Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

    2022       03          30                                       2022/ШЦТ/115

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ат холбогдох эрүүгийн 2225000000086 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Чын А нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тамхины бөөний цэгийн гадна Н.Бийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Ч.Аын мэдүүлсэн: Тэр өдөр олуулаа архи ууж байгаад ийм юм болсон. Надаас архи нэхсэн, би машин дотор нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээж байна. Хохирол 5,063,590 төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан :  

-хохирогч Н.Бийн ... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ч.А болон Ч.Аптан-Очирын танил ах нар болох танихгүй 4 эрэгтэй хүний хамт бид зургаа 5-20 байна уу 5-21 дүгээр байрны урд талд байрлах саадан дотор архи ууж байгаад Ч.А, нэг танихгүй ах бид 3 тамхи авахаар болоод Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар микрийн урд талын тамхины бөөний худалдааны цэгийн гадна такситай очсон. Явж очиход намайг тамхи авч өгсөнгүй гээд таксины урд талын суудал дээр сууж байхад Ч.А нь хойд талын суудлаас бууж ирэн урд талын хаалгыг татан онгойлгож байгаад миний баруун нүд хэсэг рүү нэгээс хоёр удаа гараа атгаж байгаад цохин уг гэмтлүүдийг учруулсан. Би гомдолтой байна, би Улаанбаатар хотын Окулопластик эмнэлэгт өөрт учирсан гэмтлүүдээ эмчлүүлсэн бөгөөд нийт 3,700,000 төгрөгийн зардал гарсан. Мөн бусад зардлуудаа нэхэмжилж байна...бүх зардал болох 5,063,590 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулах юм бол гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11-р тал/

-гэрч Г.Б мэдүүлсэн...Тамхины худалдааны дэлгүүрийн гадна очиход Ч.А таксинд мөнгөө өгчихөөр тамхины мөнгө байхгүй шүү дээ, худлаа шаагаад ийш тийшээ явуулчих юм гээд Ч.А, Н.Бтай жоохон маргаан үүсгэсэн бөгөөд би зүүн ард талын суудал дээр машины цонхоор гадагш хараад сууж байтал гэнэт “пад” хийх чимээ гарахаар нь би эргээд хартал Н.Бийн нүднээс нь бага зэргийн цус гарахаар нь би машинаас буугаад Н.Бийг жолоочийн эсрэг талын урд талын суудлаас буулгаж ирэн нүдийг нь цасаар арчиж байхдаа юу болсон, яасан юм бэ гэсэн чинь юм ярихгүй байсан... Ч.А таксины баруун хойд талын суудал дээр, Н.Б жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр тус тус сууж байсан. Юм цохиход дуугардаг пад хийх чимээ гарсан...” гэсэн мэдүүлэг/хх-н 17-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 127 дугаартай... Н.Бийн биед баруун нүдний ухархайн доод ба дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын яснь хугарал, баруун нүдний дээд, доод зовхи хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний ухархайн доод ба дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ...” гэсэн дүгнэлт /хх-н 21-22-р тал/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай... Н.Б гэсэн хаягтай эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/

 

-Мөрдөгчийн тэмдэглэл,хохирогч Н.Бийн амбулаториор эмчлүүлсэн  картын хуулбар,хагалгаа хийх үеийг баримтжуулсан гэрэл зургийнн үзүүлэлт /хх-ийн 57-69-р тал/

-мөрдөгчийн тэмдэглэл,хохирлын зардлын баримтууд /хх-ийн 72-107-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Ч.А нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт тамхины бөөний цэгийн гадна машин дотор хамт явж байсан Н.Бийг үл ялих зүйлээр шалтаглан тамхи авч өгсөнгүй гэж уурлан нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь баруун нүдний ухархайн доод ба дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын яснь хугарал, баруун нүдний дээд, доод зовхи хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ч.Аын үйлдлийн улмаас Н.Бийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Н.Бийн мэдүүлсэн... Явж очиход намайг тамхи авч өгсөнгүй гээд таксины урд талын суудал дээр сууж байхад Ч.А нь хойд талын суудлаас бууж ирэн урд талын хаалгыг татан онгойлгож байгаад миний баруун нүд хэсэг рүү нэгээс хоёр удаа гараа атгаж байгаад цохин уг гэмтлүүдийг учруулсан...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 127 дугаартай... Н.Бийн биед баруун нүдний ухархайн доод ба дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын яснь хугарал, баруун нүдний дээд, доод зовхи хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо....  гэх дүгнэлт, гэрч Г.Б...Тамхины худалдааны дэлгүүрийн гадна очиход Ч.А таксинд мөнгөө өгчихөөр тамхины мөнгө байхгүй шүү дээ, худлаа шаагаад ийш тийшээ явуулчих юм гээд Ч.А, Н.Бтай жоохон маргаан үүсгэсэн бөгөөд би зүүн ард талын суудал дээр машины цонхоор гадагш хараад сууж байтал гэнэт“пад” хийх чимээ гарахаар нь би эргээд хартал Н.Бийн нүднээс нь бага зэргийн цус гарахаар...”гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Ч.Аын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Н.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж дүгнэлт гаргасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд,гэм буруугаа хүлээж байна гэжээ.

Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал,хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл,хохирогчид учруулсан гэмтлийг эмчлэхэд гарсан зардлыг бүрэн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Б эмчилгээний төлбөрт 5,063,590 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан нь шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан гар утсанд хадгалагдсан Төрийн банкны 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2 удаагийн шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг,хохирогчийн шүүхэд мэдэгдсэн” шүүх хуралдаанд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болго

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч О овогт Чын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.АРИУНЦЭЦЭГ