| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0096/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/114 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/114
2022 03 30 2022/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бт холбогдох эрүүгийн 2225000000115 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 02 дугаар сарын 07- ны өдөр согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-4-61 тоот гэртээ эхнэр Х.Бгийн хүзүүн тус газар хутгаар хатгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч А.Бын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Урьд нь үнэн зөв мэдүүлсэн гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 4-11-р тал/
-хохирогч Х.Бгийн мэдүүлсэн... Б бид хоёр гэртээ архи уусан чинь охин Мөнгөнтуяа уурлаад та хоёр нийлж, архи уулаа гэсэн. Тэр үед Б нэлээн согтуу байсан ба уурлаад ширээн дээр байсан хутга аваад охин Мөнгөнтуяа руу дайрах шиг болсон. Тэгээд би дундуур нь ороод Баас хутгыг нь булааж авах гэтэл миний хүзүүг зүссэн. Тэгээд би эмнэлэгт хүргэгдсэн. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
-гэрч Б.М ...аав Б нь нэмж архи уух гээд байхаар нь манай эгч Мөнгөнтуяа виза картыг нь аваад нуучихсан юм. Тэгсэн чинь уурлаж эгч руу дайрсан. Тэр үед ээж Бямбатуяа бид хоёр салгах гээд дундуур нь зөндөө орсон. Тэгсэн аав Б ээж Бямбатуяатай хэрэлдэж байгаад түүний хүзүү руу барьж байсан хутгаараа хоолойн зүүн хэсэгт зүссэн. Тэгээд би аав Быг салгаад түргэн дуудсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/
-гэрч Б.Агийн...Х.Б нь гаднаас орж ирэхдээ тэргэнцэртэй их хэмжээний цус алдсан байдалтай орж ирсэн. Х.Бгийн баруун талын гүрээний судас 4-5 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай. Гүрээний судаснаас их хэмжээний цус олгойдож гоожиж байсан. Тухайн хүний үзэхэд артерийн даралт унасан, гар хөл хүйтэн хөрсөн байдалтай байсан. Уг хүнийг гэмтлийн эмч үзэж цусыг тогтоох гэсэн боловч шарх их гүн учир яаралтай хагалгаанд орохоор болж авч явсан. Биеийн байдал хүнд байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р тал/
-гэрч Б.Мгийн... Би аав Б, ээж Бямбатуяа нарыг нийлээд архи уугаад байхаар нь битгий нийлж архи уугаад байгаач гэж л хэлсэн. Тэрнээс биш хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Харин аав Б өөрийг нь архи битгий уу гэж хэллээ гээд надад уурлаж намайг айлгах гээд ширээн дээр байсан хутгыг аваад надруу дайрах тэр үед ээж Б аавын урдуур орж хүзүүгээ зүсүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай...А.Бын /ФМ66111279/ биенээс авсан гэх цусанд 3,05 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 159 дугаартай ...Х.Бгийн биед хүзүүний баруун хажууд эгэмний артерийн жижиг салаа судсыг гэмтээсэн 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-н 36-37-р талд/ /зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч А.Б нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-4-61 тоот гэртээ архидан согтуурсан үедээ охин Мөнгөнтуяаг “архи уулаа” гэхэд нь уурлан ширээн дээр байсан хутга авч дайрах үед урдуур нь орсон эхнэр Х.Бгийн хүзүүн тус газарт нь хутгаараа хатгаж хүзүүний баруун хажууд эгэмний артерийн жижиг салаа судсыг гэмтээсэн нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-4-61 тоот гэртээ эхнэр Х.Бгийн хүзүүн тус газар хутгаар хатгасан үйлдлийн улмаас Х.Бгийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Х.Бгийн... Тэгээд би дундуур нь ороод Баас хутгыг нь булааж авах гэтэл миний хүзүүг зүссэн. Тэгээд би эмнэлэгт хүргэгдсэн.... гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнх-Эрдэнийн ... Тэгсэн аав Б ээж Бямбатуяатай хэрэлдэж байгаад түүний хүзүү руу барьж байсан хутгаараа хоолойн зүүн хэсэгт зүссэн... гэх мэдүүлэг,гэрч Б.Агийн...Тухайн хүний үзэхэд артерийн даралт унасан, гар хөл хүйтэн хөрсөн байдалтай байсан. Уг хүнийг гэмтлийн эмч үзэж цусыг тогтоох гэсэн боловч шарх их гүн учир яаралтай хагалгаанд орохоор болж авч явсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Мгийн ... Харин аав Б өөрийг нь архи битгий уу гэж хэллээ гээд надад уурлаж намайг айлгах гээд ширээн дээр байсан хутгыг аваад надруу дайрах тэр үед ээж Бямбатуяа аавын урдуур орж хүзүүгээ зүсүүлсэн … гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 159 дугаартай ...Х.Бгийн биед хүзүүний баруун хажууд эгэмний артерийн жижиг салаа судсыг гэмтээсэн 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч А.Бын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан ба тэрээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор “гэртээ хүү Мөнх-Эрдэнийг зодож хөнгөн гэмтэл учруулсан” хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсний дараа дахин гэр бүлийн хүрээнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Бямбатуяагийн биед хутга мэс хэрэглэн халдаж гэмтэл учруулсан байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжийг хангаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Х.Бгийн хүзүүн тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон ялыг оногдууллаа.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Х.Б цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт хх-ийн 88-р хуудаст авагдсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн иш бүхий хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч С овгийн А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хар өнгийн иш бүхий хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтын комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ