Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0178/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Х.Доржпалам, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, 
Хохирогч Г.Мөнхбаяр, 
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, 
Шүүгдэгч З.Зургаадай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Боржигон овгийн Зоригтбаатарын Зургаадайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдлэж ирүүлсэн эрүүгийн 201609000312 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Зоригтбаатарын Зургаадай, /РД:МФ89021411/.1989 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй , ам бүл 4,  эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байрлах 68 дугаар брак байрны 01 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн  99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн. 

Шүүгдэгч З.Зургаадай нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 68 дугаар бранк байрны хашаанд Г.Мөнхсайхантай маргалдаж Г.Мөнхсайханы цээжний зүүн хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Зургаадайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мөнхсайхан ах бид хоёр Эрдэнэтэд цуг барилгын ажил хийж байсан. Хүүхдийн баяраар амрахаар Дарханд ирсэн. Талийгаач би бирж ороод ирье гэж хэлж яваад, 18 цагийн үед Бат-Амгалан, Энхмөнх, 

C:\Users\B.Goomaral\Desktop\G.G\Shiitgeh togtool-Zugaadai 91.1.doc
Батхишиг дөрвүүлээ ирсэн. Бид нар пиво авч уусан. Талийгаач манай ахынд очоод ирье гээд бич хоёр хамт явсан. Талийгаач ахаасаа 30,000 төгрөг авсан байсан. Би хоёр 18 дээр ирэхэд талийгаач надад нөгөө мөнгөнөөсөө 20,000 төгрөгийг өгсөн. Бид хоёр архи пиво аваад найзууд дээрээ очсон. Архиа ууж дуусаад дахиад архи авах гэтэл дэлгүүр хаасан байсан тул Энхмөнх Билгүүнээ гэдэг дүүгээ дуудсан. Энэ үед шөнийн 00 цаг болсон байсан. Энхмөнхийн дүү вокзалаас архи аваад 18 дээр ирэхэд, Мөнхсайхан ах над уруу залгаад хүрээд ир гэсэн намайг очиход Мөнхсайхан ах Төмөрхуягийн хамт намайг хүлээгээд 18 дээр байсан.Тэр хоёр тэнд хүнтэй муудалцаад зодолдсон гэж хэлж байсан. Эргээд гэртээ иртэл Бат-Амгалан манай хажуу өрөөнд ороод, архи уугаад сууж байсан. Манай хадам дүү Батхишиг, Мөнхсайхан ах хоёр муудалцаж эхэлсэн, гэтэл Мөнхсайхан ах би танай адууг байхгүй болгоно гэж хэлээд хашгираад байсан, ямар асуудлаас болж тэр хоёр маргалдсаныг би мэдээгүй, хэрэлдэж зодолдоод хувцсаа тайлаад, орилж чарлаад байсан, би талийгаачийн хамт гэрээс гарсан, гадаа хүн хашгираад хутгалчихлаа гэхэд би ухаан ороод харахад Мөнхсайхан ах миний урд суусан байдалтай, би гартаа хутга барьсан байсан. Тэгээд намайг цагдаа уруу аваад явсан, ... Бид хоёр биенээ мэдэлцээд 10 жил болж байгаа, бид хоёр цуг ажил хийдэг, ах дүү шиг явдаг байсан, ... Хутгыг  хаанаас авснаа санахгүй байна, хүн хутгалчихлаа гэхэд л миний гарт хутга байсан, ... Би хутгалсан. Хоригдож байхдаа энэ талаар бодоход надад их хэцүү байсан, ах дүү шиг байсан ахыгаа хөнөөсөн болохоор их хэцүү байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Шоронгоос гарвал талийгаачийн ар гэрийнхэнд чадах чинээгээрээ тусална. Одоо ямар хэцүү байгааг, ямар байдалтай байгааг мэдэж байгаа” гэх мэдүүлэг, 

Хохирогч Г.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 03 цагийн үед надад ах нь муу эмнэлэгт байна гэж эмнэлгээс залгасан. Эмнэлэг орохоор явах замдаа ах уруугаа залгахад манай ах надад Мөнхсайхан нас барсан гэж хэлсэн. Эхлээд надад танай ахын биеийн байдал хүнд байна, амь насанд нь аюултай, ар гэрээс нь хүн ирэх хэрэгтэй байна гэж ярьсан. Том ах уруугаа 04 цаг 30 минутын үед залгахад нас барсан байна гэж хэлсэн. Цагдаа дээр 10 цагт ирээрэй гэж хэлсэн. Би Зургаадайгийн гэрт очиж юу болсон талаар асуухад танай ах хутгалуулсан байсан тул эмнэлэг дуудсан юм, хэн хутгалсныг мэдэхгүй гэж хэлсэн. 05 цагийн үед гэртээ харих замдаа Зургаадайгийн гэрийн гадаа очиход цагдаа нар ирсэн шалгаж байсан тул гэртээ харихаар явсан. Мөнхсайхан ах 2011 оноос хойш Зургаадайтай найзлах болсон гэдгийг нь мэднэ. Ахынх нь ганц хуурай дүү гэж гэж хэлж байсан. Тухайн үед би Зургаадайгийн эхнэр Мягмаржавтай ярихад хүнд хутгалуулсан байна гэж хэлсэн, гэтэл цагдаагаас асуухад Зургаадай хутгалсан байна гэж хэлсэн. Түргэн дуудахдаа удсан учир цус их алдаж нас барсан гэж хэлсэн. Манай ахад амьд гарах боломж байгаагүй юм уу? гэхэд хутгалуулаад 2 цагийн дараа түргэн дуудсан болохоор цус их алдсан гэж хэлсэн. Би гомдолтой байгаа. Миний ах архи уудаг ч гэсэн хүнд муу санадаггүй, Зургаадай энэ хоёр биенээ халамжлаад явдаг байсан. Би шүүгдэгчийн эхнэр Мягмаржаваас 4,100,000 төгрөг авсан, Одоо би 2,100,000 төгрөг нэхэмжилж байгаа“ гэх мэдүүлэг, 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-15 дахь тал/, 
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 29 дэх тал/, 

Гэрч Б.Бат-Эвлэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Бат-Амгалан бид 2 орой уулзая гэж ярилцсан юм. Ингээд орой 20 цагийн орчим 16 давхарын гадаа уулзсан бөгөөд Бат-Амгалан нэг найзыгаа дагуулж ирсэн юм. Ингээд бид гурав 68 дугаар бракад Зургаадайгийн гэр рүү явсан бөгөөд 68 дугаар бракийн гадаа ирэхэд Гомбын Эрка согтуу  зогсож байсан. Ингээд Гомбын Эрка, Бат-Амгалан, Бат-Амгалангийн найз бид дөрөв Зургаадайгийн гэрт ороход Зургаадайгийн эхнэр Мийгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Зургаадайгийн дүү /нэрийг нь мэдэхгүй/ Зургаадайгийн эхнэрийн дүү Баагий /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Зургаадай нар байсан бөгөөд бид нарыг яваад ороход Зургаадай гэрээсээ гараад дэлгүүрээс 0.75-ын хараа архи, гурван баавгайт нэртэй пиво авч орж ирсэн. Бид нар Зургаадайгийн авч орж ирсэн архи пивоноос уугаад сууж байхад Гомбын Эрка Зургаадайгийн эхнэрийн дүү Баагий руу агсам тавиад “би чамайг ална” гээд Баагийгийн нүүр рүү цохиод авсан юм. Тэгэхэд Бат-Амгалангийн найз гараад явсан бөгөөд Эркаг Бат-Амгалан та одоо яв аа гээд гэрээс нь түлхээд гаргасан юм. Тэгсэн чинь Эрка гарч яваад цонхоор ирээд “Баагий чи яасан том болцон юм бэ? би чамайг алнаа” гээд  орилоод байсан юм.  Тэгснээ Эрка буцаж гэрт орж ирээд Баагийтай зодолдоод эхлэхээр нь би Баагийг дараад салгасан. Тэгсэн чинь Эрка Зургаадайгийн нүүр рүү цохиж аваад “чи муу гөлөг чамайг ч бас алнаа” гээд байсан тэгэхэд Бат-Амгалан бас л Эркаг салгаад гэрээс гаргасан юм. Ингээд 68 дугаар бракын гадна Зургаадай, Баагий, Бат-Амгалан бид дөрөв тамхи татаад сууж байхад хашааны хаалгаар Эрка дахиж орж ирээд Баагий руу дайраад байсан. Тэгэхээр нь би дахиад Баагийг салгаад бариад зогсож байхад Зургаадай Эрка 2 дээр очиход Зургаадай хаанаас ч юм мэдэхгүй хутга гаргаж ирээд баруун гартаа бариад хутгатай гараа далайгаад зогсож байсан. Би тухайн үед Зургаадай боль гэж хэлсэн чинь Зургаадай намайг ойртох юм бол хохино шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Эрка дээгүүрээ өмсөж байсан цамцаа тайлаад “энэ муу гөлөг намайг хутгалж чадахгүй” гээд Зургаадайгийн нүүр рүү нь цохиж авсан тэгэхэд Зургаадай баруун гартаа хутга бариад зүүн гараараа Эркаг заамдаж бариад зогсож байсан бөгөөд Зургаадай Эрка 2 хоорондоо цохилцоод эхэлсэн тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй. Тэгээд удалгүй Гомбын Эрка газар унасан. Тэгэхээр нь би очоод харахад Гомбын Эрка би цус алдаж байна түргэн дуудаарай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь 103 гэж залгасан чинь Улаанбаатар хотын 103 руу залгагдсан байсан ба салгаад 7037103 гэж залгаад түргэн дуудсан юм. Тухайн үед Зургаадай миний хажууд хараад зогсож байсан юм, 
…Зургаадай гартаа атгасан байсан болохоор ямар иштэй хутга байсныг нь хараагүй дунд зэргийн л урт хутга байсан ажлын хэсэг нь ойролцоогоор 6-7 см урттай байсан. Би Зургаадайг хутгаа яасныг мэдэхгүй байна. Би эмнэлгийн машинтай явсан Зургаадай үлдсэн. Эрка согтуу агсам тавиад, ахархаад агсам тавиад маргаан эхэлсэн юм. Би Зургаадайг баруун гартаа хутга бариад далайгаад зогсож байхыг харсан, яг хутгалж байхыг нь хараагүй учир нь гадаа харанхуй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дахь тал/, 

Гэрч С.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…17 цагийн орчим манай хүргэн буюу эгч Мягмаржавын нөхөр Зургаадай найз Эркатайгаа Эрдэнэтэд барилгын ажид хийж байгаад ирсэн энэ 2 хамт ажиллаж байсан гэсэн. Ирэхдээ архи уугаагүй эрүүл байсан. Ирээд удаагүй 17 цагийн орчим Эрка ах гараад явсан түүнээс хойш бид нар гэртээ байж байтал Зургаадайгийн найз Бат-Амгалан, Бат-Эвлэгэ 2 манай гэрт орж ирээд Зургаадай 1 том 2.5 литрийн пиво аваад тэр пивийг Бат-Амгалан, Бат-Эвлэгэ, Зургаадай нар уух гэж байхад гаднаас Эрка ах 0.75л Хараа нэртэй архи авч ирээд пиво болон архийг Бат-Амгалан, Бат-Эвлэгэ, Зургаадай, Эрка нар хувааж уусан. Ингэж байсаар байтал 12 цаг өнгөрсөн байсан би кино үзээд хэвтээд, 2 дүү унтаж байсан. 12 цаг өнгөрсөн байсан болохоор тэд нар 1 шил архи авах гээд байгаа бололтой байж байгаад Зургаадай гарч яваад бараг 01 цаг өнгөрч байхад 0.75 литрийн Сархад нэртэй архи авч ирээд Бат-Амгалан, Бат-Эвлэгэ, Зургаадай, Эрка нар хувааж уусан. Энэ үед манай эгч Мягмаржав 2 хүүхдийн хамт, дүү Соронзонболд нар унтаж байсан би кино үзээд унтаагүй байж байтал Зургаадай, Эрка 2 хоорондоо маргалдаад тэр хоёрыг Бат-Амгалан, Бат-Эвлэгэ нар салгасан архи нь ч гэсэн дууссан байсан. Бат-Амгалан маанйд хононо гэж байсан. Эрка, Бат-Эвлэгэ нар гэр рүүгээ явна гэж байгаад архи дууссан болохоор бүгд гараад явсан. Гарах   үедээ хоорондоо маргалдаагүй гараад явсан. Би орон дотроо унтах гээд хэвтэж байтал Бат-Амгалан цонх цохиод цус гойжоод байна, алчуур байна уу гэж орилоод тойрч хаалгаар орж ирээд алчуур аваад гарсан. Манай эгч тухайн үед орноосоо босоод юу болоод байгаа юм гээд гарч гүйгээд түргэн дуудаад байгаа бололтой байсан. Би хэн яаж хутгалсан гэдгийг мэдээгүй, хүүхэд нь уйлаад би гэрт хараад байж байсан. Тэгээд эмнэлэг ирээд Эрка ахыг насилк дээр хэвтүүлчихсэн эмч нэг тариа хийж байх шиг байсан. Би цонхоор харсан эмнэлгийн машинд Мягмаржав эгч, Бат-Эвлэг нар яваад өгсөн Зургаадай, Бат-Амгалан нар гэрт орж ирээд юм ярихгүй хоол идээд суугаад байсан. Араас нь удалгүй цагдаа нар орж ирээд бид нарыг дагуулаад цагдаа дээр авч ирсэн юм, Нэг хутга нэг заазуур байдаг, хутга нь Хятадын хар иштэй урт хутга байгаа, заазуур нь ногоон иштэй дунд зэргийн заазуур байгаа. Цохиж гэмтээгээгүй зүгээр барьцалдаж аваад байсан. Гэрт хутга барьсан хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/, 

Гэрч С.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 5 дугаар сарын 31-ний үүрээр 01 цагийн үед манай нөхрийн бие муудаад би 103 руу залгаж түргэн дуудсан юм. Тэгээд түргэн ирж үзээд манай нөхөрт эм тариа хийж өгөөд тайвшруулаад тэгээд явсан. Удаагүй үүрээр 02 цагийн үед манай гэрийн хаалгыг нэг хүн чанга чанга тогшоод байхаар нь би очоод хаалгаа онгойлгож өгөхөд манай байрны жижүүр Сэдбазар байсан. Би тэгэхээр нь яасан чанга хаалга цохьдог юм. Нөхрийн бие муу байхад гэхэд Сэдбазар “Б” корпуст байгаа Зургаадайгийнд ирсэн хүмүүс архи ууж хоорондоо муудалцаад хашаан дотор гарч хоорондоо зодолдоод нэг нь нэгнийгээ хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. …Би түргэний эмчийн хамт 68 дугаар бракын “Б” корпусын урд талд байх хүн дээр яваад очиход цээж нүцгэн хүн газар баруун талаараа доошоо хараад хэвтчихсэн хүзүү хэсэг нь нил цус болчихсон ёолоод хэвтэж байсан. Тэр газар хэвтэж байгаа тэр хүнийг дээш нь харуулаад цусыг цэвэрлэж боогоод эмнэлэг рүү аваад явахаар болсон. Түргэний эмч цагдаа дуудаарай гэж хэлээд явсан. …Тэр хутгалуулсан хүн 2-3 хоногийн өмнө манай 68 дугаар бракийн “Б” корпусын 3 тоотод амьдардаг Зургаадайгийнд ирж байсан хүн байна лээ. 2016 оны 5 дугаар сарын 30-ны орой 19-20 цагийн үед Зургаадайгийнд байгаад байдаг залуу Бат-Амгалан 3 танихгүй хүнтэй хамт Зургаадайгийнд ирж байсан. Тэр хутгалуулдаг залуу нь Бат-Амгалантай цуг ирж байсан ногоон ханцуйтай цамцтай залуугийн нэг мөн байсан. Би тэр Бат-Амгалан гэдэг залууг танихгүй. Өчигдөр харин асуудал болоод хутгалуулсан хүнийг эмнэлэг аваад явсан хойгуур би гэрийнхээ камераар харсан чинь 68 дугаар  бракын “Б” корпусын  2 давхарт 2 хүн байгаад байсан. Би тэгээд жижүүр Сэдбазарт “юун хүн 2 давхарт байгаа юм бэ” гэж асуухад Сэдбазар надад “Бат-Амгалан гэдэг залуу нэг залуутай хамт байна” гэж Сэдбазар надад хэлсэн. Тэгээд Сэдбазар “Б” корпус дээр очоод тэр хоёрыг 2 давхрын кордиороос доош нь хөөж буулгасан юм. Тэгээд би тэр Бат-Амгалан гэдэг залууг нүдлэж тогтоож авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 39 дэх тал/,     
 
Гэрч А.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ингээд гараад явж байхад Мягмаржав Зургаадайг наадах чинь хутга гартаа барьсан байна, наадахынхаа хутгыг аваач ээ гээд орилсон. Тэгээд харахад Эрка, Зургаадай 2 хоорондоо зууралдчихсан /Эрка ах дээгүүрээ хувцас хунаргүй байсан/ байсан бөгөөд Зургаадайн баруун гартаа хутга барьсан харагдсан. Бид нар салгах гээд гүйгээд очиход Зургаадай баруун гарт байсан хутгаа саваад хашаа давуулаад шидчихсэн ба Зургаадай наадах чинь цус алдах гээд байна, бөглөх юм аваад ир гэж хэлсэн. Би гэр уруу нь гүйж орчхоод юу ч авалгүй гараад ирэхэд Мягмаржав цагаан өнгийн алчуур гаргаж ирээд өгсөн. Тэгээд цагаан алчуурыг Хургаа /Энхмөнх/ авсан. Тэгээд бид нар эргэн тойронд нь тойроод зогссон байсан бөгөөд Энхмөнх цусыг нь дараад байсан. Бат-Эвлэг эхлээд эмнэлэг дуудаад, дараа нь би ахин эмнэлэг дуудсан. Тэгэхэд Зургаадай гэр рүүгээ орчихсон байсан. Зургаадай хутгалсан, би худал яриагүй. Зургаадай хаанаас хутга авсныг нь би мэдэхгүй байна. Эрка ах Баагийгийн адууг үгүй хийнэ гэсэн. Зургаадай Баагийгийн авгайн дүү байгаа юм. Тэгээд уурлаад хутгалсан байх. Яг хутгалахыг бол хараагүй. Ямар ч байсан Зургаадайгийн гарт хутга байсан бөгөөд Эрка ахтай зууралдаж байсан бөгөөд бид нар салгах гээд очиход Зургаадай хутгаа хашаа давуулж шидсэн, дараа нь Эрка ах цус алдаад эхэлсэн. Өөр тэнд Эрка ахыг хутгалах боломжтой хүн ойр хавьд нь байгаагүй. Бид нар олуулаа байсан бөгөөд 2 шил архи 1 том савтай пиво уусан байсан. Согтолт бол бүгд л гайгүй байсан. Миний хувьд бол бүүр жоохон уусан болохоор согтсон гэхээр зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 40-42 дахь тал/, 

Гэрч П.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 5 дугаар сарын 30-ны орой гэрээсээ 19 цагийн орчим гараад гадуур явж байгаад хуучин Дарханы 15 дугаар сургуулийн хажуугийн “Сутай” бааранд 23 цагийн орчим яваад ороход Эрка ах ганцаараа  пиво уугаад сууж байсан. Би Эрка ахтай нэг шил пиво уусан бөгөөд Эрка намайг хамт Зургаадайгийн гэр уруу явья гэсэн юм. Инээд Эрка ах бид 2 “Сутай баарнаас гараад Арбатын гудамжаар дээшээ бирж тал руу өгсөөд явж байхад урдаас Зургаадай, Хургаа, Амгаа /бүтэн нэрүүдийг нь мэдэхгүй/ нар гарч ирсэн бөгөөд дэлгүүрээс Зургаадай нэг шил 0.75-ын архи аваад бид нар Зургаадайгийн гэрт очиж уусан юм. Архи уугаад сууж байхад Зургаадайгийн эхнэрийн дүү Баагий Эрка ахтай маргалдаад эхэлсэн. Би юунаас болж, маргалдсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд сүүлдээ Зургаадай Эрка ахтай маргалдаад гарч зодолдоно гээд Зургаадай Эрка ах хоёр гараад явсан. Би суугаад үлдсэн бөгөөд араас нь 2-3 минутын дараа гараад ирэхэд 68 дугаар бракын гадаа Эрка ах дээшээ хараад хэвтсэн байсан бөгөөд Эрка ахын цээжнээс цус гарсан байдалтай байсан хажууд нь Зургаадай зогсож байсан. Зургаадайгийн гарт хутга байсан. Би аль гарандаа барьсан байсныг тэрхэн үедээ сандраад сайн ажиглаж харж чадаагүй юм. Тэгээд би буцаж гүйж очоод Зургаадайгийн эхнэрт түргэн дуудаарай. Эрка ах цус алдаад үхлээ гэж хэлсэн юм. Тэгээд түргэн дуудсан юм.  Би Зургаадай, Эрка хоёрын араас гараад тэрхэн үедээ сандраад Бат-Эвлэгийг хаана байсныг анзаараагүй. Гадаа харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй, ямар ч байсан нэг хутга барьсан байсан.  Би тухайн үед согтуу байсан болохоор яг юунаас болоод маргалдсаныг сайн санахгүй байна. Ямар ч байсан эхлээд Баагийн Эрка ах хоёр маргалдаж байсан тэгээд Баагийг Зургаадай өмөөрөөд маргалдсан болов уу гэж бодож байна. Зургаадай архи уусан үедээ онгироо, агсам зантай болдог юм. Зургаадай багаасаа эрх өссөн, дураараа зантай, найз нөхөддөө их тусархуу, хүнлэг зантай хүн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 45-46 дахь тал/, 

    Гэрч О.Сэдбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Батхишиг талийгаач 2 зодолдох гээд заамдалцаад байж байхад Бат-Амгалан тэднийг салгаад Бат-Амгалан талийгаачийг тэндээс гаргасан. Тэр гарч явахдаа азрага адууг чинь өнөөдөр шөнө хулгайлна гэж Батхишигт хандаж хэлж байсан. Хамгийн сүүлд тэр айлаас Бат-Эвлэг, Бат-Амгалан бид 3 гарсан. Миний урд Бат-Эвлэг, Бат-Амгалан нар алхаж явсан би байшингаас гарч ирэхэд Мөнхсайхан газар хэвтчихсэн цээжнээс нь цус гарч байсан. Зургаадай хажууд нь зогсож байсан мөн Бат-Эвлэг, Бат-Амгалан, Мягмаржав нар хажууд нь байсан Энхмөнх хашааны хаалгаар орж ирж байсан. Би түргэн дуудаач гэж орилоход Бат-Эвлэг, Мягмаржав нар түргэн дуудаад байсан. Удалгүй түргэн ирж Мөнхсайхан ахыг авч явсан тэндээс би шууд гэр рүүгээ явсан. Би Зургаадайг яагаад Мөнхсайханы амь насыг хохироох болсныг мэдэхгүй байна. Би Зургаадайг хэзээ хаанаас хутга авсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,   

Гэрч Б.Энхмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хашааны гадаа хүлээгээд ойролцоогоор 5 орчим минут болсон тэгэхэд хашаан дотор Зургаадай, Мөнхсайхан ах хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод байгаа дуу чимээ сонсогдсон би хашаа руу ороогүй тэгтэл нэг нь хутгалчихлаа ш дээ гэж орилоор нь хашаа руу гүйж ороход талийгаачийн цээжнээс их хэмжээний цус гарчихсан  хэвтэж байсан. Түүний хажууд Бат-Эвлэг, Мягмаржав нар байхыг харсан цусыг нь дарах алчуур байна уу гэхэд Бат-Амгалан надад алчуур авч ирсэн. Би талийгаачийн цээжний цусыг алчуураар дарж байсан Бат-Эвлэг эмнэлэг рүү дуудлага өгсөн тэгэхэд Билгүүн намайг авах гээд хүрээд ирээ юу, юу болсон юм бэ? гэхээр нь наана чинь нэгнийгээ хутгалчихлаа  хоёулаа явья гээд тэндээс явсан.”  гэх мэдүүлэг /хэргийн 49 дэх тал/,  

Гэрч Э.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энхмөнх ах Батхишиг нар хоорондоо маргалдсан тэгэхэд Энхмөнх хоёулаа эндээс явъя гээд босож хөлийнхөө ороолтыг ороож байсан Бат-Амгалан, Батхишиг, Зургаадай нар түрүүлээд гараад явсан. Би зодоон болж магадгүй гэж бодоод өмднийхөө тэлээг тайлаад гартаа ороож араас нь гараад та нар зүгээр байгаа нэгнийгээ яагаад дээрэлхээд байгаа юм бэ? хөөгөөд байгаа юм уу гэхэд намайг толгойгоороо мөргөх гэж оролдсон тэгэхдээ онож цохиогүй харин Энхмөнх ах гарч ирээд салгасан, тэгэхэд Зургаадай газраас чулуу аваад над руу далайхаар нь айгаад хашааны завсраар гарч зугтаад машинаа унаад тэндээс холдсон, 15 орчим минутын дараа санагдаж байна Энхмөнх ахыг тэндээс очиж авъя гэж бодоод эргээд очоод хашаа уруу ороход талийгаач газар хэвтэж байсан. Хажууд нь Энхмөнх ах алчуураар цусыг нь дараад сууж байсан. Мөн хажууд нь Бат-Эвлэг, Зургаадайгийн эхнэр хоёр зогсож байхыг харсан бусад нь хаана байсныг би анзаарч хараагүй Энхмөнх ах түргэн дуудчихсан байгаа одоо эндээс явья гэж хэлсэн тэгээд бид хоёр тэндээс явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дэх тал/, 

“…Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс адилтгалын шинжилгээний шаардлага хангах гарын мөр илрээгүй. Шинжилгээнд 3 ширхэг гарын мөр болон Сүхбаатар овогтой Батхишиг, Батсайхан овогтой Бат-Эвлэг, Пүрэвсүрэн овогтой Төмөрхуяг, Энхбаатар овогтой Билгүүн, Батболд овогтой Энхмөнх, Алтангэрэл овогтой Бат-Амгалан, Зоригтбаатар овогтой Зургаадай нарын гарын хээний дардсууд адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Шинжилгээнд ирүүлсэн бусад гарын мөрүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг болох папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй. Шинжилгээнд шаардлага хангах 3 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн сан дахь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй болон шинжилгээнд ирүүлсэн  гарын хээний дардасуудтай, гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн хээний дардасуудтай тохирохгүй байна. Сүхбаатар овогтой Батхишигийн гарын хээний дардас гарын хээний нэгдсэн санд MN003110010215 гэсэн дугаарын бүртгэлээр, Батболд овогтой Энхмөнхийн гарын хээний дардас MN003110006446 гэсэн бүртгэлийн дугаараар, Зоригтбаатар овогтой Зургаадайн гарын хээний дардас MN003110006444 гэсэн дугаарын бүртгэлийн дугаараар тус тус бүртгэгдсэн байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3759 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 67-68 дахь тал/, 

    “…Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Г.Мөнхсайханы нас барах үедээ өмсөж байсан гэх хар өнгийн хүрэмний баруун ханцуйн гадна залгаас оёдлын ханзархай шинээр, бусад ханзархай хуучин эдэлгээний явцад гарсан, өмдөнд зүсэгдсэн уранхай хурц иртэй, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан байж болно. Зүсэгдсэн уранхай шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно.  Бусад хувцас уранхайгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн З.Зургаадайгийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх хар өнгийн өмдөнд гогодсон уранхай, хар майканд уранхайнууд шинээр гарсан байна. Бусад хувцас уранхайгүй байна. Уранхай, ханзарсан уранхай гогодсон уранхай материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3758 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 84-85 дахь тал/,  

    “…З.Зургаадай нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй, эрүүл болно. З.Зургаадай нь болсон явдлын талаар үнэн зөв тусгаж мэдүүлэх чадвартай болно.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа ¹41/16 дугаартай дүгнэлт /92 дахь тал/, 

    “…З.Зургаадайгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 642 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 96 дахь тал/, 

    Шинжилгээнд авсан цуснаас шинжилгээний дээж авч спиртийн зүйл агуулагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээ явуулж Unico-7200 спектрофотометр багаж дээр 590нм долгионы уртад хэмжилтийг 3 удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж тоо хэмжээг тодорхойлоход М.Билгүүний цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 100 дахь тал/, 
    
    “…Шинжилгээнд авсан М.Билгүүний цусны бүлэг нь OI байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 101 дэх тал/, 
    
    Шинжилгээнд авсан цуснаас шинжилгээний дээж авч спиртийн зүйл агуулагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээ явуулж Unico-7200 спектрофотометр багаж дээр 590нм долгионы уртад хэмжилтийг 3 удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж тоо хэмжээг тодорхойлоход Б.Энхмөнхийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 105 дахь тал/, 

    “…Шинжилгээнд авсан Б.Энхмөнхийн цусны бүлэг нь OI байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 106 дахь тал/, 

    “…Шинжилгээнд авсан А.Бат-Амгалангийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 110 дахь тал/, 
    “…Шинжилгээнд авсан А.Бат-Амгалангийн цусны бүлэг нь BIII байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 111 дэх тал/, 

“…Шинжилгээнд авсан З.Зургаадайн цусанд 0.5 промиль этилийн спирт илэрсэн болно. З.Зургаадайн цусанд 0.5 промиль этилийн спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 115 дахь тал/, 

    “…Шинжилгээнд авсан З.Зургаадайгийн цусны бүлэг нь BIII байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 116 дахь тал/, 

    “…Шинжилгээнд авсан С.Батхишигийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 120 дахь тал/, 

    “…Шинжилгээнд авсан С.Батхишигийн цусны бүлэг нь OI байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 121 дэх тал/, 

    “…Шинжилгээнд авсан Б.Бат-Эвлэгийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 125 дахь тал/, 

    “…Шинжилгээнд авсан Б.Бат-Эвлэгийн цусны бүлэг нь OI байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 126 дахь тал/, 

    “…Шинжилгээнд авсан П.Төмөрхуягийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 130 дахь тал/, 

    “…Шинжилгээнд авсан П.Төмөрхуягийн цусны бүлэг нь ABIY байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 131 дэх тал/, 

“…Талийгаач Г.Мөнхсайханы нас барах үедээ өмсөж байсан гэх хар өнгийн куртик ногоон өнгийн ноосон цамц, улаан өнгийн саравчтай малгай, хар өнгийн саравчтай малгай дээр цус биологийн гаралтай ул мөр илрээгүй. Талийгаач Г.Мөнхсайханы нас барах үедээ өмсөж байсан гэх саарал өнгийн подволк, хар өнгийн жинсэн өмд, ногоон өнгийн 1 хос оймс, хар өнгийн пүүз дээр цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харьяалалтай байна. Сэжигтэн З.Зургаадайн хэрэг үйлдэх үедээ  өмсөж байсан гэх саарал өнгийн  ноосон цамц, хар өнгийн майк, бор шаргал өнгийн пүүз дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. Сэжигтэн З.Зургаадайн хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх хар өнгийн  нийлэг материалтай  өмд дээр цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харъяалалтай байна.  Саарал өнгийн иштэй хутганы  ажлын хэсэгт цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харъяалалтай байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4978 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 134 дэх тал/,  

“…Талийгаачийн биед дээрх үндсэн болон хавсарсан оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан цээжний зүүн талд 1-2 дугаар хавирганы завсраар нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнгийн орой хэсгийг гэмтээсэн шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачид учирсан бүсэлхий, зүүн мөрний ар, зүүн бугалга, зүүн тохой, баруун тохой, цээжний зүүн өмнө, баруун ташааны  өмнө хэсгийн зулгаралт, хүзүү хоолойны баруун өмнө болон баруун гуян дахь цус хуралт тогтоогдлоо. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.  Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд 0,5 промиль этилийн спирт илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна.  Талийгаачийн цусны бүлэг BIII байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 139-140 дэх тал/, 

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 148-149 дэх тал/, 
Г.Мөнхсайханы хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хэргийн 152-163 дахь тал/, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 182 дахь тал/,  
2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 184-185 дахь тал/, 
5045454694 гэх хаан банкны данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 210 дахь тал/, 
5073118570 гэх хаан банкны данс руу 1,600,000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 249 дэх тал/, 
Хохирол төлсөн тухай баримт /хэргийн 2 дугаар хавтасны 3 дахь тал/, 
5073118570 тоот хаан банкны данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 2 дугаар хавтас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч З.Зургаадай нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 68 дугаар брак байрны хашаанд Г.Мөнхсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Г.Мөнхсайханы цээжний зүүн хэсэгт хутгалж 1-2 дугаар хавирганы завсраар нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнгийн орой хэсгийг гэмтээсэн шарх гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч З.Зургаадайгийн мэдүүлэг болон гэрч Б.Бат-Эвлэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тухайн үед Зургаадайг боль гэж хэлсэн тэгсэн чинь Зургаадай намайг ойртох юм бол хохино шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Эрка дээгүүрээ өмсөж байсан цамцаа тайлаад “энэ муу гөлөг намайг хутгалж чадахгүй” гээд Зургаадайгийн нүүр рүү нь цохиж авсан тэгэхэд Зургаадай баруун гартаа хутга бариад зүүн гараараа Эркаг заамдаж бариад зогсож байсан бөгөөд Зургаадай Эрка 2 хоорондоо цохилцоод эхэлсэн тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй. Тэгээд удалгүй Гомбын Эрка газар унасан. Тэгэхээр нь би очоод харахад Гомбын Эрка би цус алдаж байна түргэн дуудаарай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь 103 гэж залгасан чинь Улаанбаатар хотын 103 руу залгагдсан байсан ба салгаад 7037103 гэж залгаад түргэн дуудсан юм. …Зургаадай гартаа атгасан байсан болохоор ямар иштэй хутга байсныг нь хараагүй дунд зэргийн л урт хутга байсан ажлын хэсэг нь ойролцоогоор 6-7 см урттай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дахь тал/, гэрч С.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би орон дотроо унтах гээд хэвтэж байтал Бат-Амгалан цонх цохиод цус гойжоод байна алчуур байна уу гэж орилоод тойрч хаалгаар орж ирээд алчуур аваад гарсан. Манай эгч тухайн үед орноосоо босоод юу болоод байгаа юм гээд гарч гүйгээд түргэн дуудаад байгаа бололтой байсан. Би хэн яаж хутгалсан гэдгийг мэдээгүй, хүүхэд нь уйлаад би гэрт хараад байж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/, гэрч С.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би түргэний эмчийн хамт 68 дугаар бракын “Б” корпусын урд талд байх хүн дээр яваад очиход нэг цээж нүцгэн хүн газар баруун талаараа доошоо хараад хэвтчихсэн хүзүү хэсэг нь нил цус болчихсон ёолоод хэвтэж байсан. Тэр газар хэвтэж байгаа тэр хүнийг дээш нь харуулаад цусыг цэвэрлэж боогоод эмнэлэг рүү аваад явахаар болсон. Түргэний эмч цагдаа дуудаарай гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 39 дэх тал/, гэрч А.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ингээд гараад явж байхад Мягмаржав Зургаадайг наадах чинь хутга гартаа барьсан байна, наадахынхаа хутгийг аваач ээ гээд орилсон. Тэгээд харахад Эрка, Зургаадай 2 хоорондоо зууралдчихсан /Эрка ах дээгүүрээ хувцас хунаргүй байсан/ байсан бөгөөд Зургаадайн баруун гарт нь хутга барьсан харагдсан. Тэгээд бид нар салгах гээд гүйгээд очиход Зургаадай баруун гарт байсан хутгаа саваад хашаа давуулаад шидчихсэн. Тэгэхэд Зургаадай наадах чинь цус алдах гээд байна, бөглөх юм аваад ир гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 40-42 дахь тал/, гэрч П.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Зургаадай Эрка ах хоёр гараад явсан. Би суугаад үлдсэн бөгөөд араас нь 2-3 минутын дараа гараад ирэхэд 68 дугаар бракын гадаа Эрка ах дээшээ хараад хэвтсэн байсан бөгөөд Эрка ахын цээжнээс цус гарсан байдалтай байсан хажууд нь Зургаадай зогсож байсан. Зургаадайгийн гарт хутга байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 45-46 дахь тал/, гэрч О.Сэдбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би байшингаас гарч ирэхэд Мөнхсайхан газар хэвтчихсэн цээжнээс нь цус гарч байсан. Зургаадай хажууд нь зогсож байсан мөн Бат-Эвлэг, Бат-Амгалан, Мягмаржав нар хажууд нь байсан Энхмөнх хашааны хаалгаар орж ирж байсан. Би түргэн дуудаач гэж орилоход Бат-Эвлэг, Мягмаржав нар түргэн дуудаад байсан. …Би Зургаадайг яагаад Мөнхсайханы амь насыг хохироох болсныг мэдэхгүй байна. Би Зургаадайг хэзээ хаанаас хутга авсныг мэдэхгүй байна”. гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/, гэрч Б.Энхмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хашааны гадаа хүлээгээд ойролцоогоор 5 орчим минут болсон тэгэхэд хашаан дотор Зургаадай, Мөнхсайхан ах хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод байгаа дуу чимээ сонсогдсон би хашаа руу ороогүй тэгтэл нэг нь хутгалчихлаа ш дээ гэж орилоор нь хашаа руу гүйж ороход талийгаачийн цээжнээс их хэмжээний цус гарчихсан хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /49 дэх тал/, гэрч Э.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Зургаадай газраас чулуу аваад над руу далайхаар нь айгаад хашааны завсараар гарч зугтаад машинаа унаад тэндээс холдсон 15 орчим минутын дараа санагдаж байна Энхмөнх ахыг тэндээс очиж авъя гэж бодоод эргээд очоод хашуу руу ороход талийгаач газар хэвтэж байсан. Хажууд нь Энхмөнх ах алчуураар цусыг нь дараад сууж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дэх тал/, “…Шинжилгээнд авсан З.Зургаадайн цусанд 0.5 промиль этилийн спирт илэрсэн болно. З.Зургаадайн цусанд 0.5 промиль этилийн спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 115 дахь тал/, “…Шинжилгээнд авсан З.Зургаадайгийн цусны бүлэг нь BIII байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 116 дахь тал/, “…Талийгаач Г.Мөнхсайханы нас барах үедээ өмсөж байсан гэх хар өнгийн куртик ногоон өнгийн ноосон цамц, улаан өнгийн саравчтай малгай, хар өнгийн саравчтай малгай дээр цус биологийн гаралтай ул мөр илрээгүй. Талийгаач Г.Мөнхсайханы нас барах үедээ өмсөж байсан гэх саарал өнгийн подволк, хар өнгийн жинсэн өмд, ногоон өнгийн 1 хос оймс, хар өнгийн пүүз дээр цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харьяалалтай байна. ... Сэжигтэн З.Зургаадайн хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх хар өнгийн  нийлэг материалтай  өмд дээр цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харъяалалтай байна.  Саарал өнгийн иштэй хутганы  ажлын хэсэгт цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харъяалалтай байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4978 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 134 дэх тал/,  “…Талийгаачийн биед дээрх үндсэн болон хавсарсан оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан цээжний зүүн талд 1-2 дугаар хавирганы завсраар нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнгийн орой хэсгийг гэмтээсэн шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас гэмтлийн шокоор нас баржээ. ... Талийгаачийн цусанд 0,5 промиль этилийн спирт илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна.  Талийгаачийн цусны бүлэг BIII байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 139-140 дэх тал/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 148-149 дэх тал/ зэрэг  болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Зургаадайд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч З.Зургаадайг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хорих ял оногдуулах үндэстэй гэж үзлээ.
    
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхбаяр нь талийгаачийг оршуулахтай холбогдсон зардалд 4,175,750 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 5,675,750  төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба шүүгдэгчийн зүгээс 4,100,000 төгрөгийг гэр, зурагт, хонь зэргийг харилцан үнийг тохиролцон өгөх, бэлэн мөнгө өгөх зэргээр төлсөн талаар хэн аль нь маргаагүй байна.  

Иргэний хуулийн 508-р зүйлийн 508.1 дэх хэсэгт ... хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг гаргуулахаар заасан, өмгөөлөгчид төлсөн хөлс нь зайлшгүй гарах зардалд хамаарахгүй тул нэхэмлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 4,175,750 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний ар гэрийн зүгээс 4,100,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул төлөгдөөгүй үйлдсэн 75,750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхбаярт олгохоор шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн бариултай хутга, хар өнгийн куртка, саарал өнгийн подволк, хар өнгийн жинсэн өмд, улаан өнгийн саравчтай малгай, хар өнгийн , ногоон өнгийн 1 хос оймс, хар өнгийн 1 хос гутал, саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн майк, хар өнгийн нийлэг материалтай өмд, бор шаргал өнгийн 1 хос пүүз, 1 ширхэг архины шил зэргийг устгаж, хохирогч Г.Мөнхбаяр талийгаач Г.Мөнхсайханы өмсөж байсан ногоон өнгийн ноосон цамц, саравчтай малгайг буцаан авах хүсэлт гаргасан тул уг  ногоон өнгийн ноосон цамц, саравчтай малгайг хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.Зургаадай нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан материаллаг хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа байдал, материаллаг хохирлыг өөрийн боломжийн хэмжээнд нөхөн төлсөн, ар гэрийн байдал, 1 нас хүрээгүй хүүхэдтэй зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Зургаадайн энэ хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Зургаадайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1. Боржигон овгийн Зоригтбаатарын Зургаадайг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Зоригтбаатарын Зургаадайд 10 жил  1 сар /арван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.Зургаадайд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч З.Зургаадайн энэ хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч З.Зургаадайгаас 75,750 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Хараагийн 4-69 тоотод оршин суух Гомбын Мөнхбаяр /РД:ТЖ83030709/-т олгож, 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

6.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн бариултай хутга, хар өнгийн куртик, саарал өнгийн подволк, хар өнгийн жинсэн өмд, улаан өнгийн саравчтай малгай, ногоон өнгийн 1 хос оймс, хар өнгийн 1 хос гутал, саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн майк, хар өнгийн нийлэг материалтай өмд, бор шаргал өнгийн 1 хос пүүз, 1 ширхэг архины шил зэргийг устгаж,  Г.Мөнхсайханы өмсөж байсан ногоон өнгийн ноосон цамц, хөр өнгийн саравчтай малгайг хохирогч Г.Мөнхбаярт олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Зургаадайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.     

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Зургаадайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.