Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0077 |
Огноо | 2015-02-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2015/0077
Б.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.Х, хариуцагч Ж.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэрт хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажлаас чөлөөлөх тухай Засаг дарга Ж.Ж-ын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/291 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Засаг даргын орлогч нь улстөрийн албан тушаалтан. Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-т зааснаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж, чөлөөлөх эрх Засаг даргад бий. Б.Н, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг боловч ямар нэгэн санаачлага гаргадаггүй. Үр дүнгийн гэрээгээ одоо болтол байгуулаагүй, дүгнүүлээгүй. Түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар тодорхойлохгүй. Монгол Ардын нам болон Ардчилсан намын хамтарсан гэх гэрээ нь эрх зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг баримтлан Б.Н-ийн нэхэмжлэлээс аймгийн Засаг даргын 2014 оны 01 сарын 09-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
2. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11.3, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/291 дүгээр захирамжийг хүчингүй болгож,
3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Н-ийн ажилгүй байсан 78 хоногийн цалин 2 726 643 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: ...Нямдоржийг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/291 дугаартай захирамж хууль зүйн үндэстэй гэж үзэж байна.
Миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч гэдэг бол улс төрийн албан тушаал. Нямдоржийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар тодорхойлохгүй. Төрийн албаны тухай хууль бол төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан тушаал, төрийн тусгай албан тушаалтны эрх зүйн байдлыг тодорхойлдог тул Улс төрийн албан тушаалтны эрх зүйн байдлыг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж. түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтаар тодорхойлдог талаар тайлбарласан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүх нь ганцхан Төрийн албаны тухай хуулийн 11, 27 дугаар зүйлийг тус тус үндэслэсэн нь буруу.
Мөн хамтын гэрээ гэдэг зүйл нь эрх зүйн ямар ч үндэслэлгүй, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Улсын их хурлын гишүүн Я.Санжмятав нарын шахалт дарамт, тулгалтан дор байгуулсан тул анхнаасаа хууль зүйн хувьд үндэслэлгүй гэрээ юм.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88-р зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Давж заалдах гомдлын нэмэлт тайлбартаа: Нэг: ...нэхэмжлэлд дурьдагдсан "Хамтран ажиллах гэрээ"-нд Завхан аймгийн МАН-ын дарга миний бие. АН-ын дарга асан Ч.Д нар гарын үсэг зурсан гэрээ нь хууль бус болохыг нотлох олон үндэслэл буй. Тухайлбал:
а) Монгол Улсын ЗЗНДНТУтХ-ын 30-р зүйлийн 30.1.2-т зааснаар Засаг даргын орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөж Засаг дарга томилж чөлөөлөх эрхтэй гэж хуульчилсан байдаг. Гэрээ байгуулах үед Засаг дарга томилогдоогүй байв. Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийг улс төрийн намын дарга нар өмнөөс нь булаан авч гэрээ хийсэн нь уг гэрээ хууль бус болохын нотолгоо мөн.
b) ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь эрхэлсэн түшмэлийн зэрэг дэвтэй төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн албан тушаал бөгөөд Монгол Улсын ТАЗ сонгон шалгаруулалтыг явуулж тухайн шатны ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид томилдог билээ. ТАтХ-ийн 7-р зүйлийн 7.1.11-р заалтаар сонгон шалгаруулалтаар тавигдах албан тушаалыг улс төрийн намын дарга нар гэрээ хийж зохицуулах гэсэн үйлдэл нь хууль бус бөгөөд уг гэрээ хууль бус болохыг нотлох нотолгоо мөн.
с) Уг гэрээний үндэслэх хэсэгт хууль тогтоомжийн ямар ч заалт байхгүй зөвхөн улс төрийн соёл, харилцан итгэлцэл, эв нэгдлийн зарчим дээр үндэслэх тухай заасан бөгөөд гэрээ зөрчигдвөл хууль шүүхийн байгууллагад хандах тухай ямар нэг заалт байхгүй билээ.
Завхан аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие тулган шахалтаар Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг дээрхи байдлаар зөрчиж хууль бус гэрээ байгуулсан бөгөөд Засаг даргаар томилогдсоны дараа 2012 оны 12-р сарын 12-ны өдөр хууль бус гэрээнд үндэслэн захирамж гаргаж Б.Н-ийг Засаг даргын орлогчоор томилсон алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн хугацаанд өөрийн гаргасан дээрхи захирамжаа хуульд нийцүүлэх хүсэл сонирхол байсаар ирсэн болно. Б.Н-ийг томилсон захирамжинд өөр этгээд гомдол гаргавал 30 хоногийн гомдлоо дотор гаргах ёстой. Харин Засаг дарга ЗЗНДНТУтХ-ийн 29-р зүйлийн 29.3-д зааснаар өөрийн гаргасан алдаатай захирамжаа хуульд нийцүүлэх арга хэмжээг хэдийд ч авч болох ба хугацаа тогтоосон ямар нэг зохицуулалт манай улсын хуулинд байдаггүй.
Хоёр: Засгийн газрын 2014 оны 5-р сарын 10-ны өдрийн "Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147-р тогтоолын 1.3-р заалтыг биелүүлэх зайлшгүй шаардлага гарсан тул Б. Н-ийг чөлөөлсөн билээ. Миний бие ЗГ-ын 147-р тогтоолыг үндэслэн Б. Н-ийг чөлөөлж "Хамтран ажиллах гэрээ", Засаг даргын орлогчийг улс төрийн албан тушаалтных нь хувьд сонгуульд үнэмлэхүй олонхи болсон улс төрийн намын улс төрийн шийдвэрээр томилоогүй хууль бус захирамж гаргасан алдаагаа зассан болно. Энэ процесс нь ЗЗНДНТУтХ-ын 29-р зүйлийн 29.2 ба 29.3 заалтыг баримталсан хэрэг болно. Товчоор хэлбэл, Засаг дарга, захиргааны байгууллага алдаатай эрх зүйн актаа өөрөө санаачлан зассан гэж үзэж болно.
Гурав: Монгол Улсын ТАтХ-ын 6-р зүйлийн 6.1.12-т "аймаг нийслэл сум дүүргийн орлогч" гэж бүх шатны Засаг даргын орлогчийг улс төрийн албан тушаал гэдгийг тов тодорхой заасан байна.
Улс төрийн албан тушаал сонгуулийн үр дүнгээр албажин томилогддогийг зохицуулсан Монгол Улсын Үндсэн хууль, ЗЗНДНТУтХ, ТАтХ-ийн олон заалт байсаар атал шүүгч энэ талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй мэтээр мэдэн будилсан байна.
2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Завхан аймагт аймгийн ИТХ-ын 41 суудлаас МАН 28 буюу 68,3%, АН-13 буюу 31.7%-ийн санал авсан тул МАН-аас улс төрийн албан тушаалтнууд сонгогдож томилогдох ёстой. ИТХ-ын дарга нь дээрхи заалтын дагуу сонгогддог албан тушаал: харин Засаг дарга нь ИТХ-д олонхи болсон улс төрийн намаас нэр дэвшүүлж сонгуулийн үр дүнгээр томилогддог албан тушаал юм. Засаг даргын орлогч нь сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах бүрэн эрхийн хугацаанд Засаг даргыг эзгүйд нь орлох, мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэн үйлчлэх, үүрэг бүхий улс төрийн албан тушаал мөн. Үүнийг ТАтХ-ын 6.1 ба 6.1.12-т салаа утгагүй заасан байна.
Гэтэл Захиргааны хэргийн 10-р шүүхийн шүүгч Н.А цагаан цаасан дээр хараар бичсэн тов тодорхой хуулийн заалтыг мэдэн будилж, илт буруу хэрэглэж ТАтХ-ийн 6-р зүйлийн 6.1 ба 6.1.12-т Засаг даргын орлогч улс төрийн албан тушаал болохыг тодорхой заасан заалт болон ЗЗНДНТУтХ-ийн 30-р зүйлийн 30.1.2 заалтаар Засаг даргын орлогчийг Засаг дарга томилох, чөлөөлөх /томилох эрх бүхий субьект нь чөлөөлөх эрхтэй байдаг/ асуудлыг зохицуулсан атал Засаг даргын орлогчийг томилох чөлөөлөх асуудлыг хуульд нарийвчлан зохицуулаагүй байна гэж гуйвуулан ТАтХ-ийн 11-р зүйлийн 11.3 заалтыг баримталсан нь буруу юм.
Улс төрийн албан тушаал бол сонгон шалгаруулалтаар тавигддаг албан тушаал биш билээ. Улс төрийн албан тушаал бол сонгуулийн үр дүнгээр улс төрийн намын улс төрийн шийдвэрийн дагуу томилогддог албан тушаал бөгөөд ял шийтгэлгүй байх, боловсрол, төрд ажилласан хугацааны зэрэг зарим болзол шалгуурууд тавигдсан байдаг билээ. Дэд сайд, зөвлөхүүд орлогч нарыг томилоход ямар ч сонгон шалгаруулалт зарладаггүй билээ. Төрийн жинхэнэ албаны удирдах албан хаагчийг сонгон шалгаруулах журам тогтоосон УИХ-ын 2003 оны 13-р тогтоолын 9 дүгээр заалтад бүх шатны Засаг даргын орлогчийг хамааруулсан ямар ч заалт байхгүй. Улс төрийн албан тушаал тул уг журамд хамрагдах ч үндэсгүй юм.
ТАтХ-ын 27-р зүйлийн 27.2.3 заалт нь төрийн жинхэнэ (тусгай болон захиргааны) албан хаагчид хамаатай заалт бөгөөд төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ажиллах нөхцөлийг хангахтай холбогдсон нэмэгдэл баталгааг хуульчилсан заалт болохоос бус улс төрийн албан тушаалтанд огт хамаарахгүй юм.
ТАтХ-ын 27.2-т " Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана" гэсэн байна. ТАтХ-ийн 27.2.3 заалт нь 27.2 буюу эх заалтандаа агуулагдах ёстой. 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч гэж тодотгон заасан байхад 27.2.3 гэсэн доторхи заалтыг нь улс төрийн албан тушаалтанд хамруулж болохгүй.
Иймд Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 8-р сарын 15-ны өдрийн Б/291 захирамжийг Захиргааны хэргийн анхан шатны 10-р шүүхийн шүүгч Н. Амарзаяа 2014 оны 12-р сарын 03-ны 21 тоот шийдвэрээр хүчингүй болгохдоо хуулийг бүхэлд нь буруу хэрэглэсэн байна.
Сонгуулийн үр дүн болон улс төрийн намын улс төрийн томилолтоор томилогдож чөлөөлөгддөг улс төрийн албан тушаалтнууд төрийн жинхэнэ албан хаагчийн адил эрх нь зөрчигдсөн хэв маягийн зарга үүсгэж төрөөс цалингаа нэхдэг болбол асар буруу жишиг тогтоно. Ийм практик ч урьд өмнө байгаагүй. Шийдлийн хэмээх ЗГ-ын цаг үед орон тооны цомхтголд орж буй 345 зөвлөх, орлогч бүгд энэ жишгээр явах болох уу. Цалин хөлс нэхэмжилсэн тухайд ЗЗНДНТУтХ-ийн 38-р зүйлийн 38.1 заалтаар 6 сарын тэтгэмж олгох эсэх нь эргэлзээтэй бөгөөд ажилгүй хугацааны цалин гэсэн зүйл байх ёсгүй билээ.
Монгол Улсын ЗЗНДНТУтХ-ийн 38-р зүйлийн 38.1-д зааснаар 6 сарын тэтгэмжийг ээлжит сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн бол олгохоор хуульчилсан. Гэхдээ бодит практик дээр 6 сарын тэтгэмж өгдөг тогтсон жишгийг хүлээн зөвшөөрнө гэдгээ анхан шатны шүүх хурал дээр илэрхийлсэн билээ. Захирамжийг хүчингүй болгохдоо эрх зүйн актыг буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийн бусад заалтууд ч дагалдан буруу хэрэглэсэнд тооцогдоно гэж үзэж байна.
Дөрөв: Сонгуулийн үр дүнгээр үнэмлэхүй олонхи болсон манай аймгийн МАН-ын Тэргүүлэгчид, Хяналтын хорооноос АН-тай хувийн эрх ашгаа бодсон үгсэн тохиролцсон хууль бус гэрээ үзэглэж өөрийгөө Ерөнхий сайдаар батлуулахын тулд МАН-д ноогдох аймгийн Засаг даргын орлогчийг АН-аас томилсон гэсэн шаардлага, дарамтыг надад байнга л үзүүлж ирсэн. Энэ шаардлага бол зүй ёсны бөгөөд хууль эрх зүйд нийцэж байгаа тул эсэргүүцэх ямар ч боломжгүй байв. Нийслэл хот ба бусад аймгийн жишгийг харгалзаж Завхан аймгийн МАН-ын дэд дарга Ч.Пунцагийг 2014 оны 1-р сарын 9-нд Засаг даргын орлогчоор томилсон. Энэ нь ЗГ-ын 2008 оны 12-р сарын 24-ний 67-р тогтоолыг зөрчсөн үйлдэл болсон юм.
Гэхдээ 67-р тогтоолоо шинэчлэлийн хэмээх тодотголтой Засгийн Газар өөрөө зөрчиж аймгуудыг 2 орлогчтой болгох шийдвэр олон аймгуудад өгч байсан. Нийслэл 2 орлогчтой байх атал 6 болгосон. Бараг бүх аймаг 2 орлогчтой болж улс даяар завхрал бий болсон ба анхлан алдаагаа зассан нь манай аймаг юм.
Б.Нийг чөлөөлсөн нь ЗГ-ын 2008 оны 67-р тогтоол, 2014 оны 147-р тогтоолыг нэг мөр хэрэгжүүлж өмнөх гаргасан алдаагаа зассан үйлдэл юм. Захиргааны хэргийн 10-р шүүхийн шүүгч Н.А, Ч.П-ийн томилсон 2014 оны 1-р сарын 9-ний Б/03 захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ЗХХШтХ-ын 12-р зүйлийн 12.2-т заасан үндэслэлээр татгалзсан тул энэхүү захирамж хүчинтэй хэвээр байна.
Гэтэл Засаг даргын орлогчоор Ч.П-ийг томилсон шийдвэрийг хэвээр үлдээсэн атлаа Б.Н-ийг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь Засаг дарга намайг алдаатай шийдвэрээ засаж залруулж болохгүй, ЗГ-ын 2008 оны 67-р ба 2014 оны 147-р тогтоолыг цаашид ч зөрчөөд яв гэсэн утгыг агуулж байна. Хоёр орлогчийн хэнийг чөлөөлж, хэнийг үлдээх нь ЗЗНДНТУтХ-ийн 29,2 ба 30.1.2-д заасан миний бүрэн эрхийн асуудал бөгөөд намайг огцруулах ажлыг санаачлан зохион байгуулж, аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор улайран зүтгэсэн Б.Н-ийг чөлөөлж МАН-ын дэд даргаар хамтран ажиллаж сонгуульд ялалт хамтдаа байгуулсан Ч.П-ийг үлдээсэн нь эрх зүйн болоод ёс суртахууны хувьд ч зөв шийдвэр гэж үзэж байна.
Иймд улс төрийн албан тушаалтанд төрийн жинхэнэ албан хаагчид баримтлах ТАтХ-ийн заалтыг буруу хэрэглэж илт буруу шийдвэр гаргасан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн 10-р шүүхийн шүүгч Н.Амарзаяагийн 2014 оны 12-р сарын 03-ны 21 -р шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Н-ийн Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/291 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ...аймаг...-ын Засаг даргын орлогч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны улс төрийн албан тушаал бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар аймгийн Засаг дарга Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж, чөлөөлөх эрхтэй гэжээ.
Завхан аймгийн Засаг дарга 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1/658 дугаар албан бичгээр Засаг даргын орлогч Б.Нийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.О-т хүргүүлсэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаартай албан бичгээр ...саналыг дэмжсэн тухайгаа мэдэгдэж, аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б/291 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.3, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Б.Нийг Засаг даргын орлогч-ын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь төрийн улс төрийн албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлөх хуулиар тогтоосон дээрх журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар аймгийн Монгол Ардын нам, Ардчилсан намын дарга нарын байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ байгаа, мөн ямар ч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн, Б.Нийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх ёстой гэж маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай байх тул төрийн улс төрийн албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөхөд хэрэглэгдэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтад Засаг даргын орлогчийг чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан заасан учир Төрийн албаны тухай хуулийн заалтыг баримтлахгүй улс төрийн албан тушаалтны чөлөөлөгдөх харилцаанд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.
Тиймээс анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/291 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 09-нийн өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:
Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 22 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын орлогчийн орон тоог нэмж тогтоосон байна.
Дээрх тогтоол болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 79 дүгээр тогтоол зэргийг тус тус үндэслэн Завхан аймгийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар Ч.Пунцагийг аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ...захиргааны актыг хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ... гэсэн хугацаанаас өмнө 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Засаг даргын Б/03 дугаар захирамж гарсан болохыг нэхэмжлэгч Б.Н мэдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, мөн аймгийн Засаг даргын Ажил үүргийн хуваарь батлах тухай 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/11 дүгээр захирамж болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад 3 дахь заалтыг нэгтгэн Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсгийг баримтлан иргэн Б.Н-ийн Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/291 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 4 дэх заалтын дугаарыг 3, 5 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР