Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

 

  2022           03           30                                    2022/ШЦТ/116

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч С.З нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Зт холбогдох эрүүгийн 2225000000099 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.З нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор хайрхан” зочид буудлын 301 тоот өрөөнөөс Г.Гийн “самсунг А80” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч С.Зын мэдүүлсэн: Сонорхайрхан зочид буудалд очсон.Их согтсон байсан.Хүний утсыг авч гарсандаа харамсаж байгаа.Миний буруу гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

            -“Техно Зон” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Самсунг А80 Голд загварын гар утас 1,699,000 төгрөг гэх зарлагын баримт /хх-ийн 6-р тал/

-хохирогч Г.Гийн мэдүүлсэн... Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ 11 цаг 40 минутын үед найз Төрболдтой уулзах гэж Сонорхайрхан буудал орсон. Бид хоёр буудалд байх хооронд Төрболдын хоёр найз орж ирсэн. Тэгээд удалгүй би бие засах өрөө орсон. Намайг гараад ирэх үед нөгөө хоёр залуу байхгүй байсан. Миний ширээн дээр байсан гар утас алга болсон байсан. Тэгээд өргөдлөөр цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах болсон. Би утсаа гээгээгүй, хулгайд алдсан болохоо мэдэж байсан. Энэ хэрэгт Төрболд гэх миний найз ямар нэгэн хамааралгүй надтай хамт байсан. Би З гэх залууг сэжиглэж байна. Миний гар утас шаргал өнгөтэй Самсунг А-80 загварын гар утас юм. Би 2019 онд Орхон аймгийн үйлчилгээний төвийн Самсунгын борлуулалтын газраас 1,900,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр авч байсан......С.З нь миний гар утсыг хулгайлан авч явсан талаараа сайн дураараа хүлээн зөвшөөрч надаас уучлал гуйсан. Миний гар утсыг бүрэн бүтнээр нь надад хүлээлгэн өгсөн. Иймд надад одоо ямар нэгэн санал гомдол хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 13-р тал/

-гэрч З.Тгийн мэдүүлсэн ... З нь манай ломбарданд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 20 цагийн үед хавтгай андройд системтэй том гар утас барьчихсан “Эгчээ гар утас тавья” гэсэн. Тэгэхээр нь манайх гар утас авдаггүй гэхэд З нь “эгээ үнэтэй гар утас 50000 төгрөгөнд тавина” гэсэн. Би тухайн үед үгүй гэж хэлээд гаргахад удалгүй ээжтэйгээ намайг яриулах гээд утсаа бариад ороод ирсэн. Тэгээд би ээжтэй нь яриад гар утсыг нь ямар нэгэн бичиг баримтгүй авч үлдсэн. З нь тухайн үед ганцаараа явж байсан. Харин маргааш нь ээжтэйгээ хамт ирээд ээж нь бөгжөө 100,000 төгрөгөнд тавиад гар утсыг нь аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

-Тольдох Оюуны Өгөөж ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 220057 дугаартай ...Самсунг А-80 загварын гар утасны үнэ одоогийн байдлаар 1,520,000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 25-29-р тал/

- С.Заас шаргал өнгийн Самсунг А80 загварын гар утас хураан авсан тухай “Эд зүйл хураан авсан тухай” мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 32-р тал/

-Г.Гт гар утсыг хүлээлгэн өгсөн тухай Э”д зүйл хүлээлгэн өгсөн тухай” мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 34-р тал// зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч С.З нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Сонор хайрхан” зочид буудлын 301 тоот өрөөнд байхдаа ширээн дээр байсан Г.Гийн эзэмшлийн Самсунг А80 загварын гар утсыг зөвшөөрөлгүй нууцаар авч мөнгөний барьцаанд тавьж Г.Гт 1,520,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч С.Зын үйлдлийн улмаас Г.Гт 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Гийн... Тэгээд удалгүй би бие засах өрөө орсон. Намайг гараад ирэх үед нөгөө хоёр залуу байхгүй байсан. Миний ширээн дээр байсан гар утас алга болсон байсан... гэх мэдүүлэг, гэрч З.Тгийн мэдүүлсэн... Тэгэхээр нь манайх гар утас авдаггүй гэхэд З нь “эгээ үнэтэй гар утас 50000 төгрөгөнд тавина” гэсэн. Би тухайн үед үгүй гэж хэлээд гаргахад удалгүй ээжтэйгээ намайг яриулах гээд утсаа бариад ороод ирсэн. Тэгээд би ээжтэй нь яриад гар утсыг нь ямар нэгэн бичиг баримтгүй авч үлдсэн...гэх мэдүүлэг, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч С.Зын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналтай гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэм буруугийн талаар маргаагүй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Гт учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан, хохирогч нь гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт С Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.Зт шүүхээс оногдуулсан тэнсэж хязгаарлалт тогтоосон шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгчид оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ