Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0879

 

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэл гаргагч: Ц.Ц.

         Хариуцагч:  НЗД.

       Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м кв газрыг нэхэмжлэгч Ц.Ц-д шинээр эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрыг эзэмших эрх олгохыг хариуцагч НЗДд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ц овогтой Ц нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 сарын 03-ны өдрийн 164 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 04-р хорооны нутаг дэвсгэрт 48 м.квадрат газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж эхэлсэн ба уг захирамжийг үндэслэж 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

           Тухайн эзэмшүүлсэн газрын зориулалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 сарын 03-ны өдрийн 164 дугаар захирамжинд “гараж”-ийн зориулалттай гэж тусгасан боловч 2004 оны 01 сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр “үйлчилгээ”-ний зориулалттай гэж бичигдсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа ямар зориулалтаар ашиглах нь тодорхой бус байдлыг үүсгэсэн ба Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 сарын 03-ны өдрийн 164 дугаар захирамжинд заасан гараж /авто зогсоол/-ийн зориулалтаар энэ хугацаанд ашиглаж ирсэн ба энэ хугацаанд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж ирсэн. Мөн дүүргийн засаг даргын захирамж 2003 оны 11 сарын 03-ны өдөр, газар эзэмшихийн эрхийн гэрчилгээг 2004 оны 01 сарын 06-ны өдөр гаргаж нэхэмжлэгчид олгосон боловч 2016 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл нэхэмжлэгчтэй “Газар эзэмшүүлэх гэрээ”-г огт байгуулж байгаагүй бөгөөд 2016 оны 06 сарын 17-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Чингэлтэй дүүргийн Газрын алба нь нэхэмжлэгчтэй байгуулсан.

          2018 оны 11 сарын 03-ны өдөр уг газрын эзэмших эрхийн хугацаа дуусах байсан тул нэхэмжлэгч нь 2018 оны 02 сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан. Яагаад газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 9 сарын өмнө сунгуулах хүсэлтээ гаргасан бэ гэвэл миний бие нь 2016 оны 07 сараас эрүүл мэндийн байдал муудаж Сонгдо эмнэлгийн хяналтад орж, тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, оношилгоо шинжилгээ хийлгэж байсан ба 2018 оны 03 сард ходоодны хорт хавдар гэдэг онош тогтоогдож, 2018 оны 05 сард БНСУ-д очиж ходоодны хорт хавдрын хагалгаа хийлгэсэн болно.

       Гэтэл миний гаргасан газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн газрын алба болон Чингэлтэй дүүргийн засаг дарга нь шийдвэрлэхгүй байсаар газар эзэмших эрхийн хугацааг дуусгасан бөгөөд миний бие эрүүл мэндийн байдал сайжирсны дараа Чингэлтэй дүүргийн газрын алба болон Нийслэлийн газрын албанд гомдол гаргахад Чингэлтэй дүүргийн газрын албаны 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 15/02 тоот албан бичгээр, Нийслэлийн газрын албаны 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 02/06/585 тоот албан бичгээр тус тус “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, хугацаа сунгах боломжгүй” гэдэг ижил утгатай хариунуудыг өгсөн. Миний бие нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. Учир нь:

        1.Миний бие нь эзэмшлийн газраа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 сарын 03-ны өдрийн 164 дугаар захирамжид заасан зориулалтын дагуу эзэмшлийн газар дээрээ автомашин байрлуулах зэргээр ашиглаж байсан, эзэмшлийн газар дээрээ хашаа хатгаж хамгаалж байсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн газрын албанаас миний барьсан хашааг нурааж байсан. Намайг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан гэдгийг гэрчлэх олон хүн байгаа болно.

       2.Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байгаа юм бол 2003 онд газар эзэмших эрхтэй болсноос хойш 2005-2018 онуудад яагаад газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж хүчингүй болгоогүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Энэ нь захиргааны байгууллагын газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь өөрөө тодорхой бус, хэзээнээс зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

          3.2016 онд “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж байна гэдэг нь 2003-2016 онууд буюу өмнөх хугацаанд намайг эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашигласан гэдгийг Чингэлтэй дүүргийн газрын алба хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан гэж ойлгож байна. 2016 оны 06 сард гэрээ байгуулснаас хойш газрын гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байгаа бол энэ хугацаанд миний төрсөн эгч Ц******* овогтой Д******* нь 2016 онд өндгөвчний хорт хавдар гэдэг оноштойгоор хөдөөнөөс ирж Хавдар судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж миний бие эгчийгээ асран хамгаалж байгаад эгч маань нас барсан, мөн дээр дурдсанчлан миний эрүүл мэндийн байдал муу байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэж байна. Гэтэл Чингэлтэй дүүргийн газрын алба нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг надаас тодруулаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа” хийлгүйгээр миний хүсэлтийг шийдээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

         Чингэлтэй дүүргийн Газрын алба болон Нийслэлийн газрын албаны албан тоотуудыг аваад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж заасан байдаг тул миний хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй албан тушаалтан болох Чингэлтэй дүүргийн засаг даргад хандаж хүсэлт, гомдол гаргахад 2019 оны 03 сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга 3/417 тоот албан бичгээр “миний хүсэлтийг хүлээж авах боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Хариу албан бичгийн үндэслэл дээрхтэй адил Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г бичснээс гадна тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 заалтыг дурдаж, дүүргийн Засаг дарга шийдвэрлэхгүй, Нийслэлийн засаг даргын эрх хэмжээний асуудал гэж бичжээ. Нэхэмжлэгч Ц.Ц нь энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох НЗДд хандаж 2019 оны 04 сарын 01-ний өдөр гомдол гаргасан боловч хуульд заасан хугацааны дотор хариу өгөегүй, нэхэмжлэгчийн НЗДд хандсан гомдол Чингэлтэй дүүргийн Газрын албанд буцаад ирсэн байсан учир ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

       Иймд Нэхэмжлэгч Ц.Цын эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,   9-р цэцэрлэгийн ард гудамжинд байрлах Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 сарын 03-ны өдрийн 164 дугаар захирамж, 2004 оны 01 сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.квадрат газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү.

     Нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “ Нэхэмжлэгч Ц.Цын эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 9-р цэцэрлэгийн ард гудамжинд байрлах Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 сарын 03-ны өдрийн 164 дугаар захирамж, 2004 оны 01 сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.квадрат газрын инженерийн шугам, сүлжээгүй хэсгийн эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах, Нэхэмжлэгч Ц.Цын эзэмшлийн  Чингэлтэй     дүүрэг, 4-р    хороо, 9-р цэцэрлэгийн ард гудамжинд байрлах Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 сарын 03-ны өдрийн 164 дугаар захирамж, 2004 оны 01 сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрын инженерийн шугам, сүлжээ бүхий хэсэг нэхэмжлэгч Ц.Ц-д шинээр газар эзэмших эрх олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийг олгохыг НЗДд даалгах.

      Нэхэмжлэгч Ц.Ц-ын эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 9-р цэцэрлэгийн ард гудамжинд байрлах Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 сарын 03-ны өдрийн 164 дугаар захирамж, 2004 оны 01 сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд анх уг газрыг эзэмших эрх олж авахад тухайн газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газрын ангилалд хамаардаггүй байсан. Ийм ч учраас Чингэлтэй дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмших эрх олгосон. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс газраа эзэмшиж байх үед инженерийн шугам, сүлжээ бүхий газрын хамгаалалтын зурвасыг шинэчилж тогтоосон байдаг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт нь инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг НЗДд хуулиар олгосон ба хуулийн энэхүү заалт нь инженерийн шугам, сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон заалт биш юм. Мөн нэхэмжлэгч талын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үед НЗДд гаргасан хүсэлт нь уг газрыг эзэмших эрхээ баталгаажуулах агуулга бүхий хүсэлт, гомдол байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотой Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг бүрэн хангасан гэж үзэж байна.

        Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа: “Ц.Ц миний нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүрэг, НЗДд холбогдох захиргааны хэрэг танай шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.

         Нэхэмжлэгч миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаа  дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

     Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 9-р цэцэрлэгийн ард гудамжинд байрлах Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн  ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Ц-д шинээр газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийг олгохыг НЗДд даалгах шаардлагыг хэвээр үлдээж, 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгээс татгалзаж байна” гэжээ.

       Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Би энэ газрыг эзэмшиж байсан. Хуульд заасан бүх нөхцөлийг хангаад хугацаа дуусахаас 9 сарын өмнө сунгуулах хүсэлт өгсөн. Захиргааны байгууллага хүсэлтийг судалж байна гээд хугацаа дууссанаас 3 хоногийн дараа сунгах боломжгүй гэдэг хариу өгсөнд гомдолтой байна. Би өвчний улмаас группт гарсан. Миний амьжиргааны цорын ганц газар учраас газрыг олгож өгнө үү гэж хүсч байна” гэв.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ц нь газар эзэмших хүсэлтээ 2001 онд гаргасан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 164 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 48 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших захирамж гарсан байдаг. Энэ захирамжийг үндэслээд газар эзэмших гэрчилгээг 2006 онд олгосон. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн газрын албанаас Ц.Цтай газар эзэмших ашиглахтай холбоотой гэрээг огт байгуулаагүй байж байгаад сүүлд 2016 онд гэрээ байгуулсан. 2018 оны 1 сард газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Засаг дарга сунгахаас татгалзаж маргаан үүссэн.

         Газар эзэмших эрх дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал байхад яагаад Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал болоод байгааг шүүх анхаарч үзнэ үү. Газар эзэмшигчийн эрх цэвэр хөндөгдөж байгаа юм. Газрын тухай хуулийн 35.1.2 дахь заалт зөрчигдсөн гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхийг дурдсан байдаг. Хохирол учруулж байгаа эрх бүхий байгууллага хэн гэдгийг шүүх анхаарах хэрэгтэй. Захиргааны ерөнхий хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд сонсгох ажиллагаа хийх ёстой. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/653 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээний зурвас газар тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах тухай захирамж гарсан. Энэ захирамжийн агуулга нь мэдээллийн санд бүртгэгдээгүй дутуу бүртгэгдсэн инженерийн шугам сүлжээний зургийг шинэчлэж тогтоох тухай яригдаад, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн. Энэ захирамжийн 1.3 гэх заалт нь инженерийн шугам сүлжээний газарт газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгжийн судалгааг гаргах...Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах гэж заасан байдаг.

      Иргэн Ц.Цын эзэмшиж байсан газар нь хэний ч эзэмшиж байсан газар бус байхад сүүлд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний газрын инженерийн шугам сүлжээний бүсэд хамаараад явсан юм. Асуудалтай газрууд байгаа бол Засаг даргын захирамжийг үргэлжлүүлэн судалж, 2019 оны ерөнхий төлөвлөгөөнд орсон гэж үзэж байна. Иймд Газрын тухай хуулийн 21.2.3-т зааснаар тухайн жилийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан гэж үзэж байгаа учраас шинээр газар эзэмших харилцаа үүсч байгаа биш юм. Иргэн Ц.Ц нь шинээр газар эзэмших гэж байгаа зүйл биш. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших харилцаа дуусгавар болох үндэслэл байгаа юм. Иргэн Ц.Ц-ын хувьд энэ үндэслэлүүдэд хамаарахгүй. Холбогдох байгууллагаас хүчингүй болгуулах шийдвэр гаргаагүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар эзэмших эрхтэй. Эрх олгож байгаа субеъкт нь НЗД гарч ирж байгаа болохоос газрын харилцаа огт шинээр үүсч байгаа харилцаа биш гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

        Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ц.Ц-ын нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

       Иргэн Ц. Ц-д Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаартай газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр 52 дугаар захирамжаар 2004 оны 01 дүгээр сарын 06-нд өдөр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Газар эзэмших эрхийн 0001303 дугаартай гэрчилгээг олгосон байна.

       Иргэн Ц.Ц-ын газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байна. Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зөрчсөн гэж үзэн иргэн Ц.Н-ийн хугацаа сунгах хүсэлтийг эс зөвшөөрч шийдвэрлэсэн юм.

       Иймд дээрх үндэслэлээр иргэн Ц.Ц-ын гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй байна” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Шинээр газар олгохгүй байгаад маргаад байгаа хэрэг үү эсвэл дүүргийн Засаг даргын газар сунгахгүй байгаа эс үйлдэхүйд маргаад байгаа гэдэг нь ойлгомжгүй. Гэхдээ нэхэмжлэгч тал 2003 оны захирамжийг сунгахгүй байгаа юу эс үйлдэхүйг тайлбарлаж байна. Ц.Ц-д инженерийн шугам сүлжээ бүхий газар байна, тухайн газраа 2 жил ашиглаагүй байна гэж хариу өгсөн. Үүнтэй холбоотойгоор өөрөө анхнаасаа тухайн газраас сунгуулах гомдлыг дээд шатны байгууллагад гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад хариуцагч байгууллагуудаа татсаны дараагаар нэхэмжлэлээсээ нэг нэгээр татгалзаж ирсэн. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас татгалзаад, НЗДд гаргасан нэг шаардлагаасаа татгалзаад одоо шинээр олгоно уу гэж гаргаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар өмнө гаргасан гомдлоосоо бүгдээс нь татгалзсан.

       Ц.Ц нь шинээр газар олгох гэж байгааг анхаарч үзнэ үү гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар тавихыг хүсч байна. Гэтэл энэ асуудлаар хөөн хэлэлцэх хугацаа алдсан байгаа учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж өгнө үү. Өмнөх шүүх хуралдаанд НЗД-аас шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн талаарх энэ асуудлаар л өнөөдөр хэлэлцэх хэрэгтэй байна.

       НЗД шүүх дээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаас дээгүүр шийдвэр гаргах боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацааг хүсэлт гаргасан өдрөөс хойш тоолоод байна. Учир нь анх хугацаа сунгах хүсэлт гаргаад дүүргийн Засаг даргаас хариу авахдаа өнөөдрийн маргаан бүхий яриад байгаа Газрын тухай хуулийн 21.2.3-г дурдаад өгсөн байсныг мэдэж байсан. Тухайн газар инженерийн шугам сүлжээнд орсон байна. Хоёр жил ашиглаагүй байна гэсэн хариуг өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаагаа ч алдсан байгаа юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хамгийн сүүлд хэрхэн өөрчилснөө санаасай гэж хүсч байна. 2014 онд иргэн Ц-ын эрх ашиг нь хөндөгдөөд Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй гэж үзэхийн бол Нийслэлийн Засаг даргын бус дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй байх ёстой. 2014 оны Ц.Цын газарт холбогдуулан гаргасан захирамж нь Нийслэлийн Засаг даргынх бус дүүргийн Засаг даргын захирамж. Нэхэмжлэлийн шаардлагаасаа халиад байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргад хамаатуулж тайлбар яриад байж, надад ямар ч хамааралгүй юм яриад хүн буруутгаад хуулиа мэддэггүй гэх байдлаар доромжлоод байх юм. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа сэргээж дүүргийн Засаг даргадаа хандаад уурлаж загнах юм биш үү. Өнөөдөр НЗДтай 2013 оны захирамжийг холбож яриад байгаа нь сонин санагдаж байна. 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн албан бичигт инженерийн шугам сүлжээний асуудал байгаа эсэхийг дүүргийн газар зохион байгуулалтын алба мэдэх ёстой бөгөөд тогтоох ёстой байгууллага мөн, бүх дүүргийн Засаг дарга мэдсэн байдаг. Уг мэдээллийг өгөх эрх бүхий байгууллага мөн. Газрын тухай хуулийн 21.2.3-т заасныг баримтлан маргах хэрэгтэй. Иргэн Ц.Цын маргаан бүхий газар нь 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байхгүй. Ц.Ц НЗДд хүсэлт гаргаад холбогдох газар шалгаж үзээд тухайн газрыг шилжүүлэн дахин олгох байдлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нэг ч хийгдээгүй. Өнөөдөр таны өгөөгүй хүсэлтийг шийдэх болоод байна. Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй харагдахгүй байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч Ц.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах, уг  ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрыг инженерийн шугам сүлжээ бүхий газарт нэхэмжлэгч Ц.Ц-д шинээр газар эзэмших эрх олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийг олгохыг НЗДд даалгах  нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Ц.Ц НЗДд холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Ц-д шинээр газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг эзэмших эрх олгохыг НЗДд даалгах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж, харин Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан даалгах шаардлагаасаа татгалзан өөрчилжээ.

          Шүүх нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Ц-д шинээр эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрыг эзэмших эрх олгохыг хариуцагч НЗДд даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Ц.Ц маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2003 оны 164 дүгээр захирамжаар “гараж”-ийн зориулалтаар эрх үүсгэн автомашины ил зогсоол хэлбэрээр ашиглаж байжээ.

          Нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр НЗДд хандан  Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах 48 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий хамгаалалтын зурвас газарт орсон байх тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан эрхийнхээ дагуу уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулахаар хүсэлт[1] гаргажээ.

          Дээрх хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг буруутгахааргүй байна.

          Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “НЗД газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна.” гэжээ.

          Гэтэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших маргаан бүхий 48 м.кв газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

        Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй гэж татгалзсан Нийслэлийн Засаг даргын шийдвэр Газрын тухай хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна гэж дүгнэв.

       Түүнчлэн маргаан бүхий газар нь эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2/2666 дугаар албан бичиг түүний хавсралт зургаар[2] нотлогдсон байна, 

       Нөгөө талаар нэхэмжлэгч маргаан бүхий газрын эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар дүүргийн Засаг даргад хандахад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/417 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[3] “...тухайн газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал байх тул шийдвэрлэх боломжгүй.” тухай дурдаж хариу өгч байжээ.

          Гэтэл нэхэмжлэгч энэ талаарх хариуг 2019 оны 03 дугаар сард хүлээн авч мэдсэн атлаа 2019 оны 09 дүгээр сар хүртэл хүсэлт гаргаж холбогдох байгууллагад хандаагүй байна.

          Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт бүхэлдээ давхцалтайн дээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарч байгааг нэхэмжлэгч мэдсэн атлаа хуулийн хугацаанд хүсэлт гаргаагүй буруутай болохыг дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

          1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Ц-д шинээр эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрыг эзэмших эрх олгохыг хариуцагч НЗДд даалгах нэхэмжлэгч Ц.Цын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах;” нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад давж заалдах гомдол гаргах эрхгүй.

          5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          6.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.    

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР

 


[1] Хавтаст хэргийн 128 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 142-144 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас