь хохирогчоос “ямаа зарна, мал авч өгнө” гэж авсан мөнгөөрөө ямар нэгэн мал аваагүй болох нь түүний яллагдагчаар өгсөн “...Би Н.Г-аас зээлсэн мөнгөөрөө мал худалдан авсан зүйл огт байхгүй. Би тухайн мөнгийг бүгдийг нь мөнгө зээлүүлэн гэсэн хүн рүү шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас), хохирогчийн “...Надад нэг л биш юм шиг санагдахаар нь юу болсон талаар сайтар нягталж асуусан чинь “би чамаас мал авна гэж авсан мөнгөө дэлхийн банкны санхүүжилтээс зээл авахаар бага багаар хийсээр байгаад залилуулсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас)-ээр тус тус тогтоогдож байна. Тодруулбал шүүгдэгч нь анхнаасаа хохирогчид ямаа зарах, мал худалдаж авч өгөх санаа зорилгогүй байсан нь тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх, эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Прокуророос шүүгдэгч Д.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх гурван шинжээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба шүүгдэгчийн хохирогчоос “ямаа зарна, мал авч өгнө” гэж 42’100’000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч хорин гурван удаагийн үйлдлээр хохирогчоос нийт 42’100’000 төгрөгийг авсныг үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн нэг гэмт хэрэг гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан тул хохирогчид үлэмж хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ... үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Жгаас 42’100’000 (дөчин хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гд олгох үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч Д.Ж-д нийтэд тустай ажил хийх ялыг оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д.М-ын “...Д.Ж нь үг дуу цөөтэй, бусдад итгэмтгий, хоёр хүүхдэдээ анхаарал халамж сайтай өрх гэрийн тэргүүн, амьдралаа авч яваа хүн ба архи огт уудаггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас), гэрч Ө.Л-гийн “...Д.Ж нь Увс аймгийн Завхан сумын хоёрдугаар багт өөрийн төрсөн эгч Д.М-ын хашаанд монгол гэрт хоёр хүүхдийн хамтаар амьдардаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 132 дугаар хуудас), Увс аймгийн Завхан сумын ерөнхий боловсролын сургуулийн “Д-гийн Ж нь Завхан сумын ерөнхий боловсролын сургуульд слесариар ажилладаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 160 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж хоёр хүүхдийн хамтаар Увс аймгийн Завхан сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч хохирогчийг хорин гурван удаагийн үйлдлээр хуурч 42’100’000 төгрөг авсныг гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хамааруулан үзнэ. Мөн гэмт хэргийн улмаас хохирогчид үлэмж хэмжээний хохирол учирсны гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарт хамааруулан үзэж эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоох үндэслэл болгох нь зүйтэй.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа газраасаа буюу Увс аймгийн Завхан сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ургийн овогт Д-гийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Завхан сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Ж энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ж-гаас 42’100’000 (дөчин хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Г-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА