| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00396/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 374
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл ийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* хотын ******* дүүрэгт оршин суух ******* овгийн *******н ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1972 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******ын газар ажиллаж байсан. Миний бие 1973 онд дагалдангийн цалин авч үйлдвэрт шаардлагатай ажлуудыг хийж байсан. Жишээ нь гуршик, машин угаагч, задаргаа, жолооч *******ын туслах гэх мэт ажил хийж байгаад 1974 оны 10-р сарын 07-нд уурын зууханд качегарар орж ажиллаад нүүрсчин тракторчин хийж байгаад 1976 онд цэрэгт явсан. Иймд 1972 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ын газар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Ажлын шаардлагаар шүүх хуралдаанд суух боломжгүй байх тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Б.******* нь 1972 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ын газар ажиллаж байсан болох нь Завхан аймаг дахь *******ын газрын даргын 1972 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаартай дагалдангийн хугацаа сунгах тухай тушаал, 1974 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн уурын зууханд качегараар ажилд томилох тухай тушаал, 1976 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, 1976 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар тус тус нотлогдож байна..
Энэ талаар мэдүүлсэн гэрч Г.*******ын ...Б.******* Завхан аймгийн *******ын газрын уурын зууханд 1972 оноос 1976 онуудад гачегар, тракторын жолооч хийж байсан. Би тэгэхэд сантехникч хийдэг байсан. Тэгээд 1976 онд цэрэгт явсан. 1972 оны хавар л ажилд орсон санагдаж байна. Тэнд нүүрсчин, үнсчин, гачегар гээд янз бүрийн л ажлууд уурын зууханд хийдэг байсан. Нүүрсчин гэхээр нүүрсээ зөөж өгдөг ажил. Засварын газар ажил хийхийн тул зарим хүмүүс 1 жилийн хугацаагаар дагалдан хийх ч үе байдаг ... гэсэн,
гэрч С.ы ... Б.*******ыг Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ******* гэдэг хүн ажилд оруулж байсан. Энэ хүн аав нь байсан. 1972 онд Завхан аймгийн *******ын газар 10-аад хүн ажилд авахад тэдний нэгэнд нь ирж ажилд орж байсан. Эхлээд барилгын өргөтгөл баригдах гэж байгаа гээд дагалдангаар хүмүүс ажилд аваад өргөтгөлөө хийсэн ч юмгүй уурын зууханд ажиллаж байгаад 1976 онд цэрэгт явсан. Нүүрсэнд явдаг, гачегар хийдэг байсан... гэсэн,
гэрч С.н ...Б.******* Завхан аймгийн *******ын газрын уурын зууханд 1972 оноос 1976 онуудад гачегар хийж байсан. Тэгээд 1976 онд цэрэгт явсан. Би 1968 онд *******ын газарт ажилд ороод ажиллаж байсан тэгэхэд 1972 онд ажилд орсон. Нүүрсчин гэдэг нь уурын зууханд нүүрс зөөдөг ажил, гачегар гэхээрээ гал түлдэг ажил юм... гэсэн мэдүүлэгүүдээр давхар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч ******* овгийн *******н *******ыг Завхан аймаг дахь *******ын газарт 1972 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1972 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагалдан ажилчнаар, 1973 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ачигчаар, 1974 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1976 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл гачегар болон нүүрсчинээр, 1976 оны 01 дүгээр барын 01-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ